ХАЛУУН СЭДЭВ: Хувийн хэвшлийг ШИМЭГЧ ТӨР

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Улс орны эдийн засгийг төр биш хувийн хэвшил нуруун дээрээ үүрч яваа. Статистикаас харахад, байнга л муугаар хэлэгддэг нөгөө хэдэн компаниуд улсад хамгийн их татвар төлж,  хамгийн өндөр цалинтай ажил олгогч байдаг. Нийт ажлын байрны дийлэнх нь хувийн хэвшилд ногдож байгаа бөгөөд төсөвт байгууллагуудаас харьцангуй өндөр цалинтай. Төсвийнхөн хувийн хэвшлийн татвараар цалинждаг. Гэтэл ачааны хүндийг аж ахуйн нэгжүүд үүрээд  аахилахыг нь төр гүйцэтгэж байгаа. Энэ юуг илтгэж байна вэ гэхээр монгол хүн ажилтай орлоготой байхын үндэс нь хувийн хэвшлийн хөгжил дэвшилтэй шууд уялдаатай гэсэн үг. Үндэсний баялаг бүтээж буй компаниуд “Бидний үйл ажиллагааг  дэмжихгүй юм бол ядаж битгий дарамт нэмээч” гэж гуйдаг. Тэд  шалгалт дарамт, хүнд суртал, дээр нь шинэ шинэ төрлийн татвар хураамж гээд нуруугаа авахуулчихжээ.

Өнөөдрийн халуун сэдэв болоод буй Нийгмийн даатгалын шимтгэл бол төрөөс хувийн хэвшилд үзүүлсээр ирсэн дарамтын нэг жишээ. ОУВС-гийн төлөөлөгчдийн шахалтаар 2017 оноос эхлэн Нийгмийн даатгалын шимтгэлийг сэм сэмхэн нэмэх болсон. Ирэх онд л гэхэд ажилтан, ажил олгогч нийлээд 26 хувийн шимтгэл төлөх нөхцөл байдал бүрдээд байгаа. Тодруулбал, ажилтан 12.5 хувь, ажил олгогч 13.5 хувь буюу нийтдээ 26 хувийн шимтгэл төлнө. Сарын 900 мянган төгрөгийн цалинтай ажилтан 234 мянгыг шимтгэлд төлөх нь гэдэг айдаст автаад байна. Тэгвэл компани нэг ажлын байр бүрдүүлж, нэг гэр бүлийг орлоготой болгосныхоо төлөө дээрхээс ч их мөнгө улсад тушаах болно. Ийм нөхцөлд хэн ажилтныхаа тоог нэмэгдүүлж, төлбөрт унахыг хүсэх вэ. Байгаа ажилтнуудынхаа цалинг нэмэхийг бүр ч хүсэхгүй. Үүний оронд одоогийн нэмэгдлээс үүссэн зардлаа бүтээгдэхүүн үйлчилгээндээ шингээнэ. Эцсийн дүндээ иргэдийн амьжиргааны өртөг нэмэгдэж, эдийн засгийн дарамт өснө. Иргэн, албан байгууллага аль алинд дарамт ирэхээр байгаа биз. Мөн компаниуд нийгмийн даатгалын шимтгэлээс зугтах болсноор хувь, хувьсгалын гэсэн хоёр данстайгаар үйл ажиллагаа явуулах чиг хандлагатай болж байгаа. Ажилтантайгаа тохиролцон хөдөлмөрийн хөлсний доод дүнгээр гэрээ байгуулах замаар аль болох бага зардал гаргахыг эрмэлзэж буй. Төр ийм дарамт үзүүлж байхад өөр яах билээ.

Өнөөдөр бизнесийн регистрийн санд бүртгэлтэй 180 гаруй мянган аж ахуйн нэгжийн 90 гаруй мянга нь үйл ажиллагаа явуулж байна. Бараг бизнесийн оролдлого бүрийн 50 хувь нь үүдээ барьсан гэсэн үг. Энэ нь бизнесийн өртөгтэй шууд холбоотой. Жилийн ашгийнхаа 18 хувийг хөрөнгө оруулалтын зардалд, орлогынхоо 10 хувийг татварт өгдөг компаниудад Нийгмийн даатгалын шимтгэл нэрээр шинэ дарамт үүсгэхээр ямар ч жижиг бизнес тогтож үлдэж чадахгүй. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа 90 мянган аж ахуйн нэгжийн 90 орчим хувь 1-9 ажилтантай буюу жижиг, дунд бизнес эрхлэгчид. Тэдний бизнес томрохгүй байгаа нэг шалтгаан бол татвар татаас өндөр байгаа явдал. Ер нь Монголд жижиг, дунд бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд дунджаар таван жилийн настай байдаг. Төрөөс үзүүлж буй дарамт нэмэгдсээр бизнесийн нас улам л богиносож байгаа.

Анх Монгол Улс олон улсын байгууллагын тусламжийн хөтөлбөрт ороход монгол хүн бүр татвараар ч болов улсаа дэмжиж, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахыг зорьсон. Түүнээс хойш нийгмийн даатгалын шимтгэл шат дараатай нэмэгдэхэд мөн л хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл одоо эдийн засаг тогтворжсон гэдгийг хэн хүнгүй хэлэх болж. Тиймээс эдийн засгийг нуруундаа үүрч, монголчуудыг орлоготой болгодог хувийн хэвшлийн хөгжлийг боомилж буй шийдвэрээ эрх баригчид эргэж харах цаг болсон. Энэ арга хэмжээг авахгүй бол Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр болсон хувийн хэвшлийн гол шимэгч нь төрөөс ногдуулж буй шимтгэл болоод байна. УИХ-ын 2016 оны сонгуулиар эрх баригчид татвар нэмэхгүй, хувь хүн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулна гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлэн гарч ирсэн санагдаж байна. Хачир дээрээ иргэдийн амьжиргаа болон ажил олгогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хамгийн хүндээр нөлөөлөх шийдвэрийг гаднын зөвлөхүүдийн тусламжтайгаар гаргасан билээ. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнээр хувь иргэндээ хохиролтой тусаж байгаа. Саяхан Монголын нийгмийн даатгалын байгууллагаас нэг зар тараасан нь анхаарал татлаа. Тэр нь БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалын албанаас тус улсын тэтгэврийн даатгалд хамрагдсан Монголын 350 иргэн  төлсөн шимтгэлээ  буцаан авах боломж бүрдсэн тухай утга агуулгатай зар байсан. Өөрөөр хэлбэл, гаднын оронд бол нийгмийн даатгалын шимтгэл жинхэнэ утгаараа хуримтлал болж чадаж байна. Түүнийгээ хүссэн үедээ буцаан авч болдог шударга тогтолцоотой юм байна. 

Энэ мэтээр хөгжингүй орны иргэд тэтгэвэрт гарахдаа тодорхой хэмжээний хуримтлалтай, эдийн засгийн баталгаатай амьдарч байгаа бол Монголд бүх зүйл эсрэгээрээ эргэсэн. Иргэн шимтгэл төлсөн ч түүнийг нь хэн, юунд захиран зарцуулж байгааг мэддэггүй. Насны амралтаа аваад шууд л нэн ядуу биш гэхэд бага орлоготой бүлэгт хүчээр элсдэг. Төр нь элсүүлдэг. Албан мэдээллээр Нийгмийн даатгалын сан улсын төсвөөс жилдээ 600 тэрбум төгрөгийн татаас авч үйл ажиллагаа явуулж байгаа. Жил ирэх тусам иргэдээс авч буй шимтгэлээ нэмэгдүүлэхгүй бол дампуурах талаар тайлбар хөвөрч байна. Гэвч бодит байдал дээр нэг дампуурсан арилжааны банканд хадгалуулсан 400 тэрбум төгрөг ор сураггүй болсон.  Энэ хөрөнгийг удирдаж буй байгууллагаас “Нийгмийн даатгал таны амьдралын баталгаа” гэж уриалдаг ч өнөөдөр 30 настай залуу 35 жилийн дараа тэтгэвэрт гараад орлоготой байх эсэх нь эргэлзээтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хувь(66.181.161.17) 2019 оны 11 сарын 15

яг үнэн хувийн хэвшлийнхэн хохирч бна . тѳрийнхний цалин хѳлс нэмэгдэл урамшуулал элдэв тэтгэмж нь нэмэгдэж байхад хувийн хэвшилд тийм юмибхгүй ядаж нийгмийн даатгал татвараас дарамтлахгүй бвал яасийн . уртсгасан цагаар ажиллана ѳвдвѳл ажлаас гар гэнэ . тѳрийхѳнд тэтгэвэрт гарахад нь 36сарын цалин ѳгч бна. хувийханд юу ч бхгүй татвараа яг адил тѳлдѳг .хувийнхныг нийгмийн даатгал. татвараас тиймэрхүү тэтгэмж ѳгѳх хэрэгтэй ш дээ.

0  |  0
Top