Холливудын танхай залуу Том Харди 43 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Холливуд танхай эрчүүдэд дуртай. Харин Том Харди бол танхай нарын дунд ч тодрох хүн. Харди өөрөө ч энэ ертөнцийн нүглийг бүгдийг нь мэднэ гэж хэлсэн удаатай. Гэхдээ гайхалтай нь түүнийг шүтэн бишрэгчдийн дунд 10-20 насны охидоос эхлээд 60-80 насны эмээ нар ч байдаг. Энэ бол түүний авьяас чадвар, хүнийг татах увдистай нь холбоотой. Хэрэв танд гудамжны хулиган, сэтгэл зүйч багш, алуурчин маньякийн дүрд адилхан сайн тоглож чадах жүжигчин хэрэгтэй бол Том Хардид л хандаарай. Тэр л чадна. Эргэлзээд байвал ихэр Крэй нарын тухай “Домог”, Хардигийн “Оскар”-т нэр дэвшсэн “The Revenant” кинонуудыг үзээрэй.
 


ДОМОГ ЮУНААС ЭХЭЛСЭН БЭ?

“I’m a very lucky boy!” хэмээн  тэр өөрийнхөө тухай өгүүлнэ. Том Харди Лондон хотын Хаммерсмитэд өндөр боловсролтой, баян айлын гэрт мэндэлжээ. Аав нь зохиолч, ээж нь зураач. Багад нь түүнд дутуу юм үгүй байсан ч Том муу хүүхдүүдтэй нийлж эхэлнэ.

“Ээж минь үргэлж намайг эрхлүүлэн, хайрладаг байлаа. Манай гэр ном, хөгжмөөр дүүрэн. Бэлэг аваад л, гадаадад байнга аялна. Үнэтэй хувийн сургуулийн боловсролыг ч би эзэмшсэн. Харин ганцхан л асуудал байсан нь би бага зэрэг зөрүүд, сахилгагүй хүүхэд байсан юм. Бага зэрэг ч юу байх вэ, маш сахилгагүй хүүхэд байлаа” гэж тэр бага насаа дурссан.
 


Танхай хулгайч, зальтай этгээдийн дүрийг өөрөө хууль зөрчиж байгаагүй хүн ийм сайн бүтээнэ гэж байхгүй тул үгэнд нь итгэхээс өөр арга байхгүй. Бяцхан Томыг 11 настай байхад нь сургууль дээр нь цагдаа ирж, цавуу үнэрлэн мансуурахын хор уршгийн талаар лекц уншжээ. Тэр үед сургууль даяар цавуу моодонд ороод байлаа. Лекцийг сонссон Хардигийн толгойд “Цавуу хаанаас олохыг би мэдэж байна” гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн гэдэг. 13 нас хүрэх үедээ тэр жинхэнэ мансуурагч болсон байлаа.
 


Хардигийн өсвөр нас архи дарс, хар тамхи дунд өнгөрсөн. Хуулиар хориглогдсон бүх зүйлийг туршин үзэх нь түүний хобби байв. Энэ байдал 2003 онд түүнийг бөөн цус, бөөлжсөн дунд олох хүртэл үргэлжилсэн юм. “Тэр үед би мансуурахын тулд юу ч хийж магадгүй байсан” гэж Том ил тод ярьсан байдаг. 2003 оны тэр явдал том сургамж болж, 26 нас хүрээд байсан Харди болихоор шийднэ. Хар тамхинаас гаргах эмнэлэгт хэвтэж, спортоор хичээллэн, бүх юмыг тэгээс нь эхэллээ. Одоо түүний амьдралд кокаин, тамхи биш бокс, тулааны урлаг орж ирлээ. “Би үхээд дахин төрсөн. Тэр үед намайг аварсан зүйл бол тайз. Айлын ганц хүүхэд байсан болохоор би гэрийнхэн минь надаар бахархаасай гэж хүсж байсан. Тайз бол надад яг тохирсон газар байлаа” гэж тэр дурссан. Ингэж танхай хулиган авьяаслаг жүжигчин болон хувирсан түүхтэй.
 


ТӨГС ДАЙСАН

“Би “The Dark Knight Rises” киноны Бэйн биш. Жинхэнэ амьдрал дээр би түрэмгий хүн биш. Гэхдээ хүмүүс яагаад надаас айдгийг ойлгож байна. Хэрэв надтай харьцаад ярьж үзвэл кинон дээр бүтээдэг маньякуудаасаа огт өөр хүн гэдгийг минь ойлгох болно” гэж тэр байнга сөрөг талын дүрд тоглодогтоо гомдоллосон удаатай. Гэхдээ муу хүний дүрд тоглоход сонирхолтой байдгаа тэр нуугаагүй.
 


Хүнийг өөртөө татдаг, хөгжилтэй, эелдэг залуу Томоос бүтээсэн дүрүүддээ хэрхэн ханддагийг нь асуухад “айдаг” гэж ганц үгээр хариулдаг. Бодит амьдрал дээр тийм хүмүүстэй учирч байсан болохоор үзэгчдээс илүү өөрийг нь дүр нь айлгадаг аж.
 


Хардигийн намтарт олон хар толбо байгаа ч Холливудын ихэнх оддын адил нуух гэж тэр оролддоггүй. Өнгөрснөөсөө хуримтлуулсан туршлагаа одоо тэр ашиглаж байна. Хөрш айлын хөөрхөн залуугийн дүр бүтээхээс маньякийн дүр бүтээх хэцүү биз дээ. Үзсэн хүнийг өөрийгөө үзэн ядтал нь тоглоно гэдэг жинхэнэ авьяас гэхээс өөр юу хэлэх вэ.

ХАЛАМЖИТ ААВ

Нэл шивээс болсон гартай, хууз сахалтай энэ эрийг хоёр хүүхдийн халамжит аав гэхэд итгэмгүй. Хуучин эхнэр Рэйчел Спидийн Луи Хардигаас гадна одоогийн эхнэр Шарлотта Райли тэр хоёр хоёр хүүхэдтэй.
 


“Хүүхэдтэй болсон минь намайг аварсан гэж би хэлэхгүй ч ямар ч гэсэн миний амьдралыг өөрчилсөн. Надад итгэж, найдаж байгаа, намайг санаж байгаа хүн байгааг би ухаарсан. Гэртээ хариад би жүжигчин Харди биш эцэг Харди болдог. Хүүхдүүд минь миний киног үзэх насанд хүрээгүй байна. Ууган хүү “Mad Max: Fury Road”-г үзмээр байна гэхэд нь би зөвшөөрөөгүй. Эхлээд Харри Поттерийн бүх ангийг үзээд дуусгачих” гэж тэр ярьж байна.
 


ТОМ ХАРДИГИЙН АМЬДРАЛЫН ДҮРЭМ

“Би англи жүжигчин. Тийм болохоор хараал хэлэх эрхтэй”

“Би сэтгүүл, сэтгүүлчдэд дургүй. Гэхдээ би хүмүүст хайртай”

“Гарцгүй газраар зам хөндлөн гардаг хүмүүсийг үзэн яддаг. Дайруулаад нөгөө ертөнцөд очсон хойноо юу гэж хэлэх юм бол. “Намайг машин дайраа юу. Би тэр дэлгүүрт хурдан очих ёстой байсан болохоор үхчихлээ. Би зориг гаргаад гүйж орхисон, уг нь бараг амжсан” гэх юм байх даа”.
 


“Амьдралаа алдах шахсан тэр үе хүртэл би амьдралын үнэ цэнийг ойлгодоггүй байсан”

“Би сахилгагүй байсан. Газарзүйн хичээл ээ? Юун газарзүй, гарч тамхи татья гэдэг байлаа. 15 настайдаа би хулгайн машины хэргээр, дараа нь буу авч явсан хэргээр цагдаад баригдсан. Биднийг тэд зодсон. Би “Та нар зодохоос биш, алж  чадахгүй” гэж бодож байлаа.
 

 
“Би буунд дургүй. Хэт чанга дуутай”

“Аюул санамсаргүй газраас ирдэг. Жишээ нь, ном уншаад сууж байгаа нүдний шилтэй залуу намайг ганц цохиод унагааж болно”

“Хэрэв би хэн нэгний гарыг хугалмаар санагдвал биеэ барихгүй, хийх л болно”
 


 “Алдаа хий. Энэ бол чиний хичээл, сургууль”

“Муу нэр, сайн нэр чиний амьдралд сайн муу яаж ч нөлөөлж болно. Гэхдээ ямар ч нэргүй байснаас муу нэртэй байсан нь дээр”

“Би том биетэй хүн биш. Кино намайг том харагдуулдаг”
 


“Аав минь надаар бахархаасай гэсэндээ би жүжигчин болсон. Өөр надад хийж чадах юм байгаагүй. Гэхдээ би энэ мэргэжлээс сахилга бат гэдэг зүйл сурсан”

“Би Чехов, Шекспирийг сайн мэднэ”

“Америк кинонд тоглоход нэг мэдэхэд бараа болон хувирсан байдаг. Энэ бүхнийг өөрөө хянаж, зохицуулж байх хэрэгтэй”
 

 
“Би өөртөө таалагддаггүй, тодорхой хэлбэл хэзээ ч таалагдаж байгаагүй”

“Миний толгойд Артур гэдэг орангутан амьдардаг. Бүх буруу шийдвэрийг тэр миний өмнөөс гаргадаг. Уух болгонд энэ сармагчин “галзуурал” гэдэг кноп дээр дарчихдаг. Гэхдээ тэр нэг муу л орангутан шүү дээ, түүнтэй харилцаж сурах хэрэгтэй”
 


“Зарим хүн чамайг хайрлаж болно, нэг хэсэг нь үзэн ядна. Харин ихэнх хүмүүст чи хэн бэ гэдэг огт падгүй”

“Би Xbox тоглодог, бас хүүхдээ харна, нохой ч бас бий. Ямар завгүйг минь харж байна уу. Кино үзэх зав огт байхгүй. Тийм болохоор би өөрийнхөө л тоглосон киног үздэг. Яагаад гэвэл заавал үзэх ёстой болохоор тэр”

“Чиний хэн гэдэг чухал биш. Харин цаашдаа чи юу хийх вэ гэдэг чухал”
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(197.234.219.17) 2019 оны 09 сарын 17

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top