Тутанхамуны үзэсгэлэнг 1.42 сая хүн үзэж, дээд амжилт тогтоолоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Францын нийслэл Парис хотноо нээгдсэн эртний Египетийн фараон Тутанхамуны тухай үзэсгэлэнг 1.42 сая хүн үзэж, дээд амжилт тогтоожээ.

Үзэгчдийн тоо 1967 онд тогтоож байсан дээд амжилтыг эвдсэн байна. Тухайн онд Парисын ”Petit Palais” уран зургийн музейд нээгдэж байсан “Тутанхамун ба түүний эрин үе” нэртэй үзэсгэлэнг 1.24 сая хүн үзэж сонирхсон байдаг байна. Ирэх арваннэгдүгээр сард “нэгэн үед ганц тохиох шоу” гэсэн тодотгол аваад буй  “Тутанхамун: Алтан фараоны эрдэнэс” нэртэй үзэсгэлэн Лондон хотноо нээгдэнэ. Хамгийн сүүлд Лондон хотноо залуу фараоны тухай үзэсгэлэн 1972 онд нээгдэж, 1.6 сая хүн үзэж байжээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд эрхэм дээдсийн бунхнаас олдсон 150 гаруй эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлснээс 60 нь урьд өмнө нь Египетийн хилийг хэзээ ч давж байгаагүй олдворууд байгаа юм. Үзэсгэлэнд Каир дахь Египетийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй нийт 3400 үзмэрүүдийг дэлгэжээ. Дэлхийд дахин давтагдашгүй эдгээр үзмэрүүд ирэх онд нээгдэх Египетийн гранд музейд үүрд төвхнөх гэнэ.  Музей Гиза пирамидын дэргэд сүндэрлэж байгаа юм. Египетийн Эд өлгийн зүйлсийн дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Мустафа Вазиригийн хэлснээр, ирэх онд Сидней хотноо нээгдэх энэхүү үзэсгэлэнгээс олсон орлогыг Египетийн гранд музейг барихад зарцуулах юм.

2024 онд Египетэд буцан ирэх үзэсгэлэн дэлхийн олон хотуудаар аялах юм. Энэхүү үзэсгэлэнг залуу фараоны бунхныг Британийн археологич Ховард Картер 1922 онд олж нээснээс хойш 100 жилийн ойг угтуулан зохион байгуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top