Б.Бат-Өлзий: Бөх хүнд цол хүртэхээс илүү урам гэж юу байх билээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 05

Улсын харцага Б.Бат-Өлзийгийн “Зиндаа” сэтгүүлийн №9/509-т өгсөн ярилцлагыг онцолж байна. 
Гал нохой жилийн Сар шинийн барилдаанд түрүүлснийхээ дараа тэрбээр "Зиндаа" сэтгүүлийн урилгаар энэхүү ярилцлагыг өгч байсан юм. 


-Нутаг усаараа овоглодог хүмүүс бол хамгийн түрүүнд бөхчүүд байдаг. Таны төрж өссөн нутгаас ярилцлагаа эхэлье?

-Төрсөн нутаг маань Ховд аймгийн Зэрэг сум. Тэнд хүүхэд нас минь өнгөрсөн. Хүн бүхэн л өссөн, төрсөн нутгаараа бахархдаг шүү дээ. Манай нутгаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гээд олон сайхан алдартан төрсөн байдаг.

-Алив зүйлд удам угсаа чухал байдаг. Бөхөд ялангуяа?

-Ээж, аавын талд бөхийн удамтай.Манай аав, авга ах хоёр маань нутаг усандаа сайн барилдаж, алдар цолоо дуудуулж явсан. Хоёулаа сумын заан цолтой. Би аав, авга ах нар шигээ мундаг бөх болно гэсэн бодолтой явсаар өдийг хүрсэн. Энэ нь миний амжилтад хүрэх гол зорилго маань болсон болов уу.

-Та биеийн тамирын багш мэргэжилтэй байх аа?

-Тийм ээ. 2010 онд Шонхор биеийн тамирын дээд сургуульд ороод 2013 онд төгссөн. Үндэсний бөхийн багш дасгалжуулагч мэргэжилтэй.

-Анх сумын наадамд зодоглож байв уу?

-Тийм ээ. Аймгийнхаа Чандмань сумын наадамд зодоглон түрүүлж “Сумын заан” цол хүртэж байлаа. Бөх хүнд цол хүртэх шиг сайхан урам гэж юу байх вэ. Сумын заан болчихоод цаашдаа бөхөөрөө тууштай хичээллээд илүү өндөр цолонд хүрнэ гэсэн зорилготой болсон.

-Хүүхэд байхад сайн барилдаж байгаа бөхчүүд “шүтээн” нь байдаг шүү дээ?

-Намайг хүүхэд байхад “Зургаан залуу заан” ид барилдаж байсан. Монгол түмэндээ хүндлэгдсэн сайхан бөхчүүд шүү дээ. Сургуулийн дотуур байр, хөдөөний айл бүрийн номын сан, хувцасны шүүгээний шилэн дээр зургаан зааны зураг наалттай байна. Ийм сайхан бөх болохсон гэж мөрөөднө. Манай нутгийн сайхан хүчтэнүүд, ид барилдаж буй улсын заан, харцагууд гээд хүндэлж явдаг бөхчүүд бий.

-Та Улсын начин Д.Анартай зургаагийн даваанд тунан барилдаж, давснаар Улсын харцага болсон. Улсын их баяр наадамд хэдэн жил зодоглож энэхүү цолонд хүрэв дээ?

-Төр, түмний их наадамд хоёр дахь жилдээ зодоглож Улсын харцага цолонд хүрсэн. Эхний жил буюу 2015 онд гурав давж, дөрвийн даваанд Ч.Санжаадамба аваргад, тухайн үед заан цолтой байхад нь өвдөг шороодож билээ. Түүхэндээ улсын цолтой бөх, нутгаас минь төрөөгүй юм билээ.

Харин 2016 онд төрийнхөө их баяр наадамд зодоглож, Улсын начин Д.Анартай тунан барилдаж, давснаар Монгол Улсын харцага хэмээх эрхэм цолыг хүртэж Зэрэг сумаас төрөн гарсан хамгийн анхны улсын цолтон болсон доо. Нутгийн зон олон маань ч үнэхээр их талархалтай хүлээж авсан. Үүгээрээ их бахархдаг юм. Монголчуудынхаа итгэлийг алдахгүй цолоо ахиулан барилдана.

-Харцага болдог жилээ хаана бэлтгэл сургуулилтаа базаасан бэ?

-Улсын аварга Эрхэмбаярын удирдлага дор Төр хурахын аманд бэлтгэлээ базааж, улсын наадамд зодоглосон. Тэр жил бэлтгэл сургуулилт сайн байсан. Зургаагийн даваанд Анар начинтай тунаж даваад, долоогийн даваанд Улсын аварга Эрхэмбаяр багшид амлуулж, өвдөг шороодсон.

-Ховд аймгаас залуу үеийн хүчтэнүүд төрж байна. Улсын харцага О.Хангай гэх мэт?

-Манай нутгаас шинэ залуу үеийн хүчтэнүүд гарч байна. Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага О.Хангай, Н.Батзаяа, Улсын начин Ч.Цогбаяр зэрэг шилдэг аймгийн цолтнууд бий..

-Баянзүрх хайрханы хишиг, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховдын хоёр харцага түрүү булаалдсан нь ховор тохиолдол байх?

-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд хоёр удаа нутгийнхаа бөхтэй түрүү булаалдаж байна. Өнгөрсөн хавар болсон Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд Ч.Цогбаяр начинтай үлдэж байв. Баянзүрх хайрханы хишиг барилдаанд харцага Хангайтай барилдаж үзүүрлэсэн.

-Ирээдүйн зорилго тань юу вэ. Улсын цолоо ахиулан барилдана гэсэн бодолтой байгаа байх?

-Мэдээж хэрэг. Ард түмнийхээ, нутгийн олныхоо итгэлийг алдахгүй, урамтай сайхан барилдаан гаргаж, цолоо ахиулан барилдахын төлөө л бэлтгэл сургуулилт хийж байна. Төрийнхөө их баяр наадамд сайн барилдана,цолоо ахиулах юмсан, түүндээ хүрэхийн төлөө хичээнэ. Бөх хүн бүрт төрийнхөө наадамд түрүүлэх юмсан гэсэн бодол байдаг учраас барилддаг байх. Тэр бодлоо л зорилго болгож байна.

-Дурсахгүй, ярихгүй байхын аргагүй барилдаан бол Сар шинийн барилдаан?

-Гал нохой жилийн Сар шинийн барилдаанд амжилттай сайхан барилдаж түрүүллээ. Ховд аймгаасаа Цагаан сарын барилдаанд түрүүлсэн анхны бөх болсон доо баяртай байдаг. Үе тэнгийнхээ хүчтэнүүд хүчит, арслан заануудтайгаа өрсөлдөж түрүүлсэн. Хүн бүхэн зорилго тавьж мөрөөдөж барилдана шүү дээ.

-Цагаан сарын барилдааны бэлтгэл сургуулилтаа хаана яаж хангасан бэ?

-Намраас хойш манай Ховд бөхийн дэвжээнийхэн Хилчин спорт хороон дээр үндэсний бөхийн бэлтгэлээ хийж байгаа. Цагаан сарын өмнө бэлтгэлээ маш сайн хангахыг хичээсэн. Үр дүн нь гарлаа. Хантайшир бөхийн дэвжээн дээр бас  бэлтгэл сургуулилт хийсэн.

-Хэнтэй хийсэн барилдаан хүнд байв?

-Манай бөхчүүдийн бэлтгэл сургуулилт жигд сайн байдаг. Дөрвийн даваанд нутгийн харцага Хангайтай барилдсан. Хангай маань Цагаан сарын бөхийн барилдааны түрүү бөхийн тааварт байсан бөх. Хангайтай нэлээд хүч үзэж хүнд барилдаан хийсэн. Тавын даваанд аймгийн заан Түмэндэмбэрэлтэй барилдсан. Зургаагийн даваанд уран барилдаант харцага О.Баасанхүүг, долоогийн даваанд арслан Ц.Содномдоржоор даваад, үзүүр түрүүнд Улсын арслан П.Бүрэнтөгсөөр давж түрүүлсэн.

-Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх улсын наадмаар цолонд хүрсэн жишээ олон байдаг?

-Тэгэлгүй яах вэ. Цагаан сарын барилдаандаа түрүүлсэн учраас их бэлэгшээж байгаа. Бэлтгэл сургуулилтаа улам эрчимтэй хийж байна.

-Сар шинийн барилдаанд түрүүлснийхээ дараа Та “Би улсын наадамд түрүүлнэ” гэсэн утгатай зүйл хэлээ юу. Нээрээ тэгээд хэлчихсэн юм уу?

-Хүн бүр өөр өөрөөр л ярина. Тухайн хүн хэрхэн ойлгохоос шалтгаална. Мэдээж хэрэг, цагаан сарын барилдаандаа түрүүлсэн учраас улсынхаа наадамд сайн барилдахыг л бодно.

-Бөхийн амжилтуудаасаа товч дурдвал?

-Би товч намтартай даа. 2013 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн «Цэргийн начин» цол хүртсэн. Мөн онд Ховд аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн «Аймгийн харцага» цол, 2014 онд аймгийнхаа наадамд аймгийн харцага Б.Тайванд өвдөг шороодон үзүүрлэж «Аймгийн заан» цол хүртсэн. Дараа нь, Орхон аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Бадамгараваар найм даван түрүүлж «Аймгийн арслан» цол хүртсэн. 2016 онд Бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 2016 оны Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд Улсын начин Б.Амарзаяагаар тав, аймгийн арслан Анараар зургаа даван шөвгөрч «Монгол Улсын харцага» цол хүртсэн дээ.

-Ямар мэх голчлон хийж барилддаг вэ?

-Би шуудагдаж барилддаг. Сумын заан болоод этэх, өсгийлдөх мэхийг хааяа хийгээд байсан. Ерөнхийдөө золгооны барьцнаас мэх хийж, барилдаан гаргадаг даа. Баруун, зүүн аль ч талаараа барилдахыг хичээдэг. Таньдаг хүмүүс “Бат-Өлзий чи жоохон явж барилд. Сийрэг барилдах хэрэгтэй” гэдэг. Аль болох хүмүүсийн хэлж зөвлөснийг сонсож, барилдаандаа тусгахыг хичээдэг дээ.

Аавтайгаа нутагтаа

-Барилдаан таардаггүй ч гэх үү, хэцүүхэн өрсөлдөгч хэн бэ?

-Үндэсний бөх мэргэжлийн түвшинд хөгжчихсөн болохоор бөхчүүд жигдхэн бэлтгэл сургуулилт хийж, барилддаг болсон л доо. Гар амар давна гэж байхгүй. Нэгийн даваанаас эхлээд л чанга, хатуу учраа таарна. Бүгд л миний өрсөлдөгч.

-Та Улсын харцага болсноосоо хойш МҮБХны хуваарьт барилдаануудад амжилттай барилдаж бөхчүүдийнхээ чансааг тэргүүлж байна?

-Тийм ээ. МҮБХ-ны хуваарьт барилдаануудад нэг ч өнжилгүй барилдсан. Бөхийн барилдааныг чансаагаараа тэргүүлж байгаа. Барилдаандаа идэвхтэй оролцох ёстой. Үүний зэрэгцээ барилдаж, өрсөлдөх нь нэг талдаа бас бэлтгэл, сургуулилт болдог.

Ярилцсанд баярлалаа.

“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №09/509-т нийтлэгдсэн ярилцлагаас онцлов

Ярилцсан Д.Дамдиндорж

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.90.87) 2019 оны 08 сарын 05

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
зочин(49.0.147.33) 2019 оны 09 сарын 04

аавынхаа дээр суучихаад. аз ирнэ гэвэл гонж

0  |  1
Top