Итали улс бүх шатны боловсролд уур амьсгалын өөрчлөлтийг багтаалаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

Италийн Боловсролын яам бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлт хичээлийг албан ёсоор багтаахаар боллоо. Ингэснээр тус улс уур амьсгалын өөрчлөлтийг сургалтын хөтөлбөрт багтаасан дэлхийн анхны улс болсон юм. Ирэх хичээлийн жил буюу 2020-2021 оноос эхлэн жилд 33 цаг, долоо хоногт дунджаар нэг цагийн хичээл бага, дунд, ахлах ангийнханд орох юм.

“Энэ бол тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх маш том алхам. Италийн ирээдүйн иргэн бие хүн болж төлөвшихдөө суурь боловсролоосоо эхлэн уур амьсгалын өөрчлөлт гэдгийг мэддэг, ойлгодог байх шаардлагатай” гэж Италийн Боловсролын сайд Лоренцо Фиорамонти ярьжээ.

Боловсролын хөтөлбөрт багтаахдаа ерөнхий эрдмийн хичээлүүдэд дагалдах байдлаар шийдсэн аж. Тухайлбал физик, газар зүй, математик, хими, түүх зэрэг хичээлүүд дээр уур амьсгалын өөрчлөлтийн тухай ойлголтыг багтаан таниулах юм байна.

Италийн Боловсролын сайд Фиорамонтигийн хэлснээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын тунхаг батлагдсан ч чухам хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа энэ цагт ирээдүй хойч үедээ уур амьсгалын өөрчлөлтийн мэдэгдэхүүнтэй болгох нь хамгийн зөв гарц ажээ. Италийн Засгийн газар НҮБ-ын боловсруулсан “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрт тулгуурлан хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top