Цөхрөл тайлсан аварга

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

"Зиндаа" сэтгүүлийн  2018 оны №11, 12/ 511, 512 дугаарын "Гарьд магнай" булангийн нийтлэлийг онцолж байна. 


ТӨРИЙН НААДМЫН ЗУРАГЛАЛ

Шинэ аварга, хүлээсэн цол, хүчит Заан... Монгол түмний их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн барилдааныг товч дүгнэвэл ийм. Цэнгэл наадмаас ердөө гуравхан сарын өмнө цагийг эзэлсэн их аваргаа алдаад байсан түмэн олон шинэ аваргаа өлгийдөн авав. Талцал, хуваагдлын өтгөн манан бүрхээд байсан үндэсний бөхийн аваргууд наадмын нээлтэд хамтдаа гарч ирэв. Улсын цолны босгон дээр ирж буцан олон жилийг үдсэн монгол түмний хайртай “арслан” улсын цолны босгыг алхав. Сүүлийн гурван жил дараалан шөвгөрч буй Н.Жаргалбаяр энэ жил мөн л зааны даваанд учраагаа шороодуулж ямархан хэмжээний бөх вэ гэдгээ нотлон харуулав...


Цөхрөл тайлсан аварга

Намсрайжавын Батсуурь. Увс нутгийн хүчит арслан Н.Батсуурь ясны бөх гэдгээ нотлон төрийн наадмын дэвжээнээ хоёр дахь удаагаа түрүүллээ. Түрүүлэх, түрүүлэхдээ Монгол Улсын аварга Ч.Санжаадамбаар даван аварга цолтны тоог нэгээр нэмсэн юм. Ардын хувьсгалаас хойш тооцох юм бол 23 дахь аварга нь тэр.

Төрийн наадам эхлэхээс ердөө гуравхан сарын өмнө Төрийн наадамд тавантаа түрүүлж, Олимпийн анхны мөнгөн медалийг чөлөөт бөхийн төрлөөр авчирч байсан Ж.Мөнхбат хорвоогийн мөнх бусыг үзүүлж, бөхөд хайртай, элэгтэй түмний сэтгэлийг шархлуулсан юм. Гэвч Ардын хувьсгалын 97 жилийн ойгоор шинэ аварга төрөх учиртай байж. Гэхдээ бүр аваргыг даван аварга болсон юм.

Өнгөрсөн жилийн баяр наадмаар доор даваанд унан бөхийн таавар эвдсэн түүнийг наадам эхлэхээс өмнө түрүүлнэ гэвэл итгэх хүн цөөн л байсан болов уу?! Аварга болох ерөөлтэй Н.Батсуурь тавын даваанд улсын начин Д.Амарсайханыг, зургаагийн даваанд шинээр цол хүртсэн Ц.Бямба-Очир, долоогийн даваанд шинэхэн харцага Н.Золбоог, наймын даваанд төрийн наадамд гурван жил дараалж шөвгөрсөн Н.Жаргалбаярыг унагаан үзүүр түрүүнд үлдсэн билээ.

“Бөхөд хайртай түмэн, нутгийн зон олон намайг өдий зэрэгт хүргэлээ. Цаашид энэ том цолонд багтаж, сайн барилдах болно” гэж Монгол Улсын аварга Н.Батсуурь наадмын дараа өгсөн нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ.

Ирээдүйн аварга Н.Батсуурь одоогоос долоон жилийн өмнө буюу 2011 оны сар шинийн барилдаанд сайн барилдан шөвгийн 16-д шалгарч байлаа. Түүнд тухайн үед даян аварга цолтой байсан А.Сүхбат “Ирээдүйн аварга” шагналыг гардуулж байсан цаг саяхан. Чухам тэр цаг үеэс эхлэн бөх сонирхогчдын анхааралд өртөж эхэлсэн билээ. Үүнээс төд удалгүй ердөө хоёрхон жилийн дараа Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаар аймгийн цолноос шууд харцага цол хүртсэн юм. Улмаар дараа жил нь түрүүлж арслан цолны өндөр босгыг алхан орсон билээ.

Мөн ч удаан хүлээсэн дээ...

Тийм ээ. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хүчит арслан Ш.Мөнгөнбаатар энэ жил харцага цол хүртсэн нь энэ наадмын зайлшгүй дурсах зүйлийн нэг. Олон жил улсын цолны босгон дээрээс буцсан түүнд бөхөд хайртай зон олон хайртай, хэзээ нэгэн цагт улсын цол хүртчихээсэй гэсэн итгэл тээн дээлийнх нь захыг мушгиж байсан биз ээ. Олон жил хүлээсэн хүсэл энэ жил тайлагдах хувьтай байж. Тийм ээ. Тэр энэ жил улсын цолонд хүрсэн. Хүрэх, хүрэхдээ харцага болсон. “Би Ш.Мөнгөнбаатарыг ясны сайн бөх гэж боддог. Түүн шиг яс сайтай бөх одоо цагт ховор шүү. Өнгөрсөн жил над дээр ирээд “Би ч одоо болсон дог оо. Одоо болих ёстой юм шиг байна” гэж хэлж байсан. Би тэр үед нь тэгж ярьж болдоггүй юм. Юм бүхэн өөрийн цагтай. Цаг нь болоогүй байна. Цаг нь ирэхээр тэр цол гэдэг чинь өөрөө хүрээд ирдэг юм” гэж хэлж байсан шүү” хэмээн Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнх “Монгол Комментатор” нэвтрүүлэгт оролцохдоо хэлж байлаа.

Аймгийн хүчит арслан Ш.Мөнгөнбаатарын улсын цолонд хүрэх зам тийм ч дардан байгаагүй. Гурвын даваанд улсын заан Т.Санчирыг өвдөг шороодуулж, дөрвийн даваанд бөхчүүдийн чансааг тэргүүлж, танхимын барилдаанд амжилттай байсан О.Хангайг өвдөг шороодуулан начны даваанд үлдсэн билээ. Үнэндээ түүний учрааг харсан хүмүүс бүгд л энэ жил ч гэсэн цолны босгоноос буцчих вий гэж эмээж байлаа. Гэхдээ айдас холуур тойрч тавын даваанд улсын заан М.Өсөхбаярыг өвдөг шороодуулж олон жил хүлээсэн цолны босгоор магнай өндөр, харц цэх алхан орсон юм. Зургаагийн даваанд А.Цацабширыг өвдөг шороодуулан бөхийн түүхэнд шинэхэн харцага тодрон гарсан билээ.

Найдлага алддаггүй Н.Жаргалбаяр

Монгол түмний цэнгэл наадамд шөвгөрөх амаргүй. Тэр тусмаа жил дараалан шөвгөрөх бүр ч хэцүү. Монгол бөхийн спортыг нэг том уул гэж үзвэл 2012 оноос хойш бэлээс нь энгэр хүртэл өгсөж яваа хүчтэн бол яах аргагүй Н.Жаргалбаяр. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2012 оны Сэлэнгэ аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цол хүртэж бөхийн спортын амжилтын гараагаа тавьж байлаа.

Дараагийн хоёр жилд нь нутагтаа босоо байж аймгийн хурц арслаболж, цолтнуудыг айлгадаг бөх нэгээр нэмэгдэв. 2015 онд бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөөд байсан Н.Жаргалбаяр 2016 оны Үндэсний их баяр наадамд үеийн арслан Ч.Хөхчирэнгэртэй зургаагийн даваанд учраа таарч өвдөг шороодуулан шууд харцага цол хүртсэн билээ. Өнгөрсөн жил улсын наадмын долоогийн даваанд Улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулан заан цолны босго алхсан юм. Энэ жил найдлага мөн л талаар болсонгүй. Долоогийн даваанд өнгөрсөн жилийн наадмын түрүү Ц.Содномдоржийг өвдөг шороодуулан заан цолоо баталлаа. Үндэсний бөхийн спортын харгуй нь дардан байгаа Н.Жаргалбаяраас бөх сонирхогч түмэн олон үүнээс ихийг хүлээх нь дамжиггүй. Хүлээж болно гэдгээ ч тэр харуулсаар байгаа.

Эр бяр нь жигдэрсэн шинэхэн цолтнууд

Өнөө жилийн Улсын баяр наадмаар начин цолтон зургаа, харцага цолтон гурав төрлөө. Бөх сонирхогчдын итгэлээр шөвгийн дөрөвт үлдэнэ гэж тааварлаж байсан улсын аварга Г.Эрхэмбаяр тавын даваанд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн арслан Ш.Дарханбатад өвдөг шороодон улсын начин цолны босгыг алхуулсан юм. Хүчит арслан П.Бүрэнтөгс ч цэргийн наадмаар амжилттай барилдсан Д.Цэрэнтогтоход өвдөг шороодов. Д.Цэрэнтогтохын өнөө жилийн учраа тийм ч амар байгаагүй. Дөрвийн даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэтэй учраа таарсан нь цолны босгоны өмнөх нэгэн том саад байлаа. Гэхдээ тэр шинэ цолтны хувьд “аа”-тай сайхан барилдаж, залуухан гарьдыг хэд, хэд дүүгүүрдэн начны замаа тэгшилсэн юм. Улсын гарьд Б.Гончигдамба энэ жилийн наадмын үзүүр, түрүүний нэг гэж бөх сонирхогч түмэн олны итгэлийг хүлээж байв. Гэтэл сүүлийн жилүүдэд танхим болон аймгийн барилдаанд сайн формтой байсан аймгийн арслан Д.Амаржаргал Б.Гончигдамбыг унагааж орхих нь тэр. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат тэрээр 2012 онд аймгийнхаа баяр наадамд найм давж түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн юм. Үүнээсээ хойш танхимын барилдаануудад тогтмол өндөр амжилт үзүүлж бөх сонирхогч түмний анхааралд өртсөөр сүүлийн дөрвөн жил улсын цолтны хэмжээнд яригдаж байсан билээ. Өнөө жилийн наадмаас яг таван наадмын өмнөхөн улсын заан цолны болзол хангасан Б.Батмөнх начны даваанд аймгийн арслан Б.Даваа-Очиртой таарав. Барилдаан эхлэхээс өмнө оноолт харсан хэн ч Б.Батмөнхөд арай илүү магадлал өгч байсан юм. Одоогоос яг гурван жилийн өмнө аймгийн арслан цолтны болзол хангаж байсан Б.Даваа-Очир энэ жил хүчит зааныг барьц сонгон өвдөг шороодуулж улсын цолтны эгнээнд шилжсэн билээ.

Аймгийн арслан Ц.Бямба-Очир, залуу арслан Э.Оюунболдтой бараг 40 гаруй минут барилдсаны эцэст өвдөг шороодуулж начин цолыг магнайдаа нисгэхээр болов. Гэхдээ эр бярдаа, шинэхэн цолны өнгөндөө хөөрсөн тэрээр тахимаа өгөхдөө Э.Оюунболдыг хүчтэй мөргөсөн нь бөх сонирхогчдын дургүйг төрүүлээд авсан. Үзэх зүйлтэй, ярих юмтай энэ наадмын хамгийн бараан дурсамж нь магадгүй энэ биз. Хэдийгээр наадмын дараа өөрийнхөө фейсбүүк хуудсаар дамжуулан уучлал хүссэн ч наадмаар гаргасан энэ зан нь үе, үеийн наадмаар таагүй дурсагдах биз ээ...


Төрийн наадмыг товч зураглавал ийм. Шинэхэн начин Ц.Бямба- Очир улсын арслан Э.Оюунболдоос тахимаа авахдаа хүчтэй мөргөсөн нь ярих зүйл ихтэй наадмын нэгэн тааруу дурсамж байлаа. Гэхдээ ардын хувьсгалаас хойш төрсөн 23 дахь аварга, найдлага алддаггүй залуу заан Н.Жаргалбаяр, олон жил хүлээсэн улсын цолондоо хүрсэн Ш.Мөнгөнбаатар гээд эргээд дурсах, хуучлан ярих зүйлс энэ наадмаар олон тохиолдсон юм. Өндөр төрийн наадам хөшгөө аль хэдийн хаасан ч үндэсний бөхийг тойрсон хэрүүл шуугиан намжаагүй байна. Бөхчүүд талцсан хэвээр, ордноо булаацалдсан хэвээр...  

Нийтлэлч Б.Болорсүх 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top