Финикс Санс баг Клипперсийг хожиж шуугиан тарилаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 10 сарын 27

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн лиг /NBA/-ийн улирлын ээлжит тойргийн хүрээнд Финикс Санс баг, энэ улиралд хүчээ зузаатган лигийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөх хүлээлттэй Лос Анжелес Клипперс багтай учраа таарч 130-122 харьцаагаар хожиж шуугиан тарилаа.

Финикс Санс багаас багийн лидер Девин Бүүкэр 30 оноо, найман оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дарио Сарич 10 удаа самбараас бөмбөг авсан байна. Финиксийн нарнууд багаараа хоёрдугаар хагаст 75 оноо авсан нь багаа ялалтад хөтлөх гол түлхүүр байлаа. Өрсөлдөгч Клипперсээс өнгөрсөн улирлын аварга Кавай Леонард найман удаа самбараас бөмбөг авч 10 удаа оновчтой дамжуулалт өгсөн байна. Харин Монтрезл Харрелл 28 оноо авчээ. Өнөөдрийн тоглолтод Финиксийн шинэ цэрэг, энэ жилийн дэлхийн аварга Рики Рубио тодорхойгүй шалтгааны улмаас талбайд гараагүй байна. Өнөөдрийн тоглолтыг мэргэжилтнүүд Клипперсийн давамгайлал дор өрнөнө гэж таамагласан боловч тоглолтын хоёрдугаар үед л Финиксээс илүү оноо авсан юм.

Ялалт байгуулсан Финикс Санс баг Монголын цагаар аравдугаар сарын 29-ний өглөө Юта Жазз багтай тоглох бол Клипперсчүүд мөн энэ өдөр Шарлотт Хорнетс багтай учраа таарах юм байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top