Эрх чөлөө, ардчилал, тэмцэл: Жагсаал буцалсан долоо хоног

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Хонконгчууд өөрийн толгойгоо өөрөө мэдэхийг, Оросууд сөрөг хүчнийхэнд сонгуульд өрсөлдөх эрхээ эдлүүлэхийг, Францын Нант хотынхон засаг захиргаагаа эсэргүүцэн жагсах болов. Дэлхийн өөр, өөр газарт, хоорондоо адилгүй цаг хугацаанд болсон дээрх жагсаалуудыг гуравхан үгээр тодорхойлбол эрх чөлөө, ардчилал, тэмцэл гэж тодорхойлж болно. Хүнд заяагдмал наад захын эрхээ эдлэхийг хүсэгчид дэлхийн өнцөг булан бүрд адилхан илэрч байгаагийн тод жишээ нь эдгээр жагсаал цуглаан юм. БНХАУ-ын Тусгай захиргааны бүс нутаг болох Хонконгод л гэхэд сүүлийн дөрвөн жилд гурав дахь удаагаа бүх нийтийг хамарсан жагсаал гарч байна. Үүнээс магадгүй хамгийн том, нөлөөтэйд тооцогдох жагсаал энэ жил өрнөж буй жагсаал байх. Харин ОХУ-д 2015 оноос эхлэн жагсаал цуглааны давтамж нэмэгдэх болсон. Хэдийгээр эрх баригчдын зүгээс хүчээр хязгаарлахыг хичээж байгаа ч үр дүнд хараахан хүрэхгүй байна. Нөгөө талаас нь харвал сөрөг хүчин, ардчиллаас айж буй эрх баригчдын үйлдэл хааж боох, эрхийг нь хязгаарлах, хүчээр тараах зэрэг рүү чиглэж буй нь тэмцэгчдийн тоог нэмж буй юм. Франц улсын тухайд Эммануэль Макрон тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш эрүүл мэнд, нийгмийн бодлогыг нь эсэргүүцсэн олон нийт “Шар хантааз” хөдөлгөөн зохион байгуулж сүүлийн үед буурал тивд өрнөсөн олон нийтийг хамарсан жагсаал цуглааны тоонд ороод  байна. Сүүлийн жил хагасын хугацаанд дээрх хөдөлгөөн зөвхөн Францаас хальж Ойрх Дорнод, Ази тив, хөрш зэргэлдээ улс гүрнүүдэд гарах болсон нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Хонконгийн хонзон

БНХАУ-ын шахалт шаардлагаар Хонконгийн эрх баригчид тус бүс нутагт хэрэг, төвөгт орооцолдсон хүмүүсийн хэргийг БНХАУ-д хэлэлцэх болсон шийдвэрээс шалтгаалан өмнө нь намдаад байсан бослого хөдөлгөөний галыг улам өрдөж орхив. Хэдийгээр эх газрын зүгээс өмнөх жагсаал цуглааныг зохион байгуулсан толгойлогчдод хатуу анхааруулга өгч хандыг нь дарсан гэж бодсон ч үр дүнд хүрээгүй байж. Тэртээ тэргүй эх газрын Хятадын шүдний өвчин болсон энэ газар ялтан шилжүүлэх зүйлээс болж цаашид тогтоон барьж чадах уу гэдэг дээрээ тулаад байна. Энэ тухай өнгөрсөн хоёрдугаар сараас олон улсын хэвлэлээр шуугьж байсан ч олныг хамралгүй байсаар дөрөвдүгээр сард эцэстээ хүрч жагсаал цуглаан зохион байгуулагдаж эхэлсэн юм. Одоогоор олныг хамарсан энэ жагсаал цуглаанд 550 мянган хүн татагдан оролцоод байна. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд таван хүн амиа алдан, 230 гаруй хүн бэртэж гэмтэн, 650 гаруй хүн баривчлагдсан энэ жагсаалын гал одоо ч намжаагүй байна.  Хамгийн сүүлд Хонконгийн засаг захиргаа хар, цагаан өнгийн хувцас өмсөхгүй байхыг олон нийт, жуулчдад сануулж, Цагдаагийн газраас бүх төрлийн олныг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглов. Байдал ингэтлээ хүндэрнэ гэж олон улсынхан бодоогүй нь лавтай.

БНХАУ-ын Ардын арми яаралтай хуралдан Хонконгод болж буй үйл явдлыг сүүлийн 27 жилд болж байгаагүй томоохон жагсаал гэж дүгнээд байдлыг анхааралтай ажиглахаар болов. Хэрэв байдал намжихгүй энэ чигээрээ байсаар байвал цэрэг оруулахаас өөр аргагүй гэж үзэх Хятадын улстөрчид цөөнгүй бий. Гэвч тэртээ тэргүй дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг болсон энэ улс олон улсад үүссэн нэр хүндээ унагахыг хүсэхгүй гэж АНУ-ын засгийн газар дүгнэж байна. АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллээс харвал дөрөвдүгээр сард анх жагсаал цуглаан зохиогдож эхэлснээс хойш БНХАУ-ын тагнуулын байгууллага идэвхтэй ажиллах болсон гэж дүгнэжээ. Ихэвчлэн барууны улс гүрнүүд Хонконгийн тэмцлийг ардчиллын төлөө хийж буй цагаа олсон тэмцэл гэж дүгнэж байгаа ч азийн улс гүрнүүд энэ талаар ямар нэгэн тодорхой байр суурь илэрхийлэхгүй өдийг хүрсэн билээ.

Орос одоо л тэмцэх цаг

Орос орон буцалж байна. Яг одоо ОХУ-ын Москва хотод 60 гаруй мянган хүнийг хамарсан жагсаал цуглаан болж 200 гаруй хүнийг нэн даруй баривчлаад байна. Сөрөг хүчнийхнийг Москва хотын Думын сонгуульд оролцуулахыг хориглосон Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр ийнхүү оросуудыг босоход хүргэсэн хэрэг. Социалист нийгэм задран бутарснаас хойш төрөн гарсан хүчтэй удирдагч гэж дүгнэдэг Владимир Путин орчин цагийн Орос улсад албан тушаалаасаа түр “чөлөө аваад” 2012 онд дахин сонгогдсоноос хойш шинэ цагийн залуусын тэмцэлтэй тулгарах болсон.

Сахаровын өргөн чөлөөнд болсон жагсаал цуглааныг цагдаа нар тараах шийдвэр гаргаснаас хойш тайван жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэж эхэлжээ. Харин орон нутгийн мэдээллийн хэрэгслээр жагсагчид анхнаасаа эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж мэдээлж байна. “Тайван жагсаал” гэдгийг тодотгосон уриа лоозон барьж байгаа ч цагдаа нар болзошгүй нөхцөл байдлаас сэргийлж хүчээ нэмэгдүүлж буй. Зарим хэвлэлийн мэдээллийг харвал дотоодын цэргийнхнийг хамгаалалтад дайчилж байгаа аж. Одоогийн Орос орныг яг ч ардчилсан гэж дүгнэхэд хэцүү. Яг ийм нөхцөл пост коммунист бусад улсуудад ч ажиглагддаг. Сөрөг хүчнийхнийг сонгуульд оролцуулахыг болиулж, Засгийн газраа шүүмжилсэн утгатай мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж, олныг хамарсан жагсаал цуглаан байгуулахыг хориглож буй нь шинэ цагийн ардчилсан улсын хэв шинж лав биш. Харин энэ улсад хүчээ хүч хэрэглэх аргаар хадгалахыг завдаж буй эрх мэдэлтнүүдийн айдас л өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэсэн гэж дүгнэх судлаачид цөөнгүй байна. Олон нийтийг хамарсан судалгаагаар Владимир Путины нэр хүнд 40 гаруй хувиар унасан нь түүнийг Оросын төрийн тэргүүн болсноос хойш хамгийн муу үзүүлэлт юм.

АНУ-ын Принстоны их сургуулийн судалгаанаас харахад олон нийтийг хамарсан жагсаал цуглааны давтамж 25 жил тутамд байдаг аж. Энэ идэвхжилийн жил нь 2018-2019 оны хооронд таарч буй гэх. Энэ судалгааг батлах мэт дэлхийн 95 улс ямар нэгэн жагсаал, тэмцлийн хөлд даруулж байна.

Шар хантаазтангууд тайвширсангүй

Сүүлийн найман сарын турш Франц улсад өрнөсөн “шар хантааз” хөдөлгөөн одоо ч намжаагүй байна. Сүүлийн гурван долоо хоногийн турш тайван байсан Франц улсад баасан гарагаас эхлэн жагсаал цуглаан зохион байгуулагдах боллоо. Нант хотод болсон жагсаалд хоёр мянган хүн оролцсон гэх мэдээлэл байна. Жагсагчид сүүлдээ эмх замбараагүй байдал үүсэх болсон тул цагдаа нар хүч хэрэглэн тараахаас аргагүйд хүрчээ. Жагсагчид тус бүс нутгийн тэмцэгч гэгдэх 22 настай залууг саатуулсныг эсэргүүцэн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг хангахыг шаардаж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн долоодугаар сард тэмцэлд идэвхтэй оролцож байсан Стив Майа Канико гэгчийн цогцос олдсон нь иргэдийн дургүйцлийг улам хүргэх болсон билээ. Эрх баригчдын зүгээс Нант хотын удирдлагууд жагсаалд оролцогчдыг баривчлах тушаал өгөөгүй, үг хэлэх эрх чөлөөг хязгаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэж мэдэгдсээр байгаа юм.

Франц Пресс агентлагийн мэдээлснээр үзвэл Парис хотын цагдаагийн газар болзошгүй жагсаал цуглаанаас сэргийлэн олон нийтийг хамарсан бүх төрлийн арга хэмжээнүүдэд хяналт тавьж байна. Марсель, Лион зэрэг томоохон хотуудад ч цагдаа нар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Хэдийгээр “шар хантаазтаны хөдөлгөөн” гарснаас хойш Францын Засгийн газар 15 гаруй хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулсан ч жагсаал хөдөлгөөний давтамжийг бууруулж чадсангүй. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 16-ны өдөр нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахад хоёр долоо хоног жагсаал цуглаан зохион байгуулагдаагүй юм.

Төгсгөлийн оронд

Хонконг, ОХУ, Франц ялгаагүй ард иргэдийнхээ сонгох, сонгогдох эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө л тэмцэж байгаа нь харагдаж байна. АНУ-ын Принстоны их сургуулийн судалгаанаас харахад олон нийтийг хамарсан жагсаал цуглааны давтамж 25 жил тутамд байдаг аж. Энэ идэвхжилийн жил нь 2018-2019 оны хооронд таарч буй гэх. Энэ судалгааг батлах мэт дэлхийн 95 улс ямар нэгэн жагсаал, тэмцлийн хөлд даруулж байна. Эдгээрээс хамгийн том анхаарал татаж байгаа нь дээрх гурван улс орон, газар нутагт болж буй жагсаал цуглаан юм. Үүнээс ОХУ, Хонконгод болж буй тэмцлүүд олон нийтийн анхаарлын төвд байна. Хэрэв эрх баригчид олон нийттэй тохиролцож чадахгүйд хүрвэл жагсаалыг нам дарж, толгойлогчдыг нь шийтгэснээр дуусаж ч болох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
od(73.200.190.192) 2019 оны 11 сарын 05

uimeen degdeegchid nam darah heregtei

0  |  0
matilda(41.138.89.216) 2019 оны 08 сарын 26

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top