Экс Ерөнхийлөгчдөө уучилдаггүй Киргиз орон 

2019 оны 08 сарын 15

Төв Азийн Киргиз улсад болж байгаа явдал дэлхий дахины хэмжээнд биш ч бүс нутгийн анхаарлын төвд байгаа. Киргизэд албан тушаалаа энхийн замаар өгсөн экс Ерөнхийлөгчөө яагаад баривчлав? Одоогийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков түүний залгамжлагч биш гэж үү? Хоёр Ерөнхийлөгч яагаад түнжин хагарав?

Баривчлагдахаасаа өмнө Алмазбек Атамбаев төрөлх тосгон Кой-Таш дахь харшдаа бэхлэлт барьж, бүтэн нэг өдөр зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн, хүний амь ч үрэгдсэн. Атамбаеваас өөрөөс нь бусад бүх Ерөнхийлөгч нь хувьсгал, бослогын дүнд суудлаа алдаж байсан Киргиз орны хувьд ч үнэхээр урьд өмнө үзэгдээгүй үйл явдал.

Асуудлыг ярихын өмнө хэлэхэд Киргиз улс манай Монголтой олон талаар төстэй. Манайх Оюутолгойтой бол тэнд Канадын “Centerra Gold Inc” компанийн үйл ажиллагаа явуулдаг Кумтор хэмээх алтны том орд газартай. Киргиз улс энэ орд газрынхаа 26 хувийг эзэмшиж, “Centerra Gold Inc” нь олборлолт зэрэг бүх үйл ажиллагааг хариуцдаг. Сонгууль болгоны дараа Киргизийн шинэ депутатууд Канадын талаас илүү хувьцаа олгохыг шаардаж, шүүхэддэг. Мөн экс ерөнхийлөгчид нь албан тушаал буугаад эрүүгийн хэрэгт татагддаг. Танил сонсогдож байна уу?

Алмазбек Атамбаевыг баривчлах болсон шалтгаан Киргизийн зартай гэмт хэрэгтэн Азиз Батукаевыг шоронгоос хууль бусаар сулласан хэрэгт холбогдуулан байцаахаар дуудахад ирээгүй явдал байлаа. Гэхдээ энэ бол зүгээр шалтаг, үүний ард улстөрчдийн том өрсөлдөөн явагдаж байгаа юм.

Нэгдүгээрт, Киргизэд улс төрийн нам, хөдөлгөөнүүдийн өрсөлдөөн тун ширүүн. Барууны ардчилал биш ч хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд дотор хамгийн өрсөлдөөнтэйд тооцогдоно. Энэ нь Киргизийн нүүдэлчний уламжлалтай холбоотой. Эрт дээр үеэс энд засгийн эрхийг үе уламжлуулан барих явдал байсангүй. Хэрэв хэн нэгэн хаан амжилт муутай, эсвэл ард түмнээ дарлан зовоовол Киргизэд түлхэн унагаад шинэ хаантай болдог байлаа. Нүүдэлчин бусад ард түмэн ч мөн ийм үзэлтэй ч ЗХУ задран унасны дараа киргизүүд л энэ уламжлалыг төр засгийнхаа үндсэн үзэл санаа болгон авч үлдсэн юм. Бусад СТАН-ууд хатуу чанга дарангуйллын системтэй бол энд улс төр бас ч гэж ардчилалтай.

Хоёрдугаарт, хэдий өрсөлдөөн өндөр ч улс төр нь хэт авлигажсан. Киргизийн улс төрийн систем угаа хүртэл авлигад автсан тул экс Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг баривчлахад заавал шоронгийн хулгайчийг сулласанд буруутгаад байхааргүй олон шалтгаан байлаа. Байгалийн баялаг бол бас нэгэн шалтгаан. Энд эрх мэдэл, эд баялаг хоёр нэг утгатай. Өөрөөр хэлбэл засгийн эрхэнд хэн байна, тэр бүхнийг эзэмшинэ.

Гуравдугаарт, Атамбаевын хувь хүний зан араншинтай холбоотой. Төв Азийн улс орнуудад ерөнхийлөгчид нь гадаад, дотоодын хэрүүл маргаанаа олны өмнө дэлгэдэггүй, хэлэх үгээ ихэд дипломат маягаар бэлтгэдэг бол Атамбаев үгүй. Тэр биеэ барьж чаддаггүй, өрсөлдөгчдөө үргэлж муулж, хатуу чангаар хэлдэг байсан тул дайсан олонтой байлаа. 

Киргиз улс түүхэн эрт үеэс өмнөд, хойд гэсэн овог аймгийн ялгаатай, тэмцэлтэй байлаа. Уул нуруугаар зааглагдсан энэ хоёр тал олон зүйлээрээ ялгаатай. Өмнөдийнхөн исламын шашин талдаа. Энд узбек зэрэг үндэсний цөөнхүүдийн нөлөө их. Харин хойд талынхан илүү орчин үеийн, оросжсон улсууд юм. Тэд оросоор сайн ярьж, уламжлал гэхээсээ илүү Барууны орнууд, Орос орныг дагадаг. Аль нэг тал нь хэт хүчирхэг бололгүй засгийн эрхийг өмнөд, хойд талынхан ээлжлэн барьсаар иржээ. ЗХУ задрахаас өмнө өмнөдийнхөн засгийн эрхэнд байсан бол түүнийг буулгаад оронд нь хойд зүгийн Акаев гарч ирсэн. Акакевийг унагаад өмнөдийн Бакиев Ерөнхийлөгч болж, Бакиевийн дараа хойд зүгийн Атамбаев гарч ирж байсан түүхтэй. Харин Атамбаев засгийн эрхэнд үлдэхийн тулд өмнөдийн овог аймгуудтай тохиролцоо хийж, тус аймгийн Жээнбековыг гаргаж ирсэн юм. Үүний тулд тэр хойд зүгийн өөрийн талынхантайгаа ч муудалцсан билээ. Гэвч засгийн эрхэнд гарсан Жээнбеков түүний утсан хүүхэлдэй байхыг хүссэнгүй. Өмнөд мужуудад том дэмжлэгтэй тэрээр Ерөнхийлөгч болонгуутаа хойд зүгийн Атамбаеваас салахыг хүсэх нь мэдээжийн зүйл байлаа.

Киргизийн анхны Ерөнхийлөгч Аскар Акаевийн үеэс энэ улсад улс төрийн жагсаал цуглаан, овог хоорондын дайсагнал байсан ч улс төрийн өрсөлдөгчөө шоронд хорьж байсан түүх байхгүй байв. Хоёрдугаар Ерөнхийлөгч Курманбек Бакиев сөрөг хүчинтэй ширүүн харьцдаг байсан ч бас л баривчилж байгаагүй юм.

Өмнөх Ерөнхийлөгчөө оймсыг нь гозолзуулан хорих газарт аваачих явдлыг Атамбаев өөрөө эхлүүлсэн. Тэр Киргизэд анх удаа Цагдаагийн хүчийг улс төрийн өрсөлдөгч нараа дарахад хэрэглэсэн бөгөөд одоо өөрөө тэр үр дүнгээ амсаж байна.

Ингэхэд Сооронбай Жээнбеков яагаад түүний арга барилыг дууриав? Атамбаевыг чимээгүй зайлуулж болохгүй байсан гэж үү?

Болох байсан, Жээнбеков ч тэгэх гэж хичээсэн. Атамбаевын талынхныг эрүүгийн хэргээр мөрдөн шалгаж, экс Ерөнхийлөгчид мөрөөрөө бай гэсэн дохио өгөөд байлаа. Харин дээр дурдсанчлан Атамбаев маш хатуу хүн. Түүнийг хуучин ерөнхийлөгч Акаев шиг ОХУ, Бакиев шиг Беларусьд цагаачлахгүй гэдгийг одоогийн Засгийн газар ойлгож байлаа. Тиймээс хэн нь улс орны эзэн гэдгээ харуулах гэж  анхааруулсан цохилт өгсөн. Авлигын газрын байцаалтад ирэхгүй байсан Атамбаев өөрөө торонд нь яваад орчихлоо.

Харин өмнөх Ерөнхийлөгчөө хорьсон Жээнбеков хэдэн жилийн дараа яах бол? Атамбаевтай адилхан хувь заяа түүнийг хүлээж байж болох юм. Акаевийг хувьсгалаар унагаасан ч эрүүгийн хэрэгт холбогдуулаагүй, Бакиевийг бослогоор буулгасан ч шоронд оруулаагүй, гадаад гарахад нь ч саад хийгээгүй. Харин Атамбаевыг баривчиллаа. Ингээд бодохоор Жээнбеков ч засгийн эрхнээс буухгүй аль болох удах хүсэлтэй байгаа.

Жээнбеков өмнөд хэсэгт маш нөлөөтэй, эртний язгууртан угсааны хүн. Түүний өвөг дээдэс хааны ард л явдаг байсан гэдэг. Атамбаев ч удам угсааг нь хараад Жээнбековыг залгамжлагчаараа сонгосон нь түүний том алдаа болжээ.

Гэхдээ одоогийн Ерөнхийлөгч дарангуйлал тогтоох гэж оролдохгүй биз. Тэр өмнөд хэсэгт хүчтэй ч нийслэл Бишкек байрладаг хойд хэсэгт дэмжлэггүй. Энэ удаагийн тэмцэл Жээнбеков, Атамбаев хоёрын хувь хүмүүсийн зөрчилдөөн болохоос хойд, өмнөдийн сөргөлдөөн биш. Хоёулаа Киргизийн Социал демократ намын гишүүд. Ингэхээр иргэний дайн болох магадлал бага. Жээнбеков бүгдийг төгс сайн хийсэн. Эхлээд бага багаар Атамбаевын нөлөө, хүч чадлыг бууруулсаар нам дотор нь ч хүчгүй болгож чадсан. Атамбаевыг гадаадаас хэн нэг нь дэмжихгүй. Тэр ОХУ, Хятад тэр байтугай бусад СТАН, Барууны орнуудтай ч таагүй харилцаатай.

Атамбаевт урт хугацааны ял өгсөн ч Жээнбековт ямар ч асуудал тулгарахгүй. Атамбаев ямар ч хүч чадалгүй болсон. Яг л манай Монголд болсон нэгэн явдал шиг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мгл(103.229.123.6) 2019 оны 08 сарын 21

байлаа үгийг яасан их бичдэгийн

0  |  0
nanchy(109.127.210.124) 2019 оны 08 сарын 16

nice

0  |  0
Zz(80.215.7.196) 2019 оны 08 сарын 15

Haa gazriin avilgach hulgaichuud bugd uheh tavilantai

0  |  0
Top