ЦУВРАЛ VII: "Гацуурт"-ыг мартсан дарга нарын санах ойг сэргээх ҮНДЭСЛЭЛ

2019 оны 08 сарын 06

-Өнөөдөр 10.30 цагаас  “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн гомдлыг хэлэлцэнэ-

Төр оролцохгүй байх нь л хамгийн зөв зүйтэй “оролцоо” гэж бизнес эрхлэгчид хэлдэг. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ төр оролцох ёстой асуудлаа үл ойшоож, умартах нь байж боломгүй хэрэг л дээ. Тиймээс ч төрийн ой санамжаас арчигдсан Гацуурт ордтой холбоотой асуудлыг төр засгийн байгууллагуудад эргэн сануулах гэж цуврал нийтлэлүүдийг өмнө нь хүргэж байсан билээ. Гол нь төрийн санах ой эргэн сэргэхээс өөр аргагүй шинэ нөхцөл байдал хуулийн дагуу үүсээд буйг энэ оны гуравдугаар сард  мэдээлж байв.

Канадын Торонтод төвтэй “Сентерра Гоулд” өөрийн охин компани “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэлд байсан “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр, “Гацуурт” төслүүдээ Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид 35 сая ам.доллараар худалдсан тухайгаа 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор мэдээлсэн. УИХ-аас 2015, 2016  онуудад батлагдсан бүхэл бүтэн хоёр тогтоолын дагуу төрд хамаатай байх учиртай Гацууртын алтны орд уг хэлцэл наймаагаар зарагдсан байтал, Монголын төр засгийн холбогдох байгууллагууд уг асуудлыг санаатайгаар мартаж, өөрсдөөсөө холдуулсаар байгаа юм. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн төрийн санах ойг сэргээхэд түлхэц болохуйц шийдвэр хуулийн байгууллагаас гарсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх /2019-03-15/  “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасан шийдвэрийг гаргасан юм. Тодруулбал, “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлийг хэлэлцээд, шийдвэрийг ТББ-ын талд гаргасан. Өмнө нь 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр 43 дахь удаагийн шүүх хурлаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий зүгээс гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байсан удаатай. Тэгвэл гуравдугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэр хийгээд үүссэн нөхцөл байдал анхаарал татаж байгаа.

Учир нь “Сентеррагоулд Монголия” ХХК өөрийн эзэмшилд байсан лицензүүдээ өөрийн дур зоргоор худалдаж, борлуулчихсан гэдгээ компанийн зүгээс мэдэгдээд арван сар өнгөрч байна. “Сентер­рагоулд” нэгэнтээ Монгол дахь бизнесээ орхиж гарлаа гэж албан ёсны мэдээллээ гаргачихсан. Тэдний мэдэгдлээс үзэхэд “Бороо гоулд” уурхай, маргаан дагуулсан Гацуурт ордыг  Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE  компани худалдаж авсан гэгдэж буй. Тэгэхээр энэ тохиолдолд “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг даалгасан шүүхийн шийдвэрийн эсрэг ХЭН давж заалдах ёстой вэ гэдэг асуудал зүй ёсоор анхаарал татна.

Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны өнөөдрийн буюу 2019 оны наймдугаар сарын 6-ны өдрийн хуралдааны зар дээр “10.30 цагаас  “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, гуравдагч этгээд “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэлэлцэнэ” гэсэн байгаа юм.

Тэгэхээр бүхий л төслүүдээ OZD ASIA PTE компанид худалдсан  “Сентеррагоулд Монголия” ХХК давж заалдах эрхтэй юу.  Эсвэл энэ хоёр компани угаасаа нэг угшилтай юу гэдэг асуулт дагаж таарч байна. OZD ASIA PTE  компанийн мэдэлд очсон “Бороо гоулд” компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж буйг тэдний албан мэдээллүүдээс харж болно. Шинэ ажлын байр зарлаж буйгаа тус компани сошиал хуудсандаа нийтэлснээс үзэхэд шинэ удирдлагын баг нь үйл ажиллагаагаа урагшлуулах зорилттой ажиллаж байна. Аливаа бизнесийн компанийн хувьд үр ашигтай үйл ажиллагаа явуулах нь чухал. Уул уурхайн салбарт компаниуд хооронд хэдэн арван сая ам.доллароор хэмжигдэх хэлцлүүд хийгдэж,  эрх мэдлээ солих асуудал энгийн үзэгдэл боловч, Гацуурт төслийн хувьд төрд данстай стратегийн ордуудын нэгээс гадна төрийн эзэмшлийн хувь хэмжээ нь 34 хувь байна гэсэн  УИХ-ын тогтоол хүртэл батлагдсан байдаг тул төр хамаарахаас өөр аргагүй. Гэтэл өнгөрсөн оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэлх арван сарын хугацаанд УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэс Монгол” компани зэрэг  засгийн холбогдох байгууллагууд Гацуурт ордыг наймаалцсантай зэрэгцэн яригдах ёстой төрийн хувь хэмжээ, эрх мэдлийн талаар дуугарахаас татгалзлаа.

2018 оны наймдугаар сард цаасан дээр байгуулагдсан OZD ASIA PTE  гэх компанид, хоёр сарын дараа буюу аравдугаар сард төр 34 хувиа таг дуугүй тавиад туучихаж байгаа мэт харагдах уг наймааны цаана нэгээс илүү бүлэглэлийн эрх ашиг хамтдаа нуугдаж байна уу гэх хардлага дагасан хэвээрээ байна. Төрийн санах ой сэргэчихвэл арай өөрөөр харах өнцөг тодрох биз.

Гацуурт төслийн эзэн солигдсон­той холбоотойгоор  өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ “Хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байх үед буюу Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 61.1 д заасан Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай  шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байх үед энэ компанийн хувьцааг бусдад худалдан борлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д Стратегийн орд газрын 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр худалдан борлуулах тухай заасан байдаг. Тэгвэл “Сентеррагоулд Монголия” компани үнэхээр л төслөө зарж борлуулж байгаа юм бол яагаад 10 хувиа ард түмэнд худалдахгүй байгаа юм бэ. Орд газрыг эзэмших эрх нь түдгэлзчихсэн байгаа үед яагаад зарж байгаа юм бэ? Энэ нь Эрүүгийн хуулийн 17.3-ын 3 дахь хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Тиймээс энэ үндэслэлээр бид гомдол гаргахаар зэхэж байна... Татварын ерөнхий газарт /ТЕГ/  Эрдэс баялгийн нөөцийн хэлтэс гэж байдаг. Татварын ерөнхий хуулийн 8.1-т ашигт малтмалын баялгийг зарж борлуулсны 30 хувийн татварыг авах эрхтэйг хуульчилсан байдаг. Гэтэл энэ яригдаж буй 35 сая ам.долларын наймааг  ТЕГ мэдээгүй байж байна. 35 сая ам.доллараар зарсан гэж үзэж буй бол тухайн худалдан борлуулсан этгээд 10 сая 500 мянган ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй.  Худалдан авсан этгээд,  худалдсан этгээдийн үнийн дүнгээс 30 хувийг суутган авч харьяа дүүргийн татварын албанд суутгана гэсэн хуулийн зохицуулалтыг дагах ёстой. Гэтэл эдгээр процесс болоогүй байгаа нь худалдан авах ажиллагаа нь  чухам ямар учиртай зүйл болсон юм бэ. Ер нь болсон уу, болоогүй юм уу. Хуульд нийцсэн үү, үгүй юу гэдэг олон эргэлзээтэй асуудал дагаж байна” гэж байгаа юм.

“Гацуурт”-ын 34 хувийг төр эзэмших тухай УИХ-ын 14 дүгээр  тогтоол 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр гарсны дараа тухайн үед, Ч.Сайханбилэгийн удирдаж асан Засгийн газрын тогтоол гарч,  “Эрдэнэс Монгол”  ХХК-д очих  ёстой байж. Гэвч засгаас тогтоол ирээгүй тухай “Эрдэнэс Монгол”-ын зүгээс мэдэгддэг. Санаандгүй гэхэд үл итгэм нөхцөл байдал дор Гацуурт ордтой холбоотой үйл явцууд өрнөжээ. Хууль тогтоох дээд байгууллагын тогтоолыг дагаж гарах ёстой засгийн тогтоолыг төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй “Эрдэнэс Монгол”-д хүргэхгүй байх зохицуулалт бодлогын дагуу хийгдсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох үндэслэл биш гэдгийг хэлэх хэрэгтэй.  Гацуурт ордтой холбоотой асуудлыг ярих болохоор санаатайгаар татгалздаг, бултдаг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын албаны нөхдүүд 3-4 жилийн өмнө гарсан тогтоолуудыг эргэн харж, хамаарах ёстой асуудалдаа эзэн шиг баймаар байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongolhvv(59.153.112.50) 2019 оны 08 сарын 06

ene bol tom luibar bnaa.yadaj zarsan mongonoos ni tatbaraa abch. baigal orchim ni nohon sergeelt hiilgemeer bnaa..

0  |  0
Top