Д.Өнөрболор: Эхлээд тогтвортой орлого, амьжиргаа, дараа нь аз жаргал яригдана шүү дээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүд сүүлийн нэг сарын турш “Өөдлөн дэвжих цаг” чуулганыг сум бүртээ зохион байгуулж, амьдралдаа, нийгэмдээ гэрэл гэгээ асаах, амьжиргаагаа хэрхэн яаж шат ахиулах талаар санал солилцсон юм. Энэ талаарх мэдээллийг нийгмийн сүлжээн дэх хувийн хуудсаараа өдөр бүрийн тэмдэглэл болгон оруулж байсан Д.Өнөрболорт чухам ийн анхаарал хандуулах том шалтгаан бий. Тэрбээр уг аяныг санаачлан зохион байгуулагч нь юм. Яагаад гэвэл тэрбээр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажиллаж буй юм.


-Та Сэлэнгэ аймгийн бүх сумдаар тойроод иржээ. Энэ удаагийн томилолт ямар зорилготой, бас ямар олзтой байв даа?

-Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн даргаар тавдугаар сард сонгогдсон. Тэгээд ажлаа хаанаас эхлэхээ, юунд хүрэх, зорихоо төлөвлөхийн тулд аймгийнхаа бүх сумдаар орж, эмэгтэйчүүдийнхээ санаа бодлыг сонсох зорилгоор “Өөдлөн дэвжих цаг” сумдын чуулганыг сарын турш зохион байгууллаа. Баялаг бүтээгч, өрхийн үйлдвэрлэгч, эмч, багш, ногоочин, тариачин, төмөр замчин, хилчин эмэгтэйчүүд гээд бүлэг бүлгээр нь, сум сумаар нь уулзаж ярилцлаа. Уг нь аливаа уулзалт, хурал чуулган бүгд л танхимд болдог. Танхимд хуралддаг, танхимд шийддэг, танхимд сонгодог, танхимд бөөнддөг байдал манайд хавтгай болсон. Танхим хүчтэй. Гэтэл үнэн хэрэг дээрээ дийлэнх эмэгтэйчүүд танхимгүй яваа. Танхимд ярьсан асуудал, шийдсэн шийдэл тэднээс хол байна. Тийм учраас би амьдрал дунд нь эмэгтэйчүүдийнхээ асуудлыг, шийдлийг хамтдаа ярилцья гэж бодсон юм. Энэ маань ч зөв байсныг улам бүр баталж, нотолсон томилолт байлаа.

-Амьдрал дундаас олсон асуудал, харсан шийдлээ хамгийн товчоор илэрхийлбэл юу гэх вэ?

-Би Сэлэнгэ нутгийн охин. Тэнд өсч торниж, дунд сургуулийн ахлах анги хүртлээ суралцсан. Ер нь тэр орчныг бүхэлд нь зураглаж харж чадна гэж боддог. Би өөрийн бие, оюун, хөдөлмөр зүтгэлээр энэ хүртэлх шилжилтийг туулахдаа хаана ямар хүндрэл бэрхшээл, асуудал байдгийг гадарлах хэмжээнд туршлага хуримтлуулсан гэж боддог юм. Сэлэнгийн эмэгтэйчүүд маань юуг хийж бүтээж чадахыг тодорхой төвшинд харж байгаа учраас өөрийн туршлагаар яаж тусалж, ямар менежмент хийвэл тэдэнд гарц шийдэл нээж өгөхөд тус болох вэ гэдгийг нухацтай бодож, бодитой хэрэгжүүлнэ.

-Монголын эмэгтэйчүүдийн нийтлэг асуудал гэж бий. Тэр дунд Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүдийн гэж хэлэхээр ялгаатай талууд юу юм бол?

-Монголын эмэгтэйчүүд хот, хөдөөд ялгаагүй, нийгмийн бүхий л салбарт ажиллах хүчний цөмийг бүрдүүлж, шийдвэр гаргахаас бусад түвшинд ачааны голыг нугалж байна. Ялангуяа сумдад, сургууль, эмнэлэг, цэцэрлэг гээд төрийн үйлчилгээний байгууллагын бараг 99 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж, буйд суурингийнхны амь амьдралыг нуруундаа үүрч яваа. Хувийн хэвшилд ч ялгаагүй эмэгтэйчүүд маань илүү тууштай, бүтээлч хандлагатай.

Сэлэнгэ аймгийнхны хувьд хөдөлмөрч хүмүүс. Энэ бол том суурь. Гэхдээ хэдийн хөдөлмөрлөлөө ч нэгж хугацаан дахь бүтээмж бага, нийт ашиг бага байна. Сэлэнгэ аймгийнхан хөдөлмөрч хүмүүс учраас суурь байна. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэх, зах зээлд холбож өгөх, тухайн зах зээлдээ тогтвортой ханган нийлүүлэгч байх чадамжийг нь нэмэгдүүлэх, за тэгээд бараа, бүтээгдэхүүний сав баглаа боодлын дизайнаас эхлээд анхаарч ажиллах чиглэлээ ер нь тодорхойлоод байна. Нэг талд үйлдвэрлэл байна, нөгөө талд зах зээл байна. Энэ дунд холболт болохуйц зөв менежментийг хийчихбэл Сэлэнгэ аймгийн үйлдвэрлэгч, бизнесмэн эмэгтэйчүүдэд маш их бололцоо байна. Сэлэнгэ аймаг газар зүйн байршлийн хувьд, дэд бүтцийн хөгжлийн хувьд, хүний нөөц, ажиллах хүчний хувьд давуу талтай. Үүнийгээ ашиглан бүтээмж, үнэ цэн, борлуулалт, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бололцоо бүрэн бий.

-Эмэгтэйчүүдийн хамгийн тулгамдсан асуудал чухам юу вэ. Бизнес, үйлдвэрлэл, борлуулалт гэх мэт таны ярьж буй зүйлс нэгдүгээрт байж чадах уу?

-Баялаг бүтээгчид орон нутагт олон хүний амьдралыг авч яваа. Тэдний борлуулалтыг нэмчихбэл орон нутагт эргэлт нэмэгдээд ирэх учраас энэ хамгийн чухал асуудал. Амьдрал дээр ажил, орлогоос хамгийн ойр асуудал байдаг бил үү. Уучлаарай, хүн ажилгүй, мөнгөгүй байхад эрүүл мэнд, боловсрол, аз жаргал гэдэг асуудал хэзээ ч яригдахгүй. Амьдрал гундуухан байгаа бол түүнийг өөрчлөх, өөр түвшинд аваачих гарц гаргалгаа нь ажил, орлого. Үүн Энэ удаад бид сумдаар тойрч явуулын чуулган хийсэн бол дараагийн ээлжинд баялаг бүтээгч, брэнд үйлдвэрлэгчдийн чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулах зорилготой байна.

-Тэгвэл энэ чуулга уулзалтаар хэлэлцэх асуудал юу байх вэ?

-Өнөөдөр эмэгтэйчүүд маань зөвхөн өрхийн аж ахуй эрхлэгч биш, бичил үйлдвэрлэл, хоршоо эрхлэгч, цаашлаад жижиг, дунд үйлдвэрлэгч болох ёстой. Үүний тулд ямар алхмаар, ямар гарцаар явах вэ, юу хийх вэ гэдгийг тодорхойлох юм. Олон улсын төслийг ямар хэмжээнд авч явах бэ. Бид юу руу зорьж байж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, дэлхийн брэнд, үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бэ гэдгээ ярилцах цаг болжээ. Бүгд гэр гэртээ өрхийн аж ахуй эрхлэх нь өгөөж, үр дүн нь бага. Бид цаашид яаж арваараа, зуугаараа нийлээд илүү хүртээмжтэй, илүү борлуулалтттай, илүү нийлүүлэлттэй болох гэдэг чухал.

Сэлэнгэчүүд онцлог нь гадаад харилцаагаа ялимгүй эрчимжүүлчихвэл маш давуу талтай байршилд оршдог. Гадаад харилцааны олон жилийн түүхэн туршлага байна. Олон жилийн турш оросуудтай хамтарч ирсэн. Зөгийн аж ахуй л гэхэд анх Оросоос бүл зөгий оруулж ирсэн байх жишээтэй. Хувьсгалаас эхлээд бүхий л түүхээрээ оросуудтай холбоотой. Алслагдсан бүс нутгийнхныг бодвол арай өмнө глобальчлагдсан. Одоо энэ уламжлал дээр технологийн хөгжлийг нэмэх хэрэгтэй юм. Хамгийн ойрын дараагийн түнш гэвэл БНСУ-аас технологийг, монгол залуучуудын байгуулж бүтээж байгаа дижитал шийдэл нэвтрүүлэх талаар хамтран ажиллах боломж байна. Солонгосоос технологи, Оросоо шинжлэх ухааны ололт импортлоё. Монголын өөрийнхөө залуучуудыг дэмжье. Бидэнд ажиллах хүч, мэргэжилтэн байна. Эдгээрийг зөв хоршуулья гэдэг зорилт тавиад байна. Тэр тусмаа үүнд эмэгтэйчүүд манлайлал үзүүлье. Өөрсдийнхөө амьдралыг, үр хүүхдийнхээ ирээдүйг өөрчилж, гэрэл асаацгаая гэж уриалж буй юм.

-Гэрэл асаацгаая гэдэг уриалга их сайхан сонсогдож байна. Яагаад гэвэл Монголын нийгэм бүхэлдээ гэрэл гэгээ, хөгжил хүсч эхэлж байна... Энэ гэрлийг эмэгтэйчүүд, айл гэрт ээжүүд л асааж чадах байх гэж боддог юм. Яагаад гэвэл ээж ажлаа тараад гэртээ ирэх хүүхдүүдэд хамгийн аз жаргалтай, гэрэл гэгээтэй мөч байдаг шүү дээ.

-Сая сумдаар, хөдөөгөөр явж байхдаа анзаарсан нэг зүйл гэвэл орон нутгийн удирдлагуудаас авахуулаад айл өрхийн тэргүүнүүд бүгд л эмэгтэйчүүдийнхээ хүчинд найддаг юм байна. Сэлэнгэ аймгийн нийт 110 мянган хүн амын 43.9 хувь нь эмэгтэйчүүд, тэдний 65 хувь нь суманд амьдардаг статистик байна. Монгол Улс улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцооны шилжилт хийсэн энэ 30 жилд хүмүүс хоёр нийгмийн зааг дээр амьдарсан байна. Тэдэнд шинэ нийгэмд амьдрах бэлтгэл байгаагүй. Зүгээр л амьд үлдэхийн тулд тэмцсэн гучин жилийг туулсан байна. Юун нэгдэж нийлэх, ах дүү биш л бол хоёулаа хорших ч амар байсангүй. Үнэндээ одоо л цаг үеэ ойлгож, бэлтгэгдэж, багаараа ажиллаж амьдрах сэтгэл зүй бүрэлдэж, үүний хэрэгцээ шаардлагыг ойлгож байна. Энэ хүчин зүйлийг давуу тал болгох, менежмент хийх, хэн нэгэн гэрэл асаах цаг болжээ. Тэр гэрэл гэгээ нь Монголын эмэгтэйчүүдийн байгууллага, эмэгтэйчүүдийн манлайлал байх болно.

Үнэндээ манай МЭХ-ны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн санал санаачилга, “Өөдлөн дэвжих цаг” сумдын чуулганыг нутгийн удирдлагууд, тэр дундээ эрэгтэйчүүд гайхалтай дэмжиж, талархаж хүлээн авсан. Хүүхнүүд маань эвлэлдэн нийлэхгүй, намаараа, насаараа хуваагдаж явж ирсэн. Одоо эмэгтэйчүүдийн байгууллага ингэж босч ирэх цаг нь болсон. Нам харгалзахгүй, нас харгалзахгүй ингээд хүчээ нэгтгэх цаг үнэхээр ирсэн шүү... гэж хүлээн авсан. Монголын эмэгтэйчүүдийн холбоо түүхэн уламжлалтай байгууллага. Нийгмийн соёл, гэгээрэлд их ч үүрэг гүйцэтгэсэн. Сүүлийн 30 жилд амаргүй цаг үед энэ байгууллагыг удирдан авч явсан хүмүүс мөн түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж бид боддог. Өнөөдөр эрчүүд нийгэмдээ хүчтэй байгаа ч талбар бүрт эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага, мэдрэмж, идэвхийлэл илүү өндөр байна. Энэ бол маш том хүч. Эмэгтэйчүүдтэй ажиллах нь илүү үр дүнтэй, цаг хугацаа хэмнэсэн механизм гэдэгт итгэлтэй байгаа шүү. Мандал сумын Засаг даргын орлогч М.Мөнхбатын хэлсэн үгийг маш сайн санаж байна. Эмэгтэйчүүд маш богинохон хугацаанд үр дүнтэй, өөрсдөдөө болон үр ач нартаа хэрэгтэй, ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө хүчээ нэгтгэж чадвал ямар ч ажлыг хялбархан нугалдаг, маневр сайтай, бэлтгэл сайтай, бодлого сайтай хөдөлдөг гэж. Хүүхнүүдийн ийм туйлбартай, мятрашгүй, ажилсаг армийг сум орон нутгаас төр засгаа хүртэл шат шатандаа ашиглах нь наанадаж амьдрал ахуйд тустай, цаанадаа төр улсдаа хэрэгтэй юм.

-“Өөдлөн дэвжих цаг” сумдын чуулганыг мэдээллүүдийг Таны нүүр номоос харж байсан л даа. Эвлэлдэн нэгдэх гэдэг үгийг их олон хүн унагаж байна лээ. Монголчууд бид энэ хуваагдал, талцлаасаа үнэхээр залхвал залхах цаг болсон байх аа?

-Сум, орон нутагт, улс орны хэмжээнд хуваагдал маш урт хугацаанд үргэлжиллээ. Хуваагдал их байна. Би МАН-ын гишүүн гэдгээ хаана ч нуухгүй. Хувь хүчний үзэл бодол тус тусдаа. Гэхдээ сум, орон нутгийн асуудал дээр бутарган салгасан биш эв нэгдэл рүү хөтөлсөн баг л том бүтээмжийг бий болгоно доо. Сум, орон нутагт намын хуваагдлаас болоод орон нутгийн хөгжил, хувь хүний хөгжил дээр ямар үр дүнд хүрч, юуг олж авсан юм бэ гэхээр бидэнд энэ нь тийм ч чухал зүйл байсангүй. Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөл, эмэгтэйчүүд маш сайн ойлгосон. Чухам үүгээр нийгэм, үр хүүхэд, ирээдүй хойчийнхөө өмнө үүрэг хүлээсэн чухал арга хэмжээ боллоо гэж бодож байна.

-Хотод ч ховор болдог лекцүүд сумдад болох шиг болсон. Стэнфордын их сургуулийн профессор Сэлэнгийн бүсгүйчүүдтэй уулзсан уу...

-Ухаарал нэмсэн, бодол, сэдэл нэмсэн олон зочин манай аянд оролцсон. Тэдний нэг нь Стэнфордын их сургуулийн Эмми Томасси багштай дунд сургуулийнхны уулзалтыг зохион байгуулж, шүүмжлэлт сэтгэлгээ гэж юу болох, 21 дүгээр зуунд яагаад чухал вэ гэдэг талаар сонирхолтой лекц сонссон. Энэ бас ховор боложм байх. хэрэгтэй зүйл вэ гэдгийг Харин урлаг, соёлын одод уриагүй. Олны дунд дуу хуур, хөөр хөгжөөн заавал байх ёстой. Гэхдээ манай хүүхнүүд өөрсдөө дуулж, бүжиглэж, гайхмаар сайхан тоглолтуудыг газар бүхэнд үзүүлж байсан. Флаг мов бүжиг хүртэл босгоцгоосон. Мөн аяны үеэр нэг асуудлыг шийдсэн нь Монгол Улсын худалдааны салбарт дижитал хувьсгалыг авчирч буй “Одо системс” компанитай хамтран Сэлэнгийн бүтээгч, үйлдвэрлэгч бүсгүйчүүд нэгдэн нэг брэнд үүсгэн борлуулалт, түгээлт, захиалгын нэгдсэн системд орох, худалдаа борлуулалтын дижитал хувьсгалыг орон нутагтаа эхлүүлэхээр хэлэлцэж тохиролцсон явдал байлаа. Сэлэнгэ аймгийн бренд бүтээгдэхүүнийг орон даяар зах зээлд гаргахад тус компанийнхан нягт хамтын ажиллагаа өрнүүлэхээр санал нэгдсэн. Үүнээс ойрын 10 жилийн стратеги гаргана.

-Сэлэнгийн эмэгтэйчүүд хамтарч бренд бүтээх, зах зээлд гарах бололцоог та харж байна. Тэгвэл нийт улс орны хэмжээнд эмэгтэйчүүд хамтарч хийх, бүтээх хамгийн гол зүйл юу вэ. Монголын эмэгтэйчүүдийн холбоо чухам юуг харж зорьж байгаа юм бол?

-Монголын эмэгтэйчүүдийн холбоо өнгөрсөн зуунд тэр чигээр нь соёлжуулж, гэгээрүүлэх зорилгоор ажиллаж байсан. Хүнд хэцүү цаг үеүдэд үйл ажиллагааг нь дордуулалгүй, боломжийнхоо хэмжээнд ажилллуулж ирсэнд нь талархах ёстой. Төрийн бус байгууллагад мөнгө хөрөнгөгүй, түүнээс болоод далайцтай ажиллахад бэрхшээлтэй байдал байнга үүсдэг.

Цаашид амьдралын үнэнтэй нүүр тулж ажиллах л чухал юм билээ. Тухайлбал, өнөөдөр орон нутагт нийгмийн олон асуудал шийдэлгүй байна. Тав тух, зах зээл алга байгаа учраас залуу боловсон хүчнийг сумдад татах хөшүүрэг алга. Сэлэнгэ аймаг харьцангуй гайгүй боловч боловсон хүчний асуудал хүнд байна. МСҮТ-д суралцагчдыг харахад ажлын байр нь хөдөөд байдаг мэргэжлүүдийг хүүхдүүд сонгохгүй байна. Тракторч гэхээс илүү төмөр замчийн мэргэжлийг сонгож байна. Яг амьдрал дээр бидний уламжилж ирсэн мэргэжлүүд боловсон хүчингүй болж байгаа нь түгшээж байна. Хоёрт гэвэл нийгэм их стресстэй байна.Асар олон жижиг асуудлуудад шийдэл, гаргалгаа олж чадахгүйгээс болж хүмүүс их бухимдалд өртдөг юм байна. Хэт их мэдээлэл дунд боловсруулалт хийх, зөв бурууг ялгах боловсрол дутагдаж байна. Сум бүрт мэргэшсэн сэтгэлзүйчийн үйлчилгээ, цаашлаад бүр эмчилгээ үгүйлэгдэж байна гэж харсан даа. Эрүүл мэндийн үйлчилгээний талаарх ойлголтыг эрс өөрчлөх хэрэгтэй байна. Гарцаагүй байдалд орж, мөнгө л хэрэгтэй боллоо гэх нөхцөл үүсэхээс өмнө өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал, хэвшил хэрэгтэй. Айл гэрт нэг хүн өвдөх, байнгын асаргаанд ороход л тухайн айлын амьдрал сүйрч байна шүү дээ. Цаашид бид Эрүүл мэндийн төвүүдтэй илүү ойр ажиллах хэрэгтэй гэж ярилцсан. Бодит амны билгээр сайн сайхан зүйлийг ярьж болж л байна. Гэхдээ амьдрал дээр үнэнтэй нүүр тулаад үзвэл дундаж гэх амьдрал ч ядуурлын ирмэг дээр байна гэх зэрэг олон асуудал сэтгэл эмзэглүүлсэн дээ. Тэгэхээр юун түрүүнд айл өрх бүрт тогтвортой орлого, амьжиргаа, тэгээд дараа нь тав тух, аз жаргал яригдана. Тийм учраас Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлөөс санаачлан энэхүү Сэлэнгийн брэнд үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулганыг санаачлан зохион байгуулж байгаа юм.

Top