Л.Ганбаяр: Хатиг гарсан бол мэдрэг чанарын шинжилгээ өгөх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

Сүүлийн үед бага насны хүүхдүүд хатиг буюу буглаагаар өвчлөх тохиолдол олон бүртгэгдэх болжээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн өдрүүдэд 30-40 хүүхэд энэ өвчнөөс болж хандаж байгаа аж. Хатиг үүсэх гол шалтгаан болон хэрхэн сэргийлэх талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяраас тодрууллаа.



-Сүүлийн үед хатиг гарлаа гэж эмнэлэгт хандах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байна. Хатиг гэж юу болох талаар та эхлээд нарийн тайлбар, мэдээлэл өгөхгүй юу?

-Хүний биед маш олон тооны үсний хүүдий байдаг. Үсний хүүдийн хөлс тосны булчирхайн идээт үрэвсэл үүсгэдэг эмгэгийг хатиг гэдэг. Энэ нь хүний хамар, залгиур, биеийн арьсны гадаргуу дээр ихэвчлэн байрлана. Биеийн дархлаанаас шалтгаалж хатиг буюу буглаа үүсдэг. Дархлаа суларсан үед хүний биед ороод биеийн тодорхой хэсэгт очиж үрэвсэл үүсгэдэг. Дархлааны өөрчлөлттэй холбоотой үүсдэг хэсэг газрын идээт үрэвсэл буюу нянгийн гаралтай өвчин гэж хэлж болно.

-Ихэвчлэн юунаас болж үүсдэг вэ?

-Хатиг үүсгэх гол шалтгаан бол нян бактери. Энэ вирус нь хүний хамар, залгиур, биеийн арьсны гадаргуу дээр ихэвчлэн байрлана. Дархлаа суларсан үед хүний биед ороод биеийн тодорхой хэсэгт очиж үрэвсэл үүсгэдэг. Дархлааны өөрчлөлттэй холбоотой үүсдэг хэсэг газрын идээт үрэвсэл буюу вирусийн гаралтай өвчин гэж хэлж болно. Энэ өвчинд нөлөөлөх дархлаанаас өөр хэд, хэдэн хүчин зүйл байдаг. Орчны таагүй нөхцөл байдал, агаарын бохирдол, нийгэм экологийн хүчин зүйл, ариун цэвэр муу сахих, мөн бичил гэмтлүүд байж болно. Мөн дархлаа сулрахаас гадна хүний ажил хөдөлмөрийн онцлог, чанаргүй хоол хүнс, амин дэмийн дутагдлаас болж хатиг үүсдэг. Бид ирж хагалгаанд орж байгаа өвчтөнүүдийн идээ буюу бохир шингэнээс бактериологи шинжилгээ авдаг. Учир нь ямар нян бактериас үүсэж байна, үүний эсрэг ямар эмийн эмчилгээ хийвэл зохимжтой вэ гэдгийг нь тодруулах ёстой.

-Анхан шатны ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд арьсны ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдүүдийг гар нүүрийг бохирдсон даруйд сайтар угаалгаж, тогтмол зөв зохистой хооллон дархлал сулруулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.Өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Заавал эмчид хандах ёстой. Анх гарахад нь хатигний лент нааж болно. Гэхдээ идээ үүсчихсэн үед нь хэрэглэж болохгүй. Дөнгөж үрэвсэл үүсэж байгаа үед хэсэг газрын үрэвслийг намдаах зориулалттай. Аль хэдийн үрэвсээд эхэлчихсэн үед наалт наах нь эмчилгээний хувьд ямар ч ач холбогдолгүй.

-Хүмүүс хатиг нэг гараад эдгэх­гүй бол олон гардаг гэж ярьдаг?

-Олон дахин гарч байвал түүнийг хатигшил гэнэ. Энэ нь дутуу, буруу эмчилснээс болдог. Үрэвсэл арьсны гадаргуу дээр байж байдаг. Дархлаа суларсан үед үргэлжлээд гараад байдаг. Бүрэн эмчлэхгүй бол хэдэн удаа ч гарч болно. Хүний биед хатиг үүсдэггүй хоёрхон газар байдаг. Нэг нь гарын алга, нөгөө нь хөлийн ул. Энэ хоёроос бусад биеийн хэсэгт хаана ч гарж болно.

-Хатиг эдгэхээрээ сорви үлдээ­дэг. Сорвигүй эдгээх боломжтой юу?

-Болно. Жижигхэн толгойтой хатиг хагарсан үед сорви үлдэхгүй. Эсвэл тэр хэсэгт нь мэдээ алдуулж байгаад мэс ажилбар, зүслэг хийхгүйгээр нарийхан багажаар тэлж цэвэрлэдэг. Мохоо аргаар тэлж, угааж цэвэрлэсэн тохиолдолд сорви үүсдэггүй. Харин цээж, нуруу, гуя, шилбээр гарсан томоохон хэмжээний хатиганд заавал мэс ажилбар хийдэг учраас сорви үүсэж эдгэдэг.

-Хатиг халдварладаг уу?

-Үгүй. Хатиг бол нянгаар үүсгэгддэг. Нянгийн халдвар хүнээс хүнд халдварладаггүй. Тийм учраас халдварт өвчин биш.

-Хатигаас яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Юуны түрүүнд ахуйн ариун цэврийн дэглэм барих хэрэгтэй. Гараа байнга угаах, арьс салстаа гэмтээхгүй байх, түүнчлэн амин дэмээр баялаг уураг, витаминуудыг тогтмол хугацаагаар хэрэглэж байх шаардлагатай. Төмрийн бэлдмэлийг витаминуудтай хавсарч хэрэглэснээр дархлаа сайжирдаг. Гэхдээ хүүхдийн дархлаа дэмжинэ гээд сайн гэсэн болгоныг уулгаж болохгүй. Ялангуяа эрүүл бойжиж байгаа хүүхдийн дархлааг эм, химийн бодисоор харьцангуй дэмжиж болохгүй. Харин өвчилсөн тохиолдолд болно. Дархлааг дэмжихийн тулд хамгийн түрүүнд хүний хэвийн амьдрах бололцоог бүрдүүлэх ёстой. Тогтмол температурт байж, агаар салхинд гарах, илчлэгтэй хоол хүнс хэрэглэх, тодорхой шингэнийг уулгах, тогтсон цагт насанд нь тохирсон нойроо авч байх, утас долгионоос хол байлгах, тоглож наадаж өөрийн гэсэн хөдөлгөөнтэй байх гэх мэт хэвийн амьдралын нөхцөлийг л хүүхдэд бүрдүүлэх ёстой. Ингэж чадвал хүүхдийн дархлааны систем хэвийн байх юм. Мөн хатиг гарсан бол идээнээс нь антибиотик мэдрэг чанарын шинжилгээ өгч, эмчилгээгээ эхлүүлэх шаардлагатайг анхаарах хэрэгтэй.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХҮҮХДҮҮД ХАТИГ ГЭЖ АНДУУРАГДАХ МRSA-ААР ӨВЧЛӨХ БОЛЖЭЭ
 

Сүүлийн үед бага насны маш олон хүүхэд хатиг гэж андуурагдах МRSA-аар өвчилж байгаа тул эрүүл мэндийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. 

MRSA гэдэг нь монголоор орчуулбал Метицеллинд тэсвэртэй алтлаг стафилакокк гэсэн англи үгийн товчлол юм. МRSA үүсгэгч нян хүний арьс, хамарт хэвийн бактерийн хамт байдаг боловч  гэмтсэн арьсаар биед нэвтэрч арьс, зөөлөн эдийн хатиг буглаа, цэврүү үүсгэдэг байна.

МRSA нь мэс заслын шарх, арьс салстаар дамждаг ба эмчлэгдэхгүй удсан тохиолдолд зүрх, үе мөчний үрэвсэл, цусан үжил буюу сепсис гэх мэт өвчнөөр хүндэрч амь насанд аюул учруулдаг байна. 

Үүнээс сэргийлэхийн тулд гар нүүрийг бохирдсон дариуд сайтар угаалгаж, тогтмол зөв зохистой хооллон дархлал сулруулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Хэрэв хүүхдийн биед хатиг хэд хэдэн удаа гарч байвал заавал мэргэжлийн эмчид хандаарай. Учир нь MRSA үүсгэгч ихэнх антибиотикт тэсвэртэй байдаг тул эмчилгээ үр дүнгүй байх талтай.

Мөн хатиг гарсан бол идээнээс нь антибиотик мэдрэг чанарын шинжилгээ өгч эмчилгээгээ эхлүүлэх шаардлагатайг анхаарна уу!

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Otgonbayr(202.126.88.39) 2019 оны 10 сарын 13

Zurgar yalfag n tailbarlawal sain l bna hatigug yaj tanij medh v

0  |  0
Ариунаа(122.201.24.5) 2020 оны 10 сарын 11

Бактерийн гаралтай л даа. Яагаад вирус дамжаад байна. Вирус бактери 2 ялгаатай шүү

2  |  0
Эмч(139.5.218.234) 2020 оны 07 сарын 27

Вирус ба нянгийнхаа ялгааг тодруулаач. Вирусын гаралтай гэснээ нянгаар үүсдэг гээд будлиад байна уу, сэтгүүлч хольж солив уу? Олонд оновчтой зөв мэдээлэл өгөх хэрэгтэй!

3  |  0
Altaa tseegii(66.181.161.52) 2021 оны 07 сарын 23

Мундаг эмчдээ баярлаж талархаж явдаг шүү. Ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.

0  |  3
zochin(150.129.142.109) 2019 оны 11 сарын 15

deej archdas awdaggui daraani yahiin ch helj ogdoggui

2  |  0
Top