Б.Сүнжидмаа: Геологийн судалгаа зөвхөн орд нээдэг ажил биш, шинжлэх ухаан

2019 оны 09 сарын 25

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаатай ярилцлаа.


-Метан хийг ашигласнаар нийгэм, эдийн засаг, геополитикийн олон талын ач холбогдолтой гэж та хэлж байсан шүү дээ. Ер нь бид тулгамдсан олон асуудлаа шийдэхийн тулд зарим уламжлалт хэрэглээнээсээ татгалзах нь цаг үеийн асуудал болж байх шиг байна?

-Метан хий эрчим хүчний салбарт маш чухал эко түлш гэдгийг дэлхий нийтээрээ нэгэнтээ ойлгочихсон. Бидний хувьд утааны асуудлаа шийдвэрлэх урт хугацааны төлөвлөлт бол хийн түлшийг эрчим хүчнийхээ салбарт хэрэглэх явдал юм.  Монгол Улсын нүүрсний геологийн таамагласан нөөц  173.1 тэрбум тонн. Энэ бол дэлхийд эхний аравт орох арвин их нөөц. Тэгвэл метан хий гэдэг нь нүүрсний давхаргад орд болоод үүсэж, тогтоод  байж байдаг. Нүүрсний давхаргын метан хий нь газрын гадаргаас 300 метрээс доош гүнд эдийн засгийн хувьд ач холбогдолтой хуримтлалыг үүсгэж байдаг. Хэрвээ бид нүүрсний давхаргын метан хийгээ ашиглахгүй байх юм бол нүүрс олборлох явцад уурхайгаас их хэмжээний метан хий ялгарч ашиглалгүй хаягдсаар байх болно. Метан хий нь дулаан хий учраас ашиглагдахгүй байгальд  хаягдахын хэрээр хүлэмжийн хийг нэмэгдүүлж, дэлхийн дулааралд нөлөөлөх эрсдэлтэй. Нүүрсийг ашиглахаас өмнө нүүрсний давхаргын метан хийг ашиглаж буй олон улсын туршлага байна. Нүүрсийг олборлох явцад метан хийг зайлуулахгүй бол дэлбэрдэг.

Манай Налайхын уурхай метан хийгээ зайлуулаагүй учраас дэлбэрсэн шүү дээ. Тэгэхээр нүүрсний давхаргын метан хийг ашиглах нь байгаль орчин, эдийн засаг, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Агаарын бохирдлыг шийдвэрлэх шийдэл гэдгийг нь дэлхийн томоохон хотууд агаарын бохирдлоо шийдвэрлэсэн үүх түүхээс нь харж болно. Англид гэхэд 1930-1950 оны хооронд ард иргэд нь агаарын бохирдлоос болж яг л өнөөдрийн манай иргэд шиг төр засагтаа гомддог, дорвитой шийдэл хүлээсэн байр байдалтай байсан. Ард иргэд нь хотын  захиргаандаа байн байн гомдол гаргадаг байсан боловч Засгийн газар нь дорвитой арга хэмжээ авахгүй байсаар 1952  оны арванхоёрдугаар сарын нэг өдөр цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклонд орсны улмаас ямар ч салхигүй болж, хотыг өтгөн хар утаа бүрхсэнээр нэг л шөнийн дотор хэдэн мянган хүн амиа алдсан байдаг. Ганц өвлийн дотор 12 мянган хүний алтан амийг авч одсон баримт бий шүү дээ.  Ийм гамшиг болсны дараа эрх баригчид нь Цэвэр агаарын хууль баталж, ард иргэдээ цахилгаан болон хийн түлшээр хангаснаар дөрвөн жилийн дотор агаарын бохирдлоосоо бүрэн ангижирсан байдаг. Улаанбаатар хотод өвлийн нэг өдөр  салхины урсгал эсрэг циклонд орлоо гэхэд, утаа хотыг нөмрөхөд ийм аюултай нөхцөл байдал үүсэхгүй гэхийн аргагүй. Өнөөдөр төрийн зүгээс энэ нөхцөл байдалд анхаарч ажиллаж байна. Эрлийн долоон гэрээ байгуулж ажиллаж байна гэдэг  том тоо. Гол нь бүгдээрээ ажил хийж байгаа.

-Эрлийн долоон гэрээний талаар та тодруулж мэдээлэл өгөөч. Хаана, аль ордууд дээр судалгаа хийгдэж байна вэ. Ер нь метан хийн орд илрүүлэхэд анхаарах ёстой асуудлууд юу вэ?

-Нүүрсний давхаргын метан хийн судалгааг  нүүрс агуулагч хотгоруудад л хийнэ. Газрын гадаргаас 300 метр хүртэл гүнд бол эдийн засгийн хувьд ач холбогдол бүхий  метан хийн хуримтлал үүсэхгүй гэж үздэг. 2014 онд Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нүүрсний давхаргын метан хийг эрэх, хайх, ашиглах эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн. Энэ хуульд хөрөнгө оруулагч Монгол Улсын  Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж хайгуулын ажил хийх, төрийн захиргааны байгууллагатай эрлийн гэрээ байгуулж эрлийн ажил хийхээр хуульчилсан. Үүний үр дүнд анхны Бүтээгдэхүүн хуваах гэрээг 2018 онд Өмнөговь аймгийн нутагт байрлах Номгон IX талбайд Австрали улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч”ХХК-тай байгуулж, хайгуул судалгааны ажлыг явуулж байна. Эрлийн гэрээнээс бүтээгдэхүүн хуваах гэрээнд шилжихээр гурав, хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа долоон гэрээний хүрээнд эрлийн ажлыг хийж байна. Эдгээр гэрээнүүд болон 2014 оны хууль гарахаас өмнө байгуулсан хамтарсан гэрээнүүдийн хүрээнд Нарийнсухайт, Налайх, Тавантолгойн нүүрсний ордууд дээр 300-1000 метрийн гүнтэй найман  цооног өрөмдөж Нарийнсухайт, Тавантолгойн орд дээр 93 тэрбум куб метр хийн баялгийг тооцоолсон. Цаашдаа судалгааг үргэлжлүүлэх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Геологийн салбарынхны 80 жилийн хөдөлмөрийн үр шимээр 2500 гаруй орд нээгдээд байгаагийн 300 гаруй  нь нүүрсний орд. Эдгээр ордыг судалсан, нээсэн гэх тодотголтой геологичидод нүүрс­ний давхаргын метан хийг судлахад бараг хүндрэл гарахгүй, жаахан мэргэшүүлэхэд л болно. Хийн геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж шугам хоолой, агуулах барьж хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, орон нутгийн эсэргүүцлийг шийд­вэрлэх, геологичдын эрэл хайгуул хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх шаардлагатай юм. Түүнчлэн нүүрсний давхаргын метан хийн эдийн засгийн ач холбогдол бүхий хуримтлал нь 300 метрээс доош гүнд үүсдэг тул нүүрсний гүний бассейнуудыг тогтоох суурь судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийх, үндэсний мэргэжилтнүүдийг төрөөс бодлогоор бэлтгэх зэрэг асуудлууд бий.

-Ярианы эхэнд уламжлалт хэрэглээг халах шаардлага байгаа талаар дурдсан шүү дээ. Тэгвэл байгалийн хийн хоолой манайхаар дамжсанаар нүүрснээс татгалзах магад­лал улам нэмэгдэх болов уу?

-Манай улсын газар нутаг дээгүүр хийн хоолой дамжуулах нь олон талын ач холбогдолтой. Хэрвээ бид босоо тэнхлэгийн дагуу хоёр хөрштэйгөө холбогдсон метан хий дамжуулах хоолойг барьж чадвал хийгээ эрчим хүчний салбарт хэрэглэх, илүү гарсныг нь урд хөршид нийлүүлэх, мөн хоёр хөршийн хийн худалдааг дамжин өнгөрүүлэх  боломжууд гарч ирнэ. Ер нь геологи хайгуулын ажил нь цаг хугацаа хөрөнгө мөнгө их шаарддаг эрсдэл өндөртэй салбар. Хийн геологийн судалгаа нь ашигт малтмалтай харьцуулахад зөвхөн нэг цооног нь хэд дахин илүү үнэлгээтэй, үнэ цэнэтэй хайгуулын технологи шаарддаг. Тиймээс манайхаар дамжуулаад хийн хоолой тавьчих  юм бол хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бий болж,  метан хийн хайгуулын салбар эрчимжинэ. Манай хэрэглээ бол маш бага. Тэгэхээр хийн түлшийг эрчим хүчний салбарт хэрэглэх нь агаарын бохирдлоосоо урт хугацаанд ангижирах хамгийн оновчтой шийдэл.

-БНХАУ-ын  байгалийн хийн нөөц нэмэгдэж байгаа гэсэн мэдээ­­лэл бий. Та  геологи, хайгуу­лын салбарын хүний хувьд хөрш улсын хийн нөөцийн талаар нарийн мэдээлэлтэй байгаа байх. БНХАУ-ын байгалийн хийн эрэлт манайхаар хоолой дамжуулах асуудал эдийн засгийн талаасаа бол уялдах ёстой болохоор сонирхож байна л даа?

-БНХАУ агаарын бохирдлоороо, дэлхийн дулааралд нөлөө үзүүлж буйгаараа олон улсын анхааралд орчихсон. Үйлдвэржилт маш их, агаарын бохирдол тэдний хувьд шүдний өвчин болчихсон. Миний судалж мэдсэнээр бол БНХАУ-ын тогтоосон нөөц хэрэгцээг нь хангаж чадахгүй. Байгалийн баялаг хязгаартай. Тэгэхээр өөртөө байсан ч хадгалаад бусад орноос авах сонирхолтой байдаг. БНХАУ-д байгалийн хий их биш. Нүүрсний давхаргын метан хий Шинжаанд, Шандунд, Шаньсид байна. Төр нь татаас өгч уг салбараа явуулж байгаа. Бусдаар бол тэгж их зараад, нийлүүлээд байх метан хийгүй. Өнгөрсөн жил агаарын бохирдлыг 35 хувиар бууруулахын тулд  бүх үйлдвэрүүдээ хаасан, олон ажлууд хийсэн. Хийн түлшийг эрчим хүчний салбартаа хэрэглэсэн. Биднийг эндээ  нүүрсээ, төмөр замаа яриад суух зуур БНХАУ аль хэдийн ОХУ-аас нүүрс авахаар болчихсон шүү дээ. Энд тэнд ямар нөөц байна. БНХАУ тэрийг мангас лугаа адил авч хэрэглэнэ. Тэгэхээр бид энэ том хэрэглэгчийн дэргэд байж нийлүүлэгч байх боломжийг ашиглах л ёстой.

-Танин мэдэхүйн шинжтэй асуулт асууя л даа. Метан хийг ол­бор­лох, ашиглах техникийн талын процесс яаж явагддаг юм бэ?

-Нүүрсийг олон жилийн өмнө хэн ч мэддэггүй байсан,  геологичид нээсэн. Өнөөдөр хүн бүр нүүрс гэж мэдээд, түлээд хэрэглэж байгаа. Яг үүн шиг хэн ч мэдэхгүй байхад геологичид нөөцийг нь тогтооно. Өөр найрлагагүй, цэвэр 95 процентоос дээш метан байх юм бол метан хий гэж хэлээд байгаа юм. Нүүрсний давхаргын метан хийн орд байлаа гэхэд цооногууд өрөмдөхөд  хий шууд бэлэн байж байгаа учраас цооногоор гараад ирнэ. 20 цооног ч юм уу нэг станц дээр төвлөрүүлнэ. Тойрсон олон станцуудыг нэг төв цэгт төвлөрүүлж, тэндээсээ хийн үндсэн шугам руугаа нийлүүлдэг.Хэрэглэгчдэд хүргэхийн тулд хийн хоолой барих хэрэгтэй болдог. Хийн хоолой барих процессыг эрчим хүчнийхэн хийнэ. Хийг хоёр янзаар тээвэрлэдэг. Нэг нь хийн хоолойгоор, нөгөө нь LNG буюу liquid natural gas хэлбэрт оруулж бидний ярьдгаар цистерээр зөөнө. Асаагуурт дотор байдаг шингэн бол байгалийн хий шүү дээ. Метанд жаахан даралт өгчихөөр тийм шингэн хэлбэрт орчихдог юм. Тэгээд цистерээр зөөчихдөг.

-Геологи, хайгуулын ажил 2010 оноос хойш хоёр дахин буурсан тоо байдаг. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Геологийн судалгаа эрсдэл өндөртэй. Уул уурхайн салбараасаа даруй 15-20 жилээр түрүүлж явах ёстой. Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа салбар  уул уурхай. Харин уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг геологийн сал­бар хангаж явдаг. Тэгэхээр геологийн салбар хурдтай явж байж бусад нь тогтвортой байна. Геологи зогсчихвол нөгөө хоёр нь зогсоно. Өөр ямар ч хувилбар байхгүй. Геологийн судалгааг ойлгодоггүй, буруутгадаг хүмүүс маш олон болсон. Энэ бол бид өөрөө өөрлүүгээ чулуу шидэж байгаа л хэрэг гэж бодох хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд хийгдэж буй хатуу, шингэн, хийн төрлийн ашигт малтмалын геологийн судалгааг миний удирдлагад байдаг Геологи, хайгуулын хэлтэс улсын төсвийн хөрөнгөөр, хувийн хөрөнгөөр, мөн Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах,  техникийн хамтын ажиллагааны хүрээнд хийж байгаа. Энэ судалгаанууд дата болоод л хадгалагдаж байдаг.Геологийн шинжлэх ухаан өнөөдөр зөвхөн орд нээдэг ажил биш болчихсон. Дэлхий нийтэд геологийн шинжлэх ухаан  нь анагаахын геологи, хотын геологи, далайн геологи, шуурга судлал, цунами судлал гэх мэтээр маш өргөн хүрээнд хөгжиж, амьдралд үр өгөөжөө үзүүлж байна. Жишээлбэл, уулын чулуулаг, хөрснөөс үүсэж байгаа тоосжилт хүний бие махбодид хэрхэн нөлөөлж байгаа талаар, тэр байтугай Монголоос ирж буй  шуурга өөр оронд очиж,  хэрхэн нөлөөлж байгааг геологийн шинжлэх ухаан судалж байна.

-Та сая анагаахын геологи гэж хэллээ. Ер нь энэ чиглэлээр манайд төдийлөн яригддаггүй. Уул уурхайгаас хамаарч байгаль, орчин, мал амьтанд сөрөг нөлөө­лөл үүсэж байна гэдэг асуудал их яригддаг. Тэгвэл тэр нөлөөллийг геологийн шинжлэх ухаанаар тоо­цох, тодорхойлох боломжтой юу?

-Геологийн шинжлэх ухаан хүний эрүүл мэндийг судалж байна. Химийн элементүүдийн нэгдэл эрдсийг үүсгэнэ, эрдсийн нэгдэл чулуулгийг үүсгэнэ. Уулын чулуулаг үүрээд хөрс болно. Хөрсөнд ургамал ургана. Ургамалыг мал иднэ. Малын махаа бид иднэ. Эндээс харахад тухайн орчинд ямар элементээс тогтсон чулуулаг байна, мал амьтан, ургамал, ус нь тэр чулуулагт байгаа элементээр баяжсан байдаг. Элемент илүүдэх, эсвэл дутуудахын аль аль нь хүнд өвчин болно. Манай Монголчууд энд тэнд байдаг рашаан ус биед сайн гэж ярьдаг. Тэгвэл тэр рашаан ус, элсний яг ямар микро элемент нь хүний биед хэрхэн яаж нөлөөлөөд байгаа юм гэдгийг анагаахын геологи гэдэг шинжлэх ухаан судлах нь. Говь-Алтайн Бигэрт байдаг бөөрний элс, Дорноговьд байдаг бөөрний элс хоёр өөр гэж иргэд ярьдаг бол анагаахын геологийн судалгаагаар тэрийг судална. Байгалийн туяанд халчихсан элс хүний биеэс шар усыг хөөж буй процесс бөөрний түүдгэнцрийн үрэвслийг шийдэж буй процессыг анагаахын геологи судална. Ер нь геологийн салбар нь  эрчүүдийн хүч үздэг салбар. Миний хувьд энэ салбарыг ахалж буй эмэгтэй хүний хувьд магадгүй эрчүүдээс арай өөр нарийн юманд анхаарал хандуулж байгаа байх л даа. Тэр ч утгаараа анагаахын геологи, нүүрсний давхаргын метан хий зэрэг асуудлуудыг гаргаж ирж, ач холбогдол өгч хэлж ярьж байгаа. Бид эхлээд олон нийтдээ зөв ойлголт өгөх ёстой. Тэгж байж хамтын хүчээр урагшилна. Геологийн судалгаа бол дээл оёх биш. Миний өнөөдөр ярьж буй зүйл 10 жилийн дараа л үр дүн нь харагдана.

-Геологийн салбар уул уурхай­гаас 15-20 жилийн урд алхах ёстой гэж та хэллээ. Гэтэл өнөөдрийн энэ тоон үзүүлэлтүүдийг харахад тийм бодит боломж байна уу?

Олон улсын зах зээл дээр ашигт малтмалын үнэ унах, төрийн бодлого, ард иргэдийн эсэргүүцэл зэргээс болж геологийн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт багасдаг. Геологийн судалгаа нь хөрөнгө мөнгө ихээр шаарддаг эрсдэл өндөртэй салбар  тул дээрх шалтгаануудаас болоод геологийн судалгаа багасаж геологичид ажилгүй болж байна.  Захын хүн гарч ирээд геологийн судалгааг эсэргүүцэж байна. Энэ бидний өмнө тулгамдаад байгаа гол асуудал байна. Бид салбарын онцлогоо таниулах олон ажлууд хийж байгаа  ч хяналтгүй сошиал орчны сөрөг сурталчилгааг давахад хүндрэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Top