Б.Отгонболд: Орон нутаг өөрөө эрх мэдлээ хэрэгжүүлбэл хөгжил ирнэ гэж харж байгаа олон хүн бий

2019 оны 08 сарын 06

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг болж буй энэ цаг дор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид ямар байр суурьтай байгааг хүргэх зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонболдоос дараах зүйлийг тодрууллаа.


-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг орон даяар өрнөж байна. Та дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажилладаг хүний хувиар анхан шатны нэгжид ямар үр өгөөжтэй өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байна вэ?

-Сум, дүүргийн нутгийн удирдлагын үндсэн байгууллага нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байдаг. Иргэдийн өөрөө удирдах ёсыг ингэж товойлгож өгч байгаа юм. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгож байхыг тусгасан. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн давхардсан сонгууль байхгүй болох юм байна. Сум дүүргийн Засаг даргыг дөрвөн жилийн хугацаагаар тухайн нутгийн иргэд өөрсдөө сонгоно гэсэн заалт бол орон нутгийн иргэдийн гаргасан гол санал гэдгийг хууль тогтоогчид ярьж байгаа юм. Ингэхдээ баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилж байхаар боловсруулжээ. Харин баг хорооны Нийтийн хурал хэвээр ажиллах санал яригдаж байгаа нь ихээхэн дэмжлэгтэй байна. Миний хувьд ч зарим зүйлийг засч сайжруулаад явахад болохгүй зүйл алга гээд энэ санааг дэмжиж байгаа.

-Хэрвээ хуульд өөрчлөлт ороод энэ санал дэмжигдээд батлагдвал орон нутагт ямар ашигтай юм?

-Хэрэв энэ заалт батлагдвал тухайн Засаг даргад орон нутгийн эрх мэдлийг бүрэн өгнө гэсэн үг. Ингэснээр орон нутгийн хөгжил дэвшлийг хурдасгана гэж харж байна. Өнөөдөр сум, дүүргийн Засаг дарга ямар нэг бүтээн байгуулалт болон бусад ажил төлөвлөөд хийх гэхээр заавал аймаг, нийслэлийн Засаг даргаар дамжиж, цаашлаад салбар яам гээд шат дамжлагаар яваад дэмжигдэхээсээ дэмжигдэхгүй нь илүү байдаг. Орон нутаг өөрөө эрх мэдлээ хэрэгжүүлээд эхэлбэл хөгжил ирнэ гэж харж байгаа хүн олон бий. Тухайн орон нутгийг удирдаж байгаа Засаг дарга, түүний баг хамт олон нутгийнхаа, иргэдийнхээ онцлогийг хамгийн сайн мэдэх учир ажил бодитой өрнөнө. Үүний цаана өнөөх хүний, нийгмийн хөгжил байгаа учраас дийлэнх олонхи дэмжээд байгаа хэрэг болов уу. 

-Одоо хэлцэгдээд явж байгаа хуулийн төсөлд зөв, буруу ямар зүйл байна?

-Шүүх прокурор, насны босгыг одоо байгаагаас өндөрсгөх, Засгийн газрын тэргүүн, үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг “давхар дээл”-тэй байхыг дэмжиж байна. Засгийн газрын бүх гишүүд “давхар дээл”-тэй байх нь буруу. Өнөөдрийн мөрдөж буй хуулиар аливаа улс төрийн нам 39 суудал авсан тохиолдолд Засгийн газраа байгуулах эрх үүсч байгаа нь Засгийн газрын гишүүд нь хууль батлах хэмжээнд очиж байна. Тэгэхээр гүйцэтгэх эрхээ хэрэгжүүлэхгүй болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ёстой Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад суучихсан байдалтай байгааг засах ёстой. Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтыг үндсэн хуульдаа зааж оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхээр холимог тогтолцоог цаашид эс зөвшөөрөх, зөвшөөрөхөө шийдвэрлэх нь чухал. Хэрэв зөвшөөрвөл Үндсэн хуульдаа намын жагсаалтаар УИХ-ын гишүүнээ сонгодог байхаар оруулах зэрэг санал байгаа. Хуулийн төсөлд Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ, УИХ-ын гишүүдийн олонхын саналыг авдаг байх, хэрвээ олонхын дэмжлэг аваагүй бол Ерөнхий сайд огцорч байхаар хуулийн төсөлд тусгасан. Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн хүнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог байх заалтыг оруулж ирсэн. Гэхдээ энэ заалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр зохицуулсан байна лээ. Энэ нь иргэд олон нийтийн дунд маргаантай л байна.

-Ерөнхийлөгч, Гүйцэтгэх засаглал, шүүх прокурор гээд дээгүүр яриад байгаагаас анхан шатны асуудал тэгтлээ ярихгүй байна уу гэж харагдах юм?

-Монгол Улсын төрийн бүтэц, үүнийг бүрдүүлдэг нь баг, сум, дүүрэг, аймаг гээд анхан дунд шатны байгууллага. Тэгэхээр ярих ёстой байх. Гэхдээ таны хэлж байгаагаар бол орхигдож байгаа тал бий. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүх эрх мэдэлтэй холбоотой нэлээн том өөрчлөлт орохоор хэлэлцэж байна. Ийм том өөрчлөлт хийх шаардлагагүй гэж үзэж байгаа хүмүүс ч бий. Учир нь заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр ердийн хуулиа өөрчлөөд шийдвэрлэж болно гэж үзэж байгаа бололтой. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэлх замналыг харахад шүүх эрх мэдлийн хараат байдлыг алдагдуулж, мафижуулж, авлигажуулсан нь Үндсэн хуулиас биш тухайн үед ажилласан Ерөнхийлөгч болон шүүх эрх мэдэлд хязгааргүйгээр нөлөөлөх боломжийг олгосон ердийн хуулиудыг УИХ-аар баталсантай холбоотой гэж хууль зүйн салбарын нэлээд том төлөөлөл хэлнэ билээ. Магадгүй юм. Тэгэхээр хуульд болж бүтэхгүй асуудал байгаа бол ердийн хуулийг өөрчлөх замаар шийдэх бүрэн боломжтой байж таарна.

-Чухам иргэн хүн яах юм гэдэг бол бүр дурдагдахгүй байгаа. Эцсийн эцэст иргэнээс баг, багаас сум, сумаас аймаг, хорооноос дүүрэг,  дүүргээс хот гэх мэтээр улс орон бүрддэг. Тэгэхээр яах аргагүй анхан шатанд энэ хуулийн өөрчлөлт ямар тусгалтай байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд иргэн рүү чиглэсэн 16 зүйлт заалт байдаг. Үүн дээр ямар эрх нь хаана нь хангагдахгүй байгааг зөв тодорхойлж нэмэх нь зөв байх.  Мэдээжийн хэрэг, иргэн хүн амар амгалан, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэдэг нь юу юунаас чухал.  Тэгэхээр өнөөх л хүнсний аюулгүй байдал, хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд илүү анхаарсан зүйл заалт хэрэгтэй байгааг ч хаа хаанаа ярьж байгааг дэмжиж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(106.254.17.6) 2019 оны 08 сарын 06

amjilt

0  |  0
Зочин (66.181.161.109) 2019 оны 08 сарын 06

Үнлсэн хууль өөрчлөөд үр өгөөж нь хурдан гарч байвал болж л байна

1  |  0
Top