Улсад хамгийн их хохирол учруулсан АВЛИГЫН ХЭРГИЙН эзэд

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас энэ оны эхний арван сарын хугацаанд 433 холбогдогчтой, 1115 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 125-ыг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 хэргийг хаах саналтай, 64 хэргийг прокурорт шилжүүлжээ. Мөн шалгалтын явцад 21 хэргийг нэгтгэн шалгаж эхэлсэн бол гурван хэргийг түдгэлзүүлж, одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 389 хэрэг, мөрдөн байцаалтын 53 хэргийн үлдэгдэлтэй байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн юм.

Эдгээр гэмт хэргийн улмаас нийт 12 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 136,8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ. Учирсан хохирлыг өмнөх оныхтой харьцуулбал 40 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Үүнийг авлигын гэмт хэрэг ихээр нэмэгдэж байна гэж тайлбарлах нь буруу. Харин цөөн хэдэн хэргийн учруулсан хохирлын хэмжээ их байгаатай холбон тайлбарлаж байна.

Тухайлбал, нийт хохирлын дийлэнх хувь нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг, “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хүрээнд тогтоогдсон хохирол гэдгийг албаныхан онцолсон юм. Хамгийн их хохирол учруулсан гэгдэж буй эдгээр хэргүүдийн шалгалтын ажиллагаа ямар түвшинд явагдаж байгааг дор тоймлон хүргэж байна.

Ш.БАТХҮҮ ДЭЭД ШҮҮХЭД ГАРГАСАН ГОМДЛОО ТАТСАНААР ХЭРЭГ ПРОКУРОРТ БУЦЖЭЭ

Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африк дахь “Стандарт” банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх хэрэгт “Жаст”-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаж, мөрдөн байцаалтын явцад түүний хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлсэн байдаг.
 


Улмаар хоёр шатны шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан боловч Ш.Батхүү дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн хяналтын шатны шүүх буюу Дээд шүүхэд гомдол гаргаад байсан юм. Энэ тухай тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 240 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 519 дүгээр магадлалтай, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох 190 хавтас хэргийн мөрдөн байцаалтад буцаах таван үндэслэлээс Ш.Батхүү хоёрыг нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрсөн зургаадугаар сард Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Улмаар өнгөрөгч аравдугаар сарын 7-ны өдөр Ш.Батхүүгийн гомдлыг хэлэлцэх хурлын тов гараад байсан ч, яллагдагч Ш.Батхүү нь  шүүх хурал болохоос гурав хоногийн өмнө хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлт ирүүлж, энэ дагуу шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээгүй юм. Ийнхүү тэрбээр гомдлоо буцаасан учир анхан болон давж заалдах шатны шүүхийн захирамж хүчин төгөлдөр хэрэгжиж, хавтаст хэргийг прокурорт буцаагаад байна.

Хэргийг шалгаж эхлэх үед “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжилж, түүний нийт хөрөнгийг 190 тэрбум төгрөг хэмээн тогтоосон байдаг. Гэвч түүний тавьсан өрийг татвар төлөгчдийн мөнгөөр дараад байгаа билээ. Хэдийгээр Засгийн газраас “Стандарт” банканд төлсөн 40 сая ам.долларыг “Жаст”-ын Ш.Батхүүгээр төлүүлж, хохирлыг барагдуулна гэж мэдэгдсэн ч анх түүнийг яллагдагчаар татахад хурааж авсан хөрөнгө хаашаа, хэний халаасанд орсон нь томоос том асуултын тэмдэг болоод байгаа. Тэгвэл Ш.Батхүүгээс хурааж авсан 190 тэрбум төгрөгийн 80 орчим тэрбум төгрөгийг Б.Хурц болон түүний хамаарал бүхий хүмүүс ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл бий.

Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРЫН ХЭРЭГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТЫН ШАТАНД ЯВЖ БАЙНА

Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга Д.Эрдэнэбилэг болон тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр прокурорын зөвшөөрөлтэйгөөр баривчилсан байдаг.

Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж, өнгөрсөн зургаадугаар сарын эхээр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, прокуророос Д.Эрдэнэбилэг нарт яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад өнгөрөгч тавдугаар сард Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.

Энэ хугацаанд Д.Эрдэнэбилэгийн хууч өвчин сэдэрсэн тул эрүүл мэндийн үйлчилгээ авахаар гадаад улсад зорчих шаардлагатай болсон хэмээн түүний өмгөөлөгч шүүхэд хүсэлт хүргүүлж, улмаар хилийн хоригийг цуцалсан юм. Харин түүнд холбогдох хэргийг шүүхэд хүргүүлсэн гэх мэдээлэл гараад байсан ч Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хавтаст хэрэг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд явж буй гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Яллагдагч Д.Эрдэнэбилэгийн тухайд тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрөгч наймдугаар сард гаднын улсад очиж, эрүүл мэндийн үйлчилгээ аваад Монгол Улсад эргэн ирсэн ба энэ хугацаанд түүнийг “Хаан” банкны хувьцааны дийлэнхийг авахаар сүүлийн хоёр сар орчмын хугацаанд хэлцэл хийж буй талаар зарим хэвлэлүүд бичиж эхлээд байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(24.19.4.149) 2019 оны 11 сарын 12

Ene buhnii ard Manangiin hulgaich Elbegdorj Mi Enkold nar baigaa shuu. Edniig barij horiogui tsagt Mongol uls uudluhgui ee.

1  |  0
ou;(66.181.169.70) 2019 оны 11 сарын 12

shorond hataa

0  |  0
Зочин(202.179.27.172) 2019 оны 11 сарын 12

Хөгшин өвөө удахгүй хадан гэртээ очихын хооронд яасан ч их шуналтай юм. Тийм олон банкаар яах билээ. АПУ-ийн Батхүүг хар. Хичнээн шуналтай хүн байлаа. Өнөөдөр яс болоод л хэвтэж байна.

0  |  1
Top