Саарал жагсаалтын эрсдэлийг бууруулах ажлыг СЗХ-нд хэн ХАРИУЦАЖ байв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын шийдвэртэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос  мэдэгдэл гаргасан.

Тус байгууллагын мэдэгдэлд “...Монгол Улсыг хяналтын жагсаалтад оруулсантай холбоотой ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаварт Санхүүгийн зохицуулах хорооны үндсэн зохицуулалтын салбарууд болох үнэт цаас, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагуудад шууд хамаарах асуудал тусгагдаагүй болно” гэсэн байсан.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг дуудаж уулзан, Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад ороход Санхүүгийн зохицуулах хорооноос шалтгаалсан зүйлс юу вэ гэдгийг тодруулсан юм.

С.Даваасүрэн дарга хэлэхдээ "ФАТФ-аас 2017 онд бидэнд өгсөн даалгавар зөвлөмж бол Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг 2013-2016 онд хийсэн ажлыг үнэлж дүгнэсэн зөвлөмж байсан. Санхүүгийн зохицуулах хороо зохицуулж ажилладаг байгууллагуудынхаа үйл ажиллагааг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлж ажилласан" гэсэн мэдээллийг өгсөн.

Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороонд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ удирдлагаар хангах үүргийг хүлээсэн хүн бол тус хорооны дэд дарга байдаг аж. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хорооныхоо дэд дарга Д.Баярсайханд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд хамаарах зохицуулалт шаардсан байгууллагын асуудлыг хамаарч ажиллахыг дараах тушаалуудаараа үүрэг болгон өгч байсан байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн дэд дарга Д.Баярсайханд  2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр АЖИЛ ҮҮРЭГ ХУВААРИЛАХ ТУХАЙ тушаал гаргаж байжээ.

316 тоот тушаалаар бичил санхүүгийн зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоог зохицуулах, хөгжүүлэх, хяналтыг оновчтой болгох чиглэлээр санал боловсруулах, холбогдох нэгжийн удирдлагад үүрэг чиглэл өгөх, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, бодлогын дэмжлэг үзүүлэхийг дэд дарга Д.Баярсайханд даалгажээ. 

Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨХ ТУХАЙ тушаал гаргаж байсан  байна.

312 тоот тушаалын агуулга нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн, 16.1.4 дэх хэсгийг үндэслэн Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт гаргах, хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Хорооны дэд дарга, орон тооны гишүүн Д.Баярсайханд даалгасугай гэсэн байгаа юм. 

За мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨХ ТУХАЙ тушаалыг Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайханд тус тус өгч байжээ.

330 тоот тушаалд Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2018 оны аравдугаар сарыг хүртэлх хугацаанд Монгол Улсын зүгээс нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс өмнөх бэлтгэл ажлыг хангуулах ажлыг тус тус зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Хорооны дэд дарга, орон тооны гишүүн Д.Баярсайханд даалгасугай гэсэн тушаалыг СЗХ-ны дарга С.Даваасүрэн гаргасан байдаг. 


Эдгээр  тушаалуудын дагуу үүрэг хүлээсэн дэд дарга Д.Баярсайхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа хариуцсан үйл ажиллагааныхаа талаар дараах зүйлийг ярьж байжээ. 
 

Бид өнөөдрийн байдлаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн бүлгээс өгсөн зөвлөмжийн дагуу хяналт, зохицуулалтын дүрэм, журмуудаа шинэчлэх, зохицуулалтын салбарууд болох үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны болон үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын салбарын оролцогчдыг сургах, холбогдох албан хаагчдыг чадавхижуулах, аргачлал, гарын авлагаар хангах, зохицуулалттай этгээдийн эрсдэлийн үнэлгээг хийх, газар дээрх хяналт шалгалтыг хэрэгжүүлэх гээд олон төрлийн, олон түвшний ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

Сая хэлсэн ажлуудаас мөнгө угаах, терроризмтэй тэмцэх манай Хорооны үйл ажиллагаа улам бүр өргөжсөн нь харагдаж байгаа байх. Тухайлаад хэлбэл, бид 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар давхардсан тоогоор нийт 2726 зохицуулалттай этгээдийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сургалт болон газар дээрх хяналт шалгалтад хамруулаад байна. Мөн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, бүрдүүлэх зорилгоор комплаенсын буюу дотоод хяналтын нэгж хариуцсан ажилтныг томилох талаар зохицуулалтын хүрээний байгууллагууддаа шаардлага тавьж байна. Түүнчлэн энэ жилээс эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд болон Элчин сайдуудын төлөөллийг оролцуулсан доноруудын уулзалтыг зохион байгуулах болсон. Одоогоор хоёр удаагийн уулзалт болсон бөгөөд уулзалтаар Хороо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, хүндрэлтэй асуудлуудаа танилцуулсан. АНУ болоод Австралийн ЭСЯ-ны төлөөлөгчид Хороог хязгаарлагдмал нөөцөөр харьцангуй их ажлыг хийсэн байна гэж үнэлсэн. Мөн тайлагналаа олон улсын стандартын дагуу маш сайн хийх нь чухал гэдгийг зөвлөсөн.

Монгол Улсын Ерөнхий сайдын удирдлага дор олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж, Санхүүгийн зохицуулах хороо мөн илтгэл тавьж оролцсон. Үүнээс гадна Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монголын санхүүгийн зах зээлийн зөвлөл болон Прайсуотерхаус Куперс олон улсын байгууллага хамтран Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, хувийн хэвшлийн төлөөллийг хамруулсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчин болон тэргүүлэх чиглэлийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаануудын талаар хэлэлцэх зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгээр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажиллагааны хэрэгжилт, Ази-Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдэд анхаарах асуудлууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргачлал, өнөөгийн нөхцөл байдал, олон улсын сайн туршлага зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцсан. Хорооны хувьд өнөөдрийн байдлаар хийж гүйцэтгэсэн болон цаашид хэрэгжүүлэх ажлууд, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар миний бие илтгэл тавьсан” хэмээн ярьж байв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Адар(183.177.100.4) 2019 оны 10 сарын 28

Ийм том ажлыг дарга нь өөрөө л гардан хариуцах ёстой шүү дээ.\n

0  |  0
зочин(103.9.88.162) 2019 оны 10 сарын 28

2uulang ni yvuulah yum bna shuu

0  |  0
Top