Назарбаев, Буш зэрэг хуучин Ерөнхийлөгч нар юу хийж, яаж мөнгө олж байна вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Бага Буш, Нурсултан Назарбаев хоёр гавьяаны амралтдаа юу хийж байгаа бол? Тэтгэвэрт гарсан тэдний амьдралын орлого юу бол?

“Форбес” сэтгүүл энэ асуултад хариулт өгч байна.
 

Жорж Буш


Энэ сарын дундуур Казахстаны анхны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев чөлөөт цагаараа уран зураг зурдаг гэдгээ зарласан нь олон хүнийг гайхашруулсан. АНУ-ын Ерөнхийлөгч асан Бага Буш ч зураг зурдаг. Гэхдээ Назарбаев байгалийн зургаар дагнадаг бол Жорж Буш хөрөг зураг зурах дуртай. Буш гадаад улс орнуудын төрийн тэргүүд, гэрийн амьтны хөрөг зурдаг. Харин аль төрөлд нь амжилттай байгаа талаар шүүмжлэгчид санал зөрдөг байна.
 

Жорж Бушийн зурсан В.Путины хөрөг


Жорж Бушийн орлогын бас нэгэн эх үүсвэр бол эрдэм шинжилгээний хүрээлэн. Тэрбээр Техаст ирээдүйн улс төрчдийг бэлтгэх өөрийн нэрэмжит хүрээлэн байгуулсан юм.

Америкийн бусад ерөнхийлөгчид ч тэтгэвэрт гараад идэвхтэй ажилласаар байсан. Жорж Вашингтоны дараагийн Ерөнхийлөгч болох Жон Адамс конгрессын гишүүн болж, 17 жил ажиллаж байсан түүхтэй. Харин Ховард Тафт албан тушаалаа өгснийхөө дараа Йелийн их сургуульд багшилж, дараа нь Дээд шүүхийн тэргүүн болоод Калвин Кулиж, Герберт Гувер гэсэн хоёр Ерөнхийлөгчийг тангараг өргүүлж байв.

АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картер энхийг сахиулагчийн ажил сонгосон. Дэлхийн халуун цэгүүдэд очиж, дайн дажныг зогсоож байсан тул 2002 онд “Нобелийн Энх тайвны шагнал” хүртэж байсан билээ (түүнээс гадна Теодор Рузвельт, Вудро Вильсон, Барак Обама нар энэ шагналыг хүртэж байлаа). Картер арав гаруй жил Хойд Солонгос, Этиоп, Уганда, Босни, Суданд АНУ-ын албан бус төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байлаа. Түүний байгуулсан “Картерийн төв” хүрээлэн 1982 оноос хүний эрх хамгаалах, хандивын ажил эрхэлж байна. Жимми Картер ерөнхийлөгчдийн дунд хамгийн урт насалсан хүнд тооцогддог. Энэ сарын 1-нд тэр 95 нас хүрсэн.
 

Жимми Картер


Сүүлийн үеийн АНУ-ын ерөнхийлөгчдийн гол орлого нь лекц унших (нэг удаад 50-500 мянган долларын хөлстэй), намтар бичих, улс төрийн зөвлөх хийх, сайн дурын ажилд оролцох болсон.

Жишээ нь, Билл Клинтон “Клинтоны сан” буяны байгууллага байгуулж, ДОХ өвчин, цаг агаарын дулаарал, ядуурлын эсрэг тэмцэж, байгалийн гамшигт өртөгсдөд тусламж үзүүлж байна. Их Британийн Ерөнхий сайд Тони Блэр “Аялал” намтрын ном бичсэнээс гадна өндөр хөлстэй улс төрийн зөвлөх гэдгээрээ алдартай. Казахстаны удирдлагын зөвлөхийн албанд ажиллаад Тони зургаан сая ам.доллар авсан байдаг. Их Британийн Европын холбооноос гарах бүх нийтийн санал асуулгын дараа тэр их улс төрд эргэн орж байгаагаа зарласан.

1998-2005 онд Германы Канцлер байсан Герхард Шрёдер тэтгэвэрт гараад бизнес эрхэлж эхэлсэн. 2008 онд тэрбээр “Хойд урсгал” хувь нийлүүлэгчдийн хорооны тэргүүн болж, 2017 онд  “Роснефть”-ийн Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүнээр сонгогдсон юм.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын хуучин ерөнхийлөгчдөөс амьд мэнд байгаа хүн цөөхөн. Тусгаар Киргиз улсын анхны удирдагч Аскар Акаев Москвагийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан болсон. 2010 онд тэр дэлхийн эдийн засгийн хямралыг урьдчилан хэлж байжээ.

Киргизийн бас нэгэн Ерөнхийлөгч асан Роза Отунбаева төрийн тэргүүн аснуудтай хамтран ажилладаг хүн.
 

Роза Отунбаева


“Бүрэн эрхийн хугацаа нь дууссан ерөнхийлөгч нарын “Мадридын клуб” гэж байдаг. Энд ардчилсан замаар сонгогдсон 100 гаруй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар гишүүн. Зүүн Европоос дөрөв, Монголын хоёр Ерөнхийлөгч байгаа. Хүндэт тэргүүн нь Билл Клинтон. ТТХН-ийн орнуудаас одоохондоо надаас гадна Михаил Сергеевич Горбачёв л бий. Манай бүс нутагт ийм хүрээлэн, клуб маш чухал хэрэгтэй байна” гэж Роза өнгөрсөн жил Алматыд ирэхдээ хэлж байлаа.
 


ЗХУ-ын анхны бөгөөд цорын ганц Ерөнхийлөгч Горбачёв ЗХУ задран унасны дараа олон жил ажилласан хүн. Тэрбээр “Горбачёв-Фонд” улс төр, нийгэм, эдийн засгийн судалгааны сан, “Олон улсын ногоон загалмай” олон нийтийн байгууллага байгуулж, улс төрийн нам удирдаж байлаа. 1996 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, маш бага санал авч байв. Гэхдээ Михаил Сергеевич Горбачёв 1990 онд “Нобелийн Энх тайвны шагнал” хүртсэн.

Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн төрийн тэргүүдэд Египетийн Анвар Садат, Израилын Менахим Бегин, Коста Рикагийн Оскар Санчес, Өмнөд Солонгосын Ким Дэ Чжун, Колумбын Хуан Сантос нар байна.

Украины таван хуучин ерөнхийлөгчөөс Леонид Кравчук, Леонид Кучма, Виктор Ющенко нар улс төрөөс холдож, телевизийн ток-шоунд оролцдог болсон бол Виктор Янукович Орос руу зугтаж, Пётр Порошенко сөрөг хүчин болон тэмцэж байна. Ющенко Артур Конан-Дойлийн баатар Шерлок Холмс шиг зөгий үржүүлдэг болсон гэнэ. Литвагийн Ерөнхийлөгч асан Валдас Адамкус ч зөгий үржүүлж байгаа.

Гүржийн төрийн тэргүүдээс албан тушаалаа өгснөөсөө хойш огт тайвшрахгүй байгаа нэг хүн бол Михаил Саакашвили. Эх оронд нь түүнд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, улсын хөрөнгийг шамшигдуулсан гэж хэрэг үүсгээд байгаа. Украины иргэншил авсан Михаил шинэ эх орныхоо улс төрийн амьдралд тун идэвхтэй оролцдог.  Одесс мужийн дарга болж, Ерөнхийлөгч Порошенкогийн зөвлөх байж байгаад тангараг тасарч, сөрөг хүчин болсон. 2018 онд Украинаас хөөгдсөн тэрбээр шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленский иргэншлийг нь эргүүлэн олгосны дараа Украинд буцан ирсэн. Улс төрийн амьдрал нь үргэлжлэх нь тодорхой.

2000-2012 онд Финландын Ерөнхийлөгч байсан Тарья Халонен 2015 онд Европын томоохон музейн нэг болох Финландын Үндэсний галерейн даргаар томилогдож, урлагийн амьдралд шилжжээ.

Түүхэнд хамгийн анхны Төрийн тэргүүн эмэгтэй хэн бэ гэдэг асуудал одоо ч маргаантай байдаг. 1980-1996 онд Исландын Ерөнхийлөгч байсан Вигдис Финнбогадоуттир, 1968-1972 онд БНХАУ-ын тэргүүн байсан Сун Цинлин, 1953-1954 онд долоон сарын хугацаанд АИХ-ын тэргүүлэгч байсан Монголын Сүхбаатарын Янжмаа, 1940-1944 онд Тувагийн Бага хурлын тэргүүлэгч байсан Хертек Анчимаа нарын хэнийг нэрлэх нь  тодорхой бус.
 

С.Янжмаа Д.Сүхбаатарын хөшөөний нээлт дээр. 1946.07.08


Сун Цинлин нөхрөөсөө буюу “ард түмний эцэг” Сунь Ятсенаас албан тушаалаа авсан гэж үздэг бол манай С.Янжмааг ч Д.Сүхбаатар жанжны гэргий байсан гэж зөрчилддөг байна. Ингэхээр ардчилсан замаар сонгогдсон нь Исландын Вигдис л болох гээд байдаг. Вигдис театрын найруулагч мэргэжилтэй. Гэхдээ Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөөд театртаа эргэн очоогүй. ЮНЕСКО-гийн элч төлөөлөгч болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг цогтой тэмцэгч болсон юм.
 

Хосе Мухика


Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэж алдаршсан Уругвайн тэргүүн асан Хосе Мухика төмс, баацай тарьж байгаа. Ерөнхийлөгч байхдаа ч Хосе орлогынхоо 90 хувийг буяны үйлсэд хандивладаг байлаа. Тэрбээр нийслэл Монтевидеогийн ойролцоо орших эхнэрийнхээ фермд ажиллаж, худгаас ус зөөдөг байв. Тэгэхээр Хосе албан тушаалаа өгсөн хойноо амьдрал нь өөрчлөгдөөгүй хэрэг.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top