Сонгуулийн жил төгрөгийн ханшид сорилт авчирна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

Ирэх оны төсөв түүхэнд байгаагүйгээр тэлж орж ирсэн нь Төв банкныханд нэгийг бодогдуулсан байлгүй. Өөрөөр хэлбэл, 14 орчим их наяд төгрөгийн урсгалын эсрэг Монголбанк  мөнгөний хатуу бодлого баримталж байж ирэх онд төгрөгийн ханшаа хамгаалж чадна. Түүгээр ч зогсохгүй инфляц буюу үнийн өсөлтийг  нэг оронтой тоонд хадгалах зорилтоо биелүүлэх юм. Тэгвэл Төв банкнаас “Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2020 онд жилийн найман хувь, дунд хугацаанд зургаан хувь орчимд тогтворжуулна” гэж Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Тэгэхээр сонгууль дагасан эдийн засгийн идэвхжилийн үе мөнгөний хатуу бодлого баримтлахаас өөр сонголт үлдээхгүй гэсэн үг.

Уг нь сүүлийн хэдэн жил Төв банк инфляцыг зорилтот түвшиндээ хадгалж ирсэн. Өрхийн орлого, банкны зээл өссөн үед инфляцыг нэг оронтой тоонд тогтоон барихад мөнгөний хатуу бодлого үүргээ гүйцэтгэсэн юм. Одоогоор мах, шатахуун, түлшний үнэ инфляцыг голлон өдөөж байгаа. Дээрх бараа бүтээгдэхүүнүүд хэрэглээний сагсны 19  хувийг бүрдүүлдэг хэдий ч нийт инфляцын хэлбэлзлийн 40 гаруй хувийг тайлбарлаж байгаа нь зах зээлийн нийлүүлэлт, хангамжийн дэд бүтцийг сайжруулах шаардлагатайг харуулдаг.

Махны үнэ цаашид улирлын чиг хандлагын дагуу өөрчлөгдөх боловч экспорт, дотоодын нийлүүлэлтийн хэмжээ нь үнэд хүчтэй нөлөөлж болзошгүй. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, нефтийн нөөц нэмэгдэж байгаа тул гадаад үнээс шалтгаалан дотоодын шатахууны үнэ өсөх дарамт буурах хандлагатай. Түүнчлэн сайжруулсан нүүрсний нийлүүлэлт болон үнийг 2020 оны хавар хүртэл хариуцсан байгууллагаас зохицуулах хүлээлттэй байгаа тул хатуу түлшний үнэ нэмэгдэхгүй, одоогийн түвшинд хадгалагдана гэж үзсэн байна. Ирэх оны тухайд мах, шатахууны үнээр инфляц хэмжигдэхгүй. Учир нь сонгуулийн жил эдийн засгийн бүхий л салбарт хиймэл халалт бий болгож, хэрэглээ өсөн дийлэнхдээ импортыг дэмждэг жамтай. Импортыг дэмжсэнээр төгрөгийн ханшийг алсуураа сулруулдаг нөлөөтэй. Төгрөгийн ханшид сонгуулийн жил ийм замаар сорилт авчрах нь дамжиггүй. Нөгөө талаар инфляц хэт нам эсвэл өндөр байх нь эдийн засгийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын орчин, цаашлаад өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.

Улс орон бүрийн хөгжлийн үе шатны ялгаатай байдлаас хамааран эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах инфляцын түвшин харилцан адилгүй байдаг. Манай улсын хувьд энэ чиглэлийн судалгаа ховор боловч Монголбанкны шинжээчдийн тооцоолсноор  7-8  орчим хувь байдаг. Инфляц энэ хэмжээнд байхад эдийн засгийн өсөлтийг тэтгэнэ. Мөн иргэдийн орлогод сөрөг нөлөө үзүүлэхгүй байх боломжит одоогийн түвшин нь энэ. Хамгийн гол нь дунд, урт хугацааны инфляцын тогтвортой байдлыг хангаснаар эдийн засаг сууриараа тэлэх, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх, иргэдийн амьжиргаа тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Тийм учраас Монголбанк инфляцыг нэг жилээр бус 1-3 жилд тогтвортой хадгалахаар  төлөвлөдөг.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо улирал тутмын ээлжит хурлаа өнгөрсөн сард хийж,  бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Тухайн үед инфляц найман хувьтай байсан бөгөөд зорилтот түвшний орчимд тогтворжих төлөв хадгалагдана гэж үзсэн.  Магадгүй, цалин тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотойгоор ирэх онд үүсч мэдэх инфляц  бодлогын хүүг нэмэгдүүлэх  хүртэл арга хэмжээ авахад нөлөөлж болзошгүй. Энэ үед зээлийн хүүг бууруулах, зээлийн өсөлтийг дэмжих зэрэг санал санаачилгууд бүр ч утгагүй болж ирнэ. Төсвийн төлөв  дотоод эрэлтийг дэмжихээр байгаагаас инфляцад үзүүлэх эрэлтийн хүчин зүйлсийн нөлөө нэмэгдэж, хүнсний бус инфляцийг нэмэгдүүлэхээр байгаа аж. Дээр нь дэлхийн зах зээлд хүнсний үнэ өсч, дотоодын хүнсний барааны үнийг нэмэгдүүлж болзошгүй гэдгийг Төв банкны шинжээчид онцолжээ. Түүх сөхөхөд, 2016 оны  хямралын нөлөөгөөр дифляцтай нүүр тулсан нь Монголын эдийн засагт бэлэн мөнгө хомстоод байсантай холбоотой. Түүнээс хойших хугацаанд инфляцын зорилтот түвшнээ хадгалж ирлээ. 

 

МОНГОЛ УЛС 2021-2024  ОНД 14.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ӨРӨНД ТӨЛНӨ

Үндсэн чиглэлийн төсөлд гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх асуудлыг онцлон тусгасан байна. Монгол Улсын гадаад өр 2010 оноос хойш дөрөв дахин нэмэгдэж,  29.7 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг үндсэн чиглэлд онцолжээ. Үүнээс Засгийн газрын гадаад өр долоо орчим тэрбум ам.доллар, Төв банкны гадаад өр 1.8 тэрбум ам.доллар байгаа аж. Монгол Улсын Засгийн газар ирэх онд томоохон дүнтэй төлбөр төлөхгүй. Харин 2021 оноос өндөр дүнтэй өрөө төлж эхлэх хуваарьтай байна. Гадаад валютын өнөөгийн нөөцийг харвал, дөрөв хүрэхгүй тэрбум ам.доллар буюу гадаад өрийн эргэн төлөлтийг хийхэд хангалтгүй. Мөн дэлхийн худалдааны дайнтай холбоотойгоор гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ буурах, ам.долларын ханш чангарах зэрэг нөлөөллөөр Монгол Улсын экспортын орлого буурч болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Ийм нөхцөлд гадаад өрийг даван туулах нэгдсэн шийдлийг одооноос тодорхой болгох, бүхий л шатандаа хуримтлал үүсгэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын реформуудаа тууштай үргэлжлүүлэх нь чухал ажээ. Тиймээс Монгол Улсын гадаад өрийг тогтворжуулах, дарамтыг бууруулахад ОУВС болон бусад доноруудын тусламж дэмжлэг цаашид ч онцгой шаардлагатай байгааг Төв банкны шинжээчид онцолсон байна. Гадаад өрийн үйлчилгээнд 2020-2024 онд төр болон хувийн хэвшил нийт 14.3 тэрбум ам.доллартай тэнцэх эргэн төлөлт хийхээр байгаа нь валютын нөөцөөс даруй 3.5 дахин өндөр дүн юм. Экспортын 90 орчим хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-аас дээш хувь нь уул уурхайн салбараас хамааралтай манай улсын хувьд дээрх хэмжээний гадаад өрийн эргэн төлөлт түүхий эдийн үнийн уналтын мөчлөгтэй давхацсан тохиолдолд эдийн засгийн хямралд оруулах эрсдэлтэй.   Тиймээс ирэх онд Монголбанк Хятадын ардын банктай  валютын своп хэлцлийн гэрээг 2023 он хүртэл дахин гурван жилийн хугацаагаар сунгахаар төлөвлөсөн байна. 

 

БАНКНЫ САЛБАРЫН ЧАНАРГҮЙ АКТИВЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛНА

Уул уурхайн салбарын сэргэлт, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд манай улсын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгаа. Гэвч банкны салбарт чанаргүй зээл буурах бус нэмэгдсээр байгаа нь шинжээчдийн санааг зовоож буй. Чанаргүй зээлд нөлөөлж буй нэг хүчин зүйл бол зээлийн маргааныг шуурхай шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй, банкуудын зээлийн эрсдэлийн удирдлага, зээл олгох стандарт хангалтгүй байгаа зэрэгтэй холбоотой аж. Иймд банкны салбарын чанаргүй зээлийг түргэн хугацаанд үр дүнтэй шийдвэрлэх чадамжийг сайжруулах, зээлийн эрсдэлийн удирдлагыг олон улсын жишигт хүргэх ажлын хүрээнд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2018 оны зургадугаар сард “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”-г баталж, хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч байгаа. Тус стратегийн хүрээнд шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд үүсч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, барьцаа хөрөнгийн бүртгэл, татварын зохицуулалтыг боловсронгуй болгож, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, чанаргүй зээлийг худалдан борлуулах зах зээлийг хөгжүүлэх зэрэг асуудалд анхаарал хандуулан ажиллахыг сануулж буй. Үүний зэрэгцээ чанаргүй зээлийг шийдвэрлэх үйл ажиллагаа зардал өндөртэй, хугацаа шаардсан өнөөгийн нөхцөлд санхүүгийн зах зээлд чанаргүй зээлийн хоёрдогч захыг хөгжүүлэх, Активын удирдлагын мэргэшсэн институцийг үүсгэн байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг боловсруулан хууль санаачлагчид уламжлаад байгаа. Цаашид Актив удирдлагын хуулийг батлуулан Активын удирдлагын компанийн үйл ажиллагааг эхлүүлж, чанаргүй активыг хямдруулан худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулдаг механизмыг нэвтрүүлэх юм. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл активд хуримтлагдаад байгаа эх үүсвэр, барьцаа хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авах аж.

 

ЭДИЙН ЗАСАГ 5.1-6.3 ХУВИАР ӨСНӨ ГЭЖ ТООЦЖЭЭ

Төв банкны шинжээчид энэ мэт арга хэмжээг авч хэрэгжүүлснээр ирэх оны эдийн засгийн өсөлтийг 5.1-6.3 хувь байна гэж  тооцсон байна. Ингэж тооцоход, ОУВС-ийн хөтөлбөрт тусгагдсан төсвийн болон мөнгөний бодлогын арга хэмжээнүүд хэрэгжиж, уул уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу хийгдэнэ гэж үзжээ. Суурь төсөөллөөр 2019 онд уул уурхайн салбарын өсөлт өмнөх оны орчимд хадгалагдаж, уул уурхайн бус салбарын өсөлт саарах төлөвтэй байна. Ингэснээр эдийн засгийн өсөлт 2019 онд өмнөх оноос бага зэрэг буурах ч потенциаль түвшнээс өндөр байх, харин 2020 онд потенциаль түвшний орчимд хадгалагдахаар байна.

Ирэх онд уул уурхайн бус салбар эдийн засгийн өсөлтөд голлох хувь нэмэр оруулна. Төсөөллийн хугацаанд эдийн засгийн өсөлтөд төсвийн бодлогын төлөв, дотоод эрэлт гол эерэг нөлөөтэй байсан бол түүхий эдийн үнэ, гадаад эрэлтийн төлөв, гадаадын шууд хөрөнгө оруулалт  сөрөг гарсан байна. 2020 онд Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт энэ оны түвшнээс буурч байгаагийн зэрэгцээ бусад гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөхгүй гэж харсан байна. Төмрийн хүдэр, газрын тосны олборлолт, экспортын биет хэмжээ энэ онд нэмэгдэж уул уурхайн салбарын өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх бол нүүрс, зэсийн баяжмалын олборлолт, экспортын биет хэмжээ өмнөх оноос нэмэгдэхээргүй дүр зураг гарах болсон. Улмаар 2020 оныг дуустал алтнаас бусад түүхий эдийн үнэ буурах хандлагатай бөгөөд экспортын биет хэмжээ хувьд ч нэмэгдэхээргүй байгаа аж. Ялангуяа Оюутолгойн баяжмал дахь алтны агууламж хоёр дахин буурах зэргээс шалтгаалан уул уурхайн салбарын өсөлт саарах хүлээлт үүсчээ.

Тэгвэл төсвийн хөрөнгө оруулалтын зардал 2019 оны сүүлийн хагаст эрчимжиж барилга, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлтийг дэмжих дүр зураг гарсан.  Нөгөө талаас, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт тэргүүтэй төмөр замын бүтээн байгуулалтууд хөрөнгө оруулалт нэмэгдвэл барилгын салбарт өсөлт гарах нь дамжиггүй юм. Хэдийгээр хувийн салбарт олгож буй бизнесийн зээлийн өсөлт сэргэж, дотоодын хөрөнгө оруулалт тогтворжиж байгаа ч гадаадын шууд хөрөнгө оруулалт цаашид саарах, экспортын бүтээгдэхүүний үнэ буурч, гадаад эрэлт саарах хандлагатай тул эдийн засгийн өсөлт төсөөллийн хугацаанд саарах магадлалтай гэдгийг энд онцлох нь зөв байх.

Эх сурвалж: Өглөөнийн сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top