Улсын тэргүүний цэцэрлэгийн хамт олонд баяр хүргэлээ

2019 оны 10 сарын 07

БСШУС-ын сайдын 2019 оны А/355 дугаар тушаалаар Улсын тэргүүний цэцэрлэгээр Увс аймгийн Улаангом сумын 5-р цэцэрлэг, Булган аймгийн Булган сумын 2-р цэцэрлэг, Архангай аймгийн Ихтамир сумын цэцэрлэг, Өвөрхангай аймгийн Баянгол сумын цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны цэцэрлэг тус тус шалгарлаа.

Тэргүүний цэцэрлэгээр шалгарсан хамт олныг БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмар хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Увс аймгийн Улаангом сумын 5-р цэцэрлэг нь “Эцэг эхийн хяналт үнэлгээний өдөр”-ийг сургалтын үйл ажиллагаандаа хэвшүүлснээр хүүхэд бүрийн хөгжилд гарч байгаа ахицыг багш үнэлэхээс гадна эцэг эх бүр үнэлж, хүүхдээ хөгжүүлэхэд оролцох, дэмжлэг үзүүлэх, хамтын оролцооны аргыг нэвтрүүлсэн. Үүний үр дүнд тус цэцэрлэг хамран сургах тойргийнхоо таван настай хүүхдүүдийг сургуульд 100 хувь бэлтгэж буй байдал, энэхүү туршлагаа аймгийн хэмжээнд нэвтрүүлсэн амжилтаараа Улсын тэргүүний цэцэрлэг болсон байна.

Булган аймгийн Булган сумын 2-р цэцэрлэг нь “Хонхон чимээ”, “Усан чимээ” хөтөлбөрийг боловсруулан хөгжмийн  боловсролыг хөгжүүлэхэд байгалийн дуу авиа, усны чимээгээр ая  аялгуу зохион тоглох аргачлалыг боловсруулан хэрэгжүүлсэн, Бага насны хүүхдийг сонирхолд нь тулгуурлан авъяасыг нээн хөгжүүлэх зорилтын хүрээнд энгийн хөгжмийн зэмсгээр тоглох 108 хүүхдийн бүрэлдэхүүнтэй чуулга, бүжгийн хамтлаг байгуулан бага насны хүүхдийн авьяасыг багаас нь хөгжүүлж буй амжилтаараа Тэргүүний цэцэрлэг боллоо. Мөн тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багш  Т.Уранбайгаль “Улсын тэргүүний багш”-аар шалгарлаа.

Архангай аймгийн ИХтамир сумын цэцэрлэг малчдын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх ажлыг гэр бүлд түшиглэн явуулын багшийн дэмжлэгтэйгээр 3 дахь жилдээ тасралтгүй үр дүнтэй ажиллуулж 2018-2019 оны хичээлийн жилд 117 хүүхдийг хамруулжээ. Мөн “Шатраар хүүхдийг хөгжүүлэх нь” туршлагыг бий болгож  ажилласны үр дүнд хүүхдийн сэтгэн бодох үйл ажиллагааг 3 наснаас нь эхлэн хөгжүүлж, аймаг, улсын хэмжээнд жил бүр гаргаж буй аж.

Өвөрхангай аймгийн Баянгол сумын цэцэрлэг хүүхдийн эрүүл аюулгүй орчин, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллаж “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар 3 жил шалгарч баталгаажуулсан байна. Түүнчлэн сүүлийн 10 жилийн хугацаанд “Эко цэцэрлэг”, “Нэг хүүхэд-нэг мод”, “Таван зуу, Мянган цэцгийн баяр” зэрэг байгальд  ээлтэй ногоон орчин бүрдүүлэх арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд мод жимсний бут сөөгийг говийн нөхцөлд хэрхэн ургуулж болох туршлагыг бий болгож, түгээн дэлгэрүүлсэн зэрэг амжилт бүтээлээрээ “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top