Засгийн газрын ТУСГАЙ САНГ цөөлж, хуулийг нь шинэчлэв

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Үүнээс өмнө Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, баталлаа. Энэ үеэр хуралдаанд оролцсон зарим гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тэдний байр суурийг тоймлон хүргэж байна.


УИХ-ын гишүүн Н.ОЮУНДАРЬ: Нийгмийн даатгалын сантай холбоотой нэг асуудал байна. Нийгмийн даатгалын сангийн орлого нь 2.2 их наяд, зарлага нь 2.5 их наяд төгрөг болоод байна. Үүний зөрүүг хаанаас яаж нөхөх вэ. Ялангуяа 756 тэрбум төгрөгийг халамжид зарцуулахаар болсон байна. Ингэж битүү хавтгайруулж байна. Бид бодлогын өөрчлөлт хийхгүй бол 83 төрлийн үйлчилгээнд 756 тэрбум төгрөгийг зориулах уу, эсвэл хөгжлийнхөө бодлогод зарцуулах уу гэдгийг бодохоос өөр аргагүй. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэл явсаар ажил олгогч болон ажилчин нийлээд 24 хувийн төлөхөөр төсөөлөгдөж байна. Гэтэл Монгол Улсын ажиллах хүчний оролцоо нь сайн биш байдаг. Үүнийг дахиж эргэж харах боломж, бололцоо байна уу. 

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: Н.Оюундарь гишүүн маш чухал зүйлийг харж хэлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 2.3 их наяд төгрөгийг төвлөрүүлж байна. Зарлага нь 2.5 их наяд төгрөг. Үндсэндээ төсвөөс өндөр татаас авч байгаа дарамт бий. Нөгөө талаасаа улсын төсвөөс цэвэр 756 тэрбум төгрөгийг авч байна. Энэ хоёр тоо нийлэхээрээ 3.4 их наяд төгрөгийг улсын төсвөөс бүрдэж байна. Энд ажиллах хүчний оролцоо гэж зүйл бий. Монгол Улсад ажил хийх насны 10 хүний тав нь ажиллаж байна. Ямартай ч ажиллах хүч бага. Цаашид бодлогоор ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ: Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ мартагнаад байна. Ялангуяа харилцаа холбооны салбар. Энэ салбар 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Таван жилийн хугацаанд 700 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Гэтэл бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн есдүгээр зүйлийн 9.3-т татвар авна, цэвэр ашгийн гурван хувьтай тэнцүү хэмжээтэй орлогыг бүрдүүлнэ гэдэг заалт орчихсон байна. Уг нь, харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд 25 хувийн татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл 25 хувийн татвараа төлнө, дээр нь цэвэр ашгаасаа дахин гурван хувийг өгнө гэдэг нь хэр зөв юм. Үүнийг ямар үндэслэлээр оруулж ирэв. Энэ бол шууд хувийн өмч рүү халдаж байгаа хэрэг шүү. Энэ салбарыг хайрлах хэрэгтэй шүү.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: Б.Учрал гишүүний ярьж байгаа асуудалд шүүмжлэл бий. Өнөөдрийг хүртэл татвар ногдох орлогын хоёр хувийг төвлөрүүлж ирсэн. Харин 2020 оноос татварт ногдох орлогоос биш татварын дараах ашгаас гурван хувь авахаар тооцож байна. Сангийн яам болон холбогдох байгууллагын гаргаж өгсөн судалгаагаар татварт ногдох орлогоос нь тооцоход толгой дөрвөн аж ахуйн нэгжийг авч үзэхэд улсын төсөвт 2.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан. Харин татварын дараах ашгаас нь авахаар 1.7 тэрбум төгрөг болж буурч байгаа юм. Ийм тооцоог танилцуулж байсан. Өнөөдөр байдлаар 11 сум шилэн кабельд холбогдоогүй. Энэ сумдыг холбоход 9.8 тэрбум төгрөг шаардлагатай. Шилэн кабельд холбосны дараа ийм орчин бүрдэх юм билээ.

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР: Н.Учрал гишүүн ээ, одоо байгаа хуулиараа орлогын хоёр хувь. Үндсэндээ сангийн мөнгө хоёр дахин багасна. Тэр хэмжээгээр үүрэн телефоны үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн ачаалал хоёр дахин буурна гэсэн үг. Засгийн газраас оруулж ирж байгаа санал нь ачааллыг бууруулж байгаа юм. Бүр мөсөн зогсоох гэхээр болохгүй байна. Учир нь, Монгол Улсын нийт баг, сумдын 48 хувь нь хоёр жи хэвээрээ л байна. Үүнийг сайжруулах ёстой. Гар утасны сүлжээ хүрээгүй газарт дахин дамжуулалт тавих шаардлагатай. Гэхдээ үүрэн телефонуудад очдог ачааллыг хуулийн өөрчлөлтөөр буулгаж өгч байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшилдээ тааламжтай шийдвэр гаргаж өгч байна гэж ойлгох хэрэгтэй. Тэг болгож арай чадахгүй байна. Учир нь, бодитой шаардлага байгаад байна.

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: Засгийн газрын тусгай сангуудыг өөрчлөн байгуулахтай холбоотой ажлыг дэмжиж байна. Хэдхэн хүний буруутай үйл ажиллагаанаас болж санг нэгтгэж аль ч үгүй болгох юм бол буруудна. Би нэг жишээ хэлье. Цэвэр агаар сантай холбоотой. Хотын утааг бууруулах ажил байсан. Түүнийг хариуцаж байсан цөөхөн хэдэн хүн мөнгө, төгрөгийг нь завшсан. Тэд шоронд орж, энэ сангийн нэрийг хэлэхээсээ ч цээрлэдэг болсон. Ядуурал, утаатай дайн зарласан нөхөд таг чимээгүй сууж байсан цаг саяхан шүү. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан байна. Тэнд төвлөрсөн хөрөнгийг яаж жинхэнэ эздэд нь хүргэх вэ гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Ажилгүйдэл, ядуурал, утаа, ажлын байр зэрэг асуудалтай холбоотой. Болдог бол хөрөнгө мөнгийг нь тусгаж, хэл амгүй зохицуулах нь зөв юм. Үүний мөнгө, хөрөнгийг нэмэх боломж байна уу.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: Явц дунд нь ямар нэгэн зээл, тусламж орж ирвэл шийдээд явна. Яг одоо бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч хугацаа хэтэрсэн 79 тэрбум төгрөгийн асуудал байна. Үүнийг барагдуулах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Төсвөөс тодорхой хэмжээний мөнгө тусгасан" гэх тайлбарыг өгсөн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.3) 2019 оны 11 сарын 14

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913

0  |  0
Top