Эрдэмтэд “IB DIPLOMA PHYSICS” номыг орчууллаа

2019 оны 10 сарын 19

ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг “Олонлог” сургуулийн  захиалгаар  “IB diploma Physics” номыг орчуулжээ.  

ФТХ-ийн салбарын эрхлэгч, доктор Ц.Энхбатаар ахлуулсан эрдэмтдийн багийн орчуулсан тус  орчуулгыг “Олонлог” академи сургууль 2 боть ном болгон хэвлүүлсэн бөгөөд өчигдөр /2019.10.18/ шинэ номны нээлтээ хийлээ.

Энэхүү ном нь 10 жилийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнууд болон сонирхогчдод зориулжээ. “Энэ нь олон улсын бакалаврын түвшинд бичигдсэн маш сайн сурах бичиг юм. Аливаа улс орон хүүхдээ сургахад сурах бичигтэй байх нь чухал. Хэдийгээр сайн багш чухал ч,  сурах бичиггүй л бол юм сурахад амаргүй. Тиймээс энэ чиглэлээр суралцаж буй хүүхэд залууст болон монголын физикийн шинжлэх ухаанд энэ ном үнэтэй хувь нэмэр боллоо” хэмээн “Олонлог” академи  сургуулийн захирал Б.Баясгалан онцлов.  

“IB diploma Physics” сурах бичиг нь IB syllabus буюу International Baccalaureate  хөтөлбөр юм. Энэ нь 15-19 насныханд чиглэсэн олон улсын итгэмжлэл бүхий хөтөлбөр бөгөөд уг хөтөлбөрийг Швейцарь улсад 1960-аад оноос санаачлан хэрэгжүүлж эхэлснээс хойш одоогийн байдлаар дэлхийн 75 орны 2000 их сургууль, коллежид хүлээн зөвшөөрдөг болжээ.  

Энэхүү программын хүрээнд сурагчид хэл шинжлэл болон уран зохиол бие хүн ба нийгэм, математик, урлан, шинжлэх ухаан, хэлний мэдлэг олж авах гэсэн 6 салбарын хичээл үздэг. Түүнчлэн эссэ ЕЕ /extended essay/, мэдлэгийн онол ТОК /theory of knowledge/ болон бүтээлч үйл ажиллагаа ба үйлчилгээ  CAS /creativity, action and service/ гэсэн гол зарчим дээр тулгуурлан хичээллэдэг. Мөн  сурагчдад салбар хоорондын сэтгэлгээг идэвхижүүлэх чухал ач холбогдолтой аж.  

Энэхүү ном нь нийт 8 бүлэгтэй бөгөөд  бүлэг доторх сэдэв бүр суралцах зүйлсийн товч агуулга, чиглэл өгөх хураангуй, өөрийгөө шалгах тест, онолын мэдлэг мөн шинжлэх ухааны мөн чанар гэсэн хэсгүүдийг оруулж өгчээ.       

Тус номыг  физикийн  гүнгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудад бэлэглэх юм байна.

 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top