ҮЛЭМЖ ТӨГӨЛДӨР: Бизнес хатагтайн замнал

2019 оны 10 сарын 28

“Зиндаа” сэтгүүлийн 2019 оны №13 дугаар дугаараас онцолж байна.


Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимын дарга Магваны Оюунчимэг хатагтай бол хэвлэлийн хуудаснаа цөөн үзэгддэг хүмүүсийн нэг. Сэтгүүлчдийн хувьд үнэ цэнэтэй зочин түүнийг Зиндаа сэтгүүл “Үлэмж төгөлдөр” булангийнхаа хойморт урьж, Монголын бизнесийн салбарын хөгжлийн сэдвээр ярилцахыг зорьсон билээ.


Олимпын өвөө хэмээгддэг Магван гуайн охин тэрбээр аав ээжээс есүүлээ ажээ. Аавтайгаа хоёр ч олимп үзсэн түүнээс сэтгэгдлийг нь асуухгүй өнгөрч түвдсэнгүй. Тэр ийн ярьж байна.

...Олимпыг бид эв нэгдлийн бэлгэ тэмдэг, дэлхийн эв нэгдлийн баяр гэдэг шүү дээ. Тийм ч учраас “Олимпод ялах нь бус, оролцох нь чухал” гэж ярьдаг байх. Миний үзсэн анхны олимп бол 1992 оны Барселоны олимп, хоёр дахь нь Лондонгийн олимп байлаа. Марафон надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Барселоны олимпод боксын Баясаа маш хүнд байдлаас тэсвэр тэвчээр гарган медаль авах мөч гайхамшигтай сайхан санагдсан. Үнэхээр мартагдашгүй...

Олимпын дараахан Испанийн Танхимтай холбоо тогтоож анхны гурвалсан төслийг Испани, Италитай хамтарч үндэснийхээ Танхим дээр хэрэгжүүлж байлаа. Энэ төсөл Монголын компаниудыг Европын компанитай холбох гүүр нь болсон юм. Ингэж Испани оронд анх хөл тавьж байсан минь өнөөдөр намайг Испани улсын Өргөмжит консул болон Монголд суух эхлэл ч байсан юм билүү...

Тийм ээ, хатагтай М.Оюунчимэгийн ажил амьдрал нь айлчлал, уулзалт, арга хэмжээ бүхий үйл явдлаар дүүрэн өрнөдөг. Хүүхэд байхаасаа л аавыгаа даган Олон улсын Олимпын хорооны хурал чуулган, дээд хэмжээний уулзалт, хүлээн авалт, арга хэмжээнд олонтоо оролцож, олон улсын түвшний бизнес, ажил хэргийн ёс зүй, дэг жаягт нүд тайлсан тэрбээр өдгөө Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим хэмээх их айлыг удирдан эх орныхоо нүүр царай болж явна.

Москвад Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч- референт мэргэжлээр төгссөн түүний анхны гадаад хэл нь орос, хоёр дахь нь испани хэл байв. Англи хэлийг дунд сургуульдаа үзэж, хожим гүнзгийрүүлэн эзэмшсэн тэрбээр 23-р сургуулиа “бидний монгол хэлийг мартуулаагүй сайн талтай” хэмээн бахархан дурсдаг.

...Чөлөөт цаг л гарвал гэр бүлтэйгээ хамт байхыг боддог. Бид бүгдээрээ ажил амьдралтай тул байнга уулзаж чадахгүй. Амралтын өдрөөр аавындаа цуглаж хоол хийж иднэ. Зуны улиралд гэр бүлээрээ хээр хөдөө гарна. Долоо хоног бүр гэртээ цаг зав гаргая, ном унших, хөгжим сонсоход цаг зарцуулъя гэж хичээдэг хэмээн тэр хуучилсан юм.

Аливаа байгууллагыг удирдаж буй эмэгтэй хүн хамт олноо хоёр дахь гэр бүлээ хэмээн үздэг тэрхүү жам түүнийг ч тойрсонгүй. Олон янзын зан араншинтай хүмүүсийг нэг зорилгын төлөө нэгтгэнэ гэдэг асар их хүч, арга ухаан шаардах нь мэдээж. Тэрбээр “Энэ байгууллагад би удаан ажиллаж байгаа ч, яг байгууллагаа удирдаад хүний нөөц, аж ахуйгаа хариуцаж ажиллахад нэгдмэл санаатай хамт олон минь их дэм болж байна. Ер нь миний ажил ажлын цагаараа дуусдаггүй. Өдөр нь гадны хүмүүс болоод манай гишүүн байгууллагууд ирж уулзана. Олон уулзалт, арга хэмжээ, семинаруудад илтгэл тавьж оролцоно. Гэртээ ороод ажлаа үргэлжлүүлэх нь олонтоо. Хувь тохиолоор анх сургууль төгсөж ирээд энэ байгууллагадаа хамгийн бага албан тушаалаас нь ажиллаж эхлэн, өнөөдөр байгууллагаа удирдах хэмжээнд хүрсэн учраас өөрийн хийж чадах бүхнээ дайчлах хүсэл тэмүүлэл их байдаг” хэмээн тэр ярилаа. Өглөө ирэхдээ л өдөртөө амжуулах ажлын санаа, төлөвлөгөөтэй ирдэг учраас хийж байгаа ажилдаа машид сэтгэл ханамжтай байдаг нь түүний ярианаас мэдрэгдэнэ. Тэр тусмаа Танхимд ажиллаж байгаа хүн ганцхан салбарт төвлөрөөд ажиллах бус, маш өргөн хүрээтэй олон салбарыг мэддэг байх ёстой хэмээн үздэг учир, энэ чиглэлд ажилтнуудаа уриалан дагуулдаг нь түүний удирдагчийн хэв шинжийн гол онцлог ажээ.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд хэдий чинээ олон байна, нийгэмд төдий чинээ эерэг нөлөө үзүүлдэг нь дэлхийн олон улс оронд нэгэнтээ батлагдсан зүйл. Ямар үндэстэн ястан байхаас үл хамааран нийгмээ хөгжүүлэх тал дээр эмэгтэйчүүд илүү сайн төлөвлөж чаддаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд нь хүмүүсийн сайхан амьдрах бүхий л талыг бодолцож, нөхцөл байдлыг нарийн мэдрэмжтэйгээр харж чаддагтай энэ бүхэн холбоотой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Хатан ухаан гэж юуг хэлэх вэ? хэмээн асуухад минь “Удирдагч хүмүүсийн түвшинд ярья л даа. Аливаа юмыг удирдана гэдэг маш хэцүү. Тэр бүхэнд хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн хандаж, хөрвөх чадвартайгаар голыг нь олсон зөв шийдвэр гаргахын тулд уян хатан байх ёстой. Уян хатан чадвараас гадна хүнлэг чанар, бүхий л асуудлыг олон талаас нь харж оновчтой шийдвэр гаргаж амьдрах тэр ухааныг л хатан ухаан гэж ойлгодог” хэмээн хариулсан.

Эмэгтэйчүүд олон хүнд давааг давж байж хүлээн зөвшөөрөгддөг. Тэр тусмаа бизнес эрхэлж, төрд зүтгэж буй эмэгтэйчүүд нийгэмд гүйцэтгэх үүргээсээ гадна боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд цаг зав гаргаж, бусдаас дутахгүй энэ ажлыг хийж чадна гэдгээ нотлон харуулах хэрэгтэй болдог. Энэ замыг тойрч бус туулж ирсэн МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг бол чухамхүү ийн нотлон харуулж чадсан нэгэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжих он жилүүдэд Монголын бизнесийн салбарын хөгжилд хөдөлгөгч хүч нь болж ирсэн Танхимын хамт олон, түүний удирдагч Бизнес хатагтайн замнал бахархам ажээ.


М.ОЮУНЧИМЭГ: БИЗНЕСТ ТӨРИЙН ОРОЛЦООГ БАГАСГАХ ТУСАМ ХҮНД СУРТАЛ, АВЛИГЫН АСУУДАЛ БУУРНА

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимын дарга М.Оюунчимэг “Үлэмж төгөлдөр” булангийн зочны хойморт уригдлаа.

-Юуны өмнө урилгыг маань хүлээн авч ярилцах болсонд баярлалаа. Та бизнес эрхлэгчдийн дээд байгууллага МҮХАҮТ- ыг даргалаад дөрвөн жилийг ардаа үдлээ. Гэхдээ үүнээс ч өмнө Танхимд олон жилийн хөдөлмөрөө зориулсан болохоор удирдлагаар ажиллах илүү үр дүнтэй байсан болов уу?

-Би сургуулиа төгсч ирээд 1985 онд Худалдаа, аж үйлдвэрийн танхимд орсон. Энэ цагаас хойш байгууллагадаа эксперт, ахлах эксперт, газрын дарга, Танхимын орлогч дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. 2015 оноос эдүгээ хүртэл бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ-ынхаа даргын үүрэгт ажлыг хашиж байна. МҮХАҮТ гэдэг энэ байгууллагыг удирдахад урд нь энэ байгууллагад олон жил ажиллаж байсан туршлага, мэдлэг чадвар маань их хэрэг болж байгаа. Бизнес эрхлэгчидтэй өдөр тутамд харилцаж, тэдгээрт учирч байгаа зовлон бэрхшээлийг зохистой шийдэж, даван туулахад нь дэмжлэг үзүүлж, бизнесийн орчныг таатай болгох чиглэлээр төр, хувийн хэвшлийн хооронд гүүр нь болж ажилладаг. Төр засгаас зөв бодлого гаргахад нь мэдээлэл, судалгааны материалаар хангах, бизнес эрхлэгчдийн оролцоо, дуу хоолойг тусгаж бизнест ээлтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ЗГ, УИХ- тай хамтран ажиллаж байна.

-Үнэхээр ч салбарт нь бодитоор тулгарч буй бэрхшээлийг төр засагт хүргэж байж хамгийн оновчтой шийдвэр, зохицуулалт гарах байх?

-Эдийн засгийг бүрдүүлж байгаа бизнес эрхлэгчдийг төр засаг зөв бодлогоор дэмжиж ажилласнаар улсын төсвийг бүрдүүлэхэд нь таатай нөхцөл бий болгох учиртай. Төр бодит хөрсөн дээр буухуйц бодлого боловсруулахад бизнес эрхлэгчдийн оролцоо чухал. Тиймээс Танхим УИХ, Засгийн газартай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, бизнест хамааралтай хуулиудын төсөлд бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, судалгаа хийх, эргээд хуулийн холбогдох заалтуудыг сурталчлах чиглэлээр хамтарч байна. Танхим нь хэдий гишүүнчлэлтэй ТББ боловч Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй мянган аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалж ажилладаг хувийн хэвшлийн төлөөллийн гол байгууллага юм. Танхимын дэмжлэг, үйлчилгээ зөвхөн Улаанбаатар хотод бус улс орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд хүрэх учиртай. Энэ үүргийг 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Салбар танхимууд маань биелүүлж ажилладаг. Орон нутгийн засаг захиргаатай хамтарч ажиллан, тухайн орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй нь уялдуулж бизнес эрхлэгчдээ дэмжих байдлаар ажилладаг.

-МҮХАҮТ бол улс төрийн нөлөөллөөс ангид, жинхэнэ “бизнесийн” зарчмаар ажиллаж чаддаг байгууллага гэж хардаг. Энэ зөв үү?

-МҮХАҮТ нь улс төрөөс ангид, төвийг сахисан олон нийтийн байгууллага. Энэ утгаараа бид Монголын эдийн засаг, бизнесийг дэмжих чиглэлээр шийдвэр гаргагчидтай хамтарч ажилладаг. Түүнээс бидний хийж буй үйл ажиллагаанд аль нэг нам, улс төрийн хүчинг дэмжсэн зүйл огт байдаггүй. Зөвхөн эдийн засгийн хөгжлийн бодлогод тулгуурлан хамтарч ажилладаг.

-Гэхдээ Танхим улстөржихгүй ч улс төрийн нөлөө бизнес эрхлэгчдэд маш их тусдаг талаар шүүмжилж ярьдаг шүү дээ?

-Хэтэрхий улс төржиж буй асуудал бизнес эрхлэгчдэд нөлөөлдөг нь үнэн. Ялангуяа орон нутгийн хэмжээнд аль нам гарч ирсэн түүнээсээ шалтгаалаад бизнес дэмжигдэхгүй байх жишээтэй. Энэ бол өнөөдөр Монголд байгаа бодит байдал. Ер нь энэ улстөржих асуудалд цэг тавих хэрэгтэй. Бид өнөөдөр цөөхүүлээ, гурван сая гаруйхан хүн амтай хэрнээ маш их баялагтай. Зөв менежментээр, нэг зорилго руу, нэг цонхоор харж чадвал гадаадын хөрөнгө оруулагчид, түншүүд ч биднийг илүү их хүндэтгэж, хамтарч ажиллах үйл ажиллагаандаа ч илүү итгэлтэй оролцох нөхцөлийг бүрдүүлнэ. Бид сандал ширээнийхээ асуудлыг яриад, улстөржөөд байвал улс орон урагш ахихгүй. Тэгэхээр төр засаг нь бизнесээ дэмждэг, зөв бодлого гаргадаг, бизнестэйгээ хутгалддаггүй, иргэдийн амьдралыг хэрхэн дээшлүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн дэмжихэд анхаараад, бусад нь хийдэг ажлаа хийгээд явбал болохгүй зүйл гэж байхгүй.

-МҮХАҮТ анх Худалдааны Танхим нэртэй байгуулагдаж байсан байх аа?

-Тиймээ. 1960 онд тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Гадаад худалдааны яамны дэргэдэх Худалдааны Танхим гэж анх байгуулагдаж байсан түүхтэй. Ингээд 1990 онд зах зээлд шилжихтэй зэрэгцэн 1995 онд Худалдааны Танхимын хуультай болсон.

-Зах зээлд шилжихээс өмнө Танхим ямар асуудал эрхэлж байсан юм бол?

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед Танхим Гадаад худалдааны яамны харьяа жижигхэн байгууллага байсан. Хамгийн их ачаалалтай ажил нь төвлөрсөн гэрээ контрактаар гаднаас орж ирж байгаа импортын барааны тоо чанарыг шалгадаг экспертизийн үйл ажиллагаа л байсан. Яагаад гэвэл тэр үед бүх импорт улс хоорондын гэрээгээр орж ирдэг байсан. Мөн “Гадаад худалдаа” сэтгүүл, арбитрын үйл ажиллагаа эрхэлдэг байсан.

-Харин одоо?

-Өнөөдөр бид УИХ-аас батлагдсан өөрийн хуультай, Монгол Улсын 21 аймагт салбартай, үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг, төр засагт бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүргэж чаддаг, орон даяар нийт бизнес эрхлэгчдийг төлөөлөхийн сацуу бүсийн болон олон улсын хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг байгууллага болсон.

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжих шилжилтийн үед Танхим шинээр зохион байгуулагдаж, бизнесийн төв байгууллага болсон байх. Тэр үед тулгарч байсан саад бэрхшээл юу байв?

-Ардчилсан хувьсгал ялсан тэр үед бид зах зээлийн эдийн засагт шилжсэн. Шилжилтийн эхэн үед манайд хувийн хэвшил огт байгаагүй. Бөөний худалдааны төв, Материал импекс гэх мэтчилэн төрийн өмчит компаниудтай харьцаж байсан. Гол нь тэр байгууллагууд бүгдээрээ Худалдаа бэлтгэлийн яам буюу Гадаад худалдааны яамны нэгдэл гэх ийм харьяалалтай байсан. Хувьчлал эхэлснээр компаниуд байшин барилгыг худалдаж авахаас эхлээд шууд зах зээлийн журмаар үйл ажиллагаа явуулна гэхэд мэдлэгийн хувьд ч хомс, үйл ажиллагаа нь ч жигдрэх болоогүй байсан. Тэр үед манай Танхимын үүрэг өнөөдрийнхтэй харьцуулбал тэс өөр байсан. Зах зээлийн нийгэмд шилжиж байгаа компаниудынхаа чадавхыг илүү дээшлүүлэх, түнш олж өгөх, тухайн компанийг утсгачихалгүй цааш нь авч явахад нь ямар тусламж хэрэгтэй байгааг тодорхойлж тэдэнд дэмжлэг үзүүлэх нь чухал байсан.

Өнөөдрийн бидний мөрдөж байгаа хууль, эрх зүйн актууд тэр үед ихэнх нь байгаагүй. Танхим маань олон Засгийн газартай хамтын үйл ажиллагаа өрнүүлж байсан маш баялаг түүхтэй. Өнөөдөр Олон улсын хэмжээнд нэр хүндтэй болсон компаниуд маань тэр үед үүсэж байсан. Тэр компаниудыг гадаадын зах зээлд гаргах, түнштэй холбож өгөх, гадаадын Танхимуудтай хамтын үзэсгэлэн, форум зохион байгуулах, зах зээлд танилцуулах аяллууд маш их хийгдэж байсан. Өнөөдөр амжилттай яваа компанийн захирлууд бидэнтэй цуг нэг бизнес групп болоод л явдаг байсан. Анх ганзагын наймаагаар эхэлж байсан бизнес эрхлэгчид маань өнөөдөр Монголын ТОП бизнес эрхлэгчид болж, өөрсдийн үйл ажиллагааг олон улсын түвшинд авч явах чадвартай болсон байна.

-1990 онтой эргээд харьцуулахад маш их өөрчлөгджээ. Гэсэн ч шинээр төрөн гарч байгаа залуучуудад чамлагдахгүйн тулд илүү их хичээл зүтгэл гаргахыг шаардаж байна уу?

-Аливааг өөдрөгөөр харж байж түүн рүүгээ тэмүүлдэг. Тиймээс би Танхимынхаа 156 ажилтанд, бизнес эрхлэгчдэдээ чанартай, шуурхай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхийн тулд мэдлэг боловсролоо үргэлж дээшлүүлж байх шаардлага тавьдаг. Бид үйлчилгээний байгууллага. Тиймээс ч алхам тутамдаа хөгжих ёстой. МҮХАҮТ нь Монгол Улсын хэмжээнд чанарын менежментийн ISO 9001-2015 стандартыг нэвтрүүлсэн анхны ТББ боллоо. Энэ бол манай Танхимын нийт ажилтнуудын нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм аа.

-Хууль, эрх зүйн орчноос гадна хүнд суртал, авлигын асуудал бизнес эрхлэгчдийг нэлээд чирэгдүүлдэг гэж байсан?

-Танхим бизнесийн орчны болон хүнд суртлын индекс тодорхойлох судалгаануудыг явуулдаг. Гол зорилго нь бизнест тулгарч байгаа бэрхшээлүүдийг тодруулж, түүнийг шийдвэрлэх зам, зохицуулалтыг бий болгоход чиглэгдэнэ. Өнөөдөр бизнес эрхлэгчид яагаад сэтгэл ханамжгүй байна гэхээр хуулиа дагаад гаргаж буй журам дүрэм нь төрийн байгууллагаас бизнесийн үйл ажиллагаанд хутгалдан, хүнд суртал гаргах нөхцөлийг зарим талаар бүрдүүлж байна. Саяхан бид 54 төрийн байгууллагаас аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа 914 үйлчилгээнд судалгаа хийсэн. Энэ судалгааныхаа үр дүнг Засгийн газраас байгуулагдсан зөвшөөрлийн хуулийг шинэчлэх ажлын хэсэгт хүргүүлсэн. Ийм байдлаар бид бизнесийн хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газар, УИХ-тай идэвхтэй, эргэх холбоотой хамтран ажиллаж байна.

-Төрийн байгууллагын чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх асуудал их яригддаг. Энэ талаар ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Үе үеийн Засгийн газраас төрийн байгууллагын зарим чиг үүргийг ТББ мэргэжлийн холбоодод шилжүүлэх талаар олон жил ярьсан боловч дорвитой үр дүн гарахгүй байна. Бизнест төрийн оролцоог багасгахын тулд салбарын асуудлаа сайн мэддэг мэргэжлийн байгууллагуудад нь хариуцуулах нь илүү үр дүнтэй, нөгөө талаас бизнес эрхлэгчид татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдын тоог цөөлөх, шат дамжлага, хүнд суртлыг арилгах, авлига, хээл хахуулийг үгүй хийхэд маш их үр өгөөжтэй ажил болно.

Жишээ нь аж ахуйн нэгжийн бүртгэлийн үйл ажиллагааг МҮХАҮТ-д шилжүүлбэл одоо хэрэгжиж байгаа, зөвхөн бүртгээд гэрчилгээ олгодог энэ байдлыг өөрчилж шинээр бүртгэгдсэн бүх аж ахуйн нэгжүүд Танхимаас үзүүлж байгаа бүх үйлчилгээнд хамрагдах нөхцөл бүрдэнэ.

-Бизнес эрхэлж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх бодлогын арга хэмжээнүүд нэлээд явагдаж байгаа юм байна. Дөнгөж бизнесээ эхэлж буй залуус бизнес рүү харанхуй орж байна гэхэд хилсдэхгүй. Энэ талаар Танхим ямар ажил хийж байгаа вэ?

-Бизнес эрхэлнэ, худалдаа хийнэ гэдэг маань маш том шинжлэх ухаан. Өнөөдөр манайд дөнгөж гарааны бизнесээ эхлүүлж байгаа хүмүүс хоёр янз байна. Өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшээд, юм сураад ирсэн залуу үе нэг хэсэг нь байна. Энэ бол илүү инноваци, мэдээллийн технологийг ашиглаад гарааны бизнес эхэлж байгаа нэг хэсэг. Нөгөө хэсэг нь жаахан хуримтлалтай болсон л бол худалдаа наймаа, бизнес хийе гэсэн хүмүүс. Бизнесээ яаж хийх, наад захын төлөвлөгөөг хэрхэн гаргах, төслөө яаж бичих, дээрээс нь банкуудтай хэрхэн харьцах гэхчлэн олон асуудлын талаар ойлголт дутмаг байдаг. Танхимын зүгээс гарааны бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах, зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэн олон улсын чанартай үзэсгэлэнд оролцуулах, том компаниуд болон мэргэжлийн холбоодтой холбох зэрэг ажлыг хийж байна. Мөн гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, мэдээллээр хангах зорилготой ажилладаг Танхимын дэргэдэх Гарааны бизнес эрхлэгч, инновацийн зөвлөл маань маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа.

-Манай бизнес эрхлэгчид байгаа боломжоо тэр бүр олж харахгүй байх шиг. Гадаадаас Монголд нэг хүн ирээд л тэрийг нь бизнес болгочихдог. Монголчууд өөрсдөө бизнес гэж боддоггүй тийм зүйл манайд их байдаг уу?

-Аливаа бизнес харилцан ашигтай байж бизнес болдог. Тэр тусмаа Монголд хийж байгаа бизнес Монголд илүү ашигтай байх ёстой. Бидэнд маш их давуу тал байгаа. Бид технологи болоод тоног төхөөрөмжөө гаднаас авдаг боловч түүхий эд нь бидэнд байна. Монгол бол мал аж ахуйн орон. Бид малаа эрүүлжүүлчихвэл органик гэдэг үүднээсээ маш өндөр үнээр борлуулах боломжтой. Малын өвчлөлтэй холбоотойгоор арьс ширний чанар муу байна гэдэг. Гэтэл Кубад хачигны эсрэг өндөр үр дүнтэй вакцин гаргаж авсныг дэлхийн бусад орнууд худалдан авч малаа эрүүлжүүлж байна. Бид үүнийг яагаад шууд авч хэрэгжүүлж болохгүй гэж. Энэ мэтчилэн шинэ шинэ мэдээллүүд Танхим дээр маш их ирдэг. Авч хэрэгжүүлэх боломжтой саналуудыг төрийн холбогдох байгууллагууд болон хувийн хэвшлийнхэндээ хүргүүлдэг. Үнэхээр манайд байдаггүй зарим нэг зүйлсийг гаднаас импортоор авахаас өөр аргагүй. Өөрсдөө хийж чадах нөөц бололцоо нь байгаа, дотоодынхоо зах зээлийг бүрэн хангах боломжтой тэр бизнесийн салбараа бид тал талаасаа, төрөөсөө ч гэсэн дэмжих ёстой. Ингэж байж бид гадагшаа урсаж буй валютаа дотроо шингээнэ. Өнгөрсөн хорин хэдэн жилийн хөгжлийг харах юм бол зарим салбарт бид маш хурдацтай хөгжсөн. Бидэнд маш их давуу тал бий. Өнөөдөр гадныхан ирээд манайд мэдээллийн технологи ямар богино хугацаанд хөгжсөнийг биширч байгаа. Нөгөөтэйгүүр сул талаа бид давуу тал болгох боломжтой. Ингэхийн тулд бид хамтарч, хоорондоо уялдаж, нэгнээ дэмжиж ажиллах тэр гол юмаа л барьж авах хэрэгтэй.

-Худалдаа аж үйлдвэрийн Танхимын бодлого үүн рүү л чиглэж байна шүү дээ. Тэгэхээр бас төрөөс хууль, эрх зүйн бодлогын дэмжлэг, хамтын ажиллагаа хэрэгтэй. Бас бизнес эрхлэгчид маань ч өөрсдөө санаачилгатай идэвхтэй байх хэрэгтэй байх тийм үү?

-Энэ бүхэн бүхий л оролцогч, санаачлагч талуудын идэвх зүтгэлээс шалтгаална. Үүн дээр бодлого маш зөв гарах хэрэгтэй. Төрөөс урт хугацааны зорилтууд гэж гаргаж байгаа ч гэсэн яг салбар хоорондын уялдаа холбоо, гаднаас ирж байгаа зээл тусламж, доноруудын мөнгийг хэрхэн Монголд үр ашигтай зарцуулах вэ гэдэг тал дээр учир дутагдалтай байна. Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи дээр маш их дэвшил гарсан. Өнөөдөр зам харилцаа сайжирч аймгууд хоорондоо, нийслэлтэйгээ холбогдсон. Орон нутагт давуу тал байгаа. Түүхий эд тэнд байна, дээр нь дэд бүтэц нь бий болчихлоо. Гэтэл хүмүүс яагаад хот руу ирээд байна гэхээр, мэдээж хүн болгон энд байгаа үйлчилгээ, бүх давуу талыг хүртэх эрхтэй. Бусад орнууд шиг хот нь тосгоноосоо ялгагдахгүй, дэлгүүр хоршоо бүх юм нь байдаг, ажил үйлчилгээ, үйлдвэр нь байдаг бол хотод төвлөрөл үүсэхгүй. Утааны асуудал ч шийдэгдэнэ. Иймд орон нутагт ард иргэд амьдрах тэр дэд бүтцийг бий болгох хэрэгтэй байгаа юм. Үүн дээр л миний яриад байгаа мөнгийг зөв зарцуулах асуудал, бизнесийн зүгээс нь яривал Монгол орон экспорт руу чиглэсэн үйлдвэр, үйлчилгээгээ хөгжүүлье гэдэг тэр санаа яригдах болно. Үүнийг бий болгохын тулд сүүлийн үед маш их анхаарал хандуулж ярьж байгаа зүйл бол лабораторийн асуудал. Өнөөдөр бид хэчнээн лабораторитой юм. Түүний хэд нь салбарынхаа шаардлагыг хангаж байгаа юм гэдэг нь өөрөө анхаарал хандуулах гол асуудал болоод байна. Хэрвээ бид махаа экспортлоё гэж бодож байгаа бол Европын холбоо биднээс шаардаад байгаа стандартын ямар үзүүлэлтийг шинжилж, тогтоож чаддаг болох ёстой юм гэдэг дээр бодлого хэрэгтэй.

Гадны зээл, тусламжийг үр дүнтэй ашиглаж баталгаатай лабораторийг оруулаад ирвэл бид нар экспортын асуудлаа зохицуулах боломжтой. Энэ мэтчилэн маш олон зохицуулалт хийх шаардлагатай байна даа.

-Тэгэхээр худалдаа аж үйлдвэрийн Танхимаас бизнесийн боловсрол олгох, ойлголт өгөх чиглэлээр олон нийтэд хандсан ямар ажлууд хийдэг вэ?

-Ерөнхийдөө бизнесийн боловсрол олгох ажил бол манай үйл ажиллагааны нэг чиглэл л дээ. Тэр утгаараа ч манай Танхим дотор Гадаад худалдааны академи үйл ажиллагаа явуулдаг. Гадаад худалдаа гэж нэртэй боловч төрөл бүрийн бизнесийн боловсрол олгох, богино хугацааны болон урт хугацааны сургалтуудыг Танхимаас зохион байгуулдаг. Ингэхдээ бид ганцхан өөрийн туршлага, энд ажиллаж байгаа хүмүүсээсээ гадна эрдэмтэн мэргэд, боловсролын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ нь академик мэдлэг, практик хосолсон сургалтын хөтөлбөр болж чадаж байгаа учраас маш их үр дүнтэй байдаг. Мөн компаниудын захиалгаар ажлын байран дээр нь очиж тэдний хэрэгцээнд тулгуурласан шаардлагатай байгаа сэдвүүдээр нь сургалтууд зохион байгуулдаг. Дээр нь аль болох гадны Танхимуудаараа дамжуулж сайн туршлагыг нэвтрүүлэх үүднээс дэлхийд нэрд гарч байгаа байгууллагуудын шугамаар бизнес эрхлэгчдийг авчирч лекц уншуулах, мэдээллээр хангах ажил хийж байгаа. Яагаад гадаад худалдааны академи гэдгээр байгуулагдсан юм гэхээр, зах зээл рүү шилжиж байх үед худалдаан дээр л манай бизнес эрхлэгчид босч ирсэн. Гадаад худалдааны энэ процесс бол маш нарийн, олон улсын стандарттай.

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд энэ стандартын дагуу л худалдаагаа явуулах ёстой. Өнөөдөр бид импортоос их хамааралтай байна. Ийм учраас гаалийн, хорио цээрийн, дүрэм журам, бичиг баримт бүрдүүлэхээс авахуулаад гаалийн татвар төлөх асуудал дээр Гаалийн, Мэргэжлийн хяналтын байгууллага, бусад агентлагуудын хамтын үйл ажиллагаа маш их үүрэгтэй байдаг. Тийм учраас бид компаниуддаа мэргэжлийн гадаад худалдааны менежерүүдийг бэлдэж өгдөг нэг жилийн хугацаатай сургалт явуулж байгаа. Дээр нь компанийн засаглалын сургалт, захирлын туслах, нарийн бичиг бэлтгэх сургалтуудыг хийж байна.

 -Одоо 1990 оны гараанаас дүгнэхэд маш их амжилтад хүрчихээд байгаа юм байна, тийм үү?

-Өнөөдөр манай компаниуд дэлхийн зах зээл дээр гарчихсан, IPO, хөрөнгийн бирж дээр мөнгө босгож байна. Тэгэхээр энэ богинохон хугацаанд монгол хүний ухаан, мэдлэг, чадвар нэг зүйл рүүгээ зориод зөв бизнесээ бариад авах юм бол ямар их амжилтад хүрч болдгийг харуулсан бодит жишээ юм. Түншүүд маань хэдэн жил болоод Монголд ирэхдээ маш үсрэнгүй хөгжиж байна гэдгийг хэлдэг. Тэгэхээр бид өнөөдрийн хүрсэн түвшин, байгаа байдлаа ерөөсөө чамлаж болохгүй. Дандаа өөдрөг, дандаа эергээр харж байх хэрэгтэй. Мэдээж болохгүй, бүтэхгүй зүйл байгаа. Ганцхан манайд ч биш олон зуун жилийн хөгжилтэй улс оронд ч гэсэн асуудлууд байдаг. Тиймээс аль болох богино хугацаанд асуудлуудаа шийдэж, бүгд нэгдсэн санаа бодолтой байх юм бол бүтэхгүй зүйл үгүй гэдэгт би бүрэн итгэдэг. Үүнд хувь хүний итгэл үнэмшил байна, нөгөө талаар манай Танхимын үүсэл хөгжил, өнөөдрийн түвшинд хүртэл бидний хийж байгаа ажлын цар хүрээ нэмэгдэж, олон улсын хэмжээнд нэр хүндтэй болж байгаатай салшгүй холбоотой. Тийм учраас бүгдээрээ эрхэлсэн ажил, хариуцсан үүрэг дээрээ хамгийн сайнаараа байхын төлөө чармайх хэрэгтэй. Бидний үзүүлж байгаа үйлчилгээнүүд, бизнес эрхлэгчдэдээ хүргэчих юмсан гэсэн тэр мэдлэг, дэмжлэг бүх зүйл энэ сайн сайхны төлөө л зориулагдаж байгаа.

Ярилцсан Ц.Оюунчимэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.210.29.98) 2022 оны 11 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(197.210.29.98) 2022 оны 11 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Top