Тэд бидний тухай: Стивен Кингийн зохиол мэт Монгол орон

2019 оны 11 сарын 07

Эх сурвалж: “TUT.BY”, Полина Кузьмицкая, Беларусь

Монгол гэдэг үгийг сонсоход танд юу бодогддог вэ? Зөв, юу ч бодогддоггүй. (За яах вэ, Татар-Монголын дарлал байж болох юм)

Манай нийтлэлийн баатрууд ч яг л ийм бодолтой байсан юм. Гэхдээ тэд өөртөө, уншигчдадаа шинэ юм нээж, үзүүлэх дуртай залуус. Хэрэв та Монгол хэмээх алс холын оронд очих төлөвлөгөөгүй ч ямар орон гэдгийг нь мэдмээр байвал энэ нийтлэл яг танд тохирно. Магадгүй очмоор санагдаж болох юм.

Тодруулга:

Денис Дудинский – “Беларусь 1” телевизийн хөтлөгч, олон улсын аялал жуулчлалын “ФарЭвей” агентлагийн үүсгэн байгуулагч, DaVinci хамтлагийн дуучин.

Катерина Раецкая - TV/event-продюсер, PR-менежер, DaVinci хамтлагийн дуучин.

Монгол орон тэр чигээрээ сэтгэл татам

Денис хэзээ ч Монголыг сонирхож байсангүй. Гэвч тэнд очиход виза хэрэггүй, Москвагаас нисээд л хүрнэ гэдгийг мэдээд очихоор шийджээ.

“Монголд сэтгэл татсан зүйл байхгүй” гэснээ Денис “Өөрөөр хэлбэл Монгол орон тэр чигээрээ, бүхэлдээ сэтгэл татам” гэж нэмлээ.

Монголын газар нутаг Беларусаас найм дахин том. Гурван сая хүн амтайн тал нь нийслэл Улаанбаатарт амьдардаг. Үлдсэн 1.5 сая нь...

“Үлдсэн нь хээр талаар тархаж амьдардаг. Ийм өргөн уудам нутгийг урьд өмнө бид харж байсангүй. Эргэн тойронд саад болох юм юу ч байхгүй тул мориор хаашаа ч хамаагүй, харвасан сум мэт давхих боломжтой. Бүх юм алган дээр байгаа мэт харагдах тул чамд аймаар биш. Морь ч гэсэн бүгдийг харж байгаа, моринд ч айх юм үгүй. Цаг хугацаа хэрхэн өнгөрч, нар шингэхэд байгаль дэлхий яаж өөрчлөгддөгийг Монголд л хамгийн сайн мэдэрнэ. Коста-Рикад ширэнгэн ойд гүйж явахдаа би байгальтай хамгийн ойр байна гэж бодож байсан бол Монгол хавьгүй илүү байлаа. Чи эргэн тойрноо хараад л байна, хараад л байна, сэтгэл хэзээ ч ханахгүй. Ийм их, хэт олон гэж хэлж болох өнгө үзэсгэлэнд таны нүд дасаагүй байгаа хэрэг. Манай улсад зун нь бүх юм ногоон, өвөл нь бүгд цагаан. Харин Монголд ертөнцөд байдаг бүх өнгө холилдож, нарны туяа нь ч онцгой өөр. Бидэнтэй хамт явсан хүмүүс олон жил аялалд явж байгаа, насанд хүрсэн, хэр баргийн юм тоодоггүй улсууд гэхэд бүгд үнэхээр шүтэн биширсэн. Би өөрөө гөлрөн ширтэж яваад намагт унасан гээд бод” гэж Катерина үргэлжлүүлэв.

“Жуулчлалын ямар ч дэд бүтэцгүйгээр жинхэнэ адал явдал хүсэж байвал Монголд л оч. Эргэн тойрны байдал байнга өөрчлөгдөх тул уйдах завгүй. Нар жаргах үеэр гэрт ороход тэнгэрт түймэр гарч байгаа мэт л бүх юм улаан. Нар ингэж гайхамшигтай мандаж, шингэж байгааг би дэлхийн өөр хаана ч хараагүй. Байгаль дэлхий Монголын наранд бүх өнгийг өгөөмөр хайрлажээ. Өглөө сэрээд гэрээс гарахад “Сайлент Хилл” кино, эсвэл Стивен Кингийн номд орсон мэт санагдана. Хөндий тэр чигээрээ сүү шиг өтгөн манан. Эргэн тойронд юу ч харагдахгүй. Чимээ сонсогдох нь манай бүлгийн гишүүдийн яриа, хажуугаар ямар нэг амьтан өнгөрч байна, сарлаг уу, морь уу мэдэхгүй, харах арга байхгүй” Денис

“Ямар гоё юм бэ гэж бодох ч энд гоё гэдэг үг тохирохгүй. Бидний өөр оронд хийсэн аялал гоё байлаа. Харин Монголд огт өөр. Байгаль дэлхий эзэн нь гэдгээ мэдрүүлнэ. Чи юу ч болж байсан байгальд захирагдаж, байгалийн хэмнэлээр амьдарч эхэлнэ. Та номхорч, амар амгалан мэдрэмж төрнө. Монголчууд яагаад үг цөөнтэйг ойлгох болно. Нэг ч илүү үг, хөдөлгөөн тэд хийхгүй. Нялх хүүхдүүд нь ч уйлж хашгардаггүй. Ганц хоёр уйлагнаж байгааг нь л уйллаа гэж тооцохгүй бол тэр шүү дээ.

Том хүүхдүүд нь хөөцөлдөн, нуугдаж тоглох ч ямар ч хэрүүл зодоон, үймээн байхгүй. Тэд багаасаа бие даасан, өөрийгөө аваад явчихдаг хүмүүс. Нүүдэлчний амьдрал тэднийг зөвхөн өөртөө найдаж, тайван байхад сургажээ” Катерина

Монголчууд чиний юу хүсэж байгааг ойлгохын тулд бүхнийг хийнэ

Монголд том хот цөөхөн бөгөөд хотод нь харин хийх юм байхгүй гэж манай баатрууд ярьж байна. Нийслэлийн Үлэг гүрвэлийн музей, Буддын шашны музей үзвэл үзэх юм даа. Дашрамд дурдахад монголчуудын 50 хувь нь буддын шашинтай.

“Хөдөөгийн иргэдийн гэрт Буддын зураг хөрөг, шашны ямар нэг хэрэглэл байхгүй. Мэдээж Монголд бөө мөргөл бий. Гэхдээ монголчууд мал сүрэг нь өсөн үржиж, мах, сүү, арьс авч байхын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг сайн ойлгосон хүмүүс гэж би бодсон. Ажиллахгүй бол ямар ч Будда, бурхан, байгалийн хүч байгаад танд туслахгүй. Монгол шашингүйчүүдийн орон шиг санагдсан” Денис

“Юмыг бодитоор хардаг, хувь заяандаа итгэдэг гэж хэлсэн нь дээр байх. Энэ чанар нь бүх зүйл дээр харагддаг. Латин Америкт бүх юмыг хэтрүүлэн ярьж, өнгө будаг нэмдэг бол Монголд тийм хиймэл юм байхгүй. “Хонох газраа бид 40 минутын дараа хүрнэ” гэсэн бол 40 минутын дараа л хүрнэ” Катерина

Манай залуус сонгол гэрт хоноглож байжээ. Малчдын гэрийг хөтөч нь олж өгсөн байна. Денис, Катерина хоёр “Беларусын зочид ирнэ гэж малчид яаж мэдсэн бэ” гэж асуухад хөтөч нь “Хэн ч байсан бүгд хүлээн авч, зочлоход бэлэн байдаг” гэж хариулжээ.

“Нутгийн хүмүүст ярьдаг тэмээ, харь гарагийнхныг харуулахад тэд их гайхахгүй байх. Биднийг очиход ч адилхан. Гэхдээ мэдээж биднийг харж, ажиглаж байгаа нь мэдэгдэж байсан. Азийн жуулчдаас арай илүү сонирхолтой байсан байх. Замдаа бид итали эр, франц бүсгүйтэй тааралдсан ч европчууд энд ховор ирдэг. Тэд ганц нэгээрээ аялах дуртай” Денис

“Францын Элиз миний хувьд баатар эмэгтэй. Тэр Монголын уламжлалт гэрт амьдарч байсан хүн. Мах, борц өлгөсөн, монгол үнэртэй гэрт амьдрах хэцүү. Нутгийнханд бид жижиг сажиг зүйлд хэт их анхаардаг хүмүүс  шиг санагдсан байх. Гэхдээ тэд үүнийгээ ил харуулалгүй, биднийг тав тухтай байлгахыг хичээж байлаа. Ирсэн айлчиндаа зочломтгой ханддаг дорно дахины зан. Тэд таны юу хүсэж байгааг ойлгохын тулд бүхнийг хийнэ. Жишээ нь, бидэнд өгөх гэж сумын айлуудын талаас нь хөнжил, дэр “дээрэмдээд” ирсэн юм. Манай хөтчүүд намайг махан хоол иддэггүйг ажиглаад “Катя, энэ махгүй” гээд таваг бариад ирнэ. Тэд намайг хооллох гэж хоолноос махыг нь нэг бүрчлэн түүж байхыг хараад сэтгэл ихэд хөдөлж байлаа. Нэг шөнө хоносон айлаа одоо болтол би дурсдаг. 06.30 цагт хэн ч дуудаагүй байхад гэрийн эзэгтэй түлээ барьж орж ирээд галлалаа. Монголд өдөр нь 30 хэм дулаахан ч шөнөдөө 5 хэм хүйтэрдэг. Шөнө нь бүх юм хөрөх тул өглөө нь үнэхээр хүйтэн. Харин энэ хүн бидэнд санаа тавьж байна. Дараа нь гар нүүрээ угаах халуун ус бариад ирлээ. Энэ бүхэн ертөнцийн хязгаарт болж байгааг ухамсарлана. Хаана байгаагаа ч сайн ойлгохгүй” Катерина

“Үнэндээ хаана ч биш” Денис

“Яг үнэн. Тийм мөртөө хүмүүс чамд ийм сайхан хандаж байна. Мэдээж бүх газар ийм сайхан хүлээж аваагүй. Ядуу айлуудад илүү сайхан байлаа. Гэхдээ ядуу гэдэг нь бидний ойлголтоор шүү. Тэдэнд байгаа юм нь хангалттай тул илүүг хүсдэггүй. Нүүдэлчин ард түмэн тул эд бараа бага байх тусам амар. Хүйтрэнгүүт эндээс нүүн одох нь мэдэгдэж байлаа” Катерина

Монголчууд жилд дөрвөөс олон нүүдэг. Есдүгээр сард сургуулийн насны хүүхдүүдээ дотуур байранд оруулна. Хавар, тавдугаар сард тэд гэртээ харьж, аав ээжийнхээ мал аж ахуйн ажилд тусална. Долоон настай хөвгүүн морь унан, сүрэг сарлаг хариулж байхыг энд харж болно. Хүлээн авахад хэцүү ч энэ бол Монголын амьдралын хууль.

Бид хийсчихгүй байгаа даа

Энэ хуулийг манай аялагчид Монгол орныг хөндлөн гулд туулахдаа судалж, эзэмшиж амжжээ.

“Бид Говь цөл, Алтайн уул нуруу, мөнх цастай, үзэсгэлэнтэй сайхан голын хөндий гээд бүгдийг үзсэн. Бартаатай газраар цааш явахын тулд бид тансаг унаагаа УАЗ-аар ч солих үе байлаа. Учир нь үүнээс өөр машин явж чадахгүй газар олон. Тал дундуур давхихад зам заагч “Эргэ, эргэ” гээд заагаад байна, харин монгол жолооч хаашаа явах, хаана буудаллахаа сайн мэднэ. Тэд байгаль дэлхийтэйгээ дэндүү холбоотой учир “Удахгүй бороо орно, бид цааш явж чадахгүй” гэх мэтээр шууд хэлнэ. “Гялс давхичихъя” гэж хэчнээн хэлээд хөдлөхгүй” Денис

Хэн нэг нь замд тааралдвал заавал зогсох нь бас нэгэн хууль. Ямар тусламж хэрэгтэй байгааг асууна. Машин нь эвдэрсэн бол засаж өгнө. Суурин газраас 200-300 км хол газарт машин эвдэрсэн бол аврагдах ямар ч боломжгүй гэдгийг бүгд сайн ойлгоно. Хөтчүүдийнхээ туршлага, мэдлэгийн ачаар манай аялагчид Монголын хамгийн хойд цэг болох Хөвсгөл нуурт очжээ.

“Бид тэнд УАЗ-аа ч орхисон. Фургон ч явж чадахгүй газар тул цаашаа мориор явлаа. Тайгаар явж, цаатнуудын гэрт очихыг хүссэн” Денис

“Тайгаар явна гэдгийг сайн тайлбарлахгүй бол болохгүй. Хадан асгын ирмэгээр явж байснаа гэнэт намаг гарч ирээд, ой модтой... Үгээр илэрхийлэх аргагүй. Бутан дундаас гэнэт хоёр цаа буга гараад ирлээ. Бүгд хүүхэд шиг баярлаж билээ” Катерина

“Цаа буга харахыг их хүсэж байлаа. Цаа бугын зурагтай малгай, цамц хүртэл худалдаж авсан” Денис

“Эхний таван минут дөхөж очихоос ч айна. Маш  том эвэртэй. Хэн нэгнийг мөргөх гэж л ийм эвэртэй болсон байх. Денис “Цаа буга илээч” гэж дуудахыг сонсоод очлоо. Харин цаа өөрөө хүрч ирээд илүүлж байна. Илж, маажихад дуртай амьтан юм. Нохой, үхрийн хооронд юм шиг инээдтэй хоншоортой. Нэгийг нь тэвэрч байхад нөгөөх нь хүрч ирээд намайг ч ил гээд мөргөнө. Дуугарч байгаа нь хөөрхөн. Гахайн торой дунд хонож байгаа мэт санагдана. Майханд унтаж байхад хэн нэг нь хажуугаас нудраад л” Катерина

Тэдний хоносон майхан нь жинхэнэ монгол майхан байлаа. Хэдэн саваа босгоод брезентээр хучсан, доор нь арьснаас өөр юм дэвсээгүй, дээрээ онгорхой. Энэ онгорхойгоор л бороо орж, шөнийн дотор цүнх, гутал хувцас бүгдийг нь норгосон байна. Гэвч аялагчид тоогоогүй.

“Жинхэнэ адал явдал байлаа. Гэнэт салхи шуурч, түүдэг гал унтран, майхан нурах нь гэлтэй сэгсчсэн. Бид нарыг уулнаас хийсгэх нь гэж бодсон шүү. Урцанд хоносон хүмүүст бүр хэцүү байсан. Энэ шөнийн дараа бид аялалд амсдаг тав тухгүй байдал асуудал биш гэдгийг ойлгосон. Хэн нэг нь хажууд гомдоллоод байвал чи ч гэсэн гомдоллох хэрэгтэй болно. Харин нойтон гуталтай ч халуун зуухны дэргэд дулаацаад сууж байхад амьдрал тийм муу биш санагддаг. Минскээс гарахад бүгд Монголын гэрт цагаан хэрэглэл байдаг уу гэж асууж байлаа. Модон шалан дээр хэвтээд азтай үед дээрээ бүтээлэг хаяна. Эхлээд эвгүй байсан ч аяллын төгсгөлд манай нэг найз дэрний оронд гутал, тоос, морины хөлстэй цүнхээ дэрлэдэг болчихсон байсан. Эсвэл зүгээр л өвсөн дээр хэвтээд өг. Яах ч үгүй. Идэх юм байхгүй байсан ч зүгээр. Нэг удаа би ямааны махнаас татгалзаад бүтэн өдөр хоолгүй байсан. Яагаа ч үгүй. Орой нь хийн плиткээ асааж, буцалсан ус уугаад л. Гэрт байгаа мэт дулаахан, тааламжтай мэдрэмж төрж байлаа. Аяллын турш бид нутгийн иргэд шиг амьдарсан. Айдас хүйдсээ дарчих юм бол тийм амьдрал өөрт чинь таарч байгааг мэдэх болно” Катерина

“Ийм аялалд бүгд үг хэлээс гадна үйл хөдлөлөөрөө нэгнийгээ ойлгодог болдог. Өөрийгөө сонсож сурна. Сэтгэл зүрх чинь юу хүсэж байгааг анхааралтай сонсож чаддаг болно. Зарим үед сэтгэл зүрхээ сул тавихад хээр талд эрх дураар давхих адуу мэт чөлөөтэй ниснэ. Ямар ч аймшигтай зүйл тохиолдохгүй” Денис

“Тохиолдсон шүү дээ. Нэг удаа бид уулан дээрээс хашгарах дуу сонсоод эхлээд айлаа. Хартал нэг хүн хадан дээр зогсоод хамаг чадлаараа хашгарч байна. “Яаж байна” гэж асуутал “Хашгарахгүй байж чадахгүй байна” гэдэг байгаа. Сэтгэл хангалуун амьдралын чимээ л ингэж сонсогддог байх даа” Катерина

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top