Мөсөн уулын орой буюу Түмний тамгатай ЖДҮ

2019 оны 10 сарын 29

“Зиндаа” сэтгүүлийн 2019 оны №13 дугаар дугаараас онцолж байна.


Эцэг хуулиар энэ төрийн эзэн нь гурван сая давсан Монголчууд биднээс өөр хэн ч биш. Тиймээс төрийн мөнгө гэж “тэнгэрийн тамга”- тай эд юм шиг дээгүүр залж, ярих утгагүй. Түмний халааснаас гарч төрд данслагдсан хөрөнгө мөнгөний эзэн нь гурван сая Монголчууд байх ёстой болохоос, ард иргэдийн өмнөөс төрийн үйл хэргийг залуурдана гэж үүрэг хүлээчихээд, саарал ордны босгыг давахаараа амин эрх ашгаа боддог увайгүй этгээдүүдийн угж нь ТӨРИЙН МӨНГӨ байх ёсгүй.


Энэ улсад ардчилал хөлөө олох гэж унаж боссон гучаад жилд Монголчууд юу хүссэн билээ. Аяга хоол амандаа халбагадаж өгөх улстөрчдийг тэд хүлээгээгүй. Харин баталгаатай ажлын байр, бизнес эрхлэх тогтвортой орчин, төрийн зүгээс байж болох боломжит дэмжлэг, баялаг хийгээд боломжийн тэгш хуваарилалтыг л хүлээсэн. Гэтэл бүх зүйл хүлээлтийн эсрэг хөвөрч, төрөөс төрсөн цагаан гартай тэрбумтнуудын тоо нэмэгдэхийн сацуу эгэл жирийн иргэдийн амьдралын нөхцөл ангал руу унасаар өдийг хүрэв. 3 сая давсан Монголчуудын дунд ядуурлын түвшин өндөр байгааг Дэлхийн банкны зүгээс сануулаад уджээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт төсвийн хувьд тогтвортой бодлогуудыг баримтлах ёстойг олон улсын байгууллагуудын зөвлөмжөөс харж болно. Иргэд нь ажилтай орлоготой байж гэмээнэ ядуурал буурна. Тэгэхээр иргэдээ орлогын эх үүсвэртэй байлгахад л энэ төрийн бодлого бүх талаараа чиглэх ёстой билээ.

Гэтэл өнөөгийн Монголын төрийн эмгэнэлт дүр зураг бол иргэдээсээ ажлын байрыг нь, орлогыг нь хүчирхийлэн булаан авдагт байгаа юм. Үүний тод жишээг Жижиг дунд үйлдвэрлэлийг ТҮМНИЙ ТАМГАТАЙ ЖДҮ хөгжүүлэх сангийн /ЖДҮ/ хөрөнгөөр дураараа туйлсан эрх мэдэлтнүүдийн дуулиант хэрэг гэрчилнэ.

2018 оны аравдугаар сараас хойш өнөөдрийн энэ өдрийг хүртэл нийгэм даяар дуулиан дагуулсан хэвээр, халууны хэмээ хадгалсан чигээрээ байгаа ЖДҮ бол бодит байдал дээр мөсөн уулын орой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Засгийн газрын 22 тусгай сангийн НЭГ болох ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн холбоо хамаарал бүхий хүмүүст, компаниудад зээл олгуулсан улстөрчдийн тоо хэдийнэ 20-ийг давж 30 руу дөхөөд байна. Үүсэл эхлэлийг нь харвал 9 жилийн өмнөөс зээл олгож эхэлсэн ЖДҮ-ийг хөгжүүлэх сан руу шидэт дохиураа дохьсон шигшигдмэл улстөрчдийн хэд нь хөшигний ард нуугдаж, сэмхэн харж буйг тааж хэлэхэд эрт байна.

Харин нэг зүйл тодорхой нь ЖДҮ-тэй холбоотой үйл явдлууд нэмэгдэхийн сацуу энэ салбарын хөгжилтэй холбоотой эрүүл хандлага, эрүүл бодлого, эрхзүйн шинэ орчин хийгээд хөрөнгө мөнгөний зөв хуваарилалт, хяналт үгүйлэгдэж буй юм.


ЖДҮ БЯЛУУНЫ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦГҮҮД Т.БАДАМЖУНАЙ, Т.ГАНТУЛГА НАР!

Хуулийн дагуу байгуулагдсан сангууд эрх мэдэлтнүүдэд хууль бусаар ашиглагдах зорилготой том том бялуу болж хувирсны тодорхой жишээ нь ЖДҮ. Уг нь Засгийн газрын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн дагуу байгуулагдсан санг Засгийн газрын тусгай сан гэдэг. Тусгай сангийн эх үүсвэр болон зарцуулалтыг хуулиар зааж өгсөн байдаг. Хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж буй 22 тусгай сан үүнд хамаатай. Харин эрх мэдэлтнүүд хуулийг үл хэрэгсэж байгаагийн нөгөө талд хуулийг хийдүүлэх нүх сүвийг хаах шаардлага дагаж байна. ЖДҮ- ийг хөгжүүлэх сангийн үүх түүхийг харвал 26 жилийн өмнө ХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн хэлтэс нэртэйгээр анх байгуулагдаж байсан бол 2009 оноос сайдын тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэртэй болж байжээ. Улмаар улстөрчдийн шүлсийг савируулсан бялуу болсон байх магадлалтай байгаа юм.

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2005 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор баталж байжээ. Харин уг хөтөлбөрийн 4. 3-т заасан “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат” гэсэн хэсгийн 3 дугаар үе шатыг 2009-2010 онд тогтоож, хэрэгжүүлэх тухай өөрчлөлтийг 2009 оны есдүгээр сард Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд нар тогтоолоор баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт жил бүр тусган, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд С.Батболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай гэж шийдвэрлэж байжээ.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаар төрийн мөнгийг түмэнд түгээх үйл ажиллагаа хуулийн дагуу бол ингэж эхэлжээ. Харин сангаар дамжиж хуваарилагдсан их наядыг шүргэх мөнгөний хэд хэчнээн нь жинхэнэ ЖДҮ-ийг дэмжсэн бэ? Хэд хэчнээн нь хулхи ЖДҮ-чдийн халаас руу орсон бэ гэдэг томоос том асуудал юм.

2008-2012 онд ХХААХҮ- ийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж асан Т. Гантулга нар ЖДҮ- ийг хөгжүүлэх сангийн хөрөнгөнд эзэн суусныг гэрчлэх баримтууд ар араасаа хөвөрч буй. ХХААХҮ-ийн сайдын мэдэлд байсан ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэсэн гурван сангийн хөрөнгийн зарцуулалтад эдгээр хүмүүс эрх сүр, албан тушаалаараа нөлөөлсөн гэх асуудал олон жилийн дараа яригдаж байгаа юм. “Атрын ИйИ аян”-ы мөнгө Ерөнхий сайд асан С.Баярын тансаг хэрэглээг дэмжсэн угж болсон тухай, 2009 онд нэг бүр нь 89 сая төгрөгөөр үнэлэгдэх 36 комбайныг нэг бүрийг нь 147 сая төгрөгөөр үнэлж шахсан тухай, 2010 онд мөн л 29 комбайныг уг арга барилаараа шахсан талаар нь өдгөө яригдаж байна. Энэ мэтээр өгүүлбэл баримт олон. Гол нь тэдний үйлдэлд хуудуу бийг хуулийнхан баталдаг. 2012 оны аравдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай мэдээлэл хийхдээ “ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмагнай нарт холбогдуулж Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар хэвлэлийнхэнд дуулгаж байв. ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан асуудлаар тэднийг шалгаж байв. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Т.Бадамжунай нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150. 3-т зааснаар хэрэг үүсгэж байсан түүхтэй.

Долоон жилийн өмнө Т. Бадамжунай нарт тийнхүү ЖДҮ-тэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж байсан ч, тэд УСНААС ХУУРАЙ ГАРЦГААСАН.


АН-ЫНХАН Ч ЯЛГААГҮЙ, БЯЛУУ-НД ДУРЛАГСАД

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн 2012-2016 оны зарцуулалтыг харахад төрийн эрх мэдлийг илүүрхэн атгасан АН-ынхан ЖДҮ-ийн бялуунаас хүртэцгээсэн л байдаг. Өнгөрсөн намар ЖДҮ-ийн дуулиан эхэлсний араас Ардчилсан намаас мэдэгдэл хийж Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлэх болсноо дуулгасан юм. ЖДҮ-ийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой ч, УИХ- ын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээл олгосон, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаасан байж болзошгүй байна гэж Д.Эрдэнэбат даргатай АН-ын бүлэг мэдэгдсэн юм.

Тэгвэл ийм шаардлага тавьсан бүлгийн дарга Д.Эрдэнэбат өөрөө сайд байхдаа ЖДҮ-ийн зээлийн олголтод эрх мэдлээрээ нөлөөлсөн гэх асуудалд холбогдсон. Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮ-ийг дэмжих хөрөнгө мөнгөнөөс сонгон шалгаруулалтгүйгээр зээл олгосон болохыг Сангийн яамны Улсын ахлах байцаагч баталсан. Тодруулбал, Аж үйлдвэрийн сайдын 2015 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 64 тоот тушаалаар батлагдсан “Төсөл сонгон шалгаруулах хороо болон дэд хорооны журам”-ыг зөрчиж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс 2015 онд Аж үйлдвэрийн сайдын А/79 тоот тушаалаар 4 аж ахуйн нэгжид 1 тэрбум 327 сая төгрөг, сайдын 108 тоот тушаалаар 4 аж ахуйн нэгжид төсөл хэрэгжүүлэхэд нь 5 тэрбум 28 сая төгрөг, сайдын 183 тоот тушаалаар 1 тэрбум төгрөг, нийт 7 тэрбум 355 сая төгрөгийг нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад сонгон шалгаруулалтгүй шууд олгосон талаар албан шаардлагад өгүүлсэн байдаг. Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдын хувиар тушаал гарган “Ораметалл” ХХК- ийн Оюутолгойн хэрэгцээт өндөр хромт тээрмийн бөөрөнцөгийг үйлдвэрлэх төслийн санхүүжилтэд 1 тэрбум 377 сая төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөс шууд олгохоор шийдвэрлэсэн байгаа юм. Мөн “Видү” ХХК, “Само Мах” ХХК, “Он энд Офф”, “Гетженероус” ХХК, “Сити Палас” ХХК, “Глобал аппарел лимитед” ХХК, “Мегамолл” ХХК, “Хүдэр мөнгөлөг” ХХК, “Апиресурс” ХХК зэрэг компаниудад Д.Эрдэнэбат сайдын шийдвэрээр ЖДҮ-ийн зээл очжээ. Мэдээж төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө хэрэгтэй. Асуудлын гол нь сонгон шалгаруулалтгүйгээр, сайдын албан тушаалаа ашиглан, шууд тушаал гаргаж зээл олгосон асуудлыг хэрэгсэхгүй өнгөрөх ёстой юу? Д.Эрдэнэбат өөртэй нь холбоотой ийм мэдээлэл гарсны дараа тайлбар хийхдээ “Аж үйлдвэрийн сайд байх хугацаанд ЖДҮ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зээл олгох нь миний үүрэг байсан. Энэ үүргээ биелүүлэхэд надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй” гэсэн юм.


18918 ТӨСӨЛ ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ШАЛГУУРТ ТЭНЦЭЭГҮЙ

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан байгуулагдсанаас хойш 26 454 төсөлд, 3 их наяд 850. 5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл ирүүлжээ. Үүнээс 18 хувь буюу 7536 төсөлд 832.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгосон байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд 18 918 төсөл ЖДҮ-ийн зээлийн шалгуурыг хангаж чадаагүй бүдэрчээ. Бүдэрсэн төслүүд үнэхээр шаардлага хангаагүй юу. Хэдэн хувь нь эрх мэдэл, танил тал гэсэн давуу талгүй тул зээлд хамрагдаж чадаагүй вэ гэсэн асуулт дагана.

Санхүүжилт авч чадсан 7536 төслийн хувьд үр ашигтай төслүүд бий. Бүгдийг нь харлуулж болохгүйг бас хэлэх ёстой болов уу. Статистик харахад ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон санхүүжилтийн үр дүнд Улаанбаатар хотод 13. 341 ажлын байр хадгалсан бол 19. 600 ажлын байр шинээр нэмэгдүүлжээ. Орон нутагт 12 076 ажлын байр хадгалж, 21. 028 ажлын байр шинээр нэмэгдүүлсэн.

Нийт дүнгээрээ 25. 417 ажлын байр хадгалж, 40. 628 ажлын байр шинээр нэмэгдүүлсэн гэх статистик байна. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хүч агуулдаг ЖДҮ-ийн салбарт 25 мянга гаруй ажлын байр хадгалагдаж чаджээ. Тэгвэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгө шударга замаар жинхэнэ ЖДҮ- чдэд хүрдэг байсан бол өшөө дээр нь хэчнээн ажлын байр нэмэгдэх байсан бол?


ЖИЖИГ НЭРТЭЙ Ч ТОМООС ТОМ САЛБАР

Манай эдийн засгийн 17 орчим хувийг ЖДҮ бүрдүүлж байна. Тэгвэл бусад улс орнуудын эдийн засгийн бүтцийг харахад 45-95 орчим хувийг нь ЖДҮ бүрдүүлдэг жишиг бий. Япон, БНСУ, Англи зэрэг улс орнуудад 95-аас дээш хувийг нь ЖДҮ эзэлж байх жишээтэй. Энэ бол ЖДҮ гэдэг салбар ямар ТОМ ач холбогдолтой болохыг тов тодорхой илэрхийлсэн үзүүлэлт. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд ЖДҮ-г хөгжүүлэх нь хамгийн зөв бодлого гэдэгтэй маргах шаардлагагүй. ЖДҮ-ийн салбар эдийн засагт нөлөөллөө нэмэгдүүлэх нь шударга өрсөлдөөнийг бий болгох, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх сайн талтай гэдгийг эдийн засагчид хэлдэг. Энэ утгаараа бол яг өнөөдөр манай эдийн засагт тулгамдаад буй БҮТЭЦ тэлэх асуудлын чухал шийдэл нь ЖДҮ-ийг дэмжихэд чиглэх ёстойг сануулж байгаа юм.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас санхүүжилт хүлээсэн төслүүдийн 90 орчим хувьд 100 сая төгрөгөөс илүү гарахгүй хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг ч, нэг эрх мэдэлтний нэг л компанийнхаа нэр дээр авдаг зээлийн хэмжээ ТЭРБУМ төгрөгөөс буудаггүй жишиг тогтсоныг нийгэм даяар таньж мэдсэн билээ.

Манай жинхэнэ ЖДҮ-чдэд 10-100 сая төгрөгийн санхүүжилт ус агаар мэт хэрэгтэй байдаг шиг гадны улс орнуудад ч яг л тийм дүр зураг ноёлдог. Гол нь тэнд яг л тэр хэсэг бүлэгт шаардлагатай мөнгийг нь хуваарилдаг эрүүл тогтолцоо тогтсон байгаа юм. Тухайлбал, Япон улсад ЖДҮ-ийг дэмжсэн санхүүжилтийнхээ 90-ээс илүү хувийг жинхэнэ “жижиг”-үүдэд хуваарилдаг. Бүр дөрөв хүртэлх ажилтантай, хөрөнгө санхүүжилт багатай үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж олгодог гэдгийг судлаачид хэлж байна.


1031 ТӨСЛИЙГ 20-ХОН ХОНОГТ ШИГШИХ БОЛОМЖТОЙ ЮУ?

ӨЧИГДӨР болон ӨНӨӨДӨР бид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн 2016- 2018 оны зээлийн зарцуулалтыг тойрон бужигнаж байна. Тэгвэл МАРГААШ тэнд бугласан бүх идээ бээрийг бүрэн уудлахын тулд бүхий л цаг үеийнх нь хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтыг нягтлах шаардлага бий. 22 тусгай сангийн ядаж нэгийг нь эхний ээлжинд бүрэн уудалж, бүх но-г нь гаргаад ирэхэд хэд хэчнээн төгрөг эрх мэдэлтнүүдэд очсон бэ гэдгийг харж болох биз. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зөвхөн 2018 оны зээлийн мэдээллийг харахад тавдугаар сард шалгаруулсан 134 компани, иргэний 122 нь ашиг сонирхлын зөрчилтэй, цаанаасаа захиалгатай байсан гэж Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдэгдсэн юм. Энэ бол нэг л жилийн нэг л сонгон шалгаруулалтын талаарх хар мэдээ.

“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО” ТББ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАТДЭЛГЭР ХЭЛЭХДЭЭ: “Хүчин төгөлдөр байгаа хуулиар жилийн борлуулалт нь 1. 5 тэрбумын орлоготой байх ёстой гэж байгаа. Гэтэл зээл авсан нь ил болсон тэдгээр компаниуд үнэхээр тэр болзол шаардлагыг хангаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Гэтэл энэ эргэлзээг дахиад хуульдаа суулгах гэж байна. 200 ажилтантай байсан ч хамаагүй, 60 тэрбумын орлоготой байсан ч хамаагүй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ гэсэн ангилалд багтаж байгаад зээл авах зорилготой. Гэсэн мөртлөө жинхэнэ тэр ангилалд багтах ёстой бичил бизнес эрхлэгчдийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу оруулах гэж байгаа нь ямар учиртай юм бэ.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн 2018 оны төсөл сонгон шалгаруулсан огноог харахад 14 хоногийн дотор зээлүүдийг шийдвэрлэсэн байгаа юм. Сайд, дарга нартай холбоотой компанийн зээлүүд 14 хоногийн дотор л шийдэгддэг. Сайдын тушаал гардаг болох нь баримтаар харагдаж байна.

Зээлийн хорооны шийдвэр гардаггүй, төсөл сонгон шалгаруулах нэртэй, цаанаасаа захиалгатай, зохион байгуулалттай, авах хүмүүс нь тодорчихсон байдаг юм байна гэдгийг төсөл сонгон шалгаруулсан гэх цаг хугацаа, огноон дээр үндэслэн бид хардаж байгаа юм.

2018 оны долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 3-ны хооронд 511 төсөл хүлээн авч, наймдугаар сарын 23-ны өдөр Сангийн төсөл шалгаруулах хорооны шийдвэрээр 82 аж ахуйн нэгжийн төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэж, ХХААХҮ-ийн сайдын энэ оны наймдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар баталсан. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан 24 ажилтан, албан хаагчидтай байтал, төсөл хүлээн авч дууссан өдрөөс хойш сайдын тушаал гартал ажлын 20 хоногийн дотор 1031 төслөөс 498 төслийг шалгаруулж, шалгарсан 498 төслөөс 134 төсөлд нь зээл олгожээ. 1031 төслийг 20-хон хоногийн дотор шалгаруулан зээл олгож, хэт богино хугацаанд шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байна. ЖДҮ-ийн зээл олгох Сонгон шалгаруулалтын багт Яамнаас 3 хүн, Сангаас 3 хүн багтдаг, хөндлөнгийн хараат бус хяналт байхгүй” гэж байсан юм. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн албан мэдээллээс үзэхэд 2018 оны долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 3-ны өдрүүдэд 478 төсөл хүлээж авчээ. Төслүүдийн үйл ажиллагааны чиглэлийг харахад:

БАРИЛГА-56 төсөл

БИО-7 төсөл

БОЛОВСРУУЛАХ-11 төсөл

ГАЗАР ТАРИАЛАН-56 төсөл

ДАХИВАР–7 төсөл

ЗООРЬ-23 төсөл

МАЛ АЖ АХУЙ –85 төсөл

ХӨНГӨН ҮЙЛДВЭР-109 төсөл

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ-39 төсөл

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР-115 төсөл буюу нийт 478 төсөл ЖДҮ эрхлэгчдээс ирүүлжээ


ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ МӨНГӨ ХҮҮЛЭГЧДИЙН ГАРААР ДАМЖДАГ УУ?

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн сонгон шалгаруулалтад хэд хэдэн удаа төслөө өгөөд зээл авч чадаагүй хүмүүс хэдэн мянгаар тогтохгүй. Жил ирэх тусам төслөө зах зээлийн нөхцөлтэй уяж тооцож, цар хүрээг нь тэлээд оруулдаг ч, өнөөх нь тэнцдэггүй талаар хэлэх хүмүүс олон таарч байна. Тиймээс тэд ББСБ-аас зээл авч, өндөр хүү төлж байна гэж учирладаг.

Жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийн нэг Х.Удвалцэцэг хэлэхдээ “ЖДҮ-ийн сангийн төслийн зээл авах гэж 3 удаа төслөө өгсөн. Ерөөсөө шалгараагүй. Тэвэр дүүрэн магтаалтай л гарч ирдэг. Сайхан хэрэгжих боломжтой төсөл байна, даанч дэмжигдсэнгүй гээд гараад ирдэг. Надад танил тал байхгүй учраас дэмжигддэггүй. Тиймээс бид байгаа барьцаа хөрөнгөө бариад банкинд очдог. Банк зээл судалж байна гэж, ЖДҮ- ийг мөлхөөд унатал нь 2-3 сар болдог. Хамгийн хурдан шийдэх байх гээд ББСБ дээр очдог, 4. 8 хувийн хүүтэй зээл авдаг. Гэтэл дарга нар ажилтныхаа тоог голчлоод, жилийн 1 хувийн хүүтэй зээл авчихдаг. Тэр авсан зээлээ өөрсдийнхөө банк, ББСБ-аар дамжуулаад жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд хүүлж, мөнгө олдог” гэж ярьсан юм.

Тэгвэл түүнтэй ижил агуулгатай үгийг Хөдөлмөрийн Үндэсний Намын УЗ-ийн дарга Т.Доржханд хэлнэ лээ. Тэрбээр “Жижиг дунд буюу борлуулалтын орлого нь жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош ААН-үүд жилийн 2 тэрбум төгрөгийн зээл авах ямар ч боломжгүй. Тэдний эрэлт нь 100 сая төгрөг л байхгүй юу. 1. 5 тэрбум төгрөгөөс доош ААН-үүдийн эрэлт нь 100 сая төгрөг. Гэтэл бодлогын зээл, борлуулалтын зээл гэж гаргаж ирээд өөрсдөдөө зориулсан журам гаргаж ирдэг байдал газар авлаа. Дэлхийд Засгийн газар нь зээл өгдөг нэг ч улс байхгүй. . . ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийн хөгжлийн тусгай сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд улстөрчдийн мөнгө угаадаг сангууд байна. Ардчилсан нам байна уу, Монгол Ардын Нам байна уу ялгаагүй. Аль нь ч гарч ирсэн тухайн системийг хөгжүүлээд явдаг буруу замаар бид олон жил явж ирлээ. Өнөөдөр банкны хүү 25 хувьтай, ББСБ-ын хүү 50-100 хувьтай байна. Гэтэл ББСБ-ын тэр хөрөнгийн эх үүсвэр хаана байна вэ гэсэн чинь хүү багатай дээрх сангууд болж таарч байна. Жилийн гуравхан хувийн хүүтэй зээл аваад цааш нь 100 хувийн хүүтэй болгож зээлдүүлж байна” гэв.

Харин Санхүүгийн зохицуулах хорооноос ийм байр сууриудад хариу болгон мэдээлэхдээ “ЖДҮ- ийн мөнгө Банк бус санхүүгийн байгууллагууд руу орох, угаагдах боломжгүй” гэсэн юм. Яахав, ингэж хариу хэлэх нэг хэрэг. Үнэхээр тэгэж угаагддаг эсэхийг тогтоох эсэх нь өөр хэрэг юм.


ХУУЛИЙНХАН ХУРУУГАА ХӨДӨЛГӨЖ, 23 ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ХӨНДӨГДӨВ

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг хууль зөрчиж авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тухай улс төрийн мэдэгдлийг МАН уг нь хийж байсан. МАН-ын мэдэгдлээс хоёр хоногийн дараа 2018 оны аравдугаар сарын 30-нд ЖДҮ- ийн зээлтэй холбоотой асуудлаар Нийслэлийн прокурорын газар / НПГ/-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байдаг.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү 2018 оны арванхоёрдугаар сарын 6-нд хэлэхдээ “АТГ ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой шалгалтыг үргэлжлүүлж байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэл нээсэн хэргүүд тусдаа бий. Шалгалтын нэг хэсэг нь уг сангаас зээл авч чадаагүй 800 аж ахуйн нэгж, байгууллагын санал, хүсэлтэд дүн шинжилгээ хийж байна. Үнэхээр шаардлага хангаагүй юм уу, баримт бичиг нь дутуу байв уу, шаардлага хангаагүй гэсэн хариулт нь үнэн байсан уу гэх мэт зүйлсийг тодруулж байна. 2-3 төрлөөр харьцуулж, дүн шинжилгээ хийж байгаа. Зээл авсан 222 төсөл, шалгуурт тэнцээгүй 800 төслийг хооронд нь харьцуулж байгаа. Төслийг ямар хүмүүс ирүүлдэг, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлээр хэдэн хүн төсөл ирүүлсэн зэргийг тодруулж байна. Ерөнхийдөө бүх талын судалгаа хийгдэж байгаа” гэж ярьсан юм.

Харин 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр АТГ-ын албаны хүн Зиндаа.мн мэдээллийн сайтын сэтгүүлчид өгсөн мэдээлэлдээ “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг албан тушаалын давуу байдлаараа түрий барин авсан УИХ-ын 23 гишүүнийг яллагдагчаар татан шалгах саналыг Прокурорын байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна” гэж мэдэгдлээ.

АТГ-ын энэ мэдээлэл ил болохоос өмнөхөн Прокуророос Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан гэсэн дөрвөн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн юм. Харин УИХ-ын гишүүдийн олонх ангийн дөрвөн нөхрөө бүрэн эрхтэй нь үлдээсэн. Хэрэв тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлбэл, нэмж араас нь 19 гишүүний бүрэн эрхэд асуудал үүсэхийг гишүүд мэдэж байсан нь гарцаагүй.

УИХ-ын гишүүний албыг хашиж буй 75 хүний 23 нь ЖДҮ-ийн зээлийн асуудалд холбогдож, БҮРЭН ЭРХ-ээ тайлах хэмжээнд тултал, хуулийнхны хараанд онилогдоно гэдэг үнэхээр ноцтой асуудал. Хууль баталдаг нөхдүүд өөрсдөө хуулийг цавчиж буйн бат ноттой илэрхийлэл. Ёс зүйн талаасаа ч, хуулийн талаасаа ч гишүүний суудлыг халаасаа түнтийлгэх хэрэгсэл болгож ашиглах нь зохистой явдал биш ээ.


ТЭНГЭРИЙН ТАМГАГҮЙ Ч...

ЖДҮ-ийн мөнгө тэнгэрийн тамгагүй ч, түмний тамгатай мөнгө. Харамсалтай нь улстөрчид тамгалаад олон он улирчээ. Зээлийн булхай өнгөрсөн аравдугаар сард илэрсэн тэр үед Ерөнхийлөгч Х.Баттулга телевизийн нэвтрүүлэгт орохдоо ЖДҮ-ийн мөнгө МАН-д хамаатай улстөрчдийн мөнгө болж хувирсныг өөрийнхөөрөө батлан өгүүлсэн юм. Даанч удалгүй Ерөнхийлөгчийн маань хажуу хавирганы хүмүүст ч ЖДҮ хамаатай болох нь илэрсэн билээ. ЖДҮ-ийн мөнгийг эрх мэдэлтнүүд авч байна гэх баримт гараад эхлэхтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн сэтэртэй нэг нөхрөөс -“Чи тэр ЖДҮ-ийн сангаас зээл авсан чинь үнэн юм уу?” гэж асуусан байгаа юм. Тэгсэн нөгөөх нь -“Авсан, бүгдээрээ л авдаг шүү дээ” гэж хариулсан байдаг. Үнэхээр ч тэр гишүүний хэлснээр бүгдээрээ авдаг нь тодорхой болсон. БҮГД гэдэг нь жинхэнэ ЖДҮ-чдэд бол падлийгүй. Хүний эрх, сонгогчийн эрх, та нарын эрх гэж ярьсаар байгаад төрийн хариуцлагатай суудалд суусан нөхдүүд үнэн хэрэгтээ хөрөнгө мөнгөний хуваарилалтаар хэрхэн наадсаныг ЖДҮ-ийн мөнгийг 950 сая, 1 тэрбумаар нь тэгшитгэн хувааж авснаас ойлгогдоно.


ЖИНХЭНЭ ЖДҮ-ЧИН ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ?

ЖИНХЭНЭ жижиг, дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой мөнгө хулхи ЖДҮ-чдийн гараар орсон нь нэгэнт ил боллоо. Тэгвэл жижиг, дунд үйлдвэрлэл гэх ойлголтод чухам хэн хамрагдах вэ гэдгийг хуулийн заалтад нь тулгуурлан хүргэе.

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛ

5 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч

-Үйлдвэрлэлийн салбарын тухайд ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1. 5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;

-Бөөний худалдааны салбарын тухайд ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1. 5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;

-Жижиг худалдааны салбарын тухайд ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1. 5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;

-Үйлчилгээний салбарын тухайд ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд 1 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн; -Худалдаа, үйлчилгээ, жижиг үйлдвэрийн салбарын тухайд ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн байна гэж заасан байдаг.


Хууль журамд ЖДҮ эрхлэгчдийг ийм маягаар тодотгосон ч, хэрэг дээрээ заалтууд үнэ цэнэгүй байгаа юм. Эрх мэдэлтнүүд хуулийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж буйг ЖДҮ эрхлэгчид хэлдэг. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэх ёстой.Тэгвэл хуулийн төсөлд ноцтой заалт байна гэх байр суурийг ЖДҮ эрхлэгчид сануулсаар.

“УИХ-ын гишүүд, сайд дарга нар өөрсдийнхөө компанид зориулан гаргасан хуулийн зүйл заалт энэ хуулийн төслийн 5.3-т бий. Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээд нь 5.1.1, 5.1.3 гэсэн заалтуудын нөхцөлийг зэрэг хангаагүй тохиолдолд ажилтны тоог голлох үзүүлэлт болгон төслийг шалгаруулна гэсэн байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн компани хэдэн төгрөгийн орлого олдог байхаас үл хамааран ажилтны тоог голчилж үзнэ гэсэн утгатай Тэр сайд дарга нарын компани 5 тэрбумаар орлого олж байна уу, 60 тэрбумаар орлого олж байна уу, хамаагүй. Ажилтны тоонд нь тулгуурлаад л зээл авах эрхийг нь олгож байна. Гэтэл 60 тэрбумын орлого олдог, 5 ажилтантай, сайдын эхнэрийн компани байгаа шүү дээ. Тэд ЖДҮ- ийг хөгжүүлэх сангийн зээлийг тэрбум тэрбумаар авч байгаа” гэж ЖДҮ эрхлэгч Х.Удвалцэцэг хэлж байсан.

Жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийн үгс хийгээд бодит нөхцөл байдлыг харахад ЖДҮ-ийн зээлийг эрх мэдэлтнүүдийн хэтэвч рүү урсгахгүйн тулд шинэ зохицуулалтууд шаардагдаж байгаа юм.

Тухайлбал, ЖДҮ-ийн салбарыг БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД гэсэн ангилал тус бүрээр нь тодотгож, төсөвлөгдсөн хөрөнгө мөнгийг зөв хуваарилах, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ЖДҮ- ийн зээлийн босгыг ТЭРБУМ-аар тогтоосон улстөрчдөөс буцааж татсан хөрөнгийг цэвэр эдийн засгийн агуулгаар харж дахин хуваарилах асуудлууд гол байгаа юм. Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилготой зээл олгох сонгон шалгаруулалт шударга явагддаг нөхцлийг хэрхэн бүрдүүлэх вэ. Хяналтыг хэрхэн чангатгах вэ гэдэг асуудал чухал байна. Тэрнээс биш ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хэрэгтэй мөнгийг хасч танах нь утгагүй.

Энэ 2019 онд ЖДҮ-ийг хөгжүүлэхэд төсөвт 48 тэрбум төгрөг хуваарилсан нь, өмнөх нь 2018 оноос 51.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Эрх мэдэлтнүүд ЖДҮ-ийн мөнгийг залгилсан асуудлыг шийдвэрлэхдээ жинхэнэ ЖДҮ-чдэд ус агаар шиг хэрэгтэй байгаа санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой болохоос, улам танаж, хассанаар асуудал шийдэгдэхгүй билээ.

2018 онд Улсын төсөвт ЖДҮ-ийг санхүүжүүлэхээр 97.8 тэрбум төгрөг суулгасан юм. Эрх мэдэлтнүүдийн авдаг тэрбум хэмээх тогтсон жишгээр тооцоход 90-хэн төсөл л ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас санхүүжилт авсан нь ойлгогдож буй.Гэтэл цаана нь мянга мянган төсөл 10-100 сая төгрөгийн л дэм хүлээсээр өнөөдрийг хүрч байгаа шүү дээ.


СУДАЛГААНД ХАМРАГДСАН ЖДҮ-ЧДИЙН 6 ХУВЬ НЬ 500 САЯАС 1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ

ЖДҮ-ийн хэрэгцээ шаардлага эдийн засагт үлэмж их гэдгийг өмнө нь өгүүлсэн. Цаашид үр нөлөөг нь нэмэгдүүлэх үүднээс нөхцөл байдлыг зөв үнэлэх шаардлага мэдээж дагана. Тэгвэл Монголбанкнаас улсын хэмжээнд ЖДҮ-ийн өнөөгийн хөгжил, тулгарч буй саад бэрхшээл болон санхүүжилтийн нөхцөл байдлыг тодорхойлох түүвэр судалгааг долоо дахь жилдээ эрхлэн явуулж байна. 2018 оны түүвэр судалгааны хувьд хамрах хүрээг нэмэгдүүлж, аймгуудын төвөөс 50 километр хүртэлх зайд орших суманд үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан, Дэлхийн банкны таблетад суурилсан CAPI системийг анх удаа улсын хэмжээнд нэвтрүүлсэн, Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийг зорилтод бүлэг болгон судалгааг гүйцэтгэсэн гэдгээ онцолж буй.

Түүвэр судалгаанд 2018 оны эцсийн байдлаар Үндэсний Статистикийн Хорооны Бизнес регистрийн санд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй 83,086 аж ахуйн нэгжүүдийг хамруулжээ. Статистик тооцооллоос оновчтой түүврийн хэмжээг Улаанбаатар хотоос 1000, аймгуудаас 30-50 буюу нийт 1850 байхаар тусгажээ. Санал асуулгад оролцогчдыг аймаг, нийслэлээр авч үзвэл нийт оролцогчдын 46 хувийг Улаанбаатар хотын, 54 хувийг орон нутгийн ЖДҮ эрхлэгчид эзэлж байгаа бөгөөд хувийн жинг харвал ихэнх аймгуудад 2-3 хувийн хооронд жигд тархалттайгаар хамрагдсан гэж Монголбанкнаас мэдээлж байгаа юм.

Судалгаанд оролцогчдын тэн хагас нь буюу 46 хувь нь 50-499 сая төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой байна. Харин 36 хувь нь 10-49 сая төгрөгийн, 12 хувь нь 9.9 сая төгрөгөөс бага борлуулалтын орлоготой буюу бичил бизнес эрхэлдэг байна. Жилийн борлуулалтын орлого хамгийн өндөр (500 саяас 1 тэрбум төгрөгийн орлоготой) ЖДҮ эрхлэгчид нийт түүврийн 6 хувийг эзэлжээ. Түүвэр судалгааны үзүүлэлтүүдээс хүргэж байна.


ТҮШЭЭДИЙН ЗООГ ЖДҮ

Жинхэнэ ЖДҮ-чдэд 100 сая төгрөг байхад, ёстой гялалзуулаад өгнө дөө. Харин хулхи ЖДҮ-чид бол тэр хэмжээний мөнгөөр ЗООГ л барьчихна. Түмний тамгатай мөнгө гэж цоллоод буйн учир үүнд л байгаа юм. Эрх сүрээрээ нөлөөлсөн нөхдүүдийн хувьд жирийн л нэг зээл болох ЖДҮ-ийн мөнгө хэрэгцээ, шаардлагатай хэсэгтээ очих юм бол ТӨРИЙН ЗӨВ БОДЛОГО болж тусах юм.

Ялангуяа, хууль тогтоох дээд байгууллагад суугаа нөхдүүд үүнийг мэдэхийн дээдээр мэдэх учиртай. Ямар нэг ёс зүйн дүрэм журам гэлгүйгээр ухамсраараа үүнийг мэдэрч байх ёстой л доо. Гэтэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хувьдаа компанитай улстөрчид төрөөс тендер, концесс авч болохгүй гэсэн ёс зүйн дүрмийг тодорхой болгоод хуульчлаад өгөх хэрэгтэй юм байна гэж харж байна” гэж чуулганы танхимд дуугарна лээ. Уг нь ийм утгагүй зүйл яримааргүй байгаа юм. Ёс зүйн дүрэмгүй болохоор манай гишүүд ЖДҮ-ийн зээлийг луйвардаад авчихлаа гэж өмөөрөөд байгаа юм уу, яагаад байгаа юм бэ?

ЖДҮ-ийн мөнгийг эрх мэдлээ ашиглан авсан улстөрчдийн тоо улам бүр нэмэгдэх төлөвтэйг өмнө нь өгүүлсэн. Одоогоор УИХ-ын 15 гишүүн, Засгийн газрын 3 сайд, Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Ерөнхий Аудитор, ТӨБЗГ-ын дарга, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал, “УБЦТС” ТӨХК- ийн Гүйцэтгэх захирал нарын 30-аад хүнтэй холбоотой ЖДҮ- ийн асуудал ил болоод байна.


МӨСӨН УУЛЫН БЭЛ ДЭХ ТУСГАЙ САНГУУД...

Эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий компаниудын данс руу тэрбум тэрбумаараа шилжсэн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл мөсөн уулын орой гэдгийг эхэнд тодотгосон билээ. ЖДҮ-тэй адилхан ТУСГАЙ САН 21 бий. Улстөрчдийн мөнгө угаадаг сан нь ганц ЖДҮ биш. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг бусад сангууд ч мөнгө угаах суваг болсон гэгдэж байна.

Засгийн газрын тусгай сангуудад Сангийн яамнаас шалгалт хийж буй. Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд хийсэн шалгалтын талаар Ч.Хүрэлбаатар сайд хэлэхдээ “Зарим санг 2005 оноос хойш байгуулагдсан үеэс нь эхэлж шалгасан. Бусад сангийн өнгөрсөн оны тайланд нь шалгалт хийлээ. Яагаад гэвэл, Үндэсний аудитын газраас болон бусад аудитаас өмнө нь шалгалт хийгдэж байсан юм билээ. Ямар зөрчил гарсныг эцэслэсний дараа олон нийтэд мэдээлнэ” гэсэн юм.

Тэгвэл Засгийн газрын тусгай сангуудад энэ 2019 онд Улсын төсвөөс хэдэн төгрөг хуваарилсан. Сангийн өөрийн хөрөнгө хэдэн төгрөг байна вэ? Энэ оны төсөв нь 2018 оныхтой харьцуулахад хэдэн хувиар өсч, буурсан бэ гэдгийг тодотгон хүргэе.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН

Улсын төсвөөс 76.5 тэрбум төгрөг төсөвлөсөн нь 2018 оныхоос 35.7 хувиар буурчээ.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

Улсын төсвөөс 12.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сангийн өөрийн орлогоос 0.02 тэрбум төгрөг орно гэж тооцсон. Нийт төсөвлөсөн мөнгө нь 2018 оноос 0.3 хувиар өссөн байна.

СОЁЛ, УРЛАГ ХӨГЖҮҮЛЭХ САН

Улсын төсвөөс 2 тэрбум төгрөг төсөвлөсөн.

СПОРТЫГ ДЭМЖИХ САН

Улсын төсвөөс 2 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2018 оноос 33.3 хувиар буурсан.

МОНГОЛ СУДЛАЛЫГ ДЭМЖИХ САН

Улсын төсвөөс 0.9 тэрбум төгрөг төсөвлөсөн.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН

2,068.5 тэрбум төгрөг. Энэ нь өмнөх оноос 14.4 хувиар өссөн хэмжээ байна.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САН

694.5 сая төгрөг. 2018 оноос 7.1 хувиар өссөн.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН

Улсын төсвөөс 28.5 тэрбум, сангийн өөрийн хөрөнгөөс 54.9 тэрбум, нийт 83.4 тэрбум төгрөг байхаар тооцсон. Энэ нь 2018 оноос 27.6 хувийн өсөлттэй байна.

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫГ ДЭМЖИХ САН

Улсын төсвөөс 8 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгөөс 41 тэрбум төгрөг тооцжээ.

ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛ АГААНЫ САН

Өөрийн орлогоос 1 тэрбум төгрөг.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН

Өөрийн орлогоос 407.7 тэрбум төгрөг тооцжээ. 2018 оноос 19.4 хувийн өсөлттэй байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САН

Улсын төсвөөс 3 тэрбум төгрөг. Өнгөрсөн жилээс 40 хувиар буурсан хэмжээ байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САН

Улсын төсвөөс 25 тэрбум төгрөг төсөвлөжээ.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛ ДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

Улсын төсвөөс 47 тэрбум, өөрийн орлогоос 1 тэрбум. Өнгөрсөн жилээс 51.6 хувиар буурсан байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн өөрийн хөрөнгөөс 1 тэрбум төгрөг орж ирэхээр тооцсон нь, зээлийн эргэн төлөлтийн хувь хэмжээтэй хэрхэн уялдаж байна вэ гэдэг нь анхаарал татаж байна.

МАЛ ХАМГААЛАХ САН

Улсын төсвөөс 34.5 тэрбум, өөрийн орлогоос 1.8 тэрбум, нийт 36.3 тэрбум төгрөг. Өмнөх оноос 1 хувиар буурсан байна.

ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН

Улсын төсвөөс 13 тэрбум, өөрийн орлогоос 39 тэрбум, нийт 52 тэрбум. 2018 оноос 21.2 хувийн бууралттай байна.

ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САН

Улсын төсвөөс 0.2 тэрбум төгрөг.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН САН

Өөрийн орлогоос 35 тэрбум төгрөг. Өнгөрсөн оноос 12.5 хувиар буурсан байна.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН САН

Улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөг төсөвлөсөн.

УЛСЫН АВТО ЗАМЫН САН

Өөрийн орлогоос 2.2 тэрбум төгрөг.

ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ САН

Өөрийн орлогоос 0.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.

БҮХ НИЙТИЙН ҮЙЛ ЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САН

Улсын төсвөөс 2.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. 2018 оноос 15.6 хувийн бууралттай байна.


“АСЕМ”-ЫН ТЭРБУМУУД ЭРГЭН ТӨЛӨГДСӨН ҮҮ?

Төрийн нэрээр түмний татварын мөнгийг зарцуулахдаа хуудуу гаргасан томоохон асуудлуудын гадаа АСЕМ үлдэхгүй. Үндэсний Аудитын Газраас /ҮАГ/ “АСЕМъ-ын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахад зарцуулсан хөрөнгө мөнгөнд АУДИТ хийж, зөрчлүүд илрүүллээ гэж албан ёсоор мэдэгдээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. ҮАГ-ын шалгалтаар 14.8 тэрбум төгрөг зарцуулахдаа нэр бүхий албан тушаалтнууд зөрчил гаргасан гэсэн юм.

ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧЛҮҮДЭЭС ДУРДАХАД :

-БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5,572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-өөс 4,787 ширхгийг 33 төрийн байгууллагад, тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ширхэг тавилгыг 103 сая төгрөгөөр худалдсанаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй. -Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь 2016 оны долдугаар сарын 19- ний өдөр ъНью Терравоксъ ХХК-тай БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр гурван жилийн хугацаатай ъТоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээъ-г байгуулсан. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан.

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр ГХЯ-д ирүүлсэн чиглэлийн дагуу "АСЕМ"-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12.429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулан ажилласан гэхчлэн олон зөрчлүүд илэрлээ, нэр бүхий 17 албан тушаалтан мөнгө завшсан байна гэж мэдэгдэж байв.

Харин тэдгээр 17 албан тушаалтныг тэргүүлэх Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат- Үүл нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “АСЕМ”-тай холбоотой худал мэдээлэл бэлтгэн тараасан этгээдүүдийг хууль хяналт тагнуулын байгууллагад шалгуулна гэсэн юм. Мөн “АСЕМ”-тай холбоотой үндэслэлгүй дүгнэлт гаргасан аудиторыг шүүхэд өгч, санхүүгийн тайлан дүгнэлтийг хөндлөнгийн, хараат бус аудитын байгууллагаар шалгуулах хүсэлт тавьж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн Ажлын хэсгийн зүгээс “АСЕМ”-ийн уулзалтын бэлтгэл ажилд зориулсан санхүүжилтийг нягтлахдаа “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төсөлтэй холбоотойгоор дараах мэдээллийг гаргасан байдаг.


АСЕМ-ЫН ХҮРЭЭНД ОЛГОСОН САНХҮҮЖИЛТ

“АСЕМ Вилла” цогцолбор хотхон төслийг хэрэгжүүлэх, зочид буудлуудад хөнгөлөлттэй зээл олгоход шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар Засгийн Газраас 226, 331 болон 334 дүгээр тогтоолуудыг тус тус гаргажээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасыг мөнгөжүүлж ажиллахыг Монголбанкнаас хүссэн албан бичгийн дагуу Монголбанк дээрх арга хэмжээг барьцаат зээл болон урт хугацаат репо санхүүжилтийн арга хэрэгсэл ашиглан санхүүжүүлж, “АСЕМ”-ын арга хэмжээний хүрээнд түнш зочид буудлуудад нийт 108.4 тэрбум төгрөг, “АСЕМ Вилла” цогцолбор төсөлд нийт 125.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Нийтдээ 233 тэрбум 425 сая 387 мянган төгрөг олгосон байдаг аж. Харин уг репо санхүүжилтийн эргэн төлөлт 2018 оны есдүгээр сарын 21- ний өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хооронд хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа юм. Тухайлбал, 2018 оны есдүгээр сарын 21-ний өдөр 86 тэрбум төгрөгийн эргэн төлөлт, арваннэгдүгээр сарын 23-нд 11 тэрбум 320 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байх ёстой юм. Эргэн төлөгдсөн эсэх нь одоогоор тодорхой бус байна.


ХӨГЖЛИЙН БАНКНААС ЦАЦСАН 6 ИХ НАЯД ТӨГРӨГ ХААЧИВ

Бүхэл бүтэн бие даасан хуультай Хөгжлийн банк гэх байгууллага улстөрчдийн саалийн үнээ болсон нь илэрсэн түүх саяхных. Бондын мөнгийг цаас шиг тараасан Хөгжлийн банкинд шалгалт хийсэн Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр анхаарал татсан мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан билээ.

2016 онд Хөгжлийн банкны нийт зээлийн багц 6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсны 3.2 их наяд төгрөг нь улсын төсвөөс эргэн төлөгдөх зээл байв. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн төсөл 1.7 их наяд төгрөг, арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлсэн төсөл 1 их наяд төгрөг байсан. Арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн 66 хувь нь Голомт, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн гурван банкаар дамжсан бол 34 хувь болох 398 тэрбум төгрөг бусад 8 банкаар дамжсан байдаг.

Хөгжлийн банкны санхүүжилттэй холбоотой хуудуутай баримтуудаас хүргэхэд:

• “Шинэ төмөр зам” төслийн хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар гаргасан. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан.

• Гудамж төслийн хүрээнд зарим ажлууд авто замын барилгын ажлын зураг төсөл хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлтийг аваагүй буюу төсөвт өртгийг баталгаажуулахгүйгээр гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Төсөвт өртөг үндэслэлгүйгээр өссөн.

 • Хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх байтал Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчид уг төслөөр бий болсон дэд бүтцийг худалдан авсан. Төсөл хэрэгжүүлсэн компанид бий болсон эрсдэлийг төр худалдан авах замаар өөрт шилжүүлэн авсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК-ийн барьсан авто замыг Эрдэнэс МГЛ ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн.

• Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013- 2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан.

•Амгалан дулааны станцын төсөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд 3 удаагийн гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.

• Төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн. Зөвхөн цалингийн зардалд 1,484,800 мянган төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн.

 • Шинэ Яармаг орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоолгүй гаргасан. Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар “Монроуд” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г анх 440 сая төгрөгөөр байгуулсан боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дүнг 1,895,550,885 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэрээг нэмэгдүүлэх болсон шалтгаан, тооцоолол байхгүй гэхчлэн анхаарал татсан асуудлууд бий. Гэвч өнөөдөр Хөгжлийн банктай холбоотой зөрчлүүдийг хуулийн байгууллага хэрэгсэхгүй байгаа янзтай байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдох “Шинэ төмөр зам” төслийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдгийг АТГ-аас албан ёсоор мэдээлсэн. Овоолсон шороо гэх тодотгол дагуулсан “Шинэ төмөр зам” төсөлд 280 сая ам.доллар буюу 722 тэрбум төгрөг зарцуулагдсан байдаг. Хөгжлийн банкнаас мөнгө нь шийдвэрлэгдэж очсон ч, хөрсөн дээр буусан гүйцэтгэл нь үнэхээр бодьтой юу гэдэг нь өнөөдрийг хүртэл анхаарал татсаар байгаа юм.


ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН МӨНГИЙГ ТОГТВОРГҮЙ АШИГЛАСАН БАРИМТУУД

Олны эрх ашгаар түрээ барьж, төрд данстай мөнгийг хэсэг бүлгээрээ зувчуулсан тухай бас нэг том сэдэв бол ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР юм. Уг нь нэр нь сайхан. Гэвч үнэхээр үнэ тогтворжуулсан уу, эсвэл эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий хэдэн компанийн угж болгож хувиргасан уу гэдэгт анхаарах л ёстой. Төв банкны зүгээс хөтөлбөрийн үр дүнд нийлүүлэлтийн гаралтай инфляци 3 жилийн дотор 0 болсон. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци 3 жилийн дотор 14 хувиас 1.9 хувь болж буурсан, инфляци нам, тогтвортой түвшинд хадгалагдах нөхцөл бүрдсэн гэж тайлбарлаж байсан. Гэвч мөнгө хэвлэж хэрэгжүүлсэн хөтөлбөр асуудлыг үндсээр нь шийдэх шийдэл байгаагүй, гал унтраах л арга байсан гэж хэлэх эдийн засагчид бий.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүдийн хүрээнд Монголбанкнаас 4.8 орчим их наяд төгрөгийн санхүүжилт олгосноос, орон сууцны зээлийн хөтөлбөрийг хасч тооцвол 2012- 2016 онд 1,167.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монголбанк банкуудад олгосон байдаг. Орон Тогтворжуулах хөтөлбөрийн мөнгийг Тогтворгүй ашигласан баримтууд! сууцны зээлийн хөтөлбөрүүдээс бусад хөтөлбөрүүдийн хувьд хэрэгжилт бүрэн зогсож, эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдсөөр 2017 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 24.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж Эдийн засгийн байнгын хорооноос томилогдон ажилласан Ажлын хэсгийн зүгээс мэдэгдэж байсан юм.

Тэгвэл Монголбанкны хийж байсан тооцооллоор хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл 2016 оны эцэст 26.4 тэрбум төгрөг, 2017 оны эцэст 0.5 тэрбум төгрөг байна гэж тооцож байв. Тэгэхээр хөтөлбөрийн хүрээнд зээл авсан аж ахуй нэгжүүд эргэн төлөлт хийхдээ хариуцлагагүй хандсан нь харагдаж байгаа юм. Түүнээс гадна үнэ тогтворжуулах ёстой мөнгийг компаниуд зориулалтын бусаар ашигласан баримтууд бий. Энэ бол ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий компаниуд авч ашигласантай яг адил асуудал гэдгийг хэлэх хэрэгтэй. Үнэ тогтворжуулах асуудал нийт иргэдэд хамаатай ч, зээлийн мөнгө нь эдийн засгийн тооцооллоор бус улс төрчдийн үзэмжээр хуваарилагдаж, зориулалтын бусаар зарцуулагдсан байдаг. Тухайлбал,

Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтэд:

“Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг шатахууны импортын төлбөр тооцоонд ашигласан эсэхийг төлбөрийн баримт, гаалийн бүрдүүлэлт, дансны хуулгатай тулган шалгасан аудитаар аж ахуй нэгжүүд хөнгөлөлттэй зээлээс 94.4 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулж дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.1.1 дэх “Хэрэгжүүлэгч компани нь санхүүгийн үүсмэл хэрэгслийг шатахууны жижиглэнгийн импортын төлбөр тооцоо хийхэд ашиглана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тухайлбал,

 -”Хөрс автосервис” ХХК санхүүгийн үүсмэл хэрэгслийн эх үүсвэрээс 389.4 сая төгрөгөөр дотоодын ААН- ээс шатахуун худалдаж авсан, 508.9 сая төгрөгөөр өмнө нь авсан байсан шугамын зээлийг хаасан, 579.4 сая төгрөгийг бэлнээр авч зарцуулсан,

-”Синчи Ойл” ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 864.6 сая төгрөгөөр Магнай трейд, Шунхлай, Хөвсгөл трейд, Петрожамп зэрэг дотоодын ААН-ээс шатахуун худалдаж авах, агуулахын түрээс төлөх зэрэгт зарцуулсан, өмнө нь авсан 642.5 сая төгрөгийн шугамын зээл (2012 онд 290.9 сая, 2014 онд 351.6 сая төгрөг)-ийг хаасан,

-”Шунхлай” ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс зээл төлөхөд 56,199.0 сая, группын хооронд утга тодорхойгүй гүйлгээ хийхэд 20,029.9 сая, санхүү, хуулийн үйлчилгээ авах, гэрээний торгуулийн төлбөр төлөх зэрэгт 410.5 сая, мазут, битум худалдан авахад 1,151.9 сая, машин, дизель мотор худалдан авахад 922.4 сая, батерей худалдаж авахад 371.9 сая төгрөг тус тус зарцуулсан, Хьюндай моторс ХХК-д 875.3 сая төгрөг шилжүүлсэн, своп хэлцлээр авсан 2.5 сая ам.долларыг дансандаа удаан хугацаагаар байршуулсан,

-”Ойн бирж” ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс өмнө нь авсан байсан 5,043.5 сая төгрөгийн шугамын зээл хаасан, хувь хүний дансанд 42.2 сая, газын клонк худалдан авахад 69.2 сая, ШТС- ын сэлбэг, үнийн самбар худалдан авахад 59.5 сая, мазут худалдан авахад 391.7 сая, татварын өр төлөхөд 5.9 сая төгрөгийг тус тус зарцуулсан,

-”НИК” ХХК нь форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 888.0 сая төгрөгөөр битум, 492.8 сая төгрөгөөр тос худалдан авсан, 1,844.5 сая төгрөгөөр шугамын зээл төлсөн,

-”Содмонгол” ХХК нь форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 358.1 сая төгрөгөөр шугамын зээлийн хүү төлсөн, Ундарга-Увс ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 610.0 мянган ам.долларыг зах зээлийн ханшаар төгрөгт хөрвүүлэн төлбөр тооцоо хийсэн, 1,340.2 сая төгрөгийг дотоодоос шатахуун худалдан авах зорилгоор хувь хүний дансанд шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Монголбанкнаас хөтөлбөрт хамрагдсан компаниудын шатахуун татан авалтад зориулж 2013 оны нэгдүгээр сарын 25-наас 2015 оны гуравдугаар сарын 18-ны хугацаанд нийт 1,579.95 сая ам.долларыг хөнгөлөлттэй ханшаар худалдсан байна.

Энэхүү ханшийн хөнгөлөлтөөс Монголбанк нийт 354,278.43 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Хөтөлбөрт хамрагдсан компаниудад 2012 оны арваннэгдүгээр сараас 2014 оны гуравдугаар сарын хооронд нийт 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар дамжуулж олгосон байна. Харин арилжааны банкууд Монголбанкны зээлийн хүү дээр 2.91 хувийн ашиг нэмж дэд хөтөлбөрт хамрагдсан шатахууны компаниудад жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээлсэн байна. Уг зээлийн хүү нь тухайн үеийн Монголбанкны бодлогын хүүгийн дунджаас 13 дахин бага буюу 11.26- аар бага байсан байна. Монголбанк энэхүү зээлийн хүү болон бодлогын хүүгийн зөрүүгээс нийт 54,152.73 сая төгрөгийн алдагдал хүлээжээ.

Дэд хөтөлбөрт хамрагдсан компаниудад хөнгөлөлттэй зээлийг хуваарилахдаа компаниудын шатахуун түгээх станцын тоонд үндэслэж хуваарилсан байна. Компаниудын зүгээс дээрх нөхцөл байдалтай уялдуулж автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг бууруулах бүрэн боломжтой байсан ч Засгийн газраас татварын зохицуулалт хийж байгаа гэдгээр халхавч хийж жижиглэнгийн үнийг SIFS дэд хөтөлбөр хэрэгжих хугацаанд бууруулаагүй гэж дүгнэжээ. Монголбанк уг хөтөлбөрийн улмаас нийт 408,4 тэрбум төгрөгийн хүүгийн болон валютын ханшийн алдагдал хүлээж байхад хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн татварын тайлангаас харахад ашгийн хувь хөнгөлөлттэй зээлийг олгох үед 1.6 хувь байсан бол зээл олгосны дараа 2013 онд 4.8 хувь, 2014 онд 6.9 хувь, 2015 онд 7.8 хувь болж тус тус нэмэгдсэн байдаг.

Тэгэхээр шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр 408.4 орчим тэрбум төгрөгийн алдагдал дагуулжээ гэж үзэх үндэслэлүүдийг сая өгүүллээ.

Тэгвэл Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн санхүүжилтэд анхаарал хандуулъя.

Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах хөтөлбөрт гол нэр төрлийн материал үйлдвэрлэгч, импортлогчдод эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөхөд зориулж 379 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан байдаг. Зардлыг задалж харвал:

Барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад 64 тэрбум;

Зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал (цемент, арматур)-ын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад 265 тэрбум;

Дэвшилтэт технологи бүхий, байгаль орчинд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх төслүүдийг дэмжихэд 50 тэрбум төгрөг байхаар баталжээ.

Харин Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн санхүүжилтийн нийт дүн нь 800 тэрбум төгрөг байхаар дэд хөтөлбөрт тусгасан байна. Энэ хөтөлбөрийн хувьд Ипотекийн хоёрдогч захыг хөгжүүлэхийн тулд эхний үе шатанд санхүүгийн эх үүсвэрээр хангах, Ипотекийн хоёрдогч захад үйл ажиллагаа явуулах үндсэн санхүүгийн байгууллагыг бодлого зохицуулалтаар дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Тэгвэл 2015 онд хийгдсэн ШӨХТГ-ын Улсын байцаагчийн дүгнэлт болон 2016 онд гарсан аудитын тайланд “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд зарим ААН- үүд гэрээний үүргээ биелүүлээгүй, орон сууцны барилга, оффисын болон бусад зориулалтаар барилга барьсан, арилжааны зээл төлсөн, дотоодоос цемент, арматурын худалдан авалт хийсэн нь БХБЯ- тай байгуулсан төсөл хэрэгжүүлэх гэрээний 4.1.8, 4.4.9 дэх заалтуудыг зөрчсөн гэж тус тус тэмдэглэгджээ. Тухайлбал:

”Билгүүнтрейд” ХХК нь 5 тэрбум төгрөгөөр цемент оруулж ирээд борлуулалгүй эргэлтийн хөрөнгөнд ашигласан.

“Очирням” ХХК 2 тэрбум төгрөг хөтөлбөрийн хүрээнд авч, импортоор цемент оруулж ирээгүй, борлуулалт хийгээгүй.

“Монос констракшн” ХХК ГЕГ-ын мэдээнээс 1.3 тэрбум төгрөгөөр цемент оруулж ирсэн нь нотлогдоогүй.

“Суурь” ХХК 2 тэрбум төгрөг авсан хэрнээ цемент борлуулаагүй. Оруулж ирээд өөрийн эргэлтийн хөрөнгөнд ашигласан.

“Миротек” ХХК 1 тэрбум төгрөг авсан хэрнээ ГЕГ-ын мэдээнээс цемент оруулж ирсэн нь нотлогдоогүй.

“Төмөрттранс” ХХК 4 тэрбум төгрөг авч, эргэлтийн хөрөнгөнд ашигласан.

“Бүрд констракшн” ХХК 1.5 тэрбум төгрөг авч, эргэлтийн хөрөнгөнд ашигласан

“Ганрекс” ХХК 1.5 тэрбум төгрөгөөр дотоодоос худалдан авалт хийж, гэрээний үүргээ биелүүлээгүй.

“Пума” ХХК орон сууц барьсан.

“Эрэл” ХХК өмнө нь авсан зээлээ төлсөн.

“Мост интернэшнл” ХХК, “Анимук” ХХК, “Мөнгөн балгиа” ХХК, “Энх дөлгөөн далай” ХХК, “Баялаг говь” ХХК, “БОСБД” ХХК, “БТТ инженеринг” ХХК зэрэг компаниуд Зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь хяналт шалгалтаар тодорхой болсон байдаг. Тэгэхээр компаниуд хөтөлбөрийн хүрээнд авсан мөнгөө гэрээнд тусгагдаагүй, зориулалтын бусаар зарцуулсан байгаа нь, Үнэ тогтворжуулах тухай үндсэн чиглэлийг умартаж, бизнесийн хувь эрх ашигтаа түмний татварын мөнгийг зарцуулсан болж таарч байна.

Тодотгоход, Монголбанк 2012 оны арваннэгдүгээр сараас эхлэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон аж ахуйн нэгж, байгууллагуудад арилжааны банкуудаар дамжуулан зээл олгосон. Харин зээлийн нөхцөл болон хугацааг Засгийн газар тодорхойлж байсан. Оролцогч банкууд бие даан зээлийн нөхцөлийг тодорхойлох боломжгүй. Хөтөлбөрт хамрагдах аж ахуйн нэгж байгууллагуудыг Засгийн газар сонгон шалгаруулсан болохыг Монголбанкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн Ажлын хэсгийн зүгээс мэдэгдэж байв.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн Дэд хөтөлбөр болох “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөр”-т махны нөөцийн менежерт эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгож, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах замаар махны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцөлийг тогтмол хангах зорилтыг хэрэгжүүлэхэд нийт 87 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тусгасан байдаг. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайланд “Нөөцийн махны менежер”-ийн сонгон шалгаруулалтыг авч үзэхэд 2013, 2014, 2015 онд “Эй Эн Ди Эм” ХХК, “Баатарууд тэнгэр” ХХК-ийг сонгон шалгаруулсан нь дэд хөтөлбөрийн заалтыг зөрчсөн байна гэж үзсэн байдаг.

Тэгвэл гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрт гурилын үйлдвэрүүдэд шинэ ургацын улаан буудай худалдан авахад хөнгөлөлттэй зээл олгох замаар гурилын жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцөлийг тогтмол хангах зорилтыг дэвшүүлж, 61 тэрбум төгрөгийн зээл төлөвлөсөн.

Тус дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ААН-ийн сонгон шалгаруулалтыг авч үзэхэд 2-6 шалгуур үзүүлэлтийг хангаагүй “Од групп” ХХК, “Эрдэнэт” фүүдс ХХК, “Жавхлант” групп ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Милл хаус” ХХК, “Улаан од” ХХК зэрэг гурилын үйлдвэрийг шалгаруулж 73.9 тэрбум төгрөгийн зээл олгосон нь ҮХААЯ энэхүү дэд хөтөлбөрийн 2.7.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл болжээ.

Мөн “Дархан таван нуур” ХХК- ийн захирал 314 сая төгрөгийг хувьдаа зарцуулсан, 157.9 сая төгрөгийг баримтгүй зарцуулсан, “Орхон Мандал” ХХК 2012 оны ургац хураалтын шатахуун, сэлбэгт 67.3 сая төгрөг, комбайн худалдан авахад 72.5 сая төгрөг зарцуулсан буюу нийт 611.7 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалт бусаар зарцуулсан, “Интосэ” ХХК 1 тн улаан буудайг 550 мянган төгрөгөөр худалдан авсан гэж байгаа ч, улаан буудайн төлбөрийг шилжүүлсэн баримтгүй улаан буудай авсан нь баримтаар нотлогдоогүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрт хүнсний зориулалттай зоорь, агуулах барих сонирхолтой хувийн хэвшилд хөнгөлөлттэй зээл олгох замаар стандартын шаардлага хангасан олон тооны зоорь, агуулах барих нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавьж, 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор тусгагдсан байна. Тэгвэл аудитын шалгалтаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ААН-ийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа ҮХААЯ-ны боловсруулсан “Төсөл сонгон шалгаруулах баримт бичиг”-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй 12 ААН-ийг шалгаруулж, 35.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн “Мөнххалдун” ХХК 1.6 тэрбум төгрөг, “Агро альфа” ХХК нь 786.4 сая төгрөг, “Алтан давхарга” ХХК 1.9 тэрбум төгрөг, “Евролайн” ХХК 4.6 тэрбум төгрөг, “Органик солюшинс” ХХК 4.1 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь баримтаар нотлогдоогүй аж.

Эрх мэдэлтнүүдэд очдог КОНЦЕСС

Иргэдийн татварын мөнгийг бүлэглэн ашиглахад олон суваг хэрэгтэй байдаг аж. Тухайлбал, өөрийн хөрөнгөөрөө хийчихээд дараа нь засгаас мөнгийг нь авчих концессын төслүүд юм. Нэр бүхий улс төрчдөөр овоглосон концессын төслүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хамаарах “ О ю у т о л г о й - Ц а г а а н с у в а р г а чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл” буюу 78 тэрбум 752 сая төгрөгийн концесс байна.

С.Бямбацогт гишүүний “Алтай трест” ХХК 77 тэрбум төгрөгийн концессийн төсөл хэрэгжүүлэх эрх авсан бол, Ж.Мөнхбат гишүүн Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогццэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төслийг 87 тэрбумаар гүйцэтгэх концесстой хамаатай.

Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан, “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл” болох 211 тэрбум, 373 сая төгрөгийн концесст эрх мэдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Бас “Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийн 234 тэрбум 160 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий концесс. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа өөрийн тойрогтоо “хуваарилсан” 26 тэрбум төгрөгийн концесс гэхчлэн тооцоод үзвэл 750 орчим тэрбум төгрөгийн концесс өмнөх засгийн үед задарч, асуудал үүсгэж байв.


ХУВЬСГАЛ НЭХСЭН ЖДҮ БА 13 ИХ НАЯД ТӨГРӨГ


-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд: 4.8 орчим их наяд төгрөг

-Улстөрчдийн КОНЦЕСС: 750 тэрбум төгрөг

-Хөгжлийн банкны зээл: 6 их наяд төгрөг

- ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: 840 тэрбум төгрөг

-АСЕМ: 233 тэрбум

                       НИЙТ: 13 ИХ НАЯД ТӨГРӨГ


ЖДҮ бол мөсөн уулын орой. Уулын орой руу өгсөх, буухын аль аль нь амар биш.Төдийгөөс өдийг хүртэл бугшсан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн луйврын хэрэг илэрч, задартлаа, улс төр хийгээд эдийн засгийн амаргүй олон л үйл явцыг тойроогүй дайраа биз.Тэгвэл ЖДҮ- ийн хэрэг явдлыг хөвөрдөн бусад тусгай сангууд болоод Хөгжлийн банкны, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн гэхчлэн олон том идээ бээрийг уудлах хүлээлт нийгэмд зүй ёсоор эхэлчихээд байна.

Мөсөн уулын орой урсаж хайлах тусам хэдэн их наядаар хэмжигдэх төрийн луйврууд тодорно гэдгийг нийгэм даяар нэгэнт ойлгожээ. Энэ бол ОЛОЛТ. Гэхдээ бүгдээрээ ойлгож, мэдлээ гээд өөрчлөлт дагуулсан шийдэлгүйгээр үр дүн наашлахгүй. Төрд гарсан хүмүүс идэж л байдаг, завшиж л байдаг гэсэн хүлцэнгүй хандлагадаа хувьсгал хийж, нийгмээрээ эрүүл хийгээд шинэ зохицуулалтыг ШААРДАХ ёстой юм.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл, АСЕМ-ын санхүүжилт, концессын хуваарилалт гээд бүгдийг нь харахад ЭРХ МЭДЭЛТНҮҮД үргэлж ДАВУУ ЭРХ эдэлдэг нь харагдаж буй. Өнгөрсөн жилүүдэд олон янзын нэршилтэйгээр хуваарилагдсан тэрбумаар биш их наядаар хэмжигдэх мөнгөөр ЖИНХЭНЭ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН байгуулсан бол өнөөдөр Монголын эдийн засгийн өнгө төрх ямар байх байсан бол. Хүн амын 30 хувийг хамарсан ядуурал хэдий хэмжээгээр буурах байсан Хувьсгал нэхсэн ЖДҮ ба 13 ИХ НАЯД ТӨГРӨГ бол?

Өнгөрсөн жилүүдэд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 5 орчим их наяд төгрөг хэвлэсэн бол сайд дарга нар Концессын төслөөр халхавчлан 750 тэрбум төгрөгийг төрөөс зувчуулах алхам хийжээ. Харин Хөгжлийн банкнаас ил мэдэгдэж байгаа нь 6 их наяд төгрөг урсан гарчээ. Тэгвэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сан байгуулагдсанаас хойш 800 гаруй тэрбум төгрөг зээл хэлбэрээр хуваарилагдсаны хэд хэчнээн нь ЖДҮ-чдийг дэмжсэн бэ? Эдийн засагт “аврах хантааз”-ын үүрэг гүйцэтгэж чадах ЖДҮ-ийг дээр дурдагдаад буй тарааж цацсан 13 их наяд төгрөгөөр ХӨГЖҮҮЛЖ болох л байж.

Жинхэнэ ЖДҮ-чдийг дэмжих САН байгуулаад 13 их наяд төгрөгийг зориулсан бол энэ улс оронд их зүйл өөр байх байсан гэдэгтэй эрхэм уншигч та санал нийлэх биз ээ.

ЖДҮ-ийн зээлийн луйвар ил болсны араас санаа оноогоо хэлж буй судлаач, эдийн засагчид олон байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг эрүүлжүүлэхийн тулд олон гарц хэлж байгаа. Төслөө тэвэрсэн мянга мянган ЖДҮ-чид төрөөс эрүүл саруул бодлого хүлээж, шаардаж байна. Даварсан эрх мэдэлтнүүдийн даруулгагүй үйлдэлд боломж олгох хуулийн зүйл заалтуудыг өөрчлөхийн сацуу ЖДҮ-д хандах төрийн хандлагад бодлогын хувьсгал хийхийг цаг үе, эдийн засгийн нөхцөл байдал нэхэн шаардаж байна.

Нийтлэлч Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.91.112.130) 2019 оны 10 сарын 29

өө бурхан минь

0  |  0
zochin(203.91.112.130) 2019 оны 10 сарын 29

өө бурхан минь

0  |  0
zochin(182.160.0.236) 2019 оны 10 сарын 29

Budliantai ih hemjeenii ezendee ochoogui zeeliin uriig baragduulj baigaa medeelel taviachee.Ene tuhai medeelliig olon niit shaardaj huleej bna.

0  |  0
Я (66.181.181.192) 2019 оны 10 сарын 29

энээ юучаа бишээ хурээний хогийг ухвал энэнээс их новш гарнаа

0  |  0
7777(103.20.152.50) 2019 оны 10 сарын 29

Энэ юу болж байна даа.. Төрийн сүлд өршөөг ...

0  |  0
Top