Увс нуурын нууц: Скифүүд Монгол, Тувагаас гаралтай

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 21

Монгол улсын баруун хязгаар, Бүгд Найрамдах Тува улсын өмнөд хэсгийг дамнан орших Их нууруудын хотгорт явуулсан малтлага эртний нүүдэлчид болох скифүүд эл нутгаас гаралтай гэх таамгийн нотолгоо болно гэж Оросын шинжлэх ухааны академийн Биет соёлын түүхийн хүрээлэнгийн археологийн судалгааны багийн тэргүүн Марина Килуновская мэдээлжээ.

Тэрбээр өдгөө Монголын хамгийн том нуур болох Увс нуурын хойд хэсэгт судалгаа хийж байгаа бөгөөд судалгаанд нь Тувагийн Өвөр хошуу, Увс аймгийн Давст сумын газар нутаг хамрагдаж буй юм. Увс нуурын хотгорын хойд хэсэгт археологийн судалгаа бараг хийж байгаагүй тул олон жилийн туршид судалгааны ирээдүйтэй чиглэл байх болно. Археологич хүний хамгийн том мөрөөдөл бол скифүүдийн булшийг илрүүлж, энэ соёл хаанаас гаралтай гэдгийг тогтоох явдал юм гэж тэрбээр онцолж байна. Археологич Владимир Семенов Монголын баруун хойд хэсэг буюу Увс нуурын хотгор скифүүдийн гарал үүслийн голомт нь гэж үзэж байна. Энэхүү таамгаа судлаачид малтлагын дүнд олдсон олдворууд, хадан дээрх сүг зураг, чулуун хөшөө зэргээр нотлох боломжтой гэдэгт итгэлтэй байна. Скифүүдийн соёл Сибирьд тархсан жимийг судлах үүднээс 2018 оноос хойш Тува улсын газар нутагт орших Түннүгийн хиргисүүрт археологийн малтлага хийж байгаа. Тувагийн Чаа-Холь хошуунд явуулж буй судалгааны ажлаа дуусгаад, энэ оны зургаадугаар сарын дундаас судалгааны багийнхан Монгол улстай залгаа хилийн бүсэл судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Археологичид Тувагийн Өвөр хошууны Хандгайт тосгоноос баруун зүгт 23 км-т орших Бора-Шай нэртэй газарт скифүүдийн өмнөх үед хамаарах хиргисүүрийн малтлага хийж эхэлжээ. Монголын баруун хойд хязгаар болон зэргэлдээх нутагт М.Э.Ө. IX зуун буюу скифүүдийн өмнөх үед хамаарах олон тооны хиргисүүр байдаг.

Энэ улиралд судалгааны багийнхан Өвөр хошуун дахь бас нэгэн түүхэн дурсгалт газар судалгааг нэгэн зэрэг хийж байна. Ховужук-Аксы гэх газарт 2.5 км үргэлжилдэг таван хиргисүүр, олон тооны буган чулуу байдаг. Тувагийн газар нутагт одоогоор нийт 70 буган чулуу олдсоноос Ховужук-Аксыд 34 нь байдаг аж. Буган чулуун дээр дөрвөн морь хөллөсөн сүйх тэрэг, хутга, сүх, морь, буга зэргийг дүрсэлсэн байдаг гэж эрдэмтэн ярьжээ. Судлаачид  Оросын суурь судалгааны сангаас санхүүжилт авч чадвал энэ намар багтаагаад Монголд судалгаагаа үргэлжлүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд Бургастайн хадны сүг зургуудыг судлах гэнэ. Санхүүжилтийн асуудлаас болж Монгол дахь судалгааны ажил тасраад байна гэж Килуновская учирлажээ.

Ирэх жилүүдэд археологийн судалгаагаа хэд хэдэн чиглэлд үргэлжлүүлэх бөгөөд Увс нуурын хотгорт улиралд хоёроос доошгүй долоо хоног ажиллаж гэнэ. Энэхүү судалгаан дээр Оросын эрдэмтэд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ. Скифүүдийн соёлыг судлах археологийн судалгааны ажлыг өмнө нь Увс нуурын хотгорын умард хэсэг дэх Мөнгөн Цахир ууланд гүйцэтгэж байжээ. Домогт өгүүлснээр, энэ нутагт XVIII зуунд Манжийн эсрэг тэмцлийг удирдаж байсан Ойрадын Амарсанаа нуугдаж байсан аж. 2017 онд XVI–XVII зуун буюу Алтан ханы үед хамаарах хадны зургийг илрүүлжээ. Түүнчлэн, археологичид Увс нуурын хойд хэсэгт Торхилог гол дагуу Хүрэл зэвсгийн хожуу үед хамаарах хиргисүүр илрүүлжээ. Зэлүүд талд олон км үргэлжилдэг түүхэн дурсгалууд. Увс нуур руу цутгадаг Торхилог голтой ижил нэртэй гол Енисей мөрөн рүү цутгадаг гол хойд зүгт байдаг хэмээн археологич сануулаад экспедицийн багийнхан эл хоёр гол дагуу Баянтагны даваагаар дамжин 30 км явж,  Дус Даг уул өвөр хүртэл судалгааны ажил хийсэн гэв. Өөрөөр хэлбэл, Увс нуурын хотгорыг Туватай холбодог жим байсан гэх таамаглал дэвшүүлэх бүрэн боломжтой гэж Килуновская үзэж байна.

Тувагийн судалгаа

Тува улсын газар нутаг дээр хүй нэгдлийн үеийн хүний байгууламжаас авахуулаад дундад зууны үеийн хотуудын туурь зэрэг олон тооны археологийн дурсгалт газрууд байдаг. Эдгээр нь энэ бүс нутгийн хөгжлийн соёл, угсаатны хүчин зүйлсийг нууцыг тайлах түлхүүр болдог. Тувагийн газар нутаг дээрх археологийн олдворуудыг судлах ажил өнгөрсөн зууны 20-иод оноос эхэлжээ.

1985 оноос хойш Оросын шинжлэх ухааны академийн Биет соёлын түүхийн хүрээлэнгийн Тувагийн археологийн судалгааны баг Владимир Семенов, Марина Килуновская нарын удирдлага дор ажиллаж байна. Судалгааны багийнхан БН Тува улсын бүх аймаг хошуудаас гадна, Монголын Улсын хөрш зэргэлдээх аймгуудын газар нутаг дээр судалгаа явуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top