Ачааны машинд олдсон 39 цогцос хятад хүмүүс байсныг баталжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

Их Британийн Эссекс мужийн газар нутагт нэгэн ачааны тэрэгнээс олдсон 39 цогцос бүгд хятад хүмүүс байсан гэж тус мужийн цагдаагийн газар баталгаажууллаа. Цагдаагийнхан цогцсуудыг гаргах ажиллагаа явуулж байна.

Тус ачааны тэрэгний жолооч 25 настай Мо Робинсон гэгчийг найман эмэгтэй, 31 эрэгтэйг хөнөөсөн хэргээр мөн шалгаж байна. Цогцсуудад задлан шинжилгээ хийх гэнэ. Эссексийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, бүх цогцсыг таниулах ажилд цаг хугацаа орно.

Энэ үеэр Хойд Ирландад гурван байранд шалгалт хийж, тус улсын Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг энэ хэрэгт зохион байгуулалттай гэмт бүлэглэл оролцсон эсэхийг шалгаж байна.

Цагдаагийнхан ачааны машины толгой /чирэгч трактор/ Дублин хотоос гарч, өнгөрсөн ням гарагт Уэйлсийн Холихэд хотоор дамжин орж ирсэн гэж үзэж байна. Хөргүүртэй чингэлэг залгасан ачааны тэрэг Бельгийн Зибрюге хотоос Пурфлит хотод  лхагва гарагийн орон нутгийн цагаар 00.30 цагт иржээ. Тун удалгүй буюу 01.05 цагт ачааны тэрэг Пурфлит хотоос гарсан байна. Грейс хотын Уотрглэйд аж үйлдвэрийн паркийн ойролцоо үлдээсэн ачааны машинд цогцос буйг үүнээс хойш 30 минут буюу 01.30 цагт түргэн тусламжийнхан илрүүлсэн бөгөөд Эссексийн цагдаа 1.40 минутад хүрэлцэн иржээ.

Хөргүүртэй чингэлэгт найман эмэгтэй, 31 эрэгтэй хүний цогцос олдсон. Хууль бус цагаачид хүчил төрөгчгүйн улмаас амиа алдсан эсвэл хөлдөж нас барсан гэж шинжээчид дүгнэв.

Их Британид суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны элчин зөвлөх газар дээр нь ирж, цагдаагийнхантай уулзсан бөгөөд хүчнийхэнтэй нягт хамтран ажиллаж байгаа гэнэ.

Их Британийн цагдаагийн албаны түүхэнд хүний амийг олноор хөнөөсөн энэхүү томоохон хэрэгтэй холбогдуулан Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг болон хил хамгаалах хүчин Пурфлит зэрэг хилийн боомт болон Бельгийн дамжин хүн худалдаалах эрсдэл нэмэгдэж буйг сэрэмжлүүлжээ.

Цагаачлалын бодлогын хүрээлэнгээс мэдээлснээр, дэлхийд 258 сая орчим цагаач бүртгэгдсэнээс арван сая нь Хятад иргэд байдаг байна. Хятад улс цагаачдын тоогоор дэлхийд дөрөвт бичигддэг. Эдгээрийн 2.5 сая нь АНУ-д суурьшдаг бол 712 мянга нь Канад, 473 мянга нь Австралид суурьшдаг байна. Тус улсын эдийн засаг хурдацтай өсөхийн хэрээр Хятад улсын иргэд гадаадад аялах нь мөн нэмэгджээ. 2018 онд гэхэд Их Британи нийт 730 мянга гаруй виз Хятадын иргэдэд олгосон аж. Энэ нь нийт олгосон визний 25 хувийг эзэлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top