Шинжлэх ухааны салбарыг шинэ ирээдүй хүлээж байна

2019 оны 11 сарын 28

Монгол Улсад Шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёрхон жилийн дараа 100 жилийн ойтой золгох тус салбарынхан хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, хийх хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж байна. Шинжлэх ухааны ажилтны баярыг жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт тэмдэглээд 19 дэх жилтэйгээ золгож байгаа тус салбарынхан анх удаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг “Хандлагаа өөрчилье” уриа дор өнгөрөгч есдүгээр сард Төрийн ордонд зохион байгуулсан бол энэ сарын 25-ны өдөр “Корпорэйт конвэйшн” цэнтрийн концертын танхимд чуулж энэ жилийхээ Шинжлэх ухаан, технологи, инновацийн шилдгийн шилдгийг тодруулав. 

БСШУС-ын сайдын мэндчилгээг дэд сайд Г.Ганбаяр уламжилж, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл үг хэлж үйл ажиллагааг нээсэн юм. Сайд Ё.Баатарбилэг мэндчилгээндээ “2019 Засгийн газраас шинжлэх ухааны салбарт онцгой анхаарал хандуулж, тус салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчилж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр чухал ач холбогдолтой шийдвэрүүдийг гаргасан. Энэ нь салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, мэдлэгт суурилсан нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн бол Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Энэ жил манай салбарын хувьд гадаад, дотоод хамтын ажиллагаа мэдэгдэхүйц өргөжсөн сайхан жил боллоо. Шинжлэх ухааны академийн өргөтгөлийн барилгын ажил эхэлж, 2020 оны улсын төсөв хүрээлэнгүүдийн цогцолборын барилгын төсвийг улсын төсөвт тусгаж, судалгааны лабораториуд нээлтээ хийж, 300 гаруй жил нууцаа хадгалсан Сарьдагийн хийдийн малтлага судалгааны эхний шатыг амжилттай дуусгаж, улсын хэмжээний томоохон үзэсгэлэн гаргасан гээд тоочоод баршгүй олон үйл явдал болсон. Бид 98 жилийн түүхэндээ анх удаа Ерөнхий сайдын ивээл дор их хурлаа амжилттай зохион байгуулж, Засгийн газрын 379 дүгээр тогтоол гарсан нь нийт эрдэмтэд тун баяртай байна” гэлээ.

 

2019 онд зохион байгуулагдсан шинжлэх  ухаан, технологи, инновацийн нийт дөрвөн үзэсгэлэнд давхардсан тоогоор 73 байгууллагын 552 орчим бүтээгдэхүүн оролцжээ. Үүнээс нийтдээ долоон байгууллагын 16 бүтээл шилдэг инноваци номинацид нэр дэвших эрхээ авснаас шилдгийн шилдэг дөрөв тодорч, шагналаа гардан авлаа. Ойн хүрээнд Шинжлэх ухааны салбарынхан Шилдэг инновациийн үйлчилгээ номинацид “Марчаахай“ Монголын анхны хүүхдэд зориулсан үйлчилгээ бүхий онлайн системээр “Марчаахай” ХХК Т.Уранчимэг, Н.Даваасүрэн нар шалгарав. “Марчаахай” нь 2-8 насны хүүхдүүдэд дуу шүлэг, үлгэр, богино хэмжээний зохиомжуудаар дамжуулан хүүхдэд танин мэдэхүйн мэдлэг олгож зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой бөгөөд хүүхэд үзэж, харж, дуулсан зүйлээсээ мэдээ мэдээлэл, мэдлэг олж авч, төлөвшдөг гэж үздэг учраас “Ирээдүйн мэдлэгтэй иргэнийг бага наснаас нь бэлтгэцгээе” гэсэн уриаг үнэт зүйлээ болгон ажилладаг баг хамт олон. Шилдэг инновацийн бүтээгдэхүүнээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн гарааны рецептор Я.Ганболд “Акритракт” бэлдмэлээр шалгарав.

Шинжлэх ухааны шилдэг инновацийн технологиор Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн М.Баяржаргал “Малын арьс шинээс гарган авсан коллагений гидролизатр”-аар шалгарсан бол шинжлэх ухааны шилдгийн шилдэг инновациар “Гарааны дижитал солюшнс” ХХК А.Энхбаяр “Виртуал симуляторын цогц системийн удирдлагын дэлгэц”-ээр тэргүүллээ.

 

Шинжлэх ухаан-2019 шилдэг бүтээлийн шагналын тэргүүн байрыг Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн доктор У.Эрдэнэбатын “Монголын эртний нийслэл Хархорум” бүтээл шалгарсан. Ирэх жил  Хархорум хотын 800 жилийн ой тохионо. Энэхүү их ойг тэмдэглэх ажлын түүчээ болж, уг судалгааны бүтээл хэвлэгдэн гарсан билээ. Доктор У.Эрдэнэбат эл бүтээлдээ Хархорум хот бол зөвхөн монголчуудаар зогсохгүй XIII зууны дэлхийн соёл иргэншил, худалдаа арилжааны томоохон төв байсныг түүх, археологийн баримт, судалгаа шинжилгээний сүүлийн үеийн үр дүнд тулгуурлан гаргажээ. Цаашид Хархорум хотын 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Монголын эртний нийслэл Хархорум” номыг англи хэлээр орчуулж, гадаад ертөнцөд түгээхээр төлөвлөж буй.

Дэд байрт Шинжлэх ухааны академийн харьяа түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор С.Чулуун ахлагчтай баг хамт олны “Сарьдагийн хийд Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн хүрээ” болон тус сургуулийн доктор П.Дэлгэржаргал ахлагчтай багийн “Монголын эзэнт гүрний түүх” таван боть тус тус шалгарав. Монголын эзэнт гүрний түүхээр мэргэшсэн перс, араб, хятад, армян, латин зэрэг сурвалжийн хэлтэй түүхч судлаачид энэ төслийн багт ажиллаж Их Монгол улс, Юань гүрэн, Ил хаант улс, Цагаадайн улс, Алтан ордны улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүх, тэдгээрийн дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нэгтгэн дүгнэсэн цогц бүтээл туурвил эхлүүлсэн юм. МУИС-ийн эрдэмтэн судлаачдын энэ баг өмнө нь “Монголын эртний түүх” таван ботийг гаргасан нь дуулиан тарьж, олны анхаарлыг татаж байсан төдийгүй оны шилдэг бүтээл болж байсан билээ.

 

Гутгаар байрт Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн доктор Б.Баттөр, Н.Дамбий, Б.Батцэцэг нарын “Монгол орны мал, амьтдын паразитын ангилал зүйн нэгдсэн атлас” бүтээл, мөн тус сургуулийн Агро экологийн сургуулийн доктор Б.Буянбаатар ахлагчтай багийн “Агро ойжуулалт” бүтээлүүд тус тус шалгарлаа. Шинжлэх ухааны салбарт шинэ салбар ухааныг хөгжүүлэх, менежментийг боловсруулахад онцгой гавьяа байгуулсан эрдэмтэнд олгодог академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналаар шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор, профессор Н.Хишигт академич хүртсэн бол академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг ОХУ-ы Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн төв ази, монгол судлалын төвийн дарга, доктор, профессор Ирина Владимировна Кульганек энгэрээ мялаав.

Зах зээлийн үед уналтад ороод байсан шинжлэх ухааны салбар 2000 оноос сэргэж, эрчимжиж эхэлсэн бол сүүлийн жилүүдэд төр засгаас онцгой анхаарч, ялангуяа энэ жил олон төсөл хөтөлбөр, төсөв санхүү шийдвэрлэж байгаа нь олзуурхууштай. Аливаа улс орон хөгжье гэвэл эрдэм шинжилгээний ажилтнуудаа дэмжих, тэдний олон жил хуримтлагдсан нийгмийн асуудлыг нь шийдэх, үүрэг хариуцлагыг нь дээшлүүлэх шаардлагатай юм. Энэ утгаараа эх орноо шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хувьсгалд суурилсан хөгжлөөр замнах түүчээ болсон эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдыг орхигдуулж байсан он жилүүдээ нөхөж төр засаг анхаарч эхэлжээ. Монгол Улсад эрдэм шинжилгээний 63 байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 35 нь төрийн өмчийн, 7 нь хувийн хэвшлийн, төрийн өмчийн 13 их сургууль бүртгэлтэй. Төрийн болон хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа сул байдаг бөгөөд судалгаан дээр үндэслэсэн бодлого дутмаг байдаг талаар эрдэмтэд учирлаж байв. Шинжлэх ухааны салбарын нэг бэрхшээл нь урт хугацааны дараа ашгаа өгдөг энэхүү салбарт бизнесмэнүүд төдийлөн хөрөнгө оруулалт хийх дуртай биш. Тогтвортой урт хугацаанд ашигтай ажиллахын тулд тэд нэмэн өртөг шингэсэн хувийн хэвшлийг сонгох нь ойлгомжтой.

 

Шинжлэх ухааны технологийн судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг дэлхийн түвшинд хүргэхэд хөрөнгө оруулалт чухал. Монголын эрдэмтдийн бүтээсэн 500 гаруй шинэ патент эдийн засгийн эргэлтэд оруулахаар хүлээгдэж байна. Эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиудын дэргэд 90 гаруй гарааны компани ажиллаж байна. Гарааны компанийн шинэ инновацийг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг шинжлэх ухааны салбарын өмнө тулгарч буй том асуудал мөн. Төр засгаас шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэхэд онцгой анхаарах цаг болсныг нэгэн дуугаар хүлээн зөвшөөч, 2025 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний хувийг одоогийн 0.12 хувиас нэг хувьд хүргэх зорилготой.

 

Энэ жил шинжлэх ухаан, технологийн 317 төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 200 гаруй төслийг шинээр эхлүүлэн судалгаа, боловсруулалтын ажилд 11.4 тэр бум төгрөгийг зарцуулсан. 2018 оны статистик мэдээгээр 4277 хүн ажиллаж байгаагийн 75.8 хувь буюу 3246 нь үндсэн орон тооны, 24.2 хувь нь гэрээт ажилтнаар ажиллаж байна. үндсэн ажилтан, албан хаагчдын 44 хувь буюу 1917 эрдэм шинжилгээний ажилтан байгаагийн шинжлэх ухааны доктор 109, боловсролын доктор 724,  магистр 1071 байгаа билээ. Тэдний оюуны хөдөлмөрийг үнэлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс шалгарсан эрдэмтдэд 300 мянгаас дөрвөн сая төгрөгийн шагналыг тус тус гардуулсан юм.

Энэ жил шинэ бүтээлийн патент 38, зохиогчийн эрхийн 91 гэрчилгээг баталгаажуулсан. Наад захын жишээ дурдвал Монголд үйлдвэрлэсэн “Салиман”, “Адууны кальц” зэрэг бүтээгдэхүүн Солонгосын зах зээлд хэдийн гарч эхэлсэн. Төрийн ордонд болсон их хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх эхний томоохон түлхэц болсон “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 379 тоот тогтоол гарсан юм. Улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль, ШУА-ийн  эрх зүйн байдлын тухай хуулиудад  нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байгаа нь шинжлэх ухаанчдын итгэлийн үзүүрт найдвар гялалзуулав.

Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч доктор Д.Баттогтох “Бид цалин мөнгө нэмээч гэхээсээ илүү байгалийн ухааны салбараа чадавхжуулах, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах, лаборатори тоног төхөөрөмжийн бааз суурийг цогц бүрдүүлэх, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгөхийг хүсэж байна. Залуус бидний үе нэгэнт иржээ. Бид дэлхийд өрсөлдөхийн тулд нэн түрүүнд судалгаа, шинжилгээ хийх бааз суурь чухал. Манай оронд байгалийн нөөц байгаа. Хүний нөөц дутагдалтай байна. Тийм учраас алсын хараандаа оюуны өмчийг бүтээгчдийг бий болгох шаардлагатай байна. Оюуныг бүтээгч шинжлэх ухааны салбар бол тэргүүлэх салбар юм” гэв.

Шинжлэх ухааны технологийн судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг дэлхийн түвшинд хүргэхэд хөрөнгө оруулалт чухал. Монголын эрдэмтдийн бүтээсэн 500 гаруй шинэ патент эдийн засгийн эргэлтэд оруулахаар хүлээгдэж байна. Эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиудын дэргэд 90 гаруй гарааны компани ажиллаж байна. Гарааны компанийн шинэ инновацийг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг шинжлэх ухааны салбарын өмнө тулгарч буй том асуудал мөн. Төр засгаас шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэхэд онцгой анхаарах цаг болсныг нэгэн дуугаар хүлээн зөвшөөч, 2025 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний хувийг одоогийн 0.12 хувиас нэг хувьд хүргэх зорилготой. Удахгүй тохиох 100 жилийн ойгоороо олон улсад үнэлэгдсэн эрдэмтдийн тоо нэмэгдсэн, шинэ технологий, инноваци эдийн засгийн эргэлтэд орсон, шинжлэх ухааны дэд бүтэц, шинжлэх ухааны парк, хүрээлэнгийн цогцолбортой болсон байгаасай гэж шинжлэх ухаанчид хүсэж, хүлээж буй. Олон жил хүлээгдэж байсан Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолбор байгуулах хөрөнгө оруулалтын эхний хэсэг 2020 оны улсын төсөвт тусгагдсан нь Шинжлэх ухааны Академийн өргөтгөлийн барилгын ажлыг энэ онд эхлүүлсэн нь Шинжлэх ухааны салбарын хэмжээнд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nohoin baas(62.2.190.130) 2019 оны 12 сарын 16

tusliin shalgaraluulalt gej buun lobby, heel hahuuli baidag yum bnlee

1  |  0
Top