БРИКС үзэгдэл дэлхийн тогтолцоог өөрчилж чадах уу

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Бразилын нийслэл Бразилиа хотноо БРИКС буюу Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн нэгдлийн 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 13-14-нд болж өнгөрлөө. “Бүтээлч ирээдүйн төлөөх эдийн засгийн өсөлт” сэдвийн дор болсон уулзалтаар шинжлэх ухаан, технологи, инновац, тоон эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэстэн дамнасан гэмт хэрэг, мөнгө угаах, хар тамхины наймаа зэрэг гэмт хэргийн эсрэг хамтран тэмцэх асуудлыг хэлэлцжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И БРИКС нь олон улсын тогтворгүй байдлыг тогтворжуулах, олон улсын харилцааны шинэ төрлийн тод жишээ гэж онцолжээ.

Тоон баримтууд

Өмнөд Африк улс хамгийн сүүлд нэгдсэн улс. 143 сая хүн амтай ОХУ, 1.2 тэрбум хүнтэй Энэтхэг, 1.34 тэрбум хүн амтай Хятад, 210 сая хүнтэй Бразил улстай харьцуулахад мөн хамгийн жижиг гишүүн нь. БРИКС дэлхийн хүн амын 42 хувийг бүрдүүлж, ДНБ 23 хувь, газар нутгийн 30 хувь, худалдааны эргэлтийн 18 хувийг мөн бүрдүүлж байна. Сүүлийн арван жилд БРИКС-ийн ДНБ 179 хувь хүртэл өсөж, БРИКС-ийн гишүүн орнуудын худалдааны нийт эргэлт 94 хувиар нэмэгдсэн. 2008-2017 онуудад дэлхийн эдийн засгийн өсөлт дунджаар нэг хувьтай байхад БРИКС-ийн орнуудынх найм орчим хувь байв.

Хамтын ажиллагаанд нөлөөлж буй гол хүчин зүйлс

БРИКС нь үзэгдлийн хувьд аажмаар хүчээ авч, хөгжсөн. БРИКС-ийн жил бүрийн дээд хэмжээний уулзалтууд олон улсын нийгэмлэгийн анхаарлыг байнга татаж ирсэн билээ. Эл блокийн гишүүн орнуудын хамтын ажиллагаа мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан. БРИКС-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагаа олон улсын тогтолцооны бүтцээс ихээхэн хамаардаг. Хятадын эдийн засгийн чадавх хурдацтай өсөж буй нь олон улсын тогтолцоо дахь тэнцвэрийн хүчийг өөрчлөхөд тодорхой хэмжээнд дөхөм болсон ч ойрын ирээдүйд Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Дэлхийн худалдааны  байгууллага зэрэг АНУ тэргүүтэй олон улсын байгууллагууд дэлхийн тогтолцооны хэв шинжийг тодорхойлсоор байх болно. Чинхуа их сургуулийн олон улс судлаач эрдэмтэн Ян Шютонг дэлхийн нийтийн хүндийн төв Европоос Ази руу шилжиж, олон улсын тогтолцоо Хятад, Америк гэсэн хоёр туйлын чиглэлд хөгжиж байна гэж тэмдэглэсэн байдаг.

БРИКС-ийн орнууд өөрсдөө улс хоорондын хамтын ажиллагааны хөгжлийн хоёр дахь хүчин зүйл юм. Хүний нөөц, газар зүйн байршил, эдийн засаг, өндөр технологийн чадавх, цэргийн хүчний хувьд БРИКС-ийн орнууд дэлхийд томоохон байр суурь эзэлдэг. Тэд эдийн засгийн өсөлтийн эрчмээ хадгалж чадвал бусад улсын дэмжлэгийг авах боломжтой бөгөөд энэ тохиолдолд БРИКС-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагаа хүчний харьцаа, олон улсын худалдаа, олон улсын санхүүгийн хэв журам зэрэг дэлхийн тогтолцоог өөрчлөхөд нөлөөлөх юм. Гэвч өдгөө эдгээр улс орчин үеийн дэлхийн тогтолцоонд харьцангуй сул байр суурийг эзэлж байна. Дэлхийн өнөөгийн хэв журамд БРИКС-ийн ихэнх орон сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж  байгаа билээ. Хятад, Орос, Энэтхэг олон улсын байгууллагуудыг ардчилахын төлөө дуу хоолойгоо өргөж байгаа. Хятад, Энэтхэг, Бразил нь өөрсдийн байр суурийг бэхжүүлэх үүднээс олон улсын санхүүгийн байгууллагуудад шинэчлэл хийхийг уриалдаг бол Энэтхэг, Бразил улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэхийг шаардаж буй. Өөрөөр хэлбэл БРИКС-ийн орнууд олон улсын байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийхийг шаардаж байгаа юм. БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны чухал хүчин зүйл бол эдийн засгийн асар их чадавх, улс төрийн амбиц тээж яваа улс орнууд өөрсдөө энэхүү хамтын ажиллагааны үнэт зүйлсийг ухамсарлах явдал юм. Тухайлбал, Хятад улс энэ блокт онцгой байр суурийг эзэлдэг. Нэг талаар, Хятад улсын эдийн засаг 30 жилийн турш тогтвортой өсөж, асар хүчтэй болсон. Дэлхийн хэмжээнд энэ үзүүлэлтээр хоёрт орж, дэлхийн худалдааны хамгийн том гүрэн болсон. Дэлхийн банкны мэдээллээр, Хятад улс 2013 онд ДНБ-ий хэмжээгээр хоёрдугаар байрт бичигдэж байсан бол ӨАБНУ Хятадын эдийн засгаас 24.4 дахин, Энэтхэг 10.2 дахин, ОХУ 54.2 дахин, Бразил 4.5 дахин доогуур үзүүлэлттэй байжээ. Өөрөөр хэлбэл Хятад улс БРИКС-ийн орнуудыг нэгтгэхэд гол үүргийг гүйцэтгэж байна. Хятадын эдийн засгийн чадавх энэ байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны нэг талаар таатай, нөгөө талаар хязгаарласан хүчин зүйл болж байна. Барууны шинжээчдийн үзэж буйгаар, энэ хүчин зүйл БРИКС тарах шалтгаан нь болно. Хэрэв Хятад улс эдийн засгийн байр сууриа ашиглан, бусад орнуудад өөрийн үзэл бодлоо тулгахгүй, тэдний эрх ашиг, сонголтыг хүндэтгэх аваас БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны бат бэх суурь болох юм. БРИКС-ийн орнуудтай хамтран ажилласнаар Хятад улс олон улсын эдийн засаг болон дэлхийн засаглалын салбарын механизмд нөлөөлж, дэлхийн улс төр дэх өөрийн байр суурийг бэхжүүлэх боломж бий болж байгаа юм. Тиймээс БРИКС-ийн орнуудтай хамтран ажиллах нь Хятад улсын хувьд стратегийн ач холбогдолтой. ОХУ-ын хувьд тус блокт мөн л онцгой байр суурийг эзэлдэг. Бусад дөрвөн орныг бодвол Орос улс давуу болон сул талтай. Оросын давуу тал нь цэрэг, зэвсгийн хүч болон дэлхийн аюулгүй байдлын салбар дахь нөлөө. Стратегийн зэвсэглэлийн салбарт тус улс АНУ-тай энэ зэрэгцдэг. Түүнээс гадна ОХУ нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн улс бөгөөд байгалийн баялгийн нөөц ихтэй, дэлхийн их гүрнүүдийн хоорондын улс төрийн тэмцлийн арвин их туршлагатай. Өөрөөр хэлбэл БРИКС-ийн бусад орнуудад байхгүй давуу тал түүнд бий.

БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны боломж ба сорилт

Нэг талаар, БРИКС нь гишүүн орон бүрийн хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд олон талт санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн санхүү, валютын тогтолцоог шинэчлэх, эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг хангах чухал талбар юм. БРИКС-ийн орнууд өөрсдийн гадаад бодлогын амбицыг хэрэгжүүлэх, дэлхийн тогтолцоог өөрчлөх, олон улсын нэр хүндийг өсгөх зорилгоор тус байгууллагын бүхий л боломжийг ашиглахыг эрмэлзэж байна. Үндсэндээ БРИКС нь дэлхийн улс төр, эдийн засгийн гол гол асуудлыг шийдвэрлэхэд нөлөө бүхий оролцогч болоод байна. Гэхдээ эдгээр улс орны хамтын ажиллагаанд зарим нэг асуудал бий. Тэд тус байгууллагын цаашдын хөгжлийн талаар өөр өөр байр суурийг баримталдаг. Зарим нь өнөөгийн дэлхийн тогтолцооны хүрээнд дэлхийн засаглалд оролцох өөрөөр хэлбэл орчин цагийн барууныг баримталсан дэлхийн хэв журамд нэгдэн орох шаардлагатай гэж үздэг бол бусад нь олон улсын харилцааны өнөөгийн тогтолцоог шинэчлэхээс гадна дэлхийн шинэ хэв журмыг бий болгох хэрэгтэй гэсэн байр суурийг баримталж байна. Түүнчлэн “Их-7” бүлэг болон Европын улсуудын хамтын ажиллагааны механизмыг бодвол түүх, газар зүй, соёл, шашин, соёл иргэншлийн асар их ялгаатай улс орнууд БРИКС-ийг бүрдүүлж байна. Тэд өөр өөр улс төрийн тогтолцоо, эдийн засгийн хөгжлийн загвартайгаас гадна БРИКС-ийн зарим улс эдийн засгийн салбарт өөр хоорондоо хүчтэй өрсөлддөг. Сөрөг хүчин зүйлсийг даван туулахад БРИКС-ийн улс орнуудаас буулт, нягт харилцаа, зохицуулалтыг шаардана. Ойрын ирээдүйд БРИКС-ийн гишүүн орнуудад нэгдмэл эрх ашгийн үүднээс дэлхийн улс төр, эдийн засгийн гол гол асуудлаар санал нэгдэх хэрэгтэй. БРИКС-ийн орнуудын цаашдын хамтын ажиллагааны төлөвийг дэлхийн тогтолцоог шинэчлэх явц, тэдгээрийн улс төр, стратегийн ашиг сонирхлыг хэрхэн уялдуулахаас шалтгаална гэсэн үг юм. Ойрын ирээдүйд БРИКС хүчтэй үүрэг гүйцэт­гэхгүй ч алсдаа улс төрийн ихээхэн ач холбогдолтой болно гэж шинжээчид үзэж байна. БРИКС-ийн хувь заяа зөвхөн гишүүн орнуудын төдийгүй, дэлхийн хэмжээний сорилтод хариу өгөх чадвартай олон улсын шинэ институц нэн шаар­дагдаж буй дэлхий дахинд хамаатай юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top