Хариуцлагагүй уул уурхайн эсрэг тэмцэл ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ үргээхгүй

М.Бүүвэй | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

"Өглөөний сонин", “Зиндаа.мн” сайт, “ТВ8” телевизийн хамтарсан "ХХ хөтөлбөр"-өөр Тост, Тосон бумбын төлөөх жишиг тэмцлийг нээлттэй, хараат бусаар сурвалжлан хүргэсэн билээ. Бид үргэлжлүүлэн хариуцлагатай, хараат бус сэтгүүлзүйн энэхүү жишгээр Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул голын сав газруудад хууль бусаар ажиллаж, байгаль эхийг сүйтгэж, гол мөрнийг ширгээж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулж байгаа хууль бус, хариуцлагагүй уул уурхайн талаарх мэдээллийг олон нийтэд цувралаар хүргэж буйг юуны өмнө тодотгоё!

Монгол Улсын Засгийн газраас мөн байгаль орчинд хохирол учруулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй тэмцэж эхэлсэн нь олны анхаарлын төвд байна. Өчигдөр /2019.08.21/ гэхэд Монгол Улсын Засгийн газар хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулж буй 19 аж ахуйн нэгжийн 23 лицензийг цуцлах шийдвэр гаргасан нь улс орон болоод иргэдийн хувьд томоохон ялалт юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэдхэн хоногийн өмнө бүх аймгийн Засаг дарга нарыг цуглуулаад газрын баялгийг ухдаг, хуулийг уландаа гишгэдэг, ард түмнийг доромжилдог, эрх мэдлээ ашиглаж байгалийн баялгийг хууль бусаар ашиглаж байгаа нөхөдтэй хатуу тэмцэхээ хэлсэн. Тэр “Өмнөговь аймагт Тост, тосон бумба, Хэнтийд-Гутайн даваа, Төв аймагт-“Эко Алтан Заамар”, Архангай аймагт Орхон голын ай савд,  Сэлэнгэ аймагт Хүдэр, Ерөөд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла. Төрд төмөр нударга гэж байдаг гэдгийг харуул. Төрийн хууль зөрчвөл ямар ч олигархи бөхийдөг юм гэдгийг сануул. Бидэнд алт хэрэгтэй юм уу, эко систем хэрэгтэй юм уу. Эко системийг хамгаалахын төлөө ямар ч албан тушаалтан, ямар ч хууль дүрэм бөхийх ёстой. Эх оронд дайснууд байна. Энэ бол эко системийг нурааж, ард түмний мэдэлд байх газрыг хууль бусаар ухаж байгаа хүмүүс. Тэдэнтэй тэмцэх хэрэгтэй.

Дарга нар аа, тэр бүхнийг зогсоо. Гол мөрөн чинь ширгээд дууслаа. Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай гэвэл цэрэг армиа хөдөлгө” хэмээн хатуухан хэлсэн.

Тэгэхээр хариуцлагагүй уул уурхайтай хийх тэмцэл нэгэнт эрчимжлээ. Шадар сайдаар ахлуулсан томоохон ажлын хэсэг улсын хэмжээнд олгогдсон 2900 орчим лицензийг бүгдийг нь шалгахаар болов. Шалгалтаар хууль зөрчиж, хуйвалдааны аргаар олж авсан лицензүүд цэгцрэх учиртай. Гэтэл энэхүү хууль бус уул уурхайтай тэмцэж буй төрийн тэмцлийг хүчгүйдүүлэх оролдлого гарах болов.

Уул уурхайг тэр чигт нь хааж боож, хувийн хэвшил рүү дайрч байгаа мэт мушгин гуйвуулж эхлэв. Тэдгээр хүмүүст хандаж мэдээлэл өгөхөд эх орны 1100 байршилд 27405 га газар эвдэрснээс 8800 га газар буюу уул, ус, мод хамрах газар эзэн холбогдогч нь олдохгүй эвдэрч сүйдээд байна. Нөхөн сэргээхэд эхний ээлжинд 540 тэрбум төгрөг шаардагдах тооцоог БОАЖЯ хийгээд байна.

Дөнгөж өчигдөр зөвшөөрлийг нь цуцалсан “Монгол газар” компанийн эзэмшлийн 13 лицензийн талбай нь хоёр сумын газар нутагтай тэнцэхүйц хэмжээтэй байсан гээд бодохоор газар шороо минь хэчнээн хөөрхийлөлтэй байдалд байгаа нь ойлгогдох биз ээ. Тиймээс л Засгийн газраас тусгай хамгаалалтад 1.3 сая га газрыг шинээр бүртгэх шийдвэр гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон хэрэг.

Үнэндээ уул уурхайн олборлолт хийгчидтэй тэмцэнэ гэдэг хэцүү. Учир нь уул уурхайн лиценз бүрийн ард улс төр, бизнесийн томоохон бүлэглэл, Ерөнхий сайдын хэлсэнчлэн “олигархууд” бий. Тэдэнтэй тэмцэхэд үнэхээр цэрэг хөдөлгөх хэмжээнд ч хүрч болзошгүй юм. Сүүлийн жишээ гэхэд Тост, Тосон бумбын нурууг хамгаалахын төлөө нутгийн ард иргэд, хөлсний хамгаалагчдын хооронд “мөргөлдөөн” гарах шахсан. Өмнөговьд, Төрийн ордонд, хэвлэлийн хуудаснаа гээд өргөн фронтоор дайтав. Эцэст нь Монгол ялсан. Салхитын мөнгөний ордыг төр авахын тулд тусгай ангийг дайчилж байлаа. Үнэхээр ингэхгүй бол дийлдэхгүй байгаа нь үнэн юм.

Төрийн тэмцэл ялалтад хүрсээр байна. Тиймээс уул уурхай дагасан бүлэглэл айдастай байгаа. Тэд У.Хүрэлсүхийн тэмцлээс, түүнийг дэмжиж буй эх орондоо хайртай монгол түмнээс айж байгаа. Ерөнхий сайдыг унахыг хүсч байгаа. Элдвээр гүтгэж, хүчийг нь сулруулахыг оролдож байгаа. Үүнийгээ биелүүлэхээр Засгийн газрыг унагахаар гарын үсэг цуглуулж байгаа дуулдсан. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээлээ хэмээн шүүмжилж байна.

Тэгвэл хариуцлагатай хөрөнгө оруулагч, стандарт уул уурхайг дэмжиж байгаагаа Ерөнхий сайд хэлсэн гэдгийг сануулъя. Засгийн газар ч санал нэг байгаагаа хуралдааны үеэр хэлж байна. Монгол Улсын төсвийн орлогын 80 гаруй хувийг уул уурхай эзэлж байгаа цагт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь чухал юм. Гагцхүү төрийн хуулийг уландаа гишгэж, түмний хүслийг хөсөр хаягчидтай тэмцлээ үргэлжлүүлэх учиртай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top