Суматра төрлийн сүүлчийн эм хирс нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 24

Малайз улсад амьдарч байсан Суматра төрлийн сүүлчийн эм хирс хорт хавдрын улмаас нас баржээ.

Малайзын аялал жуулчлал, соёл, байгаль орчны сайд Датук Кристина Люгийн мэдээлснээр, Иман хочтой хирсийг 2014 оны гуравдугаар сард олж авснаас хойш үхэх хүртэлх хугацаанд дээд хэмжээгээр асарч, сувилдаг байжээ. Иман хорт хавдраас үүдэлтэй их хэмжээний цус алдалтаас болж хэд хэдэн удаа үхлийн ирмэгт тулж ирж байжээ. Иманы амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд өвчин намдаах тариа хүртэл нэмэргүй болсон гэнэ.

Мэргэжилтнүүд түүний өндгөвчийг хадгалан үлдэж чадна гэж найдаж байна. Малайзын газар нутагт амьдарч байсан Суматра төрлийн хамгийн сүүлчийн эрэгчин хирс 2019 оны тавдугаар сард үхсэн билээ. Ирээдүйд энэ төрлийн хирсийг дахин бий болгохын тулд Там гэх хочтой сүүлчийн эрэгчин хирсний генийн мэдээллийг зохих технологи гарч ирэх хүртэл авч хадгалсан юм.Суматрын хирс нь дэлхийд нэн ховордсон, биеийн хэмжээгээрээ хамгийн жижиг төрлийн хирс юм. Энэ амьтны эвэр, бие эрхтнийг уламжлалт анагаах ухаанд өргөнөөр ашигладаг тул ховордож, устаж үгүй болоход хүргэжээ.

Өмнө нь Суматрын хирс Зүүн Өмнөд Азийн чийглэг ой, намгаар олон тоогоор тархан амьдарч байжээ. Одоогийн байдлаар, Суматра төрлийн 300 хүрэхгүй хирс Суматра, Калимантан аралд амьдардаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top