Б.Дашдондог: Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэн хүртэх ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 27

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай.

Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "THE HU” хамтлагт Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонг хүртээлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү шагналыг олгохын өмнө "Монголчууд аа, Суут богд дээдсийн мэндэлсэн энэ өдөр Их хааныхаа хүрээгүй газарт хүрч, Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, Монгол нэрийг дэлхийд дуурсгаж яваа “THE HU” хамтлагт энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор шийдвэрлэлээ. Бид та нараар бахархаж байна. Монголчууд та бүхнээр омогшиж байна" хэмээсэн юм.

Шагналыг “THE HU” хамтлагийн продюссер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог гардаж аван, баярын сэтгэгдлээ хуваалцлаа. 
 


Тэрбээр “Чонос удмын Баярмагнай овогтой Дашдондог миний бие та бүхэндээ өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдрөөр “Хү” хамтлагийнхаа эрч хүчтэй, эрэлхэг цоглог залуучууд болон удам сударт ах дүүсийнхээ нэрийн өмнөөс Их эзэн Чингис хааныхаа мэлмий гийсэн Монгол Улсын бахархлын өдрийн мэндийг хүргэж мэндчилж байгааг минь тогтоон соёрхоно уу. Өлзий учралт билигт сайн өдөр төрийн сүлд есөн хөлт цагаан тугийнхаа оршихуй дор мөнх тэнгэрийн ташуур, Их эзэн Чингис хааныхаа нэрээр адислагдсан дэлхийн цор ганц эрхэм дээд шагналыг хүртэж байгаа “Хү” хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүлээн авч байгаадаа туйлын их баяртай байна. Яг энэ түүхэн мөчид “Хү” хамтлагийн маань хөдөлмөрч, авьяаслаг, даруу төлөв залуус  Монгол угсаатны цаглашгүй их түүх, өв соёл, үндэсний их урлаг, эх орноо сурталчилж, нэр алдраа цуурайтуулан, дэлхийн үзэгчдийн дуу хуураараа байлдан дагуулсаар байна. Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Хайрт хань минь, гэр бүл, хамтлагийн менежерүүд, найз нөхдийн хүч хөдөлмөр хүнлэг сэтгэлийн тус дэмээр энэхүү амжилтыг хамтдаа бүтээсэн. Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэн хамт хүртэх ёстой. Их цадигт өвгөдийнхөө түүхгүйгээр, их оюунт өвгөдийнхөө үнэн сургаалгүйгээр бид хэнсэн билээ. Өнөөгийн дэлхий дахины соёл иргэншлийн үндэс суурь болсон төрт улс, хууль цааз, худалдаа арилжаа, шуудан холбоо, соёлын өв болсон анхны найрал хөгжим зэрэг улс орны оршин тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон үндэс суурь гээд олон зүйлсийг бид өвөг дээдэс минь нээн өгсөн билээ. Бид эв эеийг хичээж, эвлэлдэн нэгдэж чадваас өвөг дээдэс шигээ оюун санаагаар хүчирхэг улс гүрнийг дахин цогцлоож чадна. Тойроод гарахгүй, туулаад өнгөрөх энэ богинохон амьдралдаа ирээдүй хойч үеийнхээ төлөө чадах бүхнээ хийж, өвөг дээдсийнхээ үйл хэрэг, хүсэл мөрөөдлийг бага ч болтугай урагшлуулахын төлөө бид амьдрах ёстой” гэв.

Үргэлжлүүлэн Их чингис хааны билигт сургаалаас өөрийн хэлэх дуртай нэгэн ишлэлийг уншиж сонордуулсан юм.

“Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож, хүсэж, байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их суурь нь суумагц, өнөөдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойддоо бол үр ач залгамжлагч нартаа муу суртлыг үлдээх гэмтэй” гэж айлдсан суут богд Их эзэн Чингис хааны маань мэргэн сургаал үг бүр цаг элээх тутамд амьд байж, үнэнийг сургасаар амьд зарлиг нь алтнаас ч үнэтэй болохыг ухаарч байгаагаа хэлэх нь зүйтэй. Жилийн бүрийн энэ цаг дор эзэн Чингис хааны сургаал, зарлигийг хэлэлцэж, үр хойчдоо захин үлдээж байх санаачилгыг Их эзэн Чингис хааны мэндэлсэн энэ өдөр Богд дээдсийнхээ өндөр алдраар соёрхсон Монгол төрийн тэргүүн эрхэм дээд одонг улсынхаа төрийн тэргүүнээс гардан авсан энэ цаг мөчид миний бие туйлын их баяртай байна. Хөрст дэлхийд дээд хөх тэнгэр хүчирхэг болохыг дахин харуулан, өвөг дээдсийнхээ үзэл санаа, өв соёл оюуныг дахин мандуулахын төлөө бүх хүчээ зориулан, хойч үедээ хүчирхэг монголоо уламжлуулан үлдээж, ухуулан сэргээж явахаа төрийн сүлд есөн хөлт их цагаан тугийнхаа өмнө амлан тангараглая. Мөнх тэнгэр биднийг ивээг” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. 
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dashka(68.226.67.57) 2019 оны 11 сарын 28

Dashka maani Ozzy shig bolthon bnauuguu uu

0  |  0
Vv(67.247.8.185) 2019 оны 11 сарын 28

GARDAH NI chuhal bish yum uu...nohoitotoj b.a uu

0  |  0
saihan medee(77.38.148.28) 2019 оны 11 сарын 27

SAIHAN,AMJILT HUSIE

0  |  0
Bayrlalaa (202.126.89.189) 2019 оны 11 сарын 27

GAIHAMSHIGTAI

2  |  0
Top