Хиймэл оюун ухаан аянгыг урьдчилан мэдээлнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Швейцарын Лозанны Политехникийн сургуулийн мэргэжилтнүүд хиймэл оюун ухааны тусламжтайгаар аянга цахилгааныг урьдчилан мэдээлэх аргыг боловсруулжээ.

Climate and Atmospheric Science сэтгүүлд мэдээлснээр, аянга цахилгаан нь байгалийн тааварлашгүй үзэгдлүүдийн нэг юм. Аянга хүний амийг хөнөөж, түймэр дэгдээж, цахилгаан дамжуулах утас, нарны зайн панелийг сүйтгэдэг. Аянга буух газар, хугацааг урьдчилан тогтоох туйлын хүнд даалгавар юм гэж эрдэмтэд тодруулжээ. Тэд 10-30 минутын өмнө 30 км тойрогт аянга буухыг урьдчилан хэлж чадах энгийн бөгөөд хямд систем бүтээсэн байна. Энэ аргыг боловсруулахдаа цаг уурын мэдээлэл болон хиймэл оюун ухааныг ашиглажээ.

Өдгөө ашиглаж буй систем удаан бөгөөд хүнд ажиллагаатай аж. Хиймэл дагуул эсвэл радараас авч буй их хэмжээний мэдээлэл шаардагддаг хэмээн төслийн санаачлагчдын нэг Амирхусейн Мостахаби ярьжээ. Лозанны Политехникийн сургуулийн мэргэжилтнүүдийн боловсруулсан аргаар цаг уурын аль ч станцад байдаг мэдээллийг ашиглах боломжтой бөгөөд хиймэл дагуул, радар, харилцаа холбооны сүлжээнд хамрагдаагүй алслагдмал бүс нутгийг бүрэн хамруулах аж. Цаг агаарын мэдээллийг шуурхай авах боломжтой тул аянгын шуурга бий болохоос нь өмнө урьдчилан мэдээлэх гэнэ.

Ингэхдээ тусгай багаж төхөөрөмжийг аянга цахилгаан үүсэх нөхцөлийг танихад сургажээ. Үүний тулд сүүлийн арван жил цуглуулсан агаарын даралт, температур, агаарын чийгшил болох салхины хурд зэрэг мэдээллийг ашигласан байна. Эдгээр мэдээллийг аянгын үүлний байршлыг тодорхойлдог багажийн мэдээллүүдтэй харьцуулснаар аянга цахилгааныг 80 хувийн магадлалтай урьдчилан мэдээлэх боломжтой болжээ.

Швейцарын эрдэмтдийн боловсруулсан энэхүү аргыг 2017 оноос хойш хэрэгжүүлж буй аянгаас хамгаалах Европын төсөлд ашиглах аж. Аянгын шуурганы үеэр богино лазер өдөөгч ашиглан, дэд бүтэц, орон сууцнаас хол газар хиймлээр аянга буулгах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top