Бөхийн ҮНЭН

2019 оны 11 сарын 15

"Зиндаа" сэтгүүлийн №13 дугаараас онцлов


Монгол бөх сонирхогчид бухимдалтай байна. Бөхчүүд “Бөхийн өргөө”-ндөө ч орох эрхгүй болов. Үндэсний бөхийн үнэлэмж унаж, бухимдал, хүндэтгэлгүй харилцаа хаа хаанаа хуржээ. Бөхийн үнэт зүйлс бүхэн үнэ цэнэгүй болж, цэнгэлийн хэлбэргүй харагдах боллоо. Бөхийн тухай таагүй, хүндлэлгүй, бүдүүлэг хараал, доромж үгэнд торгон дэвжээ сэвтэж байна. Үүнд энэ цаг үеийг эзлэн барилдаж байгаа өндөр цолтнууд, хүчтэнүүд, бөхчүүд өөрсдөө ч буруутай, нийгмийн тусгал ч нөлөөтэй. Явж явж цолондоо эзэн байх, дүүрэн байх бөхийн эрдэм, ухаан хоёрыг умартсан алдаа дутагдал нь монгол бөх рүү чиглэсэн хандлагыг ингэж муухай харагдуулж байж болох юм.


-Эгч ээ, таны хайрладаг бөх аль нь юм бэ?

-Эгчийнх нь үү... Эгч нь бүгдийг нь хайрлаж явдаг юм. Эднийг чинь хайрлаж баймаар улс шүү. Гүжирмэг, борогшуу ч гэсэн эр биеийнхээ чадалд эрдэж явж, эндэж гэнэдэж мэдэх л улс байгаа юм. Бөхчүүд ээ гэж. Ёстой монгол эр хүний хамаг сайн сайхан чанар эд нарт л шингээстэй байдаг юм. Тэгээд ч эгч нь хүүгээ бөх болоосой гэж бодож явдаг...

Сонсоод, үзээд өнгөрөхөд байдаг л нэг үгс юм шиг хэрнээ “Гарьд магнай” киноны энэхэн хэсгийн яриа монгол бөх, монгол эр хүний мөн чанарыг илэрхийлсэн хамгийн гэгээн, хиргүй цагаан бодол юм шиг. Бөхчүүдийг бүгдийг нь зэрэг хайрладаг ийм дүүрэн сэтгэл монгол хүн бүрийн дотор оршдог гэдэгт эргэлздэггүй. Бөх хүнд гүн хүндэтгэлтэй хандах нь бидний төрөлхийн мэдрэмж байх. Магадгүй, монгол хүн монгол бөхдөө хайртай байхын ухааныг өдөөх сэжим дутаж яваа учраас энэ бахархлын үнэт чанар өнөө цагт буурсан ч юм билүү. Түүнийг гэхдээ бөхчүүд эхлээд дотроосоо тунгаах нь зөв биз ээ.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд (2019.01.13) Улсын аварга Н.Батсуурь, аймгийн арслан Б.Лхагвадоржтой барилдахдаа өрсөлдөгч бөхөө хүзүү дагз хэсгээр нь унагасныг ард түмэн эмзэг хүлээж авлаа. Мэдээж, аварга Н.Батсуурийн тайлбарласанчлан өрсөлдөгчөө бэртээж, гэмтээе гэж албаар авч шидээгүй, барилдааны явц тааварлашгүйгээр өрнөсөн нь үнэн боловч үзэгчид бол үндэсний бөхийн өндөр цол хүртсэн аварга хүнээс үргэлж жудагтай үйлдэл хүсдэг нь түүнээс давсан үнэн юм. Бөхийн дээд нь аварга цолтон учир алдаа гаргаагүй байсан ч алдаа л хайж байх тийм хурц хандлага аварга, арслангуудыг чиглэж байдаг.

Ер нь бол иймэрхүү харагдацтай барилдаан бөх нэлээд сайн мэддэг хүмүүст таагүй харагдахгүй ч зүгээр л монгол хүний зөнгөөрөө бөх хардаг хэсэгт бол зөв санагдахгүй. Ихэнх үзэгчид тэгэхээр аваргыг “Гарьд магнай” кинон дээр гардаг Жигмэдтэй л адилтгаж үзнэ. Уурлана, уцаарлана. Нийгэм нь ч тийм болчихсон, оролцохгүй асуудал, ярихгүй сэдэв гэж үгүй болсон үе шүү дээ.

Хурц, уран барилдаан бөхийг үзүүштэй болгох урлаг ч гэлээ залуу бөхийн зоригийг мохоохгүй өрсөлдөх ухааныг хэзээнээсээ бөхийн түүх үлгэр жишээ болгосоор ирснийг сөрөх ер нь бол муухай харагдана. Монгол бөхийн амин чухал чанар нь жудаг, хүндлэл, өрсөлдөгчөө дээдлэх өнө уртын ухамсартай холбоотойн учир нь ч энэ юм. Энэ хүндэтгэлдээ ч бид бат итгэлтэйн дээр бөхчүүдээс үргэлж жинхэнэ эр хүнийг олж харах хүсэлтэй байсаар ирсэн нь хувь хүний зан чанар, эрэмгий байдлыг хүлээн зөвшөөрөхгүй үеийг авчирдаг ч байж болох юм. Тэгэхээр алдаатай барилдаанаас болж шүүмжлүүлсэн Н.Батсуурь аваргадаа ч бус, торгон зодог атгасан хэн боловч өндөр цолтой байх, бөх байх ухааныг дүүрэн тээх нь бүх бөхчүүдэд хамааруулах хандлага гэж ойлгоорой. Үүнийг л бөхчүүд дор бүрнээ үлгэрлэх ёстой юм.

Өрсөлдөгчөө дайсан мэт харах нь тулаант спортын характер. Өрсөлдөгчөө нөхөр мэт хүндлэх нь их спортын шударга үнэн. “Өрсөлдөгчгүй бол чи хэн ч биш” гэсэн ухааныг спорт сургадаг. Уг нь бол өрсөн бөхөө хүндлэх, шударга өрсөлдөх ухамсарт харилцааг монгол бөхчүүд үеийн үедээ дээдэлж, түүнийгээ түүхэнд “жудаг” гэсэн сайхан үгээр сахиж үлдээсэн билээ.

Бөхийн жудаг, хүндлэлийг тээж ирсэн бэлээхэн ухаарал цаг үе бүхэнд бий. Хамгийн ойрхноос нь харъя гэвэл, хоёр Мөнх, хоёр Эрдэнийн ясаа таньсан барилдаанууд үүнийг гэрчилнэ.

Х.Баянмөнх аварга 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойн барилдаанд Б.Бат- Эрдэнэ аваргатай үзүүр, түрүү булаалдсаныг санацгаая. Тэгэхэд Х.Баянмөнх аварга 46 настай, Б.Бат- Эрдэнэ аварга 26-тай байсан болов уу. Улсын начин А.Ганбаатар агсан тайлбар хийх явцдаа “Х.Баянмөнх аваргын том хүү Б.Бат-Эрдэнэ аваргатай чацуу юм” гэж хэлэхийг сонсоод ямар бодол төрснөө Х.Баянмөнх аварга дараа нь тайлбарласан байдаг. “Тэр жил би улсын наадамд барилдаагүй, Нууц товчооны ойд л барилдъя. Тэнд л түрүүлье гэж очсон. Аварга бид хоёрын барилдаан цаг гаруй үргэлжлээд байлаа. Яг тэр үед А.Ганбаатарын хэлэхийг сонсоод надад их юм бодогдсон. Б.Бат-Эрдэнэ ч бас их биеэ барьсан. Би нээрэн л өөрийнхөө хүүтэй чацуу хүнтэй барилдаж байгаа юм бол барилдсан шиг барилдаж чадахгүй гэж өөрийгөө голсон. Сайхан, ширүүхэн барилдаад хаячихаж байгаа бол хамаа алга. Гэтэл дийлэхгүй шахуу. Нөгөөтэйгүүр бөхийн хийморь лундаа гэж хаана байгаа билээ. Ах захын ёс минь хаана байгаа билээ. Өргөн олон түмэн харж байдаг. Юу гэж бодох билээ. Миний зөв үү, буруу юу гэж бодогдсон. Тэгээд би Бат-Эрдэнийг “За, чи дуртай барьцаа ав” гэж хэлсэн. Бууж өгч байгаа юм биш л дээ. Аварга ухасхийгээд шуудагнаас барьж аваад, зорьсон мэхээрээ намайг хаясан. Б.Бат- Эрдэнэ тэгэж Дархан аварга болсон. Их ч баярласан даа” гэж байлаа.

Х.Баянмөнх аварга барилдаан дуусгаад “Зодог, шуудгийн садан төрөл, бөхийн талбайд гарсан анд нөхдөдөө мэнд хүргэе. Би бөхийн үнэнд гүйцэгдэж уналаа” гэсэн тайлбарыг олон түмэнд хандан хэлж байсан нь ч бий. Энэ л монгол хүний чих, нүд, сэтгэл гурвыг баясган цэнгүүлдэг бөхийн ухаан юм. Бөхийн үнэн юм. ...

1996 оны наадамд Б.Бат- Эрдэнэ аварга хөлдөө бэртэлтэй барилдсаныг наадамчид санаж байгаа. Атлантагийн олимпын бэлтгэл хийж байгаад баруун хөлийнхөө шагайг гэмтээж, савх ясаа хугалсан аварга тэгэхэд наадмын өмнө гурван сар орчим хэвтэрт байсан юм. Аваргыг наадмын өмнө барилдана, барилдахгүй гэсэн таамаг хөвөрч, дуулиан шуугиан болсон ч барилдахаар барахгүй, үзүүр түрүүнд үлдсэн билээ.

“Оройн 18.20 цагийн үед эхэлсэн барилдаан 23.00 цаг өнгөрч байхад дууссан. Ийм удаан үргэлжилсэн, тэвчээр шалгасан барилдаан болсон. Тэвчээрээр бол Б.Бат-Эрдэнэ маань надаас илүү... Барилдааны өмнө аав надад захисан юм. “Миний хүү монгол хүн байна даа. Аваргын бэртэлтэй хөлд нь битгий мэх хийгээрэй” гэж. Тэгээд тэр жилийн наадам аавын захиасыг биелүүлсэн наадам болсон доо” гэж улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ ярьсан юм. Ингэж тэр бөх хүний, эр хүний, монгол хүний ёс жудгийг харуулж, улсын наадамд дөрөв дэх удаагаа үзүүрлэсэн билээ.

Хатуу хэлэхэд, магадгүй одоо бол бэртсэн хөлтэй барилдах хүн олон болсон ч байж болзошгүй. Тиймгүй байлаа ч ийм гунигт итгэл үнэмшил бөхийн үзэгчдийн дийлэнх олонд сууж орхижээ. Дархан аварга Ж.Мөнхбат бурхан зүг одоход зүүний магнай эзгүйрлээ хэмээн гашуудан үдсэн нь саяхан. Мөөеө аваргагүй наадам гунигтай, эзэнгүй мэт байсан.

“Бид хоёр бие биенээ хуураагүй, ард түмнээ хуураагүй. Том гавьяа нь тэр” гэж ярьдаг хоёр Мөнхийн үнэн барилдааны гэрч нь төр, түмний наадмаас хоёулаа зэрэгцэн хасагдахыг нь хүртэл харсан ард түмэн билээ.

Г.Өсөхбаяр аварга хэдийгээр бөхийн өндөр удам, зааж сургах өвөгтэй ч Ж.Мөнхбат аваргад түүнийг багаас нь даалгаж, багш, шавь болгосон гэдэг. “Залуу бөх байхаас надад Монгол төрийн наадамд Дархан аварга зодогловол бүтэн болох юм шиг санагддаг байсан. Тийм ч учраас би ард түмнээ хүндлэх ухаан тээж, улсын наадамдаа зодоглодог. Монгол бөхийнхөө ёс жудаг, уламжлалыг хадгалж үлдэхийг хичээдэг. Аварга багш ингэж сургадаг байсан юм” гэж өнгөрсөн жилийн наадмын өмнө Г.Өсөхбаяр аварга ярьсан байдаг. Аварга хүн өнөө маргаашийн хэдэн давааг биш, ард олноо боддог ухааны уртай байх учиртайн нэгэн жишээ энэ гэж ойлгоном.

Үндэсний бөхөд олон сайн бөхчүүд төрж байсан. Тодорч байсан. Өрсөлдөөний хатуу шалгуурын өмнө нурж ч байсан, буцаж ч байсан. Харин улсын цолны босгоор алхана, тав давна, наадамд түрүүлнэ, начин, заан, харцага, гарьд, арслан, аварга болно гэдэг зарлигаар олгогддог, ард түмний хайраар тэтгэгддэг асар их хүндлэл юм.

“Бөхийн АА гэдэг чинь монгол эр хүний чимэг байхгүй юу даа” гэж агуу Ж.Мөнхбатын хэлсэн том үг байдаг. Тийм ээ, аатай бяртай бөхчүүд, алдарт хүчтэнүүдийн торгон дэвжээ, тэр тусмаа шинэ үеийн монгол бөх жудаг ёсоор дутаж болохгүй. Бөхийн бүх цаг үеийн ҮНЭН энэ БУЮУ.

Нийтлэлч Б.Бадамгарав

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top