Оточ Манрамба: Төвөд хэлгүйгээр уламжлалтын сайн эмч болох боломжгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Уламжлалт анагаах ухааны сургалт, судалгааг шинэ түвшинд гарган хөгжүүлж 28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулжбуй Оточ Манрамба Их сургууль нь Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр Тав дахь шатанд магадлан итгэмжлэгдэж, салбартаа тэргүүлэгч Их Сургууль боллоо.

Оточ Манрамба Их Сургуулийн түүх, амжилт бүтээл, төгсөгчдийн ажил үйлс нь уламжлалт анагаах ухааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог гэхэд буруудахгүй.

ОТОЧ МАНРАМБА ИХ СУРГУУЛЬ НЬ:

-Уламжлалт анагаах ухааны хүний их эмч

-Уламжлалт анагаах ухааны сувилагч

 -Эмзүйч

-Буддын гүн ухаан судлаач гэсэн үндсэн дөрвөн мэргэжлээр бакалаврын зэрэг олгохоос гадна магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх багц цагийн сургалтуудыг явуулдаг.

Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы их эмч, Сувилагч, Эмзүйч, Буддын гүн ухаан судлаачийн ангийн төгсөгчид 100 хувь ажлын байртай болдог нь тус сургуулийн хамгийн том давуу тал, амжилт юм. Энэ жил тус сургууль нийт төгсөгчдийнхөө ажил эрхлэлт, амжилтын судалгааг хийсэн бөгөөд судалгаагаар нийт төгсөгчдийн 98 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа үр дүн гарсан байна. Түүнчлэн гадаадын 14 улсад Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгчид ажиллаж, Монголын уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлж, мөн тус сургуульд гадаадын 6 улсаас оюутнууд ирж суралцаж буй нь Оточ Манрамба Их сургуулийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль болохыг илтгэн харуулж байна.

Эрүүл мэндийн дэд сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, АУ-ы доктор Ж.Амарсанаа, Манба Дацан нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг тэргүүтэй үе үеийн төгсөгчид гадаад, дотоодод сургуулийнхаа нэрийг дуурсгаж, төрийн бодлогыг атгалцан, өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүлээд улс, дүүргийн томоохон эмнэлгүүдэд ажиллаж, хувийн хэвшлийн эмнэлэг байгуулан эрүүл мэндийн салбарын ажил олгогч болон ажиллаж байна

Оточ Манрамба Их Сургуулийг үүсгэн байгуулагч, захирал, Монгол Улсын Хүний Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдорж Оточ Манрамба Их Сургуулийг үүсгэн байгуулахдаа уламжлалт анагаах ухааны сургалтын сонгодог аргыг орчин үеийн сургалтын шилдэг аргатай хослуулан сургалтын хөтөлбөрөө боловсруулж, сургалтаа явуулж эхэлсэн.

Оточ Манрамба Их сургууль сургалтын хөтөлбөрийнхөө 70 хувьд уламжлалт анагаах ухааны мэдлэгийг, 30 хувьд орчин цагийн анагаах ухааны суурь мэдлэгийг тусгасан байдаг. Энэ нь уламжлалт анагаах ухааны онол давамгайлсан хичээлийн хөтөлбөр бөгөөд Европ анагаах ухааны суурь мэдлэгийг эзэмшсэнээр аль аль чиглэлээр нь нарийн мэргэшиж ажиллах боломжтой болж байгаа юм.

Уламжлалт анагаах ухааны ном сурах бичиг, эх сурвалжууд нь төвөд хэл дээр бичигдсэн байдаг учраас Оточ Манрамба Их Сургууль нь оюутнууддаа төвөд хэл заадаг. Тиймээс тус сургуулийн оюутнууд төвөд хэл дээрх ном сурах бичгийг төвөггүй уншин, судлах чадвартай. Энэ талаар Оточ Манрамба Их сургуулийн 2001 оны төгсөгч, Сэрдэг арур эмнэлгийн захирал, уламжлалт анагаах ухааны их эмч З.Ориг “Оточ Манрамба Их сургууль нь бусад уламжлалт анагаахын их, дээд сургуулиудаас юугаараа ялгаатай вэ гэвэл ерөөсөө уламжлалт анагаах ухааны номыг урьдын маарамба нарын ном үздэг ёсоор нь сургадагт байгаа юм. Эртний маарамбууд ямар ном үзэж ямар хэмжээнд хүрсэн юм, бид тийм л номыг үзэж, тийм л хэмжээнд хүрэх учиртай.

Өнөө цагийн уламжлалтын эмч нар төвөдөөр ном үзэхгүй л бол уламжлалт анагаах ухаан хөгжих боломж багатай. Бид төвөд хэл дээрх эртний судрыг уншиж судалж байгаа нь найдвартай эх үүсвэрээс суралцаж байна гэсэн үг. Судрын хэвлэлт эртнийх байх тусмаа алдаагүй, сайн байдаг. Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд найдвартай эх сурвалжаас онолоо үзэж байна гэдэг нь хамгийн том давуу тал, нөгөө талаараа номыг ёсоор нь үзэж байж шүнгийн эмчийн аймагт харьяалагдана. Үгүй бол хэчнээн чадварлаг байсан ч жорын эмчийн аймгаас үл хэтэрнэ. Монгол болон Өвөр Монголд төвөд хэлнээс болон монгол бичгээс алдаагүй хөрвүүлсэн ном дэндүү цөөхөн байдаг. Тиймээс төвөд хэлгүйгээр уламжлалтын сайн эмч болох боломж бага шүү дээ” гэсэн юм.

Оточ Манрамба Их сургууль сургалтын үндсэн зарчимдаа Монголын уламжлалт анагаахын эмчийг эртнээс нааш бэлдэж ирсэн дэг жаягийг анхааран тусгаж, оюутнууддаа хайрлаж, энэрэх нигүүлсэнгүй сэтгэлийг зааж сургадаг. Энэ нь тэднийг хүн чанартай хүн, ёс зүйтэй эмч болгон төлөвшүүлдэг. Тиймээс ч тус сургуулийг төгссөн эмч нарын талаар хүмүүс ам сайтай байдаг. Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч, Монголын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчдийн талаар “Манба Дацан эмнэлгийн эмч нар бүгд Оточ Манрамба Их сургуулийг төгссөн мундаг эмч нар байдаг юм. Зан ааш сайхантай, өвчтөнтэйгээ их зөв боловсон харьцдаг нь өвчтөнүүдийн сэтгэл санаанд сайнаар нөлөөлж, эдгэрэлтийг түргэсгэдэг юм билээ. Эмчилгээ үйлчилгээгээ сэтгэлээсээ хийдэг, энэ хүний өвчнийг эдгээе гэсэн чин сэтгэлтэйгээс гадна маш чадварлаг эмч нарыг төрүүлж байгаад талархдаг” гэж байв.

Оточ Манрамба Их сургуулийн сургалтын бааз эмнэлэг “Манба Дацан” эмнэлгийн эмч нарын 90 гаруй хувь нь Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид байдаг. Тус сургуулийн бааз Манба Дацан эмнэлэг нь 2015 оноос орчин үеийн стандарт шаардлагыг хангасан нэгдсэн эмнэлэг болж өргөжсөн нь оюутнуудад томоохон боломжийг нээж байгаа юм. Түүнчлэн бааз Манба Дацан эмийн үйлдвэр нь олон улсын GMP-ийн шаардлага хангасан үйлдвэр болох зорилт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top