Иракийн ерөнхий сайд жагсагчдын эсрэг тусгай ангийг дайчлахыг үүрэг болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 27

Иракийн Ерөнхий  сайд Адел Абд аль-Махди засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал тус улс даяар өрнөөд буйтай холбогдуулан нийслэл Багдад хотноо терроризмын эсрэг тусгай анги нэгтгэлүүдийг оруулах үүрэг өгчээ гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Аль-Махди Иракийн терроризмын эсрэг элит албаны командлагчид Багдадад өрнөж буй жагсаалыг зогсоохын тулд бүхий л арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.

Тус улсын хууль сахиулагчдын өгсөн мэдээллээр, Багдад, Майсан, Ди-Кар, Басра, Мутанна, Диваниа, Бабил зэрэг мужид болж буй жагсаалын үеэр 63 хүн амиа алдаж, 2500 гаруй хүм шархдаад байна. Хоёр хоногийн дотор төрийн байгууллага, улс төрийн хүчний нийт 83 байр, барилгад хохирол учирчээ.

Багдад хотноо цагдаагийнхан засгийн газрын ордон болон гаднын элчин сайдын яамд байрладаг “ногоон бүс” рүү дайрахыг оролдсон жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэж, даралттай усаар шүршжээ. Мутанна, Васит, Ди-Кар, Майсан мужуудад жагсагчид сонгуулийн комисс, хотын захиргаа, улс төрийн намуудын байруудыг шатаасан байна.

Жагсагчид засгийн газрыг огцруулах, авлига, ажилгүйдэлтэй тэмцэх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийг шаардаж байгаа юм.

Иракийн Ерөнхий сайд танхимд өөрчлөлт хийж, сонгуулийн тухай хуулийг өөрчилнө хэмээн мэдэгдэж байсан. Тэрбээр засгийн газар огцорвол улс оронд эмх замбараагүй байдал үүснэ хэмээн анхааруулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top