“Хүнд он жилүүдэд салбараа нураагаад унагачихалгүй дараагийн үетэй золгуулсан нь Б.Чадраа гуайн гавьяа”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

ШУА-ийн ерөнхийлөгч асан, төрийн шагналт, академич Б.Чадраа агсны 80 насны ойг тэмдэглэх ажлын хүрээнд өчигдөр  Физик технологийн хүрээлэнд  эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, дурсгалын самбар байрлуулан, нэрэмжит танхим нээх ёслолын ажиллагаа боллоо.

Тус арга хэмжээнд Б.Чадраа агсантай хамтран ажиллаж байсан найз нөхөд, эрдмийн хамт олноос гадна гэр бүлийнхэн нь хүрэлцэн ирж оролцлоо. Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “ШУА-иас энэхүү ойг угтаж шат дараалалтай ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь Б.Чадраа гуайн ажиллаж байсан, удирдаж байсан Физик технологийн хүрээлэнд  нэрэмжит танхим, дурсгалын хөшөө  байрлуулах энэ ажил юм.

Б.Чадраа гуайн амьдрал үйл ажиллагааг  мэддэг хүмүүс өнөөдөр  энд цугласан байна. Гэсэн хэдий ч би өнөөдөр Б.Чадраа гуайн тухай зарим зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу.  Бид хоёр хамтарч ажиллаад 42 жил болж байна. 1977 онд Монгол улсад Физик технологийн хүрээлэнгийн дэргэд Сансар судлалын тасаг байгуулахад тэр тасагт би ирж, тэр цагаас хойш нэг байгууллагад хамтарч ажилласан.

Энэ хүний тухай, 80 жилийн ойн баримтат кино удахгүй гарна. Тэнд миний бие дэлгэрэнгүй дурсамж ярьсан байгаа. ШУА 1961 онд байгуулагдсанаас хойш академийн хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн хоёр хүний нэг нь манай Б.Чадраа академич. Б.Ширэндэв гуайн дараа баттай байр суурь эзэлсэн энэ хүн бол Монгол Улсын зах зээлийн шилжилтийн хүнд он жилүүдэд  шинжлэх ухааны салбараа нураагаад унагачихалгүй авч дараагийн үетэй золгуулсан.

Энэ бол  яах аргагүй Б.Чадраа гуайн гавьяа. Монгол Улс шинжлэх ухааны салбарт, эрдэмтдэд итгэл найдвар өгч судалгаа шинжилгээний ажлыг боломжийн хэрээр санхүүжүүлбэл ямар хэмжээнд шинжлэх ухааны хөтөлбөр боловсруулж ажиллаж чадахыг харуулсан нэг үйл явдал байдаг. Энэ нь Зөвлөлт-Монголын хамтарсан нислэг байгаа. Б.Чадраа гуай энэ хамтарсан нислэгийн улсын комиссын орлогч дарга, шинжлэх ухааны хөтөлбөрийг боловсруулах комиссын даргаар ажиллаж ирсэн. Богино хугацаанд тэр олон хөтөлбөрийг боловсруулах, тал талаасаа цугласан залуу судлаачдын хүч авьяасыг дайчлан гаргаж ажиллахад Б.Чадраа гуай онцгой гавьяа байгуулсан хүн.  Ийм эрхэм хүний дурсгалыг хүндэтгэж энэхүү  дурсгалын хөшөөг нээж байгаадаа баяртай байна” гэсэн юм. 

Б.Чадраа гуай 1939 онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Ороох хэмээх газар Баатарын найм дахь хүү болон мэндэлсэн байдаг. 1963 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг төгсөж, ажлынхаа гарааг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Байгалийн ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас эхэлж Физик, математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Физик техникийн хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдлийн Ерөнхий захирал, Электрон техник, эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийн “Монел” үйлдвэрийн захирал, Улаанбаатарын Их сургуулийн захирал зэрэг албыг хашиж ирснээс гадна ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр гурван удаа, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр гурван удаа, нийт 21 жил сонгогдон ажилласан шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч эрдэмтэн байсныг хамт олон нь дурсдаг.

Академич Б.Чадраа сэргээгдэх эрчим хүч, сансар судлал, цөмийн физик, электроникийн судалгаа, Монгол Улсын хөгжил, шинжлэх ухааны бодлогын чиглэлээр 320 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг гадаад, дотоодод нийтлүүлсэн эрдэмтэн. Шинжлэх ухааны доктор, профессор Б.Чадраагийн бүтээлээс цөмийн гаж бөөмс үүсэх үйл явц, түүний мэдээллийг анх олж ажигласан, их энергитэй сансрын эгэл бөөмсийн цөмтэй хийх мөргөлдөөнийг дэлхий дээр болон сансар огторгуйд судалсан, нар, салхи, био, геоэнергийн ашиглалтыг судлан туршсан, малчдыг нар, салхины эрчим хүчээр хангах багаж төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэсэн зэрэг ажлын үр дүн, Монголын үндэсний нэвтэрхий толь, Монголын байгаль орчны нэвтэрхий толь зэрэг бүтээлүүд нь гадаад, дотоодын эрдэмтдээс өндөр үнэлгээ авсан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top