В.Мөнхбаяр: Эрсдэл бага гаргая, аюулгүй байдлыг дээдэлье гэсэн хүмүүс манайхыг зориорой

2019 оны 09 сарын 17

“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №10/510 дугаарын “Аялал жуулчлал” буланд орсон ярилцлагыг онцолж байна.


“Canton Fair”-2018 үзэсгэлэнгийн талаар болон бизнес аяллын боломжуудыг тодруулахаар ”Асур тэнгэр” ХХК-ийн ерөнхий менежер В.Мөнхбаяртай ярилцлаа.

-“Асур тэнгэр” ХХК болон “М шов энтэртайнмэнт” хамтран ирэх аравдугаар сард зохион байгуулах бизнес аяллын талаар яриагаа эхэлье?

-Кантоны нэг удаагийн үзэсгэлэн дээр дунджаар 400-500 хүн очдог. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүнийг далимдуулаад Монголын олон компани найдвартай, найдваргүй компаниудаар зуучлуулан очдог. Энэ бүгдээс ялгарахын тулд манай компани чанартай үйлчилгээ үзүүлэхээ бодолцож өндөр ач холбогдол бүхий Гуанжоу, Хонгконг, Макао гэсэн гурван газрыг багтаасан бизнес аяллыг зохион байгуулахаар зориод байна. Бид энэ аяллаараа Кантонфайрыг үзэх гэж очсон хүмүүст Кантон болон Хонконгд болдог үзэсгэлэнг үзүүлээд хачир болгож зугаа цэнгээний үйлчилгээгээрээ алдартай Макаод казино, далай үзүүлэх зэргээр аялуулж, ерөнхийдөө 6-7 өдрийн аяллыг хийнэ.

-Өмнө нь Улаанбаатараас Хятад руу бизнес аялал зохион байгуулж байв уу? Энэ жилээс эхлүүлж байна уу?

-Хятадад очиж байгаа хүмүүсийг байнга хүлээж авдаг. Тэд Гуанжоу хот болон Хонгконг, Макао, мөн Бээжин зэрэг ойрхон боломжит хотуудад манайхаар дамжуулан аялал хийж, ажлаа бүтээгээд буцдаг.

Очсон хүмүүс маань эргээд олуулаа болж ирээд, манай үйлчилгээнд сэтгэл хангалуун байсныг нь сонсоход сайхан байдаг.

-Үүнээс гадна та бүхэн бизнес аялагчиддаа ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Бид үйлчлүүлэгчдээ үйлдвэрүүдтэй танилцуулахаас гадна бизнес зөвлөгөө өгнө. Кантонфайр үзэсгэлэнгээс авахыг хүссэн бараа бүтээгдэхүүний үйлдвэртэй нь шууд холбож, холбогдох хүмүүстэй нь биечлэн уулзуулдаг. Цаашлаад гэрээг нь хийж, хамтын ажиллагааг нь эхлүүлж өгдөг. Шаардлагатай бол Монголын компанийн гадаад дахь төлөөлөгчөөр нь ажиллаж болно. Манай орчуулагч нар дандаа мэргэжлийн туршлагатай хүмүүс байдаг. Шаардлагатай том уулзалтад Гуанжоу хотод амьдарч, сурч, бизнесийнхээ чиглэлээр боловсорчихсон хамгийн сайн орчуулагч нар маань оролцдог. Мөн Бид Гуанжоуд байдаг гэдэг утгаараа үйлдвэрүүдээс захиалга их авна. Гуанжоу хот руу явахад нэг хүний зардал талдаа нэг сая гаруй төгрөг шүү дээ. Очоод буудал, унаа, хоол хүнс гээд зардал өндөр гарна. Ийм их мөнгө үрэхийн оронд танайх найдвартай, танайхаас шууд захиалгаа хиймээр байна, захиалга хийгээд өгөөч гэдэг. Хувцас, машины сэлбэг, тавилга гээд Хятадад үйлдвэрлэдэг, тэнд байдаг бүх л зүйлийг манайхаар дамжуулан авдаг болсон. Тийм утгаараа манайх хэрэглэгчдийнхээ найдвартай түнш нь болж чадсан. Манай компаниар дамжуулаад очвол илүү олон үйлдвэр, компанитай харилцаа холбоо тогтоож, бизнесээ өргөжүүлэх боломж улам нэмэгдэнэ гэж ойлгож болно.

Бид Хятадын агент, том том компаниудтай хамтарч ажилладаг. Бидэнд барилга, машин, хэвлэлийн том үйлдвэрүүдээс ажлын санал маш олон ирж байгаа. Тэдний зүгээс Гуанжоуд зохион байгуулдаг шоунд оролцъё, танай Монголчуудад компаниа сурталчилъя гэх мэт санал тавьж байна.

-Ер нь бизнесээ өргөжүүлэхийг хүссэн хүн бүр “Асур тэнгэр” компанитай холбогдоход алзахгүй нь ээ?

-Тийм шүү. Бид маш олон харилцагчтай учраас үйлдвэртэй нь шууд холбож өгч холбогдох хүмүүстэй нь уулзуулаад цааш нь гэрээ хийж өгч, хамтын ажиллагааг нь эхлүүлэн холбож өгдөг.

-Танайхаар үйлчлүүлдэг Монголын томоохон компаниудаас нэр цохож жишээ татвал ямар компани байна вэ?

-Байлгүй яахав. Гэхдээ нэр хэлэх шаардлагагүй. Үндсэн үйл ажиллагааны чиглэл нь бол барилга байна. Мундаг мундаг барилгууд сүндэрлэж байна шүү дээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдээс гадна, Монголын нууц ноёнтнууд ч ирж өөрсдийнхөө хувийн бизнесийн юмыг аваад л явна. Хятадад дандаа чанаргүй бараа байдаг гэж ойлгоод байдаг. Энэ бол маш өрөөсгөл ойлголт. Чанаргүй барааг чанаргүй хүн л зарна. Чанартайг нь чанартай хүн л зарна. Тийм утгаараа харилцагч компаниуд маш их. Улаанбаатарын төвийн том том дэлгүүрүүд хүртэл гутал, пүүз, эрэгтэй, эмэгтэй хувцас гэх мэт бүх л чанартай барааг манайхаар дамжуулж авч байна.

-“Асур тэнгэр” компаниар үйлчлүүлэхийн давуу тал юу вэ?

-Бид энэ бизнес аялалд өндөр ач холбогдол өгч байна. Аялагчдынхаа аюулгүй байдлаас авахуулаад үйлчилгээний чанар, зочдоо хэрхэн сэтгэл ханамжтай байлгах вэ гээд бүх зүйл дээр анхаарч байна. Манай үйлчилгээний хувьд бусад аяллын газруудаас ялгарах нэг том давуу тал нь энтертайнмент үйл ажиллагаа юм. 

“Асур тэнгэр”, “M show entertaiment” гэсэн хоёр том компани хамтран Гуанжоуд байгаа Монголчууддаа зориулж Гуанжоу хотод өмнө нь болж байгаагүй том тоглолтыг Монголынхоо алдартай хамтлаг дуучдаас аваачиж зохион байгуулдаг. Хамгийн эхний тоглолт дээр Дижитал хамтлагийн Эрка маань Гуанжоугийн төв хэсэгт байдаг тансаг зэрэглэлтэй “Сувдан гол”-ын эрэг дээр тоглолтоо хийж Монголоос 100 гаруй хүн ирж үзсэн. Өнгөрёөн дөрөвдүгээр сард тансаг зэрэглэлийн усан онгоц дээр “Гурван бүдүүн” хамтлагаа аваачиж, Монголчууд маань нэгэн оройг хамтлагтайгаа дуулж өнгөрөөсөн. Энэ үйл ажиллагаан дээр гэхэд Монголоос үзэсгэлэн үзэхээр ирсэн 500 хүнээс усан онгоцны даацаас шалтгаалаад 200 хүн л энэ тоглолтод оролцож чадсан. Энэ үйл ажиллагаа улам л өргөжөөд “Асур тэнгэр”, “М show” хоёр маань ирэх аравдугаар сарын аяллыг зохион байгуулж, цаашдаа маш том зүйлд зорьж байгаа юм. Энэ нь юу вэ гэхээр Кантонфайрыг зорьж ирж байгаа хүмүүс ч гэсэн манай аяллын зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцох боломжтой.

-“M show entertaiment””-ийнхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу? Өмнө нь ямар арга хэмжээнүүд зохион байгуулж байв?

-Манай “M show entertaiment”” Улаанбаатартаа олон жил болсон. Манайх тайз, дэлгэцийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх, тоглолт зохион байгуулах зэргээр энтертайнмент чиглэлийн олон ажил зохион байгуулдаг байсан. Бид хамтлаг дуучидтайгаа 21 аймгаа тойрсон. Өвөрмонголд очоод хоёр Монголын соёлын харилцааны хүрээнд “Нисванис”, “Татар”, “Fire, “Madness” хамтлагуудын тоглолт болон Монголынхоо кинонуудыг танилцуулах зэрэг ажлыг зохион байгуулсан. Яриад байвал олон ажил бий.

-Танай бизнес аяллын үнэ хэд вэ? Ямар төлбөрүүд багтсан байх вэ?

-Тухайн үеийн валютын ханшаас шалтгаалаад үнэ ханш зарлана. Аяллын үнэд Улаанбаатараас очоод буцаж ирэх хүртэлх бүх зардал багтана. Харин аялагчид халаасны мөнгөтэй байх нь тодорхой л доо.

-Хятадад ажиллаж, амьдрахад орчин нөхцөл ямар вэ?

-Хятадын зах зээл асар том, хүн ам ихтэй. Монголд таван жил зовоод ч олохгүй мөнгийг тэнд хоёрхон жилийн дотор хичээгээд, шаргуу хөдөлмөрлөвөл шударгаар олох боломжтой. Хүн ам ихийн давуу тал тэнд л байна. Нэг хотдоо 15-20 сая хүнтэй. Одоо Хятадын хотууд хамгийн аюулгүй, амар тайван болж эхэлж байна. Бүх газар камертай учраас хулгай гэх мэт асуудлууд байхгүй болж эхэллээ. Тэнд замын түгжрэл гэж алга, ямар нэг нервтэх асуудал гарахгүй, бүх юм цагийн хуваарийн дагуу явчихна. Манайд бол түгжрээд л зогсоод байдаг. Үүнд хайран “алтан цагаа” үрж байгаа юм л даа. Монголын залуучууд маань гадаадаас мөнгийг нь олж ирээд Монголдоо үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулалт хийж чадаж байна. Хятадад сураад байгаа хүмүүсийг муугаар ойлгох нь байдаг. Муу нь байдаг л байх. Энэ бол хувь хүнээс л шалтгаалах ухамсрын асуудал. Хятадын мөнгийг авч ирээд ийм бүтээн байгуулалт хийсэн гээд дурсагдаж байвал бидний үр хүүхдэд л хэрэгтэй юм даа. Энэ утгаараа зорилготой, бидний эрин үе ирчихсэн гэж ойлгосон залуучууд тэнд гялалзтал ажиллаад л байж байна. Яахав хөдөө нутагтаа усгүй, хоол унд муутай, хулхи бараа хийдэг газрууд байна. Хөгжил өндөр хотуудад нь тийм асуудал байхгүй.

-Тэгвэл манай зарим жижиг, дунд бизнес эрхлэгчид хөгжил өндөртэй газраар нь явдаггүй учраас чанаргүй бараа оруулж ирдэг юм байна л даа.

-Тийм, тийм. Хөгжил дагаж чанар яалт ч үгүй байдаг. Манайхны зарим нь Эрээнээс бараагаа оруулж ирлээ гэдэг. Эрээний барааг Гуанжоу болон бусад хотуудын үйлдвэрийн бараатай харьцуулах аргагүй. Чанарын асар их ялгаатай. Жишээ нь Гуанжоугийн барааг Европ руу экспортолдог.

-Та төгсгөлд нь бизнес эрхлэгч Монголчууддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Бидэнд худалдаа, бизнесийн аялал жуучлал, энтертайнмент чиглэлээр хийгдсэн ажил, цаашид хийх маш олон төлөвлөгөө, төсөл байна. Миний хувьд нэг хотоос нөгөө хот руу судалгаа хийгээд явж үйлдвэрүүдтэй танилцдаг. Монголчуудын очдоггүй хотуудаар очиж үйлдвэрүүдтэй нь танилцан тэндээсээ чанартай барааг монголчууддаа санал болгож байгаа. Гэтэл манайхан болсон болоогүй хүнд найдан очиж, их мөнгө зарж үйлдвэрийн тоног төхөөрөмж авчирдаг. Нөгөөх нь ирээд эвдэрчихдэг. Хүмүүс тийм чанаргүй юм авч “шатаад” байна.

“Асур тэнгэр” компани чанарыг маш их эрхэмлэдэг. Гадны хувь хүмүүстэй холбогдож эрсдэлд орж хохирч байхаар Монгол компанитайгаа хамтраарай. Эргээд буух хаяг, буцах эзэнтэй газартай харилцаарай. Манайх чинь хувьцаат хариуцлагатай компани учраас тамга тэмдэгтэй, компанийн дансаар гүйлгээ нь орж гардаг. Тийм учраас эрсдэлийг бага гаргая, чанарыг баталгаажуулъя, аюулгүй байдлыг дээдэлье гэсэн хүмүүс манайхыг зориорой.

“Асур тэнгэр” компанийн бизнес аялал бизнесийг тань өргөжүүлэх олон боломжийг нээнэ гэж хэлмээр байна.

-Баярлалаа. Ажил халаас дүүргэнэ. Аялал амьдралд дурсамж дүүргэнэ гэсэн “Асур тэнгэр” компанийн уриагаар ярилцлагаа өндөрлөе.

Ярилцсан Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top