Мөнгөн усны бохирдлыг бууруулах хөтөлбөр ХУУЛЬ БУС алт олборлолтод цэг тавина

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25
  • Дөрвөн зорилт, 13 үйл ажиллагааны чиглэл, 59 арга хэмжээг 2023 он хүртэл хэрэгжүүлэхээр тусгажээ
     
  • Монгол улс хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны ялгарал, хаягдалаас хамгаалах миниматагийн конвенцид нэгдсэн 


Мөнгөн усны хор хөнөөлийг монголчууд мэддэг хэрнээ тоохгүй явсаар өнөөдөртэй золгов. Мөнгөн ус болон түүний хаягдал нь хүрээлэн байгаа орчныг сүйтгэж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш, тэжээлээр дамжин нэвчиж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс салстыг хордуулж, бөөр, нөхөн үржихүй, төв мэдрэлийн системийг гэмтээн, удаан хугацааны туршид хордуулдаг онц аюултай бодис. Гэтэл гар аргаар алт олборлогчид Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчин мөнгөн усыг хэрэглэн өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна.

Эрүүл мэндийн байгууллагаас гар аргаар алт олборлогчдоос түүвэрлэн авсан шинжилгээ дээрхийг нотолно. Үндэсний статистикийн хорооны 2016 онд хийсэн судалгаагаар 15 аймгийн нийт 34 сум, нийслэлийн Багахангай дүүрэгт 5108 иргэн алтны бичил уурхай эрхэлж байгаа нь тогтоогджээ. Харин тэдний 1415 нь хувиараа буюу хууль бусаар алт олборлодог аж. Харин Монголбанкинд 2017 онд нийт 20.01 тонн алт тушааснаас 12.66 тонн буюу 63.3 хувийг бичил уурхайчид нийлүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас 2012, 2014 онуудад түүврийн аргаар алтны үндсэн орд бүхий 12 сумын 308 алтны бичил уурхай эрхлэгчид үзлэг, шинжилгээ хийхэд цус, шээсэн дэх мөн гөн усны агууламж нь 14.3-24.5 хувьтай гарчээ. Энэ бол түгшүүрийн харанга дэлдэх хэмжээнд асуудал очсоныг харуулж байна.

Түүврийн аргаар үзлэгт хамрагдсан 308 иргэний ар гэрийнхэн, ойр дотныхон цаашлаад гар аргаар алт олборлож буй 1500 орчим иргэний ар гэрийн эрүүл мэндийн асуудлыг хэрхэх вэ гэдэг асуулт хурцаар хөндөгдөж байгаа юм.Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус, түүний нэгдлүүдийг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан. Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон. Гэвч мөнгөн усыг ашиглах зөрчил илэрсээр байгаа нь бичил уурхай эрхлэгчид ирээдүй гээ бус зөвхөн өнөөдрийг бодож, эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж байгаагийн тод жишээ юм. Хууль бус ашиглалтаас хураасан мөнгөн усыг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хашаанд байгуулсан агуулахад хадгалдаг ч химийн аюултай хог хаягдал устгах зориулалттай байгууламж байгуулах зайлшгүй шаардлага тулгарсан. Иймд алтны бичил уурхайн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, мөнгөн усны байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл, нөлөөллийг бууруулж, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого, зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна.

Монгол Улс хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны ялгарал, хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үндсэн зорилготойгоор Минаматагийн конвенцид 2015 онд нэгдсэн байдаг. Энэхүү конвенцийг НҮБ 2013 онд баталсан. Конвенцийн гишүүн орнууд гар аргаар болон алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны хэрэглээг таслан зогсоох, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, бохирдлыг бууруулахад чиглэсэн үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Монгол Улс энэхүү үүргээ биелүүлж, энэ оны наймдугаар сард Алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын тогтоол хэлбэрээр баталсан байна.

Алтны бичил уурхайгаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулж, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг ханган, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд дөрвөн зорилт, 13 үйл ажиллагааны чиглэл, 59 арга хэмжээг 2019-2023 онуудад хэрэгжүүлэхээр тус-гажээ. Хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд алтны уурхайгаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг 50-иас доошгүй хувиар бууруулж, уурхайчдын 80-аас дээш хувийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж, уул уурхайн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, хариуцлагатай уул уурхай төлөвшүүлнэ гэж хөтөлбөр боловсруулагчид үзэж байна.Тодруулбал, уг хөтөлбөрт алтны бичил уурхайн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хариуцлагын механизмыг чангатгах, бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх салбар дундын зохицуулалт, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгон орлуулах ажлын байрыг олноор бий болгох юм.

Мөнгөн ус хэрэглэхгүйгээр алт олборлох лаборатор байгуулах зэрэг томоохон зорилтуудыг тусгасан нь ч дэвшил юм. Ийнхүү бие даасан томоохон хөтөлбөрийг далайцтай хэрэгжүүлж мөнгөн усыг хууль бусаар алт угаахад ашиглах явдлыг таслан зогсоохгүй бол хожмын сөрөг үр дагавар нь зөвхөн гар аргаар алт олборлогчдоор хязгаарлагдахгүй. Энэ бол байгаль орчин, монгол хүний удмын генд ч асар муугаар нөлөөлөх асуудал тул хууль бус алт олборлолтыг таслан зогсоох цаг хэдийн иржээ.

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top