СУРВАЛЖИЛГА: Олон овоотод сүйтгүүлсэн Мандал-Овоо

2019 оны 10 сарын 18

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар өрнүүлж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд үргэлжиллээ.

Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар илтгэл тавьж, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэлцүүлгийг хөтлөн явууллаа.

Хэлэлцүүлгийн багийнхан тус суманд очих замдаа Олон овоотын алтны уурхайн сүйтгэж хаяад орхисон газар, “Зөв зүг” компанийн жонш олборлох уурхайн байдалтай танилцсан юм.

“Монгол газар”-ын Ц.Мянганбаяр Олон овоотын уурхай нээж, алт ухаж байгаад “Алтжин” компанийн Г.Алтанд шилжүүлж, лиценз нь одоо банкны барьцаанд оржээ. Алтыг нь аваад авдрыг нь хаясан нөхцөл байдал энд үүсчээ. Алдарт Ханын хэц уулыг сүйтгэж энд тэндгүй нүх, овоолго үлдээсэн байна. Мөн Г.Алтан болон түүний хүү Эдуард Сүрэн нарынх гэгдэх жоншны уурхай ч хаягдаж одоо тэнд Улаанбаатар хотоос зарын дагуу ирж ажилллаж буй 10 эрэгтэй, 2 эмэгтэй гар аргаар жонш ялгаж байна. Тэд гар аргаар малтсан нэг тонн жоншийг 15 мянган төгрөгөөр үнэлүүлдэг бөгөөд өдөржин савраар малтсаар 1,5 тонныг л тушаадаг байна. Өдрийн орлого нь 22500 төгрөг гэсэн үг. Тэд газар хөлдөх хүртэл энэ ажлыг хийнэ. Малгай, бээлий, ажлын хувцаснаас  өөр хамгаалах хэрэгсэл өгдөггүй, ойролцоох хотхонд амьдардаг гэцгээлээ. Тэдний дунд Өмнөговь аймгийн нэг ч хүн байсангүй. Бүгд Увс, Ховд, Улаанбаатараас иржээ. Жоншны уурхайгаас хаягдсан овоолгыг өөр газарт зөөн аваачиж, тэндээс гар аргаар жонш гаргадаг байна. Мөн нинжа нарын малтсан нүх сохор номин сэндийлсэн мэт хаа сайгүй үзэгдэнэ.

Ийнхүү Олон овоотын уурхай Мандал-Овоо сумын нутгийг сүйтгэж хаяад явжээ.
 

Энэ бүхнийг харсны дараа сумын төвд очиж хэлэлцүүлгээ хийв. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Тост, Тосон бумба дээр ялалт байгуулбал 21 аймгаа тойръё гэж шийдсэн. Уул уурхайн хамааралгүй сум гэж бараг байхгүй. Уул уурхайг хариуцлагатай болтол бид тэмцэнэ. Харамсалтай нь хариуцлагатай уурхай маш цөөн. Монголд нийтдээ 3000 гаруй уул уурхайн лиценз байна. Өмнөговьд гэхэд Оюутолгойн нөлөллийн бүсийн сумдад усны хомсдол хэдийн нүүрлэсэн. Гэтэл тус компанийнхан дэлхийн ижил хэмжээний уурхайнуудаас манайх 3 дахин бага ус хэрэглэдэг гэж нутгийн иргэдийг басамжилж байна.Монгол инженер, гадаад инженерийн авдаг цалин тэнд 10 дахин зөрүүтэй байна. Ажил, амралтын зохицуулалт оновчгүй байна.

Сая замдаа Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн уурхайгаар орлоо. Овоолсон шороо, онгойсон нүх, техниктэй нинжа нар л байна. Тэд савар төмрөөр жонш малтаж сардаа 600-700 мянган төгрөг  л олж байна. Монголд уул уурхай хөгжих нь гарцаагүй. Гагцхүү хариуцлагатай байх ёстой” гэлээ.

“Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Чингис хаан Тангуд улсыг дайлаар мордохдоо цэргээ энд амрааж байсан. Түшээт хан аймаг тэмээн сүрэг олонтой.Монгол орон бол диваажин. Бид улс орондоо эзэн байх ёстой. Гэтэл өнөөдөр бохирдуулсан ус, онгойсон нүх л үлдэж байна. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Ундаргагүй гол ширгэдэг. Ард түмэн ямагт сэрүүн байх ёстой” гэсэн бол Хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор уул уурхайн бодлогод хувьсгал хэрэгтэй байгааг санууллаа. Мандал-Овоо сумынхан унаган нутгийнх нь охин, УИХ, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан хуульч Б.Долгорыг хүндэтгэн угтаж байсан юм.

Эх хавьд нь төвхнөсөн хариуцлагагүй уул уурхайн балгаар хангайгаас говийг чиглэн урсдаг цор ганц Онгийн гол улаан сайрс болж хоцорчээ. Ханын хэцийн хүрэн тэмээ хэмээн тусгай үүлдрээр бүртгэгдэн нутгаараа овоглогдож байсан тэр цаг өнгөрч, үзэсгэлэнт Ханын хэцийн нуруу нуранги болсон байна.

Нутгийн иргэд үүнээс хойш Мандал-Овоод уул уурхайн ганц ч лиценз байх ёсгүй хэмээн эрс хэлцгээж байлаа.

Сумын Засаг дарга н.Санжаа Олон овоотын алтны уурхай 2003-2008 онд ажиллаад газар орон сүйтгэж хаясан. Уул уурхайн хамгийн муу жишээ бол энэ. Бүх лиценз нь банкны барьцаанд очсон. Иргэд уг нь Эрдэнэт хот шиг болно гэж баярлаж байсан ч нутаггүй болоод хоцорлоо. Хайгуулын 9, ашиглалтын 13 лиценз суманд байна. Ихэнх нь Олон овоотын лиценз. Эдгээр лиценз Мянганбаяр, Батхүү, Алтан нарыг дамжсан. Уул уурхай хариуцлагагүй бол иргэд яаж хохирч үлддэгийг манай сумаас харж болно. Цианит натри ашиглаж алт ялгаж байсан. Түүний хор саармагжаагүй үлдсэн. 2015 онд “Зөв Зүг” компани Баянхошуу багийн тахилгат Овоот хайрханы ард жонш ухаж эхэлсэн Одоо нинжа нар ухаж байна. Онгон тээг гэж газарт бас өрөмдлөг хийх гэж байна гэссэн бол нутгийн иргэд “Малын бэлчээрээс бид зөндөө тэмцээд дийлээгүй. Одоо хүчээ нэгтгэх цаг болсон байна” гэцгээлээ.

Иргэн н.Баярманлай Монголын уул уурхайн 80 хувийг ажиллуулдаг Өмнөговьд нэмж лиценз, уурхай хэрэггүй гэсэн бол малчин Ш.Цэцэгмаа нар хятадууд өнгөт чулуу түүдэг. Тэр чулуу үүлнээс ус татдаг, бороо хур оруулдаг юм гэсэн. Чулуу түүдгийг болиулах хэрэгтэй гэсэн юм.

Уул уурхай нутаг орныг сүйтгэхээс өөр ямар ч нэмэргүй байгаа тул уул уурхайг эрс эсэргүүцнэ гэдгээ нутгийнхан илэрхийллээ.
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Худла худал(202.9.46.162) 2019 оны 12 сарын 17

Худлаа шаагаад л

0  |  0
Иргэн(192.82.72.164) 2019 оны 10 сарын 19

Нөгөө аялал жуулчлалын визээр орж ирсэн хужаа жуулчид нь чулуу түгээд явж байгааг мэддэг газар байна уу .Аялал жуулчлал 20хувиар нэмэгдсэн гээд ТВ ээр гараад байна лээ .Хэлэх үг алга.

0  |  0
ИРгэн(122.201.31.186) 2019 оны 10 сарын 19

Маш зөв, дэмжиж бна.

0  |  0
Zochin(59.153.112.18) 2019 оны 10 сарын 18

Odoo tegeed alaad uguuch

1  |  0
Top