"Хүний эрхийн нээлттэй өдөр" Өвөрхангай аймагт эхэллээ

2019 оны 10 сарын 02

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2019 оны 10 дугаар сарын 02-нд Өвөрхангай аймаг дахь төрийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, хүний эрхийн асуудлаар мэдээлэл солилцож, орон нутагт зохион байгуулах "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээний талаар танилцууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь орон нутгийн иргэд, төрийн үйлчилгээг хүргэж буй албан хаагчдад хүний эрхийн мэдлэг ойлголт олгох, эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийх зэрэг цогц ажиллагааг жилд 10 гаруй аймагт явуулж ирсэн уламжлалтай юм. Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээ өнөөдөр Өвөрхангай аймагт эхэлж байна. Уг арга хэмжээний үеэр аймгийн ИТХ, ЗДТГ болон холбогдох төрийн захиргааны байгууллага, хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт ярилцлага хийхээс гадна "Хүний эрхэд суурилсан хандлага" сургалтыг дээрх байгууллагуудын төлөөлөл 120 орчим хүнд хийхээр төлөвлөөд байна.

Мөн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байр, ШШГ-ын Цагдан хорих байранд шалгалт хийх, Хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцах, Засаг дарга, ИТХ-аас сүүлийн үед гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, шийдвэрт дүн шинжилгээ хийх, МҮЭХ-той хамтран хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтийг шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top