Н.Оюундарь: Бэлгийн дарамтад өртсөн хүмүүс ХЭҮК-т гомдол гаргаж асуудлаа шийдүүлэх эрх зүйн орчин бий

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарьтай ярилцлаа.


-Та УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга. Танай ажлын албанаас Ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой хэлэлцүүлэг хийхээр болжээ.  Хэлэлцүүлгийн зорилго юу вэ?

-Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд энэ нийгэмд тулгамдсан, олон нийтийн эрх ашгийн үүднээс хийхээр бодсон, төлөвлөсөн ажил олон байгаа. Тэдгээрийн нэг нь “Ажлын байр-Дарамтгүй орчин” хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 19-нд төрийн ордонд хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл, судлаачид, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн энэ асуудалд анхаарал хандуулж нийгэмд хүргэхэд бүх нийтээрээ оролцоно. Монголчууд өөр зуураа ажлын байрны зүй бус дарамтын талаар яриад л, хэн нэг нь хохирсоор л  байх уу. Эсвэл цаашдаа хүний хөдөлмөрийн орчныг аюулгүй байлгах тал дээр бүх нийтээрээ хүчин чармайлт гаргаж бэлгийн хийгээд сэтгэл зүйн дарамтаас иргэдээ хамгаалдаг хуультай улс болох уу гэдгээ шийдэх цаг нь нэгэнт болжээ. Дэлхий нийтийн чиг хандлага ямархуу байгааг манай иргэд сайн мэддэг болсон. Айл бүрээс нэг хүн гадаад улсад явж ажиллаж, сурч байна. Гадаадад байгаа монголчуудаас ажлын байранд хэрхэн биеэ авч явах, дарга удирдах албан тушаалтантай хэрхэн харьцвал асуудал үүсдэг талаар цахим орчинд мэдээлсээр  л байгаа. Бид яагаад дэлхийн бусад улс шиг хүний эрхийг дээдэлдэг болж болохгүй гэж. Энэ л бидний нэгдмэл зорилго. Өндөр хөгжилтэй оронд хүний эрхийг ингэж дээдэлдэг. Харин манай улсад ийм байна гэсэн харьцуулалтыг зүгээр л ярьсаар суухгүй. Ажил хэрэг болгоё гэсэн зорилготой байна.    

-Ажлын байран дахь бэлгийн дарамт их байна уу. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Ажлын байран дахь бэлгийн дарамт их болжээ. Хүмүүс тэр бүр энэ асуудлаа  шийдүүлэх гэж оролддоггүй. Хууль зүйн хувьд бас тийм ч таатай орчин бүрдээгүй учраас эл хэрэг нуугдмал байдалтай, явган яриа маягтайгаар гэр бүл, найз нөхдийн хүрээнд яригдаад л үлдэж байна. Хохирсон иргэн маань сэтгэлдээ улам гүн шархтай, хамт олны зүгээс дарамт, гадуурхал их байхад өнөөх дарамтлагч этгээд 100 мянган төгрөгөөр торгуулиад өнгөрөх нь шударга явдал уу. Бэлгийн дарамтад өртсөн хүмүүс Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж асуудлаа шийдүүлэх эрх зүйн орчинтой. Судалгаанууд хийсэн байгаа, давхар хийж ч байна.

Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2016 онд явуул­сан цахим судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтанд өртсөн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Ийм дарамт үйлдэгчдийн 97.5 хувийг нь эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд 87.4 хувь нь дээд боловсролтой хүн байх жишээний.  

-Бусдад бэлгийн дарамт учруулсан талаар ямар бодит жишээ байгаа бол?

-Жишээ гэвэл маш олон. Тухайлбал, ... хүчний байгууллагын дарга Н нь эмэгтэй албан  хаагчдад  байнга  бэлгийн дарамт учруулдаг талаар албан болон албан бусаар яригддаг боловч ямар нэг хуулийн арга хэмжээ авдаггүй. Тэр бүү хэл албан тушаал байнга дэвшиж байдаг. Дарга Н нь эмэгтэй  хүнийг  ...зөвхөн  дур  хүслийг нь хангагч мэтээр авирлаж харилцдаг. Жишээлбэл, тухайн байгууллагын  ажилтан Хүний эрхийн үндэсний комисст хандаж гаргасан гомдолд “албан үүргээ гүйцэтгэж байх үед шөнийн 22 цагийн  үед намайг  дуудаж өрөөндөө оруулахдаа дарга Н архи уусан байсан. Тэгээд миний толгой өвдөөд байна, бариад өг гэхээр нь толгойг нь бариад гарах гэтэл миний гараас бариад намайг үнсэх гэсэн. Би  гарыг нь тавиулах  гэтэл тавихгүй  байхаар нь дарга аа, би гарчихаад ороод ирье гэж хэлээд гарсан. Өглөө 6 цагийн үед дахин намайг дуудаж өрөөндөө оруулаад дахин үнсэх гэж дайрсан” гэжээ.  “Мөн ...байгууллагын  ажилтан Б,  түүний  эхнэр Т нар  хамт  ажилладаг бөгөөд дарга Н шөнийн гурван цагийн үед эхнэр Т руу нь “Хаана байна. Би одоо л орж ирж байна” гэж мессэж бичсэн бөгөөд үүнээс болж Б эхнэр Т-тай маргалдаж улмаар Б цагдан хоригдож,  цагдаагийн байгууллагад шалгагдсан” зэргээр гэр бүлийн харилцаанд хүртэл халдсан хэрэг гарсаар байна.

-Ажлын байран дахь бэлгийн дарамтыг ямар байдлаар гэрчилж болох бол. Бусдын жишээнээс дурьдаж болох уу?

-Бас нэг кэйс байна.  ...дугаарын утаснаас “...даргатайгаа хэзээ уулзах юм. Санаа зоволтгүй, бид нас биед хүрсэн эр, эм хүмүүс. Би чамаас хайр халамж хүсч байна. Чи сэтгэл гаргавал би чадах бүхнээ хийнэ. Би чамайг маш их хүсдэг. Ойлгооч муу  даргыгаа.  Хүүе! Чи даргатайгаа хэзээ уулзах юм? Чамайг гурван жил хүлээж байна. Би чамд татагдаж байна. Ганц удаа тэгэх үү, ахиж чамайг зовоохгүй... Чи халагдсан, коммунист зулбасга, ямар ч сэтгэл байхгүй чи муу баас  ХУ  намын  хулгайч нарын  хүүхэд, би чамайг ажилд авдаг буруудсан байна. Ямар ч байсан ажлаа ол, чамайг ажиллуулахгүй...” гэх зэргээр 46 мессежийг дарга С  надад удаа дараа илгээж улмаар орон тоог цомхотгох үндэслэлээр ажлаас халсан. Ийм гомдлыг баримтжуулан шийдсэн.

...дарга С нь ажилтан А-д ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, улмаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдсон тул С-д хариуцлага тооцуулахаар дээд шатных нь удирдлагад шаардлага хүргүүлж, сахилгын шийтгэл оногдуулсан байх жишээний.

-Үүнд хүлээлгэх хуулийн хариуц­лага хэр байна вэ. Та энэ асуудал хуулиар зохицуулах боломж­гүй явж ирсэн талаар ярьж байсан. Яг ямар учраас тийм байна вэ?

-Ажилтандаа бэлгийн дарамт үзүүлэх, сэтгэл санаа, бие махбодийн дарамт үзүүлсэн тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгох заалт Зөрчлийн тухай хуульд оруулахаар явж байгаа. Ажлын байрны бэлгийн дарамт бол зөвшөөрч үл болох үйлдэл учраас албан тушаалтныг 100 мянган төгрөгөөр торгоод боллоо юу. Дэлхий нийтийн жишгээр хүний эрхийг дээдэлж гэм хорын хохирлыг барагдуулдаг, сэтгэл санаа, бие мах бодийн нөхөн төлбөр өгдөг, уучлал хүсч нэр төрийг нь сэргээдэг, үнэхээр ёс бус авирласан бол албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдөж яагаад болохгүй гэж. Ингэж байж нийгэм тунгалагшина. Дараа дараагийн үе, залуучууддаа бид зөв хандлагыг хэвшүүлье. Иргэн нь ажил, амьдралдаа сэтгэл тэнүүн явдаг нийгмийг хэрэг тарьдаг этгээдээс бусад бүх хүн хүсч байгаа. Манай улсад ажлын байрны бэлгийн дарамтын талаар л яриад хэрэв гудамжинд явж байгаад ийм зүйлд өртвөл яах вэ гэх мэтээр асуудал урган гарч байгаа тохиолдлууд дээр ч гэсэн гарц хайх, оновчтой шийдэлд  хүрч, бодит, гэм хортой нь дүйцсэн шийдвэр гаргах цаг болжээ.     

-Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хүмүүс тэр бүр үүнийгээ хэлж ярьж, ил гаргадаггүй байх. Энэ дарамтыг бууруулахын тулд ямар шат дараатай арга хэмжээ авах вэ?

-Таны хэлдэг зүйл яг үнэн. Ажлын байран дахь бэлгийн дарамт далд хэлбэрээр явагддаг. Энэ талаар хохирогчид ярих дургүй. Гэмт хэрэг гэж үздэггүй. Монгол Улсад эл хэлбэрийн дарамтыг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн орчин бүрдээгүй буюу байхгүй учраас гэрчгүй, баримтгүй гэж үздэг. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч үйлдэж байгаа этгээдэд хариуцлага тооцох механизмгүй. Зөвхөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль /ЖЭТБХТ/-д Хүний эрхийн үндэсний комиссоос хөндлөнгийн шалгалт хийж хяналт тавих, шаардлага зөвлөмж хүргүүлэхээр заасан. Харин Төрийн албаны тухай хуульд Төрийн жинхэнэ албан хаагч ийм зөрчил гаргасан бол төрийн албанаас чөлөөлөх буюу дахин төрийн албанд орох эрхгүй болдог. Гэвч төрийн улс төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчид энэхүү заалтаас гадуур үлдээд л байгаа нь нийгмийг бохирдуулж, элдэв асуудал үргэлжлэн гарсаар байна. Ажлын байрны бэлгийн дарамт учруулсан хэрэгт улс төрийн болон төрийн үйлчилгээний алба хаагчид илүүтэйгээр холбогддог юм байна. Эндээс харахад Монгол Улсын Эрүү, Зөрчил, Хөдөлмөр, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Одоогийн мөрдөж байгаа ЖЭТБХТ хуулиийг хэрэгжүүлэхээр 2017 онд Монгол Улсын Засгийн газрын 129-р тогтоолоор хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрт аж ахуй нэгж, байгууллага ажилтантай хийж байгаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд энэ асуудлаар заалт оруулахаар тусгасан байна. Гэтэл өнөөдөр манай байгууллагууд, ялангуяа яам, Тамгын газар, хувийн хэвшлүүд дотоод журамдаа энэ талаар бараг тусгадаггүй, ач холбогдол өгдөггүйгээс болоод асуудал улам л газар авсаар байна.

-ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр гадаад эмэгтэйн биед зөвшөөрөлгүй хүрснээрээ буруудаж байна. Цэцийн даргын тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Хүний сайхан нийгмийн төлөө бүтээсэн дэлхий нийтийн соёл, жишиг, хууль, дүрэм, журмыг аль ч улсын иргэн мөрдөх ёстой. Соёлт хүн төрөлхтөн дарга цэрэг, гадаад дотоодын хүн хэн ч байсан нийгмийн өмнө тэгш эрхтэй. Хүний эрхийн зөрчил, асуудал үнэхээр байгаа эсэхийг хууль, хяналтын холбогдох байгууллагууд тогтоож шийдэх байх. Тиймээс бид хуулиар хүний тэгш эрхийг хангаж өгөхөөр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Зохих хуулиудад өөрчлөлт оруулахгүй бол бид хэдий болтол дэмий ярьж, шуугиж, шогширч суух вэ. Эмэгтэйчүүдээ бас эрчүүдээ бэлгийн чиглэлтэй элдэв төрлийн дарамтаас хамгаалдаг болцгооё.  

-Төгсгөлд нь сэдвээ өөрчлөөд ганц зүйл асуучихъя. Та тойрогтоо төсөв татаж чадсан уу. Ямар бүтээн байгуулалтын ажлуудыг Сэлэнгэд өрнүүлэхээр болов?

-2020 онд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тойргийнхоо сумдад хийхээр саналуудаа боловсруулж явуулсан. Дулаанхан тосгон, Шаамар, Жавхлант сумын Эрүүл мэндийн төвийн засвар, Шаамар сумын Соёлын төвийн дээвэр, сургуулийн цэвэр бохирын шугамын асуудлыг шийдэх гээд олон ажлын санхүүжилтийг улсын төсөвт суулгуулсан. Манай Сүхбаатар сум аймгийн төв учраас хүн ам ихтэй. Залуучууд төвлөрсөн хот. Энэ утгаараа 1.5 тэрбум төгрөгөөр Сүхбаатар суманд Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан парк байгуулахаар төсөвт саналаа өгөөд байгаа. Мөн таван сумандаа “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлэхээр болсон сайхан мэдээ бий. Сум, орон нутгийн төсөвт байгууллагуудын засвар үйлчилгээ барилга, тоног төхөөрөмжийн санхүүжилт зэрэг хөрөнгө шаардагдах олон ажил шийдэл, санхүүгээ хүлээж байгаа. Үүнээс гадна айл өрх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр Сүхбаатар сумын 60 айлын орон сууцны дулааны шугамыг засварлах гэж байна. Баамын ногоон байрны дахин төлөвлөлт, Хонгор морьт багийн иргэдийн цэвэр усны шугамын асуудлыг төсөвт суулгахаар санал оруулсан ажлууд бий.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(202.179.27.146) 2019 оны 11 сарын 11

Buu dur esge. Bolorood tuslahgui bj. baiai awgai.

0  |  0
zochin(103.212.116.82) 2019 оны 11 сарын 09

Их дээд сургуулиудад энэ байдал маш их байна. Оюутан охид төдийгүй багш эмэгтэйчүүдийг ч элдвээр дарамталж байдаг.

0  |  0
Зочин(203.91.115.50) 2019 оны 11 сарын 09

Бузрын хулгайч дүлзэн халгайчаа хулгайлах хулгайчаа

0  |  0
Зочин(203.91.115.50) 2019 оны 11 сарын 09

Бузрын хулгайч дүлзэн халгайчаа хулгайлах хулгайчаа

0  |  0
зочин(103.194.176.117) 2019 оны 11 сарын 08

Эрхэм гишүүнээ та 70оноо авбал хөхөө харуулах 80 оноо авбал хөхөө бариулах 100 оноо авбал шууд хийлгүүлэх гэх мэт Ганц Хууль сахиулахынхан байгаа юм биш бүр нийтээрээ л байдаг л асуудал

0  |  0
Zochin(202.21.127.164) 2019 оны 11 сарын 07

uu za za ingej heleh baisan yum bol yu gej tegj helj syrjignesen yum be ?

0  |  0
Зочин(103.229.123.51) 2019 оны 11 сарын 07

Энэ авгай чинь нөгөө ЖДҮ-чдийн нэг байна шдээ.

0  |  0
иргэн(202.179.26.51) 2019 оны 11 сарын 09

Гишүүн гуай тэгж Худлаа яриад Яахав ээ Эрх нь Хууль нь байгаад Яахав дээ том Дарга нар Та нарт ямар Хууль үйлчлэх биш дээ Жирийн Иргэд Хохироод л үлддэг шүү дээ Ямар Та нар Өөрсөд өө хУУЛЬ цААЗАА дагаж мөрдөх биш дээ

1  |  0
өбха(103.11.195.34) 2019 оны 11 сарын 07

ЖДҮ авгай чи дут. Төрөөс гарч тэр хувийнхааа Бизнесээ хий

0  |  0
Top