Австралид онц байдал тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Австралид ойн түймэр их хэмжээний өргөн газар нутагт тархаад буйтай холбогдуулан Шинэ Өмнөд Уэлс мужид онц байдал зарлажээ.

Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ тус мужийн Засгийн газрын тэргүүн Глэдис Бережиклян онц байдлын албаны зөвлөмжийг дагаж, нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг ард иргэддээ анхааруулжээ.

Шинэ Өмнөд Уэлс мужийн газар нутагт нийт 64 ойн түймэр асаж байгаагаас 40-ийг нь цурамд оруулж чадаагүй байна.

Сидней хотын хойд хэсэг болон Хантер мужид хэт халалт, хүчтэй салхины улмаас нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаагаас гадна мягмар гарагт эдгээр бүс нутагт түймэр орж ирэхийг гал түймэртэй тэмцэх алба сэрэмжлүүлжээ.

Мужийн Нийтийн тээврийн удирдах газар төмөр зам болон нийтийн тээврийн зарим чиглэлийг хаасан тухай мэдээлсэн байна.

Шинэ Өмнөд Уэлс мужид дэгдсэн ойн түймрийг унтраахаар 1.3 мянга гаруй гал сөнөөгч дайчлагдан, зуу гаруй тусгай техникийн ашиглаж буй аж. Байгалийн гамшгийн улмаас гурван хүн амиа алдаж, долоон хүн ор сураггүй алга болоод байгаа бөгөөд 30 гаруй хүн түлэгджээ. Ойн түймэрт нийт 150 гаруй амины орон сууц, хэд хэдэн захиргааны байр өртжээ. Түймэрт автсан суурин газруудаас нийт зургаан мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Тус мужийн газар нутаг даяар сургуулиуд хаалгаа бариад байгаа ба ил гал асаахыг хоригложээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
4545(103.229.121.124) 2019 оны 11 сарын 11

мөнхнаран ээж гээд бүх нийтээр залбираад убпалас-д

0  |  0
Top