“Саарал жагсаалт”-ын гадаа үлдэхийн тулд юу хийсэн бэ?

2019 оны 11 сарын 05

Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нартай хариуцлага тооцно гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэлэхдээ хоёр хүнд хариуцлага тооцоод өнгөрч боломгүй асуудал гэж тодотгоно лээ.

Ер нь Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд 2017-2019 онд чухам ямар ажил хийсэн бэ гэдэгт анхаарал хандуулъя.

Монгол Улс 2004 онд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /цаашид “ФАТФ” гэх/-ын бүс нутаг хариуцсан байгууллага болох мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага /цаашид “АНДББ” гэх/-ын гишүүн улс болж, улмаар 2006 оны долоодугаар сард Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан.

АНДББ-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоонд 2007 онд анхны харилцан үнэлгээг,  2017 онд хоёр дахь харилцан үнэлгээг хийсэн.

2007 онд хийгдсэн анхны Харилцан үнэлгээгээр Монгол Улс ФАТФ-ын 49 зөвлөмжөөс 21 зөвлөмжийг биелүүлээгүй, 15 зөвлөмжийг хэсэгчлэн биелүүлсэн гэх маш муу үнэлгээг авч байв. Энэ үр дүнгээс шалтгаалан 2011 онд Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг /ОУХАХБ/-ээс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоог өөрийн хяналтад оруулахаар болж улмаар 2013 онд Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орсныг нийтэд зарлаж байв. Тухайн үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр, гадаад нэр хүнд сайн байсан зэргээс шалтгаалан эдийн засагт учруулсан бодит хохирол бага байв. Монгол Улсын Улсын Их Хурал, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан холбогдох журам, зааврыг богино хугацаанд батлуулсны үр дүнд 2014 оны 6 дугаар сард манай улсын “Техникийн хэрэгжилт” тайланг дахин үнэлж,  энэ жагсаалтаас хасагдаж байв.  

Үүнээс хойш 2017 онд хоёр дахь Харилцан үнэлгээг хийж, үнэлгээнд Монгол Улсын нөхцөл байдлыг 2016 оны 11 сарын байдлаар тасалбар болгон хамруулсан бөгөөд ФАТФ-ын Техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс гадна Үр дүнтэй байдлыг Шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгасан нь энэхүү хоёр дахь Харилцан үнэлгээний онцлог байв.

Монгол Улс 2016 оны зургаадугаар сард  “Техникийн хэрэгжилт”-ийн тайланг, 2016 оны есдүгээр сард “Үр дүнтэй байдал”-ын тайланг тус тус үнэлгээний багт хүргүүлж, үнэлгээний баг газар дээрх уулзалт, шалгалтыг хийхээр 2016 оны аравдугаар сар болон 2017 оны тавдугаар сард тус тус Монгол Улсад ирж ажиллан холбогдох байгууллагуудтай уулзалт хийж, тайланг нягтлан баталгаажуулсан.

Ингээд 2017 оны 7 дугаар сард Шри Ланка Улсын Коломбо хотод болсон АНДББ-ын жилийн ээлжит хурлаар Монгол Улсын Харилцан үнэлгээний тайланг хэлэлцэж, Монгол Улсыг “Өргөтгөсөн эрчимтэй хяналт /expedited enhanced follow‐up/ - д оруулж, ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй байгаа тул хугацаатай үүрэг даалгавар /action plan/ өгсөн бөгөөд стратегийн хувьд учир дутагдалтай улсын жагсаалт /jurisdictions with strategic deficiencies/-д оруулан нийтэд зарлах арга хэмжээ авахыг хойшлуулж Монгол Улсад хугацаа өгсөн.

Үүний хүрээнд 2017-2019 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг энд дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top