“Elixir Petroleum” компанийн өрөмдлөг ирэх амралтын өдрүүдэд эхэлнэ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11


Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших “Номгон IX” хайгуулын талбайд метан хий олборлох “Elixir Petroleum” компани ирэх амралтын өдөр өрөмдлөгийн ажлаа эхлүүлэхээр болжээ.

Тус компани хайгуул, өрөмдлөгийн ажилд 30 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Нийт 30 мянган квадрат метр талбайд хайгуул хийх зөвшөөрлөө авсан бөгөөд метан хий олборлосон тохиолдолд Монгол болон БНХАУ-ын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

Энэ онд багтаан хайгуулын талбайн дөрвөн хэсэгт өрөмдлөг хийхээр төлөвлөсөн бөгөөд ирэх оны дөрөвдүгээр улиралд дараагийн шатны хайгуулын ажлаа эхлүүлэх юм байна. Хайгуулын эхний шатанд геологи болон нүүрсний хэмжээ, уул уурхайн нөхцөл байдал зэргийг судлах бөгөөд 2D чичирхийллийн судалгаа хийхээр болжээ. Өрөмдлөгийн ажилд Монгол компани оролцож байгаа аж.

Энэхүү мэдээллийн дараа “Elixir Petroleum”-н толгой компани болох “Elixir Energy” компанийн хувьцаа 10 хувиар өсжээ.  Хэдийгээр тус компани өнгөрсөн 2018 оны гуравдугаар улиралд багтан өрөмдлөгийн ажлаа эхлүүлэх товтой байсан ч хайгуулын ажлын хөрөнгө босгох, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд анхааран өрөмдлөгөө хойшлуулсан билээ. Дашрамд дуулгахад “Elixir Petroleum” компани 2017 оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top