Жаргалант суманд 120 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр хоёрдугаар багийн 120 хүүхдийн багтаамжтай Өгөөмөр цэцэрлэг нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд  УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцсон юм.

1979 онд ашиглалтад орсон зориулалтын бус давчуу байранд үйл ажиллагаа явуулж байсан цэцэрлэгийн багш ажилчид тойргоосоо сонгогдсон Н.Энхболд гишүүнд шинэ байртай болгож өгвөл илүү олон хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэнэ гэдгийг уламжилж байсан юм.

Хүн ам ихтэй Жаргалант суманд цэцэрлэгийн хүрэлцээ муугаас хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй хохирч байсан юм. Тиймээс  Н.Энхболд гишүүн 2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн шинэ байрны төсвийг суулгуулснаар өнөөдөр Өгөөмөр  цэцэрлэг  120 хүүхдийн багтаамжтай тохилог дулаахан байртай болжээ.

Цэцэрлэгийн багш нар “Саруулхан стандартын анги танхимтай болчихсон чинь хүүхдүүд минь цөөрчихсөн мэт харагдаад байгаа. Бяцхан хүүхдүүдийн маань сурч боловсрох таатай орчныг бүрдүүлж өгсөн Н. Энхболд гишүүн, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нартаа хүүхдүүд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархаж байна” гэв.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Жаргалант суманд хоёр дахь цэцэрлэгийн нээлтийг хийж байна. Тун удахгүй сургуулийн дотуур байр ашиглалтад орох гэж байна. Хүүхдүүдийн сурах орчин сайжирна гэдэг газар тариалангийн бүс нутгийн хөдөлмөрч ард түмний хувьд сэтгэл зовох зүйлгүй ажиллах, улс орондоо хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэж байна” гэдгийг онцолсон. Мөн МУЗН-ийн ерөнхийлөгчийн хувьд Жаргалант суманд ажиллах үеэрээ эмзэг бүлгийн 113 өрхөд тусламжийн хувцас, эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл  хүлээлгэн өглөө.

Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулах гэж байна. Гурван давхар, 100 хүүхдийн багтаамжтай дотуур байрны барилгын ажлын явцтай танилцлаа.

Жаргалант суманд ажилласны дараа Баянчандмань суманд баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцтай мөн танилцлаа. Дулаанаа авч, дотоод заслын ажилдаа орсон байсан бөгөөд энэ ондоо багтааж ашиглалтад өгөхөөр гүйцэтгэгч компанийнхан ажиллаж байна. Цэцэрлэгийн зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчин бэлгэдсэн бөгөөд зөвхөн ашиглалтад орох өдрөө хүлээж буйг сумын удирдлагын зүгээс хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top