Иракийн жагсагчид Ираны консулын газрын байрыг шатаажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28

Иракийн Нажав хот дахь Ираны консулын газрын байрыг жагсагчид шатаажээ.

Саудын Арбын Al Arabiya сувгийн мэдээлснээр, дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалж байсан аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчдын эсрэг гал нээсэн байна. Консулын газрын ажилтнуудыг нүүлгэн шилжүүлсэн байсан бөгөөд жагсагчид байранд нэвтэрч, гал тавьсан аж. Тус хотод хөл хорио тогтоогоод байна гэж эх сурвалж мэдээлжээ.

Үүнээс өмнө буюу энэ сарын эхээр Карбала хот дахь Ираны консулын газрыг жагсагчид мөн шатааж байжээ. Тухайн үед хүчнийхэн жагсагчид руу гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдаж байв.

Лхагва гарагт Багдад хотод мөн жагсагчид, хүчнийхний хооронд мөргөлдөөн гарч, хоёр жагсагч амиа алджээ. Мөн өдөр тус улсын бусад хотуудад дор хаяж гурван хүн амиа алдаж, 35 гэмтэж, шархадсан гэж Al Arabiya мэдээлжээ.

Ирак улсад өнгөрсөн сарын эхээр амьдралын нөхцөл муудаж, залуучуудын дунд ажилгүйдэл нэмэгдэж, авлига газар авсныг эсэргүүцсэн жагсаал цуглаан эхэлж, газар сайгүй эмх замбараагүй байдал үүсээд байна. Жагсагчид засгийн газрыг огцруулах, парламентын ээлжит бус сонгуулийг явуулахыг шаардаж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд үймээн самууны үеэр 350 гаруй хүн амиа алдаж, 15 мянган хүн гэмтэж бэртээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top