Өмнөговийн нутаг дэвсгэр дээр улсын хэмжээний уул уурхайн 80 хувь ажилладаг

2019 оны 10 сарын 11

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар өрнүүлж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд зохион байгууллаа.

Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар илтгэл тавьж, Цогт-Овоо сумын Засаг дарга Э.Чойжилсүрэн, ИТХ-ын дарга Ц.Батчулуун нар сумынхаа уул уурхайн нөхцөл байдлын талаар танилцуулсны дараа сумын иргэд санал бодол, байр сууриа илэрхийлсэн юм.
 


Хэлэлцүүлгийг хөтлөн явуулж буй МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр арга хэмжээг нээж хэлэхдээ “Хувь сэтгүүлчийнхээ болон “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүний хувьд энэ хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулан явуулж байна. Өнөөдөр эх дэлхий ачаагаа дааж ядаж яваа. Ингэж ачаагаа дааж ядаж явахад нь хүмүүс бид өрийг нь цоолж, элгийг нь эмтэлж хүсэл шуналаа гүйцээж байна. Манай хэлэлцүүлгийн багийнхан байгаль эхэд илүү ээлтэй хандахын төлөө явж байгаа юм. Бид одоо энэ талаар ярихгүй бол оройтно. Нутгийнхаа эрх ашиг, газар шороогоо наймаалцаж болохгүй. Лиценз гэх алга дарам цаасаар газраа худалдаж болохгүй.

Бидний өвөг дээдсийн газар шороо, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байсан үед дайсан тодорхой байсан. Бид тэдний эсрэг газар шороогоо хамгаалж тэмцэж байсан. Харин одоо дайснаа олоход хэцүү болсон. Тэр дайсан таны хажууд байгаа. Төрийн ордонд байгаа. Одоо бид хэцүү дайсантай тэмцэж байна. Уул уурхайн бодлого алдагдаж тааралдсанаа ухаж, солиорлын хэмжээнд хүрлээ.

Бид уурхай бүхнийг эсэргүүцэнэ гээгүй. Тавантолгойгоо ашигла. Оюутолгойгоо ашигтай болго гэж байгаа. Нэмж олон уурхай хэрэггүй.

Цогт-Овоо хэдийгээр уул уурхайгүй ч нүүрс тээврийн машинууд дайрч өнгөрдөг учир нөлөөллийн бүсэд багтаж байна. Тэдгээр машины  хөлд улсын чанартай зам эвдэрч байна. Иймд замаа хамгаалах ёстой. Үүнээс сэргийлж нэгд, нүүрс тээвэрлэх сайжруулсан замыг тусад нь тавих ёстой байсан. Хоёрт, машины даацыг хөнгөлж болох байсан.

Өмнөговьд хилийн боомт нэмэх тухай дуулдаж байна. Одоо байгаа Цагаанхад, Шивээхүрэнгээ л жишиг болгоё. Боомт нэмэх шаардлагагүй.

Орон даяар явуулж буй энэ хэлэлцүүлэг Тост, Тосон бумбын жишиг тэмцлээс улбаатай. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлыг бидний талд шийдвэрлэсэнд говьчууд талархах учиртай. Бид та бүхэнд сэтгэлийн дэм өгөх гэж ирсэн юм. Бидний үг олон хүнд урам өгөөсэй. Та бүхэн газар шорооныхоо төлөө цогтой тэмцэгч байгаарай” гэлээ.

Цогт-Овоо сумын Засаг дарга Э.Чойжилсүрэн эх дэлхий, газар шороо, тусгаар тогтнолынхоо төлөө яваа хэлэлцүүлгийн багийнханд талархал илэрхийлээд сумынхаа уул уурхайн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

Тус сумын нутагт 2005, 2006 оны үед уул уурхайн 46 лиценз олгогдоод байсан бөгөөд одоогоор 12 үлдсэний нэг нь ашиглалтын тусгай зөвшөөрөл, бусад нь хайгуулын лиценз. Сумын иргэд тууштай тэмцсээр өнөөг хүртэл уурхайн үйл ажиллагааг эхлүүлээгүй байна. Гэхдээ нүүрс тээврийн машинууд авто замыг эвдэж, айлын өвөлжөөн дундуур дайрч өнгөрдөг учир уул уурхайн нөлөөллийн бүсэд багтсан байна. Хөрсний усны түвшин доошилж буй бас нэг сөрөг тал үүсчээ. Энэ сумын нутагт 2000 оноос бичил уурхай нэлээд олширч, орон нутгийн зүгээс газрыг нөхөн сэргээдэг ч дахин сэндийлдэг байдал давтагдаж, нинжа нарын бүхэл бүтэн давхаргатай болсон байна.

Хэлэлцүүлгийн багийнхныг дэмжиж урлаг, спортынхон хамт яваа бөгөөд тэдний бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, “Элкандор” хамтлагийн дуучин П.Хэрлэн, “Хар тас” хамтлагийн дуучин Марка нар багтаж байгаа юм. Тэднийг төлөөлж “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах хэлэхдээ “Би бас говийн хүү. Өвөг дээдсээс үлдээсэн эх орныхоо газар шороог хамгаалахын төлөө хэлэлцүүлгийн багийнхан 21 аймгаар явж байна. Бүгдээрээ эх орон, газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө тэмцье” гэж байлаа.

Тус сумын иргэн н.Баяраа “Нүүрсний тээвэрлэлт дайрч өнгөрдгөөс болж зам харгуй асар ихээр эвдэрч тоосжилт нэмэгдэж байна. Нөгөө талаас усны түвшин доошилж, усгүйдэж мэдэхээр боллоо. Усны ундаргыг нөгөө талаас нь татаж уурхайд ашиглаж байгаагаас ингэж байна” гэж байлаа.

Сумын ахмадын хорооны дарга н.Батбаяр “Агаар, байгаль орчны бохирдол их байна. Тавантолгойгоос нүүрс татдаг машинуудын дугуйгаар Улаанбаатар чиглэлийн зам тэр чигээрээ гэмтсэн. Зам дагуу хоол, цайны газар олширч, үүдэнд нь машин бөөгнөрч газрын хөрс эвддэг. Бие засах газаргүйгээс  тээврийн жолооч нар ус, ундааны саванд бие хөнгөлөх асуудлаа шийдэж, их хэмжээгээр хаяж орчин бохирдуулдаг” хэмээлээ.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд төрийн томчууд мөнгө, эдийн засаг л ярихаас бус байгаль дэлхий, ус, агаар, иргэдийн амьдрах орчныг ярьдаггүй. Хэдий лицензтэй ч орон нутгийн иргэдийн дийлэх олонхын зөвшөөрлөөр уурхай ашиглах ёстой. Оюутолгой дээр эхний ээлжинд усны талаар ярих учиртай болж байна. Өмнөговийн нутаг дэвсгэр дээр нийт улсын хэмжээний уул уурхайн 80 хувь нь ажилладаг хэмээн ярьцгааж байв.Сумын иргэд нутагт нь анх удаа газар шорооныхоо төлөө тэмцэж буй ТББ-уудын төлөөлөл хүрэлцэн ирж, санал бодлыг нь сонссонд талархал илэрхийлцгээж байлаа.

Дараагийн хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үргэлжилнэ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top