“ABU Robocon–2019 Mongolia” роботын тэмцээн Монголд анх удаа болно

2019 оны 08 сарын 23

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн ирэх ням гарагт буюу энэ сарын 25-ны 12:00 цагт  “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ. Энэхүү тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) ХК дэмжин оролцож байгаа юм. Үүнээс гадна Японы технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч “Toyota”, “Panasonik”, “Mabuchi motor” зэрэг зургаан компани жил бүр ивээн тэтгэгчээр оролцдог.

“Робокон” тэмцээн Япон улсаас үүсэлтэй. Японы үндэсний аварга шалгаруулах “Робокон” роботын тэмцээн энэ жил 32 дахь удаагаа зохион байгуулагдана. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. “ABU Робокон” бол инженер, технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын хичээлийн танхимаар олж авсан мэдлэгийг практик дээр туршдаг хамгийн том тэмцээн. Түүнчлэн оюутнуудад бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах, ачаалал даах чадвар, цаг барих зэрэг олон сайн дадал суулгадаг. Мөн багшийн тусламжийг харж, хүлээлгүй өөрсдөө шийдвэр гаргах, оролдох, зохион бүтээх гэх мэт олон чадвар, чадамжаа өсгөнө.

 

 

“ABU Robocon-2019 Mongolia” төслийн ерөнхий зохион байгуулах хорооны дарга Араи Томохиса: “Хэвлэл мэдээллээр Робоконыг дамжуулснаар бага насны хүүхэд болон оюутан залуучуудад сайнаар нөлөөлж, олон хүүхэд Робоконыг сонирхох болов уу гэж бодож байна. Тэгснээр ирээдүйн Монголд технологийн хөгжил хөгжин дэвшинэ гэж найдаж байна” гэв. Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны гишүүн телевиз. Энэ хүрээнд тус холбооноос зохион байгуулдаг “Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн. Манай улсын багийн гаргасан хамгийн дээд амжилт нь 2004 онд дэд байр эзэлсэн. Үүнээс гадна Монголын оролцогчид жил бүр ивээн тэтгэгч байгууллагын цом, шагнал авч байлаа.

 

МҮОНРТ 2002 онд “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулснаас хойш 17 жил өнгөрч. Энэ хугацаанд давхардсан тоогоор 6000 гаруй оюутан, залуус “Робокон” тэмцээнээр дамжиж, ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. МҮОНРТ “ABU Робокон” олон улсын роботын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг хоёр жилийн өмнө албан ёсоор авч, тэмцээний дүрэм, журмаа боловсруулсан бөгөөд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц тэргүүтэй баг өнгөрсөн жилийн наймдугаар сард тэмцээний тугийг хүлээж авсан. “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, Шри Ланка, Малайз, Непал, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 багийн 300 орчим тамирчин өрсөлдөнө. Монгол Улс зохион байгуулагч орон тул давуу эрхээрээ хоёр баг өрсөлдүүлж байна. “ABU Robocon-2019 Mongolia” төслийн продюсер Ёшида Такүши: “Бид одоо болох гэж байгаа Робоконы тэмцээнийг хоёр жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн. Үр дүн нь одоо болох гэж байгаа тэмцээнээр харагдах байх. Юм бүтээх ямар их ач холбогдолтой вэ гэдгийг энэ тэмцээнээрээ харуулна” гэлээ

“ABU Робокон” тэмцээн Япон, Вьетнамд тус бүр гурав, Тайландад хоёр, БНХАУ, Хонконг, Малайзад нэг удаа болсон. Ирэх 2020 онд Фижи улсад, 2021 онд БНХАУ-ын Бээжин хотод болно. Энэ жилийн тэмцээний онцлог нь монголчууд өөрсдөө дүрмээ зохиосон. “ABU Робокон” тэмцээний 18 жилийн түүхэнд дөрвөн хөлтэй робот бүтээх даалгавар байгаагүй. Монголчууд XIII зуунд дэлхийн анхны паспорт гэх хэлж болох гэрэгэг хэрэглэж эхэлсэн. Үүнийг илтгэсэн гэрэгэ дамжуулах мөн Монголын уламжлалт наадгай болох шагай хаях даалгавар бий. Улмаар 50-аас дээш оноо авсан тохиолдолд, хангайн бүсээс уулын бүс рүү нэвтрэн орж, гэрэгэг нэг метрийн өндөрт өргөснөөр өрсөлдөгч багаа цэвэр ялах даалгавар оруулж өгсөн. Зохион байгуулагч орноос шалтгаалж жил бүр тэмцээний дүрэм өөрчлөгддөг ч оногдсон хугацаа буюу гурван минут хэвээрээ байдаг. БНХАУ, Вьетнам, Японы багийн роботын хөгжил бусад орны оролцогчдоос түрүүлж яваа. Энэ гурван баг дугуйтай роботын төгс шийдлийг аль хэдийн олчихсон. Тиймээс оролцогчид дугуйтай роботын хөгжлийг хэдийн туйлд нь хүргэчихсэн учир “ABU Робокон-2019” тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс дараагийн шат нь алхдаг робот юм байна гэж үзсэн юм. Тиймдээ ч Монгол орноо таниулах, сурталчлах зорилгоор морийг бэлгэдэж, хоёрдугаарт “ABU Робокон” тэмцээнд технологийн хөгжлийн шинэ хуудсыг нээе гэдэг үүднээс дөрвөн хөлт робот бүтээх даалгавар, энэ даалгаварт уялдсан дүрэм боловсруулсан.

 

“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээний үеэр зохион байгуулагч буюу Монгол Улсаас хоёр шүүгч ажиллана. “Робокон” тэмцээнийг санаачлагч Японы их сургуулийн доктор Масаши Шимизү (80 гаруй настай эрдэмтэн), өнгөрсөн жилийн зохион байгуулагч орны болон ирэх жилийн зохион байгуулагч Фижигээс тус бүр нэг шүүгч томилогдсон. Харин талбайд Монголоос ес, санаачлагч болон өмнөх, дараагийн зохион байгуулагч орноос тус бүр нэг гээд нийт 12 шүүгч ажиллах юм.ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээний нээлт болон завсарлагаанаар Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, соёлын тэргүүний ажилтан, дуучин,  Ука (Д.Уламбаяр), “Чоно” хамтлаг, “Aim4R” продакшн тэргүүтэй рок, поп, хип хоп урлагийн одууд уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ. Мөн тэмцээн болох өдөр “Буянт ухаа” спортын ордны гадаах талбайд дэмжигч, ивээн тэтгэгч байгууллагуудын шинэ технологийн үзэсгэлэн нээгдэнэ. Үзэгчид тэмцээний хажуугаар Монголын болон гадаадын шилдэг компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологитой танилцах боломжтой. 

“ABU Робокон-2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнийг МҮОНРТ-ийн нэгдүгээр суваг, “MNB world” сувгаар эх орон даяар шууд дамжуулан үзүүлэхээс гадна Японы NHK телевизийн сошиал хаягаар олон улсад шууд дамжуулна. Үүнээс гадна 15 орны олон нийтийн телевизүүд цуврал нэвтрүүлэг бэлтгэж өөрийн орны үзэгчдэдээ хүргэдэг уламжлалтай. “ABU Robocon-2019 Mongolia”олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноров: “Робокон тэмцээнийг Монголд зохион байгуулснаараа  Монгол орныг Ази номхон далайн бүсэд  15 Улсад сурталчлах өргөн боломжтой  болж байгаа юм. Бид төрийн бодлогодоо нэг сая жуулчин хүлээж авна гэсэн уриатай байдаг. Энэ нь  гүүр болж өгөхөд тодорхой хувь нэмэр оруулах төсөл юм. Монголын  хөгжлийг ирээдүйд авч явах залуучуудыг бэлтгэхэд энэ тэмцээн маань чухал ач холбогдолтой. Тийм учраас Робокон тэмцээн ямар ч үнэ төлбөргүй юм” гэлээ.

Ө.Энхжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top