ШҮҮМЖ: Улс төрийн шогийг ухаан санаа зарж, ур чадвар зааж бичдэг юм

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 15

"Зиндаа" сэтгүүлийн 2018 оны №11, 12 /511, 512 дугаараас онцлон хүргэж байна. 


ОРШЛЫН ОРОНД

Сэтгүүл зүйн шинжлэх ухаан өөрийн гэсэн өвөрмөц зорилго, түүндээ хүрэх тодорхой зарчим, чиг үүрэгтэй. Бичлэгийн ялгарах аргуудтай. Түүнийг нь бичлэгийн төрөл, зүйл гэж нэрлэнэ. Төрлөөр нь дөрөв хуваана.

НЭГД: МЭДЭЭЛЛИЙН БИЧЛЭГИЙН ТӨРӨЛ.

Үүнд нь мэдээ, тайлан, ярилцлага, сурвалжлага, тойм, номын мэдээ, сурвалжилсан тэмдэглэл, захидал гэсэн бичлэгийн аргууд багтана.


ХОЁРТ: ШИНЖЛЭЛТ БИЧЛЭГИЙН ТӨРӨЛ

Өгүүлэл, хэвлэлийн тойм, шүүмж, эссе, мөшгих сэтгүүл зүй буюу эрэн сурвалжлага, прогноз буюу таамаглал, хувилбарт бодол, туршилт, тайлбар нь шинжлэлт бичлэгийн төрөлд хамаарна.


ГУРАВТ: НИЙТЛЭЛ-УРАН САЙХНЫ БИЧЛЭГИЙН ТӨРӨЛ.

Найруулал, шог найруулал, улс төрийн шог, тэмдэглэл, уран нийтлэл энэ төрөлд багтана.


ДӨРӨВТ: БИЧЛЭГИЙН ЖИЖИГ ЗҮЙЛҮҮД.

Зах зээлийн эдийн засгийн харилцааны өнөө үед харьцангуй түргэн хурдацтай тархаж буй эл төрөлд лавлагаа мэдээллийн шинжтэй жижиг зүйлүүд /асуулт-хариулт, товч намтар, эмгэнэл, зарлал, блиц асуулт/, шинжлэлт танин мэдэхүйн шинжтэй жижиг зүйлүүд /анкет, хэвлэлд зориулсан албан мэдээ, мониторинг, рейтинг, хүлцэл, зөвлөмж, мэдэгдэл, социологийн судалгааны дүн зэрэг/, зугаацал-уран сайхны шинжтэй жижиг зүйлүүд гэх мэт /домог, шог яриа, элэглэл, хоч шүлэг, наргиа, тоглоом, сонжоо, үгийн сүлжээ, ертөнцийн сонин хачин зэрэг/ багтдаг. Эдгээр дөрвөн төрөлд багтаж буй дээрх бичлэгийн аргуудыг сэтгүүл зүйд жанр буюу зүйл гэж нэрлэнэ. Дор бүрнээ өөрийн гэсэн өвөрмөц арга, дүр дүрслэлтэй. Нэг нь нөгөөгөөсөө ялгарна, бас нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж баяжуулна. Жирийн иргэд эдгээрийн ялгааг төдийлөн мэдэхгүй. Харин мэргэжлийн сэтгүүлчид бол андахгүй. Их, дээд сургуульд дөрвөн жил судалж, бичлэгийн дадлага хийж, курс дипломын ажил бичиж, үйлдвэрлэлийн дадлагаар танхимд олсон мэдлэгээ баталгаажуулдаг учраас тэр юм.

Сэтгүүл зүйн дөрвөн төрөлд нийтдээ дор хаяхад бичлэгийн хорь гаруй жанр /зүйл/ байна. Жижиг зүйлүүдийг нэмбэл бүр дөч гараад явчихна.

Их, дээд сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр дүүргэсэн мэргэжлийн сэтгүүлчид бол аль ч төрөл, зүйлээр нь бичиж чаддаг мэдлэг, дадлагатай болсон байх учиртай. Энэ бол тэдний үүрэг юм. Тэгэхдээ өмнөх он жилүүдийн үйл ажиллагааны практикаас ажиглаж байхад тийм байж чаддаггүй. Гол төлөв аль нэг төрөл, жанраар дагнаж бичиж дадлагажиж чармайж байж тодорхой амжилтад хүрсэн байдаг. Энэ ч зөв зүйтэй алхам буй заа гэж бодож байна. Баримт түшиж ярья.


ТОЙМЛОН ХУРААНГУЙЛБАЛ:

Бүх шинжлэх ухааны оргил нь математик гэдэг. Түүн лүгээ сэтгүүл зүйн төрөл, зүйл дотор хаан суудалд залардаг жанр нь мэдээ. Мэдээнээс бүх зүйл эхэлнэ. Бага зайд том агуулгыг багтааж, ашигтай шинэлэг мэдээллийг өөртөө агуулсан мэдээ бол том уран бүтээл байдаг. Хоёр гуравхан үгнээс бүтдэг мэдээ гэдэг өөрөө хосгүй нандин зүйл.

Монголын сэтгүүл зүйн түүхэн дэх мэдээ хэмээх бичлэгийн нэрт төлөөлөгчдийг бүр 1913 оны “Шинэ толь хэмээх бичиг” сониноос эхэлж олж үзэж болдог. Жанцансамбуу гэдэг эрхэм тийм мэдээг бичдэг байв. Дөчөөд онд “Үнэн” сонинд Н.Цэенжав гэдэг хүн энэ жанраар тодрон ялгарсан байдаг. 1945 оны “Үнэн” сонины №169-д түүний бичсэн “Эрдэмтэн болов” гэсэн товч мэдээ бий. Гуравхан өгүүлбэртэй. Н.Жагварал гэдэг хүн ЗХУ-д эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн болсон тухай.

“Огторгуйн уудамд анх удаа хүн ниссэн тухай” хэмээх гарчигтай МОНЦАМЭ-гийн товч мэдээ 1961 оны 4-р сарын 12-нд “Үнэн” сонинд нийтлэгджээ. Юрий Гагарин “Восток” хөлгөөр сансарт цойлон гарсан тухай өгүүлсэн аж. “Олон улсын шинэ баг тойрог замд” гэсэн гарчигтай ТАСС- МОНЦАМЭ-гийн бас нэг мэдээ бий. Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарын хамтарсан баг сансарт ниссэн тухай юм. Үүн дээр би “Ардын эрх” сонины “Эрхлэгчийн булан”-д нийтлэгдсэн Ц.Балдоржийн “МАНАН-г арилгагч” /1993/ хэмээх бяцхан нийтлэл мэдээг нэр зааж нэмнэ.

Эдгээр мэдээ нь “уруугаа харсан пирамид”-ын онолыг ягштал баримталж ур чадвар, бяр тэнхээ зааж бичсэн товч мэдээний тодорхой үлгэр загвар мөн болно. Хэн, юу, хэзээ, хаана, яагаад гэсэн асуултад яс хариулт өгчээ. Товч, тодорхой, түргэн шуурхай, үнэн зөв байх шаардлагыг гүйцэд хангаж чадсан байна. Ингэж бичдэг эрхмүүдийг сэтгүүл зүйн бичлэгийн хаан суудалд заларсан мэдээний жинхэнэ мастерууд гэж нэрлэж, тодорхойлж болно.

Үүн лүгээ нэгэн адил сурвалжлагыг жинхэнэ утгаар нь бичиж чаддаг зохиолч, сэтгүүлчид Монголд цөөнгүй байжээ. Түүний нэг нь “Улаан наран” романы зохиогч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн С.Дашдэндэв гуай юм. Түүний бичсэн “Нэгэн сэтгэлгээ” хэмээх алдарт сурвалжлага “Үнэн” сонины 1945 оны 10-р сарын 22- ны өдрийн № 242-т нийтлэгдсэн байдаг. Монголын түүхэнд анх удаа болсон ард нийтийн санал- асуулгын талаар хийсэн амьд тод сурвалжлага. Монголын ард түмэн 1945 оны 10-р сарын 20-ны өдөр нэгэн сэтгэлгээгээр тусгаар тогтнолынхоо төлөө санал өгснийг тухай нүдэнд үзэгдэж сэтгэлд хоногштол дүрслэн үзүүлсэн байдаг Сурвалжлагыг нь задалж үзэх юм бол “Үнэн” сонины сурвалжлагч С.Дашдэндэв гуай жинхэнэ сурвалжлагч хүн байсан ажээ. Залуу сэтгүүлчдээс энэ жанраар мэргэжиж урагшлан дэвшиж яваа хүний нэг нь “Өдрийн сонин”-ы Э.Энэрэл гэж би боддог. Д.Мөнгөндалай ч сайн бичиж байна.

Ярилцлага хэмээх торгон жанр бий. Социализмын он жилүүдэд энэ зүйлээр У.Амарсайхан, С.Жамбалдорж нарын сэтгүүлчид амжилттайгаар дагнаж ажилладаг байв. Сүүлд тэдний халааг Б.Ганчимэг гардан авч нэн чадмагаар үргэлжлүүлж алдрын оргилд хүрч чадсан юм. Сумогийн их аварга Д.Дагвадоржтой хийсэн ярилцлагад нь нарийвчилсан задлан шинжлэл хийж нийтийн хүртээл болгосон тул ахиж нуршихаас түдгэлзэв. Сэтгүүлч хүн бичлэгийн аль нэг төрөл, зүйлийг жинхэнэ ёсоор өөрийн болгож эзэмшье гэвэл Б.Ганчимэг шиг шаргуу ажиллах хэрэгтэй гэж зөвлөх байна. С1 телевизийн “Цензургүй яриа” олон хүний анхаарлыг татдаг. Энэ бол теле ярилцлагын чиглэлээр Л.Мөнхбаясгалан оройлон манлайлж байна гэсэн үг юм.

Аян замын тэмдэглэл хэмээх дэндүү тансаг сайхан бичлэгийн жанр Монголын сэтгүүл зүйд бий. Энэ чиглэлээр бичиж алдаршсан нь цөөнгүй. Академич Цэндийн Дамдинсүрэн гуайн “Дайны үеийн өдрийн тэмдэглэлээс” /”Үнэн” сонин, 1942/, зохиолч Дондогийн Цэвэгмид гуайн “Алс дорнод тивд” /”Үнэн, 1961/ тэмдэглэлүүд бол үлгэр жишээ бичлэгт зүй ёсоор тооцогдоно. Үүн дээр нэмж Гэндэнжамцын Дэлэг гуайн “Дөрвөн тивийн буудалд”, Лодонгийн Түдэвийн “Нью-Йорк урт чацтай хот”, өвгөөдэй Дамдинсүрэн гуайн “Буурь суурь” зэрэг нийтлэлийг ч нэмж нэрлэх хүсэлтэй байна.

Алдар суут найрууллын жишээнд Бямбын Ренчингийн “Их говийн зоригтон хүмүүс” /”Үнэн”, 1944/ Мөнгөний Бизъяагийн “Өвлийн нүүдэл”/”Үнэн”, 1945/ хэзээ ямагт нэрлэгддэг. Эдгээр найруулалд зохиогчид нь малчин Дамбадаржаа, Балдан, Цалмахмид нарын зэрэг амьд бодит хүмүүсийн дүрийг утга зохиолын түвшинд хүртэл товойлгон гаргаж чадсанд бичлэгийн арга барилын амжилтын нууц нь оршдог билээ.

Найруулал дотроо бас ялгарна. Хөрөг найруулал гэж бий. Хөрөг найрууллыг бичих арга барилыг төгс гүйцэд эзэмшсэн мастер нь Ш.Цэрэнпил юм. Түүний “Хэнээт” хэмээх алдарт найруулал үүний баталгаа. Ерээд онд хэрэв Ш.Цэрэнпил байгаагүй бол монголын сэтгүүл зүйн бичлэг дэх хөрөг найруулал хэмээх гайхалтай жанр “устаж” алга болох байсан ч байж мэднэ гэж надад үе үе бодогддог юм. Найрууллыг хүссэн хүн бүр бичиж чадахгүй. Бяртай, уртай нь бичдэг юм.

Өгүүлэл хэмээх жанр байна. Мэдлэг зааж бичнэ. Хөлсөө урсгаж хөдөлмөрлөж чадсан нь өгүүллийн, ялангуяа асуудал дэвшүүлсэн өгүүллийн салбарт амжилтад хүрнэ. Жишээ нь, Цэрэндоржийн Балдоржийн “Далай ээж маань цаазын тавцанд” өгүүлэл бол үүний тод жишээ. Ширнэнгийн Цэен-Ойдовын “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ”, Гочоогийн Жамцын “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна”, Жамбалын Мягмарсүрэнгийн “Шонхроо шогнойлгож Монголоо монцойлгох юм гэнэ”, Ц.Дашдондовын “Дээд комиссын доод ажил”, Х.Цэвлээгийн “Хариулт хүлээсэн зарим асуудал” зэрэг шүүмжлэлт нийтлэл нь асуудал дэвшүүлсэн өгүүллийн сонгодог жишээ болно.

Уран нийтлэл нь Дашдоржийн Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн”-гээс эхлэлтэй.

Эл торгомсог бичлэгийн хөгжил төлөвшилд өөрийн жинтэй хувь нэмрийг оруулсан бүтээл Сэнгийн Эрдэнийн “Миний эх орон-миний тоонот” номд орсон “Алтай” зэрэг нийтлэлүүд, Баастын Золбаярын “Аав”, “Намрын урсгал”, “Хөөмий эгшиглэсэн чандмань” зэрэг уран зураглалууд юм. Үүн дээр би залуу сэтгүүлч Н.Гантулгын уран нийтлэлүүдийг нэмж нэрлэнэ.

Мөшгих сэтгүүл зүй буюу эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бичлэгээр монголын сэтгүүл зүйн түүхэнд тод ул мөрөө үлдээсэн нь Ж.Барамсайн “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз”, А.Даваасамбуугийн “Дэглэгсдэд дэг хэрэгтэй” зэрэг нийтлэл болно. Эл сэдвийг дагнаж судалсан нь Монголд сэтгүүл зүйн доктор Ч.Базар, М.Зулькафиль нар байх жишээтэй. Сэтгүүл зүйн хөгжил дэвшил, ялангуяа бичлэгийн төрөл, зүйлийг баяжуулж хөгжүүлэхэд мэргэжлийн шүүмжлэгчдийн үүрэг онцгой учраас би үүнийг зориуд тэмдэглэн хэлж байна.

Монголын сэтгүүл зүйн шүүмж, шүүмжлэлийг өнгөрсөн зууны хориод оны сүүлч, гучаад оны эхээр үүсгэн хөгжүүлсэн хүн нь Чимэддоржийн Дашням бөгөөд С.Буяннэмэх бас өөрийн жинтэй хувь нэмрийг оруулжээ. Их зохиолч Д.Нацагдорж ч бас “хүний нийгэм өглөө бүр өөрийгөө толинд тольдон харж байх үүрэгтэй” гэж хэлж байжээ. Энэ бол сэтгүүл зүйн шүүмж шүүмжлэлийн онцгой ач холбогдлыг товойлгож тодорхойлсон санаа юм. Харамсалтай нь сэтгүүл зүйн шүүмж Монголд өнөөг хүртэл хангалттай түвшинд хөгжиж чадахгүй байгаа бөгөөд энэ нь олон хүчин зүйлтэй холбоотой. Нийгэм, төр засгийн зүгээс ямар нэгэн дэмжлэг үгүй, хэн нэгний бүтээлийг задлан шинжилж бичлээ гэхэд ололт амжилт, ялангуяа бичлэгийн дутагдал доголдлыг нь хэлж анхааруулж өгсөн шүүмжлэгч магтаал сайшаал сонсохоосоо илүүтэйгээр хараал хавчилт, дарамт шахалтад өртөх нь элбэг тул энэ тамын ажил руу сайн дураараа дурлаж тэмүүлэх “тэнэг” толгойтон бараг байдаггүй нь маш ойлгомжтой юм.

Харин сэтгүүл зүйн судлал нь Монголд харьцангуй өндөр түвшинд яваа. Сэтгүүл зүйн салбарт дөч гаруй доктор, бараг гурван зууд дөхсөн магистр төрж гарсан нь үүний нотолгоо болно. Монголд сэтгүүл зүй үүсч хөгжсөн түүхэн үйл явц, зүй тогтлыг нухацтай судалж томоохон бүтээлүүд туурвиж гаргасан нь Г.Дэлэг, Л.Норовсүрэн, Т.Баасансүрэн нарын зэрэг эрдэмтэд бөгөөд өнгөрсөн зууны далаад оныг хүртэлх цөөнгүй сэтгүүлчдийн нийтлэлд агуулгын задлал хийсэн нь доктор Г.Дэлэг юм. /”Монголын хэвлэлийн түүх” И, Ий ботиуд/ Түүнийг амжилттай үргэлжлүүлж хоёр мянган оны түвшинд баяжуулж хөгжүүлсэн нь доктор Л.Норовсүрэн, түүний “Монголын нийтлэл”, “Монголын сэтгүүл зүйн түүх” цуврал 6 боть болно. Энэхүү уламжлалыг миний бие “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цуврал 6 ботиороо үргэлжлүүлэхийг хичээж, “Монголын нууц товчоо”- нийтлэлийн дурсгалт бичиг мөн” зэрэг бусад судалгаагаараа баяжуулах гэж оролдсон билээ. Сэтгүүл зүйн онол, практикийн тулгамдсан асуудлаар тууштай ажиллаж арван боть бүтээл туурвисан нь доктор профессор М.Зулькафиль юм. Тэдний араас Ч.Чойсамба, Б.Болд-Эрдэнэ нарын зэрэг залуу, дунд үеийн судлаачид амжилттай туурвиж бүтээж байгаа.

Эл товчхон хураангуйд миний бие сэтгүүл зүйн бичлэгийн төрөл, зүйлийн тухай голлон өгүүлж, хэн ямар жанраар бичиж туурвиж онцгой амжилт үзүүлж алдрын оргилд хүрснийг цухас төдий дурдлаа. Үүний цаад учир бол Монголын сэтгүүл зүйн өнгөрсөн зуун зургаан жилийн түүхэнд төдийлөн хөгжил дэвжиж чадаагүй нэгэн жанр байдгийг зориуд тодотгон хэлж, эл бичлэгээр хэн ч Монголд төрж гарахгүй нь дээ гэж бараг горьдлого тасарч байснаа нуулгүйгээр дэлгэж, учир шалтгаан нь юунд байдаг юм бол гэж мэргэжил нэгтнүүдтэйгээ санал бодлоо хуваалцах гэсэн нууцхан бодол цээжиндээ тээж явсан минь үнэн билээ.

Аз болоход Бурхан тэнгэрийн авралаар тэрхүү санаа бодлоо миний бие гээх хэрэгтэй боллоо. Учир нь Монголын сэтгүүл зүйд миний удтал хүсэн хүлээсэн горьдлого минь биелж, гоц авъяастан нь төрж мэндэллээ. Энэ бол хэний ч нүдэнд бараг үл өртөх, туйлын даруухан, дугтрахаас нааш дуугарч өгдөггүй нэгэн банди буюу Дамдинсүрэнгийн Дамдинжав хэмээх хөвгүүн бөлгөө.

Ойрмогхон түүний бичиж хэвлүүлсэн “Гол тоглогч” хэмээх нийтлэлийн номыг эхнээс нь дуустал хэдэнтээ эргүүлэн тойруулан уншаад магнайн үрчлээс арилах шиг болж машид таашаан баясав аа.

Учирлан тайлбарлах нь. Монголын сэтгүүл зүйн бичлэгийн төрөл, зүйл дотор хэн ч барьж авч зүрхлэхгүй дөлж зугтсаар эдүгээг хүргэсэн нэг жанр байсан юм. Энэ бол памфлет. Нэг намын системтэй социализмын он жилүүдэд үүнийг ойлгож болох байлаа. Ардчилсан, олон ургальч үзэл дэлгэрсэн, чөлөөт хэвлэлүүд өрсөлдсөн сүүлийн гучаад жилд ч уг жанраар манайд бичих хүн байсангүй. Фельетон бичдэг цорын ганц хүн төрсөн нь Б.Цэнддоо байлаа. Бусад улс оронд бол түгээмэл байдаг памфлетыг манайхан яагаад барьж авч чаддаггүйн учир шалтгааныг судлаачид тайлбарлах байх. Харин би уг бичлэгийн талаарх товч ойлголтыг эхлээд уншигчдад өгье. Памфлетыг монгол хэлнээ улс төрийн шог гэж орчуулжээ. Нэг их тод бус ч жанрыг зүйл гэж орчуулснаас арай дээр сонсогдож байна. Грек үг. Памма буюу бүгдийг, филего буюу шатаах, устгах гэсэн үгнээс үүсэлтэй гэнэ. Улс төрийн хурц мэтгэлцээний нэг чухал арга агаад сэтгүүл зүйн бичлэгийн нэг хэлбэр юм.

Улс төрийн шогт дайрч давшилсан мэт шинж тэмдэг илэрхий мэдрэгдэнэ. Ёжлон ёгтолсон өнгө аястай, адилтгал зүйрлэл, ихэсгэл багасгалыг өргөн хэрэглэнэ. Товч тодорхойг эрхэмлэнэ. Шоглол дээд зэргээр илрэн гарах бөгөөд хурц хэллэгтэй, аянга нижигнүүлж, цахилгаан гялбуулсан “хилэнт үгс”-ээр халгиж бялхсан, тэгсэн атлаа уран дүрслэлтэй, уншууртай, сонирхолтой байна. Элэглэл, дооглол, ёгтлолоор элбэг баян, хэтрүүлэл егөөдлөөр зай завсаргүй шаглаж чимхэлж имэрдсэн байдаг.

Дэлхийн улс орнуудын утга зохиол, сэтгүүл зүйн түүх, практикаас харахад улс төрийн шог буюу памфлетыг нийгмийн байгууллыг бүхэлд нь буруушаан шүүмжлэх буюу улс нийгмийг удирдаж буй урагшгүй албатууд, тэдний үнэн нүүр царайг илчлэн үзүүлэхэд байнга ашиглаж иржээ.

Памфлет гэдэг үг нь бүгдийг бүрэн няцааж, шатааж устгах гэсэн үгнээс гаралтайг бүү мартаарай. Монголын нийгмийн толгойд бөгс бөөрөөрөө нийлж нэгдэн, хэтэвч түрийвчээрээ холбогдож гагнагдсан олигархи бүлэглэлүүд ид эрч хүчээ аван дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж буй эгзэгтэй өнөөгийн цаг үед памфлет бичдэг сэтгүүлч төрөн гарч ирж буйг би хувьдаа санамсаргүй тохиолдол гэж бодохгүй байна.

Английн хөрөнгөтний хувьсгалын үед нэрт соён гэгээрүүлэгчдийн нэр алдарт төлөөлөгчид, тухайлбал алдарт Дж.Мильтон, Д.Дефо, Дж.Свифт нар улс төрийн шогийг бичиж нийгмийн бурангуйтай шаргуу тэмцэж байв. Ф.Энгельс 1842 онд “Христосын философич Шелленг буюу амьдралын ухааныг бурхны ухаанд хувиргасан нь”, К.Маркс 1852 онд “Луй Бонапартын брюмерийн арван найман”, “Капиталын шашин” зэрэг алдарт памфлетаа бичиж байв.

Пролетарийн их зохиолч гэгддэг Максим Горький 1906 онд “Оросын хаан”, “Шар шуламсын хот” хэмээх улс төрийн шогоо туурвиж Оросын нийгмийн хоцрогдол, хаан болоод бусад ихэс дээдсийн арчаагүй байдлыг илчлэн шүүмжилж байжээ.

Памфлет бол зохиогчийн эсэргүүцэл тэмцлээ илэрхийлэх хамгийн хурц, дайчин бичлэгийн аргын нэг юм. Нийгэмд оршин буй муу муухай зүйл, үзэгдэл юмстай эвлэршгүй байх үүднээс эсэргүүцэн босч дургүйцэн бичиж буйн нэг илэрхийлэл болно. Нийгмийг буруу зүг рүү буйллан чангааж байгаа, улс нийгэм, ард түмнээ бус зөвхөн өөрсдийгөө бодон хувиа бодож довоо шарлуулж байгаа урагшгүй удирдагчид, улстөрчидтэй үгийн зэвсгээр үзэлцэж байгаа нэг хэлбэр юм. Сэтгүүлчийн мэргэжил бол тэмцэгчийн мэргэжил мөн гэж хүн төрөлхтний суут ухаантнууд зүгээр ч нэг хэлээгүй нь эндээс илүүтэй тод мэдрэгдэнэ. Агуулгын хувьд ер бусын хүчтэй эсэргүүцэл бүхий байх бөгөөд бузар булайг уг үндсээр нь уудлан илчлээд түүнийгээ шээс алдам хэтэрхий хурц үг хэллэг, ам ангайм адилтгал зүйрлэлээр тодотгон товойлгож үзүүлээд элэг хөшим хэмжээнд элэглэн дооглож, ёгтлон ёжлох нь сэтгүүл зүйн памфлет хэмээх бичлэгийн үндсэн төрөлх шинж чанар нь юм. Ийм ур чадварыг эзэмшинэ гэдэг тун бэрх, бараг байхгүй. Өдрийн од шиг ховорхон. Гайхалтай нь, Монголын сэтгүүл зүйд тийм зоригтой, тэнгэрлэг золбоотон төржээ. Одоо тэрхүү сэтгүүлч буюу Дамдинсүрэнгийн Дамдинжавын “Гол тоглогч” номын жишээн дээр баримт түшиж өгүүлье.

ГОЛ ТОГЛОГЧДООР ХЭН ХЭНИЙГ ТОДРУУЛАВ

“Гол тоглогч” ном 2018 оны 5-р сард хэвлэгдэж уншигчдын гарт хүрсэн. Уг номд “Женко”, “Сүүлчийн гавьяат “жүжигчин”, “Манай үеийн мангас”, “Хүн зуудаг “хоточ”, “Хүйтэн цуст” капиталист”, “Зэлтэрийн гацааны Зи “пацаан”, “Хүнд жингийн “Коммунист”, “Нохой шуугиулсан баатар”, “Монголоо мандуулсан маршал”, “Хашин бэрс”, “Зайлшгүй сайд”, “Поп”-ын хаан” зэрэг 16 памфлет ба хөрөг оржээ. Халтмаагийн Баттулга, Цахиагийн Элбэгдорж, Намбарын Энхбаяр, Цэндийн Нямдорж, Сүхбаатарын Батболд, Зандаахүүгийн Энхболд, Ухнаагийн Хүрэлсүх, Херо Баатар, Хорлоогийн Чойбалсан, Гомбожавын Занданшатар, Жадамбын Энхбаяр, Сайнхүүгийн Ганбаатар нарын улстөрч, зарим уран бүтээлчийн тухай бичжээ. Сүүлийн гучин жилд Монголын төр засгийн эрх мэдлийг гартаа атгаж, улс орны эдийн засгийн хөгжлийг залж чиглүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх буюу доошлуулах Гол тоглогчдоор хэн хэнийг тодруулав үйлсэд ямар нэг байдлаар оролцож, үүрэг хариуцлага хүлээж ирсэн эрхмүүдийг нээн үзүүлэх гэж оролдсон бололтой. Тэгэхдээ гүйцэд биш аж. Энэ тухай сүүлд жич өгүүлнэ.

Үг хэллэг хурц бөгөөд дайчин давшингуй, адилтгал зүйрлэлээр элбэг баян агаад тэдгээр нь ончтой оновчтой, ёгтлол ёжлол хийгээд элэглэл инээдмээр дүүрэн, дүр дүрслэл нь сонин ба сонирхол татахуйц уншууртай ном болсныг юуны өмнө онцлон тэмдэглэе. Одоо ийнхүү тодорхойлсноо Д.Дамдинжавын тодорхой бүтээлүүдийн жишээн дээр нотолж батлах гэж оролдъё.

“Женко” хэмээх улс төрийн шогийг Женко хэрхэн төрсөн бэ? Женко яаж баяжсан бэ? 600 сая төгрөгтэй “сейф”-ийг 44 саяар худалдаж авсан түүх, 17 чингэлэг спиртийг ус болгож чадсан түүх, Женко гэх вант улс, Мафи маягийн улс төр, Өөрийн нохой, Өрөөлийн нохой, Олигархи, Дуулиан, Жинхэнэ гавьяа, Хэвлэлийн гал цогтой гигант, Жинхэнэ “НЕРО”, Ганцаардсан чоно, Женко хэрхэн төгсөх бол? гэсэн 15 жижиг гарчигт хувааж асуулт ба түүндээ өгсөн хариулт хэлбэрээр бичсэн аж. Жишээ нь 17 чингэлэг спиртийг ус болгож чадсан түүх хэмээх гарчигтай бичлэгт “1997 онд Монгол Улсын хилээр төмөр замаар 17 чингэлэг ачаа орж ирсэн нь 340 тонн спирт болох нь илэрч баригджээ. Энэ хэрэгт “Женко” группийн эзэн Х.Баттулга, “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий хүмүүсийг шалгасан байдаг... 1997 оны 10-р сарын 5-ны шөнө тухайн үеийн УИХ-ын гишүүн асан С.Билэгсайханы нэр дээр бүртгэлтэй “Билэг” гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд битүүмжлэгдэж хадгалагдаж байсан 17 чингэлэг спирт гэнэт усаар солигдсон байж.

Хилээр орж ирсэн 17 чингэлэг спиртийг ус, ариутгалын бодис хэмээн гаалийн бүртгэлд хуурамчаар оруулсан баримтыг Монголын үндэсний телевизийн сэтгүүлчид тухайн үед хальсандаа буулгасан боловч харамсалтай нь тэр бичлэг мөн ижил цаг хугацаанд хулгайлагдсан. Бичлэг алдагдсан хэрэгт сэтгүүлч Д.Төрмөнх холбогдож байсан нь бас сонин. Тэрээр бичлэгийг Х.Баттулгад хулгайлан авч өгсөн үндэслэлээр хэсэг хугацаанд хоригдож байсан түүхтэй.

Алдарт энэ хэргээс болж, манай гол баатар Монголдоо ирэхээс эмээж, олон сараар гадаадад амьдарсан нь бодит үнэн. Монголд түүнийг интерполоор эрэн сурвалжилж байх үед тэр Төвөдөд мөргөл үйлдэн, Хонконгод зургаан сар орчим орогножээ. Хэрвээ Ц.Элбэгдорж байгаагүй бол Х.Баттулга дээлээ нөмрөөд дуусах байсан ч гэж яригддаг... Энэ үеэс тэдний нөхөрлөл илэрхий зузаарсан нь бас бодит юм. Онцгой албан татваргүй 340 тонн спирт ийнхүү маш нууц операцийн дор монголчуудын ходоод руу цутгасан гэж болно. Яг тэр үед Женкогийн хөрөнгө 10 дахин нугарсан байх магадлалтай. Тэр энэ үеэс л бусдаасаа тасарч, Монголын тэргүүн баян болж чадсан байдаг... Улс төр, эрх мэдэлгүйгээр ямар ч мөнгө цаас болж хувираад салхинд хийсч магадгүйг тэр ойлгожээ. Яг спиртийг ус болгож чадсан тэрхүү ид хав, эрх мэдлийг өөрөө эзэмшихийг хүсч байлаа” гэх зэргээр бичсэн байна.

Үүнийгээ БНН-ын дарга Б.Жаргалсайханы хэлсэн “Тэр хувийн цагдаатай, тагнуулчтай, прокурортой, шүүгчтэй, өөрийн харьяаны сайн эрс, гэмт хэрэгтнүүдтэй, намтай, улс төрчидтэй, хэвлэл, радио, телевизтэй. Түүнд байхгүй юм байхгүй” гэсэн үгээр баталгаажуулан шигтгэж өгчээ. 15 гарчиг тус бүрт хэн нэгний Женкогийн тухай онож хэлсэн ончтой үгийг ишилж татсан аж. Жишээ нь “Х.Баттулга бол нохой. Гэхдээ хүний биш, өөрийн нохой” хэмээсэн Д.Бямбасүрэнгийн үгийг “Өөрийн нохой” хэмээх дэд гарчигтаа ишилсэн бол “Дуулиан” хэмээх өөр нэг дэд гарчигтаа “Энэ хүний шунал яасан их юм бэ, яагаад дуусдаггүй юм. Яагаад түгжилдэж хажуу дахь руугаа хутга шааж явдаг юм. Би үнэхээр ойлгохгүй байна” гэж УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн хэлснийг ишилсэн байх жишээтэй.

Зохиогч Женкогийн тухай “Баянгол” зочид буудлын хувьцааны багцыг Монголын Хөрөнгийн биржээр худалдах гэж байж. Гэвч арилжаа эхлэхээс 10 минутын өмнө тусгайлан Х.Баттулгад ямар ч өрсөлдөөнгүйгээр 44 сая төгрөгөөр зарсан байдаг. Зочид буудлаа худалдаж авангуутаа Х.Баттулга шууд зочид буудал дээр өөрийн хамгаалагчдын хамт очиж битүүмжлэн хураахад тус зочид буудлын дансанд 600 сая төгрөг бэлнээрээ байсан гээд бодоход энэ нь хувьчлал байсан уу, луйвар байсан уу гэдэг нь ихээхэн анхаарал татна” /600 сая төгрөгтэй “сейф”- ийг 44 саяар худалдаж авсан түүх/, “1999 онд таван тэрбумын өртэй гэгдэж асан “МАХИМПЕКС” –ийг өөрийн болгов. “МАХИМПЕКС” компанийн төрийн өмчийн 51 хувийг 7,5 тэрбумаар авсан юм. 2000 онд “Талх чихэр” компанийг вант улсдаа нэгтгэв. Женко ёстой л ангайсан бүхнээ залгиж байлаа” /Женко гэх вант улс/, “Нэг бол “МСС”, нөгөө бол “Женко”. Нэг бол Ж.Оджаргал, нөгөө бол Х.Баттулга ...Монголд дор хаяж хоёр олигархи байгаа” /Олигархи/, “2008 оноос хойш Барилга хот байгуулалт, Зам тээврийн сайд, Хөдөө аж ахуйн сайдаар ажиллахдаа төрийн мөнгийг завшсан, угаасан, шилжүүлсэн гэх олон дуулиант хэрэгт нэр холбогджээ. Гэвч тэдгээр нь нэг ч удаа нотлогдож, батлагдаж байсан удаагүй. Баримт нь байгаа хэрнээ гагцхүү манай гол баатарт холбоотой, эсвэл буруутай гэсэн баримт л олдож өгдөггүй зовлонтой” /Дуулиан/, “Женко бол эх оронч, үндэсний үзэлтэй гэдэг нь маргаангүй... Женкогийн хийсэн, бүтээсэн, сэдсэн, сэтгэсэн бүхэн үндэсний бахархал, Монголын дархлааг бий болгох зорилгыг агуулдаг” / Жинхэнэ “НЕРО”/, “Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэгэнтээ “Монгол Улсад хөгжих бодлого байсаар байтал хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэх сонирхолгүй хэсэг хүмүүс байна. Бодлого гаргах ажилд хамгийн нөлөөтэй хүмүүс буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ бодлогыг хэрэгжүүлэх сонирхол алга. Харин Х.Баттулга мэтийн гишүүдэд бол ажиллах бодол байна” гэж хэлж байв. Аргагүй дээ, тэднийг адилтгаваас ялгаагүй л чононууд. Нэг нь шархадсан чоно бол нөгөө нь ганцаардсан чоно бөлгөө” / Ганцаардсан чоно/, Х.Баттулга “Үг дуу цөөнтэй. Гэм хор ч үл цухуйна. Гэвч холбогдсон хэргүүд, хийсэн үйлдлүүд нь яавч бага гарын “цагаан захтан”-ы үйл хэрэг биш байдаг юм... Түүнтэй холбоотой ямар ч хэрэг утаа мэт замхран алга болдог тавилантай... Даруухан зантай, даржинхан боловсролтой энэ хүн бүхнийг яаж хийв ээ. Ийм замналыг тун цөөн хүн туулдаг” /Женко хэрхэн төгсөх бол/ гэх зэргээр бичжээ.

Уншигч та бидний өмнө нэг талаас хүн бүхэн мэдэх, нөгөө талаас нэг ч хүн үл мэдэх Женкогийн дүр урган тодорч байна. Өмөөрвөл үндэсний хөрөнгөтний төлөөлөл болсон шилдэг дүр төрх, “Тунгалаг Тамир” романы Итгэлт баяны дүртэй адилтгаж болохуйц эх оронч гэж хэлж болох Халтмаагийн Баттулга харагдах мэт.

Өөлж муулбал барж идэхгүй хулгайч, худалч, луйварчин, гэмт хэрэгтэн, зохиогчийн өөрийнх нь хэлсэнчлэн хэн ч өөрийн эрхгүй сүрдэм олзондоо шунасан арслан бар адил аймшигт мангас нүдний өмнө өндийн босч ирж байна. Халтмаагийн Баттулгад байгаа эерэг ба сөрөг талыг өрсөлдүүлэн сөргөлдүүлэн сүлжиж урлажээ. Женкогийн дүрийг тод томруун гэж хэлж болохуйц түвшинд гаргаж чадсан байна. Үүнийг уншсан цөөнгүй уншигч “Монгол Улс ийм Ерөнхийлөгчтэй юм уу” гэж ам ангайн гайхах болно.

“Хүйтэн цуст” капиталист гэсэн гарчигтай өөр нэгэн памфлет байна. Сү.Батболдын тухай аж. “Шинэ үеийн хэнээтэн”, “Бизнесийн хэнээ”, “Улс төрийн хэнээ”, “Эргэлзээтэй лидер”, “Олигархи” гэж хэн бэ?”, “Таван толгойн гол толгой”, “Оффшорын эцэг” зэрэг 11 дэд гарчигт хувааж багцалж бичжээ.

“Хүйтэн цуст” капиталист хэмээх хэсэгт “Улстөрч гэдэг ихэнх тохиолдолд улс эх орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьдаг хүнийг хэлдэг. Тэгвэл Сү.Батболдын хувьд тэгэж хэлэхэд эндүүрэл болж мэднэ, эсвэл хэт дэгсдэж мэднэ. Учир нь өнгөрсөн хугацаанд уг хүн маань улсын ажлыг өөд нь татсан гэхээсээ илүүтэй хувийн бизнесээ өөд татсан гэж хэлэгддэг... “Фортуна” Батбаяр нэгэнтээ түүнээс “Таныг Ерөнхий сайд болсон хугацаанд манай улс хэр баяжсан, та өөрөө хэр баяжсан бэ” гэж асууж байж билээ” гэж зохиогч бичсэн бол “Шинэ үеийн хэнээтэн” хэмээх удаах хэсэгтээ “Сү хэзээ ч сүгсэлздэггүй. Отго жинс, лидерийн туг дарцаг хийсгээд байдаггүй. Омголон давилуун, хөөрүү биш.

Чимээгүй лидер гэвэл түүнийг л хэлнэ. Чив чимээгүй, алгуурхан гэтэх атлаа бүхнийг энэрэлгүйгээр нөмрөх сүүдэр мэт хүчирхэг нэгэн. Бизнесээс улс төрд орох өнөөгийн “хэнээрхэл” –ийг эхлүүлсэн хүн гэж түүнийг нэрлэж болно. Улс төр, бизнес хоёр сүлэлдэхийн эхний шанг татаагүй юм гэхэд хүчтэйгээр түрсэн хүн бол тэр” гэжээ.

Эх орон, хүн ардаа биш зөвхөн өөрийгөө боддог, хувиа хичээдэг хүйтэн цуст бэртэгчин буюу адилтган зүйрлэвэл аливааг шимж амьдрагч хувалзны тод томруун дүр уншигчийн өмнө тодрон гарч ирж байна. Чив чимээгүй, алгуурхан гэтэх хэмээн тодотгоод энэрэлгүйгээр нөмрөх сүүдэр мэт гэжээ. Цааш нь залгуулж “Сү.Батболдыг танья гэвэл Чингис зочид буудлын хувьчлалын түүхийг сөхөх хэрэгтэй болно. Зүгээр нэг сөхөөд зогсохгүй, уг ёзоор, учир шалтгаанаас нь эхлээд бүр уудлах ёстой. Эндээс л түүний хувь хүний этик, бизнесийн мораль, улс төрийн үзэл баримтлалыг өвч бүрэн таньж мэдэж болно. “Чингис хаан” зочид буудлыг хувьчилж авсан, зарсан, эргээд хувьчилж авсан түүх бол Сү.Батболдын уран нүүдэл гэхээсээ илүүтэй, Монголын төрийг хувийн бизнестэй хэрхэн хоршуулж, хэрхэн хожиж болдгийн бэлээхэн жишээ болсон гэхэд хилсдэхгүй. Түүний дараагийн бизнес болоод улс төрийн бүх нүүдэл зөвхөн “Чингис хаан” зочид буудлын хувьчлалын түүхтэй ижил жимээр өрнөсөн байдаг нь санаандгүй давхцал гэж харагддаггүй билээ. Анзаарвал, өнгөрснөөс гэвэл Монголд ямар ч ашиг авчраагүй Бороо гоулд, өдгөөгөөс гэвэл Монголд мөн л ашиггүйгээр зарагдаж буй Тавантолгойн ордын хувь тавилан ноён Сү. Батболдын гараар орж, “Чингис хаан” зочид буудлын замаар “будаа тээсэн”-ийг анзаарч болно” хэмээжээ.

Мөшгих сэтгүүл зүй буюу эрэн сурвалжлагч сэтгүүлчийн торгон мэдрэмж, хардах эрх эндээс нэвт мэдрэгдэж байна. Үгүйсгэхийн тулд үгүйсгэн буруутгасангүй, үндэс язгуураар нь уудалж онгичиж үзэх гэж чармайжээ.

“Чингис хаан” зочид буудлын хувьчлалыг цэвэр луйвар байсан гэх яриа амь бөхтэй оршсоор байдгийг зохиогч онцлон тэмдэглээд түүнийгээ лавшруулж “төсвийн зардлаар боссон үйлдвэр, объектууд зүгээр л нэг зээлийн гэрээгээр хувьд очиж байсны нэг нь “Чингис хаан” зочид буудал болов. Сангийн яам, Өмч хувьчлалын комисс зөвшилцөн “Чингис хаан” зочид буудлын барилгыг 15 сая ам.доллараар үнэлж, хувьчлалын тендерийг зарласан байна. Тухайн үеийн ханшаар бол энэ нь 6,2 тэрбум төгрөг гэсэн үг л дээ. Хувьчлал явагдаж хэд хэдэн компани өрсөлдсөнөөс Сү.Батболдын “Алтай трейдинг” шалгарчээ. Гэвч шинэ эзний халааснаас мөнгө гарсангүй. Дээрх 6.2 тэрбумыг ирээдүйд төлнө гэсэн тохиролцоо л байсан юм. Энэ нь хэдийгээр тухайн үеийн нөхцөлөөр хийгдсэн хувьчлал мөн боловч ямар нэг луйвартай адил шинжүүдтэй байсан гэдгийг хэлэхгүй өнгөрч боломгүй” гэжээ. /”Бизнесийн хэнээ”/

Уг зочид буудлын барилга 1997 онд 60 хувийн гүйцэтгэлтэй, тухайн үеийн ханшаар 10 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан гэнэ. Ийм их хөрөнгийг зээлийн нөхцөлөөр өөрийн болгох боломжтой юу гэж хэн нэгэн нь асуувал хариулт нь “Огт боломжгүй” гэж гарах байв. Харин Сү.Батболд чаджээ гэсэн байна. Уг хувьчлалд шалгалт хийж зах зээлийн бодит үнэлгээ биш байна, дахин үнэлэх хэрэгтэй гэж хоёр ч удаа УИХ-ын ажлын хэсгээс тогтоож байсан боловч Улсын Их Хурал үүнийг олон нийтэд танилцуулалгүй нуугаад өнгөрчээ.

“Хамгийн гайхалтай нь “Чингис хаан” зочид буудлыг Сү.Батболд хоёр удаа аваад, түүнээсээ олон удаа зарсан байдаг. Эхний удаад зээлийн гэрээгээр худалдаж аваад, эргээд төрд мөнгөөр зарчихсан гэж болно. Тэгмэгцээ Н.Энхбаярын “хаанчлал”-ын үед төрд зарсан зочид буудлаа буцаагаад өөрийн болгосон. Энд ямар технологи хэрэгжсэн бэ гэдэг асуултын хариу одоо хүртэл тодорхойгүй” хэмээн зохиогч анхааруулжээ. Сонирхолтой байгаа биз?

Төр бол хамгийн ашигтай, хамгийн том бизнес юм байна гэдгийг баттай ойлгож ухаарсан хүн бол Сү.Батболд. Тэр Монголын улс төрд Дамдины Сүхбаатарын Батболд гэсэн сурталчилгаа хэрэглэж орж ирсэн. “Ийм явган заль, нохой санааг тэр л гаргаж чадна. Тэгээд үүнийгээ алдар нэрээ хоногшуулах маркетинг гэж их цэвэрхэн нэрлэж байсан санагдаж байна” гэж номын зохиогч “Улс төрийн хэнээ” хэсэгтээ тэмдэглэжээ.

“Мэргэжилтэн, наймаачин, компанийн захирал, тэрбумтан, дэд сайд, намын дарга, Ерөнхий сайд гэх бадрангуй замналтай түүнийг улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн нь Н.Энхбаяр. “Алтай трейдинг” ХХК- ийн захирал, “Чингис хаан” зочид буудлын эзэн С.Батболдыг тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр анх Гадаад хэргийн дэд сайдаар томилж байлаа.

Намын шинэ залуу үеэ дэмжинэ гэдэг нэрийн дор дэд сайд гэх албан тушаалыг Н.Энхбаяр бараг түүнд л зориулж бий болгосон гэлцдэг. Үнэний үртэс бий. Сү.Батболдыг дэд сайд болсны дараа дэд сайдын албан тушаал 500 сая хүрлээ гэх цуурхал тарсан” гэж зохиогч тодотгожээ.

Сү.Батболд гэдэг хүний хөшигний цаадах үнэн бодит дүр төрхийг зохиогч алхам алхмаар тодруулж, баримтаас баримтад лавшруулан дэлгэж тавих замаар нүцгэн үнэнийг нээн үзүүлж байна. Үүнд үнэний үртэс бий гэж өөрийн санаагаа маш урнаар илэрхийлсэн байна.

“Тэр Монголын төрд гавьяа ч байгуулсан, гай ч тарьсан. Түүнийг улс төрийн өндөр албан тушаалыг мөнгөөр үнэлэх явдлын тод төлөөлөгч, сод тэргүүлэгч нь гэж үзэх хандлага бий. Өөрөөр хэлбэл, Сү.Батболдыг дэд сайдаас эхлээд Ерөнхий сайд хүртэлх төрийн өндөр сэнтийг мөнгөөр үнэ хүргэж худалдаж авсан гэх яриа тэр гэх биегүй, энэ гэх хаяггүй тэнэсээр явдаг билээ.

Баяр түүнийг залгамжлагчаараа зарлахдаа үлэмж их буюу хэдэн арван тэрбумыг авсан гэх дуулиан одоо ч амь бөхтэй оршсоор байна. С.Баяр намын даргын суудлаа Ерөнхий сайдын сэнтийтэйгээ хамт Сү.Батболдод өгөөд явсны дараахан хилийн чанадад мөнөөх С.Баярын эзэмшил бүхий долоон байшин, эдлэн газрууд илэрсэн. Үүнийг бас атаархагчдын хормойноос боссон цуу салхи гэж бодоод өнгөрч болно. Гэвч энэ салхи үнэний уулнаас эх авсан бол хожмоо улсын суурийг ч ганхуулах их хуй болж мэдэх билээ” гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэр бүхий хоёр эрхэмтэй холбоотой ноцтой асуудал хөндөгдөж байна. Сү.Батболд бүхнийг мөнгөөр үнэлж худалдан авдаг хүн, тэр нь С.Баярын ашиг сонирхолтой нэгдэж нийлсэн гэжээ. Тийм яриа тэр гэх биегүй, энэ гэх хаяггүй тархсаар эдүгээг хүргэв. Амь бөхтэй оршсоор байна. Алс холын Америкт байр байшин, эдлэн газар болон харагдаж байна. Үүнийг атаархагчдын хормойноос боссон цуу салхи гэж бодоод өнгөрч болох боловч хэрэв тэр бүхэн нь үнэний уулнаас эх авсан бол хожмоо улсын суурийг ч ганхуулах их хуй салхи болон хувирч мэднэ хэмээн сэрэмжлүүлэн анхааруулжээ. Утга агуулгын логик холбоог урамтай гоёмсгоор урлаж шаглаж илэрхийлэн гаргана гэж чухам үүнийг л хэлэх болов уу.

Д.Дамдинжав Ерөнхий сайд асан Сү.Батболдыг “Монголын баялгийн хусмыг биш өрмийг хамдаг эрхэм” гэж “Эргэлзээтэй лидер” хэсэгтээ товчхон тодорхойлоод хэдийгээр тэр өөрийгөө “Би харьцангуй цэвэр хүн” гэдэг ч үлэмж их хөрөнгө нь түүнийг “булингартуулдаг” гэжээ. Үүнтэй монголчуудын ихэнх нь санал нэгдэнэ гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Тэр бол цэвэр биш харин туйлын бохир хүн. Эргэх цаг үе үүнийг аяндаа батлан харуулна. Үйлийн үрээс хэн ч мултарч чадахгүй.

“Сү.Батболд жирийн нэгэн ганзагачнаас төрийн бизнесийн судсыг атгасан нэгэн болсон нь бие хүний хувьд бахархалтай түүх мөн. Харин улс орны хувьд “бахархал” төрүүлэх жишиг мөн эсэхэд эргэлзэнэ” гэж зохиогч өөрийнхөө байр суурийг илэрхийлжээ. Эх орон, газар шороогоо харийнханд найр тавин зарж борлуулагчид, албан тушаал, цол хэргэмийг алт мөнгөөр үнэлж наймаалагчдыг монголын ард түмэн дэнс дэнс мөнгөөр дэлхийгээ худалддаг ноёд, уут уут мөнгөөр улсаа наймаалдаг эзэд гэж дуу шүлгэндээ цоллодогсон биш билүү.

Сү.Батболд бол барууны хүйтэн цуст капиталистуудын загварыг Монголдоо туршиж, хамгийн сайн хэрэгжүүлсэн этгээд гэдэгт эргэлзэх юмгүй хэмээн зохиогч өгүүлээд Бороо гоулд компанийн үүх түүхээс өнгөцхөн боловч ончийг нь олон сөхөж “гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор эхний таван жилд татвараас 100 хувь, дараачийн таван жилд 50 хувь чөлөөлөх хууль батлагдсан юм. Ийнхүү тэр хуулиа захиалчихаад наймаагаа хийдэг том гарын наймаачин, барууны зэрлэг капитализм гэгчийг Монголд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэгч болж хувирлаа. Уг хуулийг хэн захиалсан бэ гэж тэр үеийн парламентын хэнээс нь ч хамаагүй асуугаарай. Бүх хариулт эргэлзээгүй нэг л хүнийг заах болно” хэмээжээ.

Юу үнэн бэ гэвэл энэ үнэн. “Ёстой л хуулийн дагуу, бүхний нүдэн дээр Монголыг тонож байсан гэж хэлж болно. “Бороо гоулд” дэндүү их ашиг олсон нь ойлгомжтой. “Бороо гоулд” компани нь 1998 оноос хойш тасралтгүй татварын болон олон хөнгөлөлт эдэлж иржээ. Хэрэв Канадын “Бороо гоулд” компани эдгээр хөнгөлөлтийг эдлэлгүй татвараа бүрэн төлж байсан бол улсын төсөвт жил бүр 160 тэрбум төгрөг, Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлсөн бол жилд 10 тэрбум төгрөг төсөвт орж ирэх ёстой байлаа. 40 гаруй тонн алтны нөөцтэй гэх “Бороо гоулд”-ын орд эцэстээ нэгмөсөн хоосорч, Канадууд алтыг нь аваад авдрыг нь хаяад гарч явсан. Харин Сү.Батболд “Бороо гоулд”-ын хувьцаагаа Канадын “Сентера гоулд” –д 8 сая ам.доллараар зарчихсан, улсад тэрбум төгрөгийн татвар төлсөн гэдгээр нэр цэвэр үлдэж хоцорчээ” хэмээн “Гол тоглогч” номын зохиогч “Хүйтэн цуст” капиталист гэсэн хэсэгтээ Сү.Батболдын заль мэхийг сэртхийм тоо баримтаар сэжиглэн илчилж бичжээ. Энэ бол Сү.Батболд гэдэг хүйтэн цуст капиталистын түмэн булхай луйврын зөвхөн ил болсон ганцхан жишээ юм.

“Тэр улс төрд орж ирснээр тэлээгүй баяжсан гэдэг бол баримт. Түүний баталгаа нь Тавантолгойн орд буюу олны хэлдэгчлэн “Нүүрсний нам” гэгчийн албан ёсны төлөөлөгч, магад үүсгэн байгуулагч нь болсон явдал. Сү.Батболд Ерөнхий сайд асан М.Энхсайхан, АМГТХЭГ-ын дарга асан Б.Жаргалсайхан нартай хамт өнөөгийн “Энержи ресурс”- ыг байгуулж байсныг өнөөдөр олон нийт сайн мэдэхгүй. Гэвч маргах аргагүй, мартах учиргүй үнэн бол энэ. Тавантолгойн ордын гол нөөцийг эзэмшиж байгаа энэ консерциум улмаар улс төрчдийг зохион байгуулалттайгаар эгнээндээ элсүүлсэн байдаг нь ч санамсаргүй хэрэг биш юм. Нэрлэвэл, Сү.Батболд, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, П.Очирбат, М.Энхсайхан, Г.Батхүү нарыг нэг халаасанд нэгтгэж, 2010 онд “Монголын майнинг корпорэйшн” нэрээр Хонгконгийн бирж дээр хувьцаа гаргаж 700 сая ам.доллар босгосон түүхтэй. Ингэж л Монголд “Нүүрсчдийн нам” гэгч нэртэй бүлэглэл бий болсон юм даа” гэж зохиогч “Нүүрсчдийн нам” хэсэгтээ сануулаад “Монголчууд тэднийг 13 гэр бүл гэж онцлон нэрлэх нь ч бий. Тэд чухам яг хэн юм бэ гэх асуулт олны анхаарлыг ихээр татдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд, С.Баяр, М.Энхсайхан, сайд асан С.Баярцогт, Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ж.Батсуурь, Ц.Мөнх- Оргил, бизнесмен Ж.Оджаргал, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл нарыг ерөнхийлөн эдгээрт хамааруулсаар ирсэн. Яг тэд мөн гэдгийг баараггүй тогтоочихсон баримт бас л байхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүн Л.Энх- Амгалан “МСС”-ийн дэд захирал байхдаа “Энержи ресурс” компанийн хувьцааг 100 хувь монгол хүмүүс эзэмшдэг” гэж хэлж байсан” гэжээ. Одоо эдгээр нэрийг хэлэх зоригтон ховордсон.

Монголын 30 гэр бүл гэх ерөнхий нэрс л үлдэж хоцорчээ гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Дамдинсүрэнгийн Дамдинжав сэтгүүлч ингэж хэлж чадаж байгаа нь өөрөө том зориг, том баримт юм.

“Сү.Батболдыг тэдэн дунд багтаан нэрлэдгийн хувьд бол маргаангүй мэдээлэл юм. УИХ-ын гишүүн Н.Батбаяр Сү.Батболдоос “Та Ухаа худаг”-ийн хувьцаанаас хэдэн хувь эзэмшдэг вэ?” гэж асуухад Ерөнхий сайд “Үүнийг би танд хариулах албагүй, мм-мм... гэхдээ багцаагаар 15 хувь” гэж хариулсан нь УИХ-ын чуулганы протоколд тэмдэглэгдэн үлджээ. БНН-ын дарга Б.Жаргалсайхан хэлэхдээ “Сайд асан Сү.Батболд одоо болно оо. Шунал ихэдвэл шулам болно оо. “Чингис хаан” зочид буудлыг авсан. Бороо гоулдаас 45 тонн алт гаргасан. “Ухаа худаг”- ийн уурхайн ордыг бараг зүгээр авчихсаан. Одоо цадах хэрэгтэй” гэж бухимджээ хэмээн зохиогч өөрийн дээрх санааг баримтжуулан баталгаажуулжээ /”Нүүрсчдийн нам”/.

Зохиогч барьцаа цааш нь улам лавшруулж “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тун ноцтой баримт дэлгэсэн. Тэрээр Сү.Батболд надтай уулзаад “Тавантолгойн ордын лицензийг эзэмшиж байгаа, энэ ордыг эргэлтэд оруулмаар байна. Энэ ордыг явуулахад улс төрийн хамгаалалт хэрэгтэй гэж үзэж байна. Т.Бадамжунай орж байгаа. Ерөнхий сайд С.Баяр бас байгаа. АН-аас Ц.Элбэгдорж орж байгаа. Та үүнд орохгүй юм уу хэмээн санал тавьсан” гэж ярьжээ. Энэ нэвтрүүлэг олон нийтэд цацагдсанаас хойш Сү.Батболд энэ яриаг нэг ч удаа үгүйсгээгүй байгаа юм” гэсэн байна. “Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг” гэсэн мэргэн үг бий. Хөдөлшгүй үнэнийг өгүүлсэн амьд гэрч нь байгаа юм болохоор Сү.Батболд яахан үгүйсгэж чадах. Сэтгүүлч Д.Дамдинжав гогцоогоо зөв олж эрчийг нь чангаруулан атгаж чадсан байна.

Зохиогч Сү.Батболдыг Тавантолгойн “гол толгой” нь мөн гэж тодорхойлоод “Тавантолгойн анхны эзэн нь тэр. Сү.Батболд улсын хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон Тавантолгойн ордыг хэрхэн хувьдаа авсан нь мөн л хачирхалтай нууц баримт юм. Сү.Батболд Тавантолгойг хувьдаа авлаа, төрд буцааж өглөө. Уншигч авхай анзаарч байна уу? “Чингис хаан” зочид буудлын сценаритай яг адилхан байгаа биз. Тэр төрийн өмчийг энэ мэтээр хийцлэхдээ гаршсаны нотолгоо бол энэ давхцал юм... Сү.Батболд Өмнөговь аймаг дахь Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг мэдээлэлд ойр байгаа давуу эрхээ ашиглан бусдаас өмнө өрсөн эзэмшиж чаджээ” гэжээ. / Тавантолгойн “Гол толгой”/. Туйлын ноцтой баримт!

Цааш нь тэрбээр “Сү.Батболд өөрийгөө эх оронч баатар гэж хэлүүлэхийг хүсдэг байх. Гэвч үнэхээр эх орноо бодож хадгалж байсан уу, ирээдүйд үнэ хүрэхийг нь анаж байсан уу гээд жинлэвэл үнэн арай өөр талд гарч мэднэ” гэжээ. Уншигч авхай та ямар бодолтой байна? Би бол сэтгүүлч Д.Дамдинжавтай адил бодолтой байна.

“Энд эргэлзээтэй олон баримт бий. Юун түрүүнд Тавантолгойг төрд өгөөд, өөрсөддөө авч үлдсэн гэх 14 хувь нь тус ордын нийт талбайн 4 хувийг хамрах хэдий ч нөөцийнх нь 30 хувийг эзлэх гол хэсэг нь байсан гэдэг. Ухаа худаг бол Тавантолгойн нүүрсний сав газрын хамгийн их нөөцтэй, ашиглахад хамгийн хялбар хэсэг нь бөгөөд батлагдсан нөөц нь 460 сая тонн. Хамгийн гол нь эдийн засгийн үр өгөөжийн хувьд маш өндөр. Учир нь бусад хэсгээ бодвол коксжих нүүрснийх нь чанар илүү, хөрс хуулалт бага. Маш бага зардлаар их олборлолт хийх цөм хэсэг нь гэж нэрлэгддэг. “Энержи ресурс” компани энэ ордын лицензийн төлбөрт ердөө 851,8 сая төгрөг төлжээ. Батлагдсан нөөцийг нь нүүрсний хамгийн доод үнээр /70 х460 сая/ тооцоход л 32 тэрбум 200 сая долларын өртөгтэй юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн бүрт 11 сая гаруй доллар ногдох ёстой байж. Харин 2,7 сая хүний хүртэх ёстой 32 тэрбум долларын нөөцийг 20 хүрэхгүй тооны хүн хуваан хүртэх эрхтэй гэж үү” гэж зохиогч асуужээ. Энэхүү памфлетыг Д.Дамдинжав бичиж байх цаг үед Монголын хүн ам 2.7 сая байж. Сү.Батболдын өөрийн болгосон Ухаа худаг 460 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй. Нэг тонныг нь хамгийн доод үнэ буюу 70 ам.доллараар тооцож үзэхэд Монголын нэг иргэнд 11 сая гаруй ам.доллар оногдох тийм толгой эргэм хэмжээний их хөрөнгийг Сү- гээр толгойлуулсан хэдхэн тооны луйварчид хуваан дээрэмдэх эрхтэй гэж үү? Монгол Улсын Үндсэн хуульд газрын дорх баялаг Монголын ард түмний өмч гэж цагаан дээр хараар бичсэн байдаг биш бил үү? Эндээс Сү.Батболд чухам хэн болох нь толинд тусах адил тодхон харагдаж байна.

Зохиогчийн “Хүйтэн цуст” капиталист памфлетын нэг онцгой давуу тал нь хөдөлшгүй тоо баримт, булташгүй нэр ус бүхий эрхмүүдийн нотолгоо баталгаанд нь байгаа санагдана. Дээрх тоо баримтыг дэлгэн тавихдаа “УИХ-ын гишүүн Н.Батбаяр түүнээс “Та Тавантолгойг МСС-д зарсан уу, эсвэл бэлэглэсэн үү?” хэмээн асуулт тавихад “Би Тавантолгойн лицензийг 10 гаруй жил хадгалж байгаад үндэсний компанидаа өгсөн. Хэн нэгэн гадаадын хүнд худалдаагүй” гэж хариулсан байдаг. Ингэхдээ энэ асуултад Сү.Батболд нэлээн барьц алдсаныг санаж байна. Алсуураа илт бухимдаж, уурссан байдлаа нуух гээд чадаагүй билээ” хэмээн Д.Дамдинжав онцолжээ.

Эндээс УИХ-ын гишүүн асан, бас чиг бизнесийн ухааныг муугүй мэддэг, олигархиудын муу муухайг мадаггүй гадарладаг Н.Батбаяр Сү.Батболдын эмзэг цэгийг олж хатгасан, түүнд нь цочирдож уурссан “хүйтэн цуст” капиталист хэрхэн барьц алдсаныг телевизээр харж суусан зохиогчийн дүр төрх харагдах шиг болж байна. Залгуулаад зохиогч С1-ийн “Цензургүй яриа”-гаар орсон “масктай хүн”-ий хэлснээс Тавантолгойтой хамааралтай дөрвөн баримтыг холбогдох хүмүүсийн нэр устай нь ишлэжээ.

Д.Дамдинжав сэтгүүлч Сү.Батболдыг Монгол дахь оффшорчдын “эцэг” гэж цоллоод “Оффшорын эцэг” гэсэн дэд хэсгийг бичсэн байна. Капитализмыг Монголд нэвтрүүлж, хэв шинжийг нь тээгчдийн анхдагч болсон Сү.Батболд Монголоос хамгийн түрүүнд гадаадад буюу дэлхийн хэр баргийн баян худалдаж авч хүчрэхгүй өндөр үнэтэй Лондонгийн төв гудамжинд ганган тансаг орд харштай болсныг, мөн тэрбээр монголчууд сургийг нь ч сонсоогүй байхад харьд оффшор данс нээж мөнгөө арвижуулсныг зугтсан бизнесменүүд компаниа байгуулан бүртгүүлж үйл ажиллагаа явуулдаг. Мөн улстөрчид оффшорын бүсэд нуугдан бизнес хийж мөнгөө эргэлдүүлдэг. Эсвэл алан хядагчид, хар тамхи, зэвсгийн наймаачид мөнгөө угаадаг, нуудаг. Товчхондоо ийм” гэж тодотгоод дэлхийн бүх улс оронд улс төрчдийг, тэр тусмаа төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг оффшор бүсэд данс эзэмшихийг жигшин зэвүүцдэг гэсэн байна. Гэтэл Монголд Сү.Батболдыг жигшин зэвүүцэх бус харин УИХ-д ахин дахин сонгож өргөн мандуулдаг нь гайхалтай. Сү.Батболд энд тэнд оффшор данс нээн компани байгуулан үйл ажиллагаа явуулж байсан төдийгүй их хэмжээний мөнгөө эргэлдүүлсэн нь хэнд ч нууц биш юм.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум Панамын баримтуудыг дэлгэхэд Монголоос 49 хүний нэр дэлгэгдсэн. Түүн дотор Сү.Батболдын ах Сү.Бат-Очирын нэр байсан. Улмаар Панамын арлуудад бүртгэлтэй оффшор данстай зарим компанийг зарлахад Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр бас гарч ирсэн. Английн “Тхэ Гуардиан” сонинд “Багамын баримтуудад илэрсэн оффшор хаягуудын нэг нь Монголын алтны компанийх бөгөөд түүний захирал нь Сүхбаатарын Батболд” гэснийг зохиогч номондоо иш татсан байна.

“Хүний хүн” гэсэн гарчигтай сонирхолтой хэсэг эл памфлет дотор байна. Сү.Батболдыг зохиогч “манай хүн” биш, “хүний хүн” гэж тодорхойлжээ. Үндэслэлийг нь үзье. “Түүний хийж ирсэн болоод хийхээр зэхэж буй бизнесүүдэд үндэсний гэх тодотгол төдийлөн зохидоггүй. Бороогийн ордыг канадуудтай, “Скател”-ийг солонгосчуудтай, Тавантолгойн ордыг хятадуудтай хамтран эзэмшдэг. Муухайгаар хэлбэл, гадаадынхантай хамсаж монголчуудаа “хомбох” бизнес эрхэлдэг. “Хомбоно” гэдэг нь монжих буюу илүүхэн ашиг хүртэх гэсэн утгатай. Сү-гийн олсон хоёр долларын нэг нь гадагшаа урсаж байдаг” гэжээ. Хэтрүүлсэн дүгнэлт гэж бодохгүй байна. Харин нүдийг нь оноод хэлчихжээ. Иймэрхүү хүмүүсийн уяаг нь уртасгаж, угаадсыг нь ахиухан бэлтгэж өгөөд толгойг нь илээд байвал улс Монголынхоо тусгаар тогтнолыг ч дамлахаас буцахгүй. Газар шороогоо худалдах бол бүр энүүхэнд.

Памфлетынхаа төгсгөлд Д.Дамдинжав могойг гурав таславч гүрвэлийн дайтай гэдэгчлэн Сү.Батболд өнөөдөр Монголын улс төр, бизнесийн салбарт гол тоглогч хэвээрээ байна. Түүний хүч бололцоо гэрэлд биш, сүүдэрт илүү тодордог, тэр хүслээ ил зарладаг тэнэг биш. Яг одоо бол түүний цаг. Учир нь цагийн зүүний цохилт бүр түүний эрх ашгийн төлөө эргэлдэж байна. Ул суурьтай капиталистууд өөрийн цагийг төрийн цагтай тааруулж чаддаг гэсэн философи дүгнэлт хийжээ.

Тийм байж бүрэн болно. Тэр цаг хугацаа хэр удаан үргэлжлэх бол, төгсгөл нь хэзээ яаж ирэх бол гэдэгт л хамаг учир оршино. Бурхны сургаалд бүх зүйл хоосон чанартай, үйлийн үр эргэж ирдэг гэдэг билээ.

Д.Дамдинжавын бичсэн памфлетуудаас “Женко”, “Хүйтэн цуст” капиталист” хэмээх хоёр ширхэг улс төрийн шогийг зориуд сугалан авч нарийвчилсан дэлгэрэнгүй шинжилгээ хийлээ. Харьцуулан жишиж зэрэгцүүлж үзэж гүнзгийрүүлэн бясалгах эрхийг уншигч танд үлдээе. Хэн нь хэн бэ гэдэг нь илүү бодитойгоор тодорч харагдах буй заа. Зохиогч Монголын төр засгийг толгойлж явсан Цахиагийн Элбэгдорж, Намбарын Энхбаяр, Зандаахүүгийн Энхболд, одоо оройд нь дэрвэж яваа Ухнаагийн Хүрэлсүх, бас Цэндийн Нямдорж, Жадамбын Энхбаяр, Гомбожавын Занданшатар нарын тухай тус тус номондоо бичжээ. Өнгөрсөн үеийн төлөөлөл болгож Хорлоогийн Чойбалсангийн тухай “Монголоо мандуулсан маршал” гэсэн аятайхан хөргийг ч шигтгэж өгөхөө мартсангүй. Өчигдрийн Монгол ба өнөөгийн Монголын удирдагчдын үйл ажиллагааг харьцуулан жиших сайхан боломж олгосон байна. Өдөр, шөнө шиг зааг ялгаатай нь аяндаа мэдрэгдэнэ. Өөр ч хэд хэдэн хөрөг, памфлет номонд орсон байна.

Сэтгүүлч Д.Дамдинжав эдгээр улс төрийн шогуудаа урьд нь аль сонин хэвлэлд нийтлүүлж байсныг би мэдэхгүй юм. Нэгийг нь ч олж уншаагүй байх аж. Лав л төвийн өдөр тутмын сонинуудад гаргаагүй, голлох сониныг өдөр алгасалгүй гарчигладаг учраас ингэж хэлж байна. Нэг дор, нэг номноос шууд залгуулж уншихад надад маш хүнд байсныг нуух юун. Гол тоглогчид нь Монголоор голлож тоглогчид юм байна гэсэн хар сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна лээ. Уншиж үзсэн хэнд ч “таарсан таар шуудайнууд юм даа” гэсэн бодол лавтайяа төрөх биз. Харин М.Энхболд, Т.Бадамжунай, Сахал Эрдэнэбилэг, С.Баяр, П.Очирбат, Н.Багабанди, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын тухай энд тусгайлсан бичлэг алга. Байсан бол сэтгэгдэл бүр ч хүндэрч гуниг харуусал улам нэмэгдэж цээж бөглөрөх байсан нь гарцаагүй. Бичээгүй нь ч болж яршиг. Амьсгаа авч байгаад сүүлд унших нь дээр биз. “Гол тоглогч”-дын дүр төрх, мөн чанарыг, ялангуяа тэдний хөшигний ар дахь үнэн нүүр царайг зохиогч ончтой үг хэллэгээр оновчтойгоор ёгтлон илэрхийлж, илчлэн дэлгэж чадсан нь номын гол ололт гэж хэлье. Хошин мэдрэмж төрүүлэхүйц уран хошигнол, өнгө будаг нь зохицсон хөөрхөн зураглалууд нь памфлетыг гойд тодоор чимж, гол утга агуулгыг баяжуулж өгч байна. Жишээ нь “...Ц.Элбэгдорж намхан. Гэвч улс төрийн тэнгэр түүнд хэзээ ч өндөрдөж байгаагүй юм. Улс төрийн тайз хатуу. Ямар ч хүн тэр тайзан дээр 26 жилийн турш үзэгчдийг уйдаахгүйгээр “жүжиг” тоглоно гэдэг хэцүү” /”Сүүлчийн гавьяат жүжигчин”/

“...Шазуураа зуучихаараа тавьдаггүй “шавилхан биетэй бацаан”-ыг алх барьчихаараа ийм том дарангуйлагч болно гэж хэн санах билээ. Бөхөөр бол тэр зодог тайлах болоогүй байсан юм. Тэр ч бүү хэл, тахимаа ч өгөх хүсэлгүй байна... /”Зэлтэрийн гацааны Зи бацаан”/

“...Хотонд хоёр янзын хоточ бий. Нэг нь хотоо манадаг бол нөгөө нь хэвтрээ манадаг. Нэг нь чоно зуудаг бол нөгөө нь хүн зуудаг. Зуумтгай чанар бол түүний оршин байхын үндэс. Тиймээс л төрийнхөө хатуу чанга оосроор гинжлэн уяж, 25 жил хотоо мануулсан ганц зуудаг хоточ минь...” /Цэндийн Нямдоржийн тухай бичсэн “Хүн зуудаг хоточ”/ гэх зэргээр тус тусын дүрийн өвөрмөц онцлогийг гаргаж нээн үзүүлэхийг чармайсан байна. Мэдээж энд алдаа, оноо аль аль нь байна. Дан ганц хараар будаж муулж муучлахыг, тэрчлэн дандаа энхийн цагаан тагтаа байсан гэж магтан дөвийлгөхийн аль алийг гол зорилгоо болгоогүй байж таарна. Тухайн хүнд нэвт шингээстэй байгаа сайн ба муу, эерэг болоод сөрөг талыг, өөрөөр хэлбэл гэрэл, сүүдрийг тэнцүүхэн авч үзэхийг эрмэлзсэн нь тод мэдрэгдэж байна. Баримт түшиж үүнийг батлахыг оролдъё.


ХАР, ЦАГААНЫ ХАРЬЦАА

“Гол тоглогч” номд “Зэлтэрийн гацааны Зи “пацаан”, “Хүн ба нохой” хэмээх хоёр памфлет оржээ. Эхнийх нь 13,5 хуудас, удаах нь 12 хуудас аж. Тус бүрийг 7 ба 6 дэд гарчигт багтаан зохиомжилж бичжээ. Эдгээрийг харьцуулан жишиж үзүүлье.


ЗЭЛТЭРИЙН ГАЦААНЫ 3И “ПАЦААН” ПАМФЛЕТАД:


ХҮН “ЗУУДАГ” НОХОЙ ПАМФЛЕТАД:

асуудал юм. Зөвшөөрөн дэмжих, эргэлзэн тээнэгэлзэхийн аль аль нь гарах болов уу. Үүнийг зохиогч анзаараагүй биш анзаарчээ. “Хоёр төрлийн хоточ байдгийн нэгэн адил миний бодлоор хоёр төрлийн Нямдорж байдаг мэт санагддаг” гэсэн өгүүлбэр нь үүнийг гэрчилнэ.

Сэтгүүлч Д.Дамдинжав памфлетуудынхаа баатруудын зөвхөн өчигдрийг, бас өнөөдрийг голлож хөндөөд орхисонгүй. Маргаашийн ирээдүй нь ямар байх бол гэдгийг бас таамаглах гэж оролджээ. Сэтгүүл зүйд прогноз буюу таамаглал хэмээх бичлэгийн хэлбэр байдаг юм. Түүнийг чадмаг ашиглаж чадсан байна. “Женко” хэмээх памфлетаа “Женко хэрхэн төгсөх бол” гэсэн бичлэгээр өндөрлөж “Женко одоо хэрхэх бол... Энэ хүний толгойд өнөө ч дэлхий багтсан хэвээрээ гэдэгт эргэлзэх юм алга. Өнгөрсөн 20 жилд ийм байж чадсан Женко ирэх 20 жилд ямар байж чадах вэ гэдэг нөөц бололцоог нь төсөөлж үзвэл хэн ч эрхгүй сүрдэж таарна. Магадгүй үүнээс ч агуу том Женког бид олж харж мэднэ” хэмээн төсөөлсөн бол “Зэлтэрийн гацааны Зи “бацаан” памфлетдаа Зи яагаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болохыг зөвшөөрч “за” гэсэн юм бол гэж өөрөөсөө асуугаад “Үүний ард их холын тооцоо байх учиртай. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоход Д.Дорлигжав Ерөнхий прокурор болсонтой эгээ л адил алсын хараа байж тун магадгүй” гэж таамаглажээ.

Маш сонирхолтой прогноз. Д.Дорлигжав Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад сүүлд Ерөнхий прокурор болж “дэвшсэн” түүхтэй. Үүний дараахан “улс төрийн их баривчилгаа” эхэлж Намбарын Энхбаярыг дайчлан баривчилсан байдаг. Хэн нэгэн Ерөнхийлөгч буюу Ерөнхий сайд асныг золигт гаргах маш өндөр нууцлалын зэрэглэлтэй төлөвлөгөө эдүгээ зохиогдож байж ч мэдэх юм. Үнэн, худлыг айсуй цаг хугацаа харуулна.

ТӨГСГӨЛД НЬ

Залуу сэтгүүлч Дамдинсүрэнгийн Дамдинжавын “Гол тоглогч” шинэ номын нээлт Интерном их дэлгүүрт боллоо. Миний хувьд алсын зайнаас ажиглагчийн байр сууриар оролцов. Цөөнгүй хүн цугларчээ.

МСНЭ- ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэллээ. “Зиндаа” сэтгүүлд ажилладаг миний үзэг нэгт нөхөр Д.Дамдинжав хөрөг, памфлетын шинэ номоо гаргалаа. Манай Дамдинжав маш дуу цөөтэй. Чичилж чимхэлж татаж чангаахгүй л бол үг дуугардаггүй хүн. Төрөлх зан чанар нь энэ. Харин “Гол тоглогч” номдоо их чанга дуугарсан. Уншигчдад таашаагдана гэдэгт итгэлтэй байгаа. Их сайн бичлэгүүд энэ номд орсон гэж өндрөөр үнэлэв. МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, сэтгүүл зүйн судлаач Ж.Батбаатар би энэ номыг уншиж дуусаагүй байна. Долоо хоногийн дотор уншиж дуусгаад өөрийн үгээ хэлнэ. Би Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлд Ёс зүйн салбарыг нь хариуцдаг юм. Санал гомдол цөөнгүй ирдэг. Манай залуу сэтгүүлчид үг хэллэгээ зөв сонгож, үнэн бодит эсэхийг сайтар нягталж байх хэрэгтэй гэсэн утгатай зүйл ярив. Хашир бурхи хаяагаа манаж байна даа гэж бодогдсон.

Д.Дамдинжав “Гол тоглогч” номоо хайрт эгч Д.Жавзандулам, Д.Урангэрэл нартаа зориулжээ. Тэр хоёр эгч нь номын нээлтийн ёслолд оролцож санал бодлоо илэрхийлэв. Товчхон хоёр гурван үг хэлж шинэ номоо гаргасан дүүдээ баярлаж байна гээд алд цэнхэр хадгийг мөнгөн аягатай сүүтэй өргөн барьж байна. Дүү нь буюу “Гол тоглогч” номын зохиогч Дамдинсүрэнгийн Дамдинжав номынхоо тухай ярилаа. Хоёр эгчээсээ ч товчхон хоёр гуравхан үг хэлчихээд суудалдаа суучихав. Дуу цөөтэй гэдэг нь үнэхээр үнэн ажээ. Миний дэргэд сандал зэрэгцэн суусан Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Дагиймаа энэ залуу чинь манай сургуулийн бүтээгдэхүүн шүү дээ. Сая албан газар нь гурван өрөө байраар шагнасан гэнэ лээ гэж тун бахархангуйгаар надад хэлэв. Тэр багш нараа, их сургуулийн хамт олноо баярлуулж чаджээ. Дуу цөөтэй хүүд хайр хүрэх шиг болсон.

“Гол тоглогч” номыг би маш анхааралтайгаар уншиж ажиглалт шинжилгээ хийх гэж оролдлоо. Хөрөг, памфлетаас бүтжээ. Эхлээд би хөргийн нэрт мастер Ш.Цэрэнпил монголын сэтгүүл зүйд эргэж ирсэн юм биш биз, түүний хоосорсон орон зайг бөглөх шинэ авьяастан төрчихсөн юм биш байгаа гэж горьдоод шунамхайран уншив. Тэгтэл тийм биш байв. Эл номд “Эргэж Монголдоо төрнө”, “До.Цэнджавын тэнэг шавь”, “Тэр бол бурхны “алдаа” зэрэг эвтэйхэн хөргүүд орсон ч Ш.Цэрэнпилийн алдарт “Хэнээт” шиг хөрөглөл байсангүй.

Харин “Хэнээт”-ээс ч үл дутах олон памфлет нь магнай тэнийлгэн баярлууллаа. Монголын сэтгүүл зүйн түүхэнд “Хүжийн гал”-ын Бадарч гэдэг памфлет бичигч байсан. Үгүйсгэж болохгүй. Тэгэхдээ тэдгээр нь тэр гэх эзэн биегүй, уран зохиолын шинж чанарыг илүүтэй шингээсэн бүтээлүүд байсан юм. Д.Дамдинжавынх бол тийм биш юм. Буцах хаягтай, буух эзэнтэй памфлетууд. Үүгээрээ онцгой үнэ цэнэтэй санагдана. Огт хүн барьж авч чаддаггүй ороо морь шиг тойрч зугтдаг жанрыг зориглон барьж авч, өөрийн болгож чадсан энэ хүүд баярлаж талархахаас өөр аргагүй. Бичлэг нь торгомсог, баримт нотолгоо нь үнэмшилтэй, дүр дүрслэл, зураглал нь тод гаргууд аж. Би ерээд онд Ш.Цэрэнпилийн “Хэнээт” хөрөг найрууллыг уншиж суухдаа, Ж.Мягмарсүрэнгийн “Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” гэдэг танин мэдэхүйн нийтлэлийн номыг уншихдаа, сүүлд Б.Ганчимэгийн сумогийн их аварга Д.Дагвадоржтой хийсэн уянгалаг ярилцлагад анализ хийж байхдаа зохиогч нарт нь учиргүй ихээр баярлан уяран хайлж Монголын сэтгүүл зүй гайхамшигт уран нийтлэлчдээр тасрахгүй юм байна, юутай сайхан гэж сэтгэл цэлмэн баясч, зүрх догдлон хөөрснөө ер мартдаггүй юм. “Гол тоглогч” номыг унших явцад яг тийм мэдрэмж ахин төрж өвгөн судлаачийн хоёр суганд жигүүр ургах шиг болов. Дамдинсүрэнгийн Дамдинжав бол манай сэтгүүл зүйн салбарт өнөөг хүртэл анзаарагдаж мэдэгдээгүй явсан булаастай цул шижир алт мөн байна. Памфлетыг түүн шиг урнаар өгүүлэн зохиомжилсон нь өнөөг хүртэл нэгээхэн ч гараагүй юм. Монголын сэтгүүл зүй нэгэн цоо шинэ авьяастнаар бүл нэмлээ. Тэр тэнгэр ниргэж, цахилгаан цахих адил биднийг гайхшируулсаар Монголын сэтгүүл зүйд хүч түрэн түрхрэн орж ирж байна. Ийм цаг үеийг амьд мэнд байхдаа үзэж мэдэрнэ, бүтээлүүдэд нь шүүмж бичнэ гэдэг судлаач надад ямар том баяр баясгалан билээ. Түүнийг хайрлаж хамгаалж улам бүр хөгжүүлж дэгжүүлээрэй гэж Бурхан тэнгэрт залбирах минь. Ингэхийн учир гэвэл Монголын нийгэм түүнийг талархалтайгаар алга ташин хүлээж авах нь ойлгомжтой боловч төр засгийн өндөрлөгүүд, түүний дотор олигархи бүлэглэлийнхэн, хамгийг хамж шимж залгигч хар хүчин энэ сэтгүүлчийг хажиглан гадуурхаж нухчин дарахыг оролдох нь мэдээж. Авьяас билгийг нь худалдан авч өөрсдийн бууны нохой болгож хувиргахыг хүсэмжлэх ч явдал гарах бий вий. Битгий л худалдагдаарай даа, дүү минь! Тэгвэл амьд явах ямарч утгагүй, шал гунигтай болж хувираад мөнхийн шившигт нэр холбогдох аюул ч буй.

Сэтгүүл зүйн судлаач Тугалхүүгийн Баасансүрэн

Улаанбаатар, 2018 оны 5, 6 дугаар сар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.124) 2019 оны 09 сарын 16

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top