С.Амарзаяа: Халдвар авсан хэн ч харъяалал харгалзахгүй эмнэлэгт хандах боломжтой

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзлэхийн зэрэгцээ 50-55 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн тэмбүү өвчний талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Амарзаяатай ярилцлаа.


-Бэлгийн замын халдварт өвчин дотроос манай улсад зонхилон тохиолддог нь тэмбүү. Гэхдээ энэ өвчин ганц манай улсад бус дэлхий дахинд аюулын харанга дэлдэх боллоо. Иймд тэмбүү өвчний өнөөгийн нөхцөлд ямар түвшинд байгаа талаар ярилцъя?

-ДЭМБ-ын тооцоогоор жил бүр бэлгийн замаар дамжих халдварын 376 сая тохиолдол бүртгэгдсэнээс тэмбүүгийн 6.3 сая тохиолдол бүртгэгдэж байна. Европын холбоонд тэмбүүгийн өвчлөл 2010 оны үеийнхээс даруй 70 хувь өссөн үзүүлэлт гарсан талаар Европын өвчин эмгэгийн хяналт урьдчилан сэргийлэлтийн төв (ECDC) мэдээлсэн. Тодруулбал, 100 мянган хүн тутамд тэмбүүгийн халдвар авсан 4.2 хүн ногдож байсан бол энэ үзүүлэлт 7.1 болж өссөн. Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 260 мянгад хүрсэн гэж хэлж болно. 

-Эмнэлэгт үзүүлсэн охид, бүсгүйчүүд бараг дийлэнх нь үрэвсэлтэй, мөөгөнцөртэй байгааг эмч нар хэлж байсан. Хэрэв тэмбүүгийн халдвар авсан эмэгтэйчүүд өвчнөө эмчлүүлэхгүй удвал ямар сөрөг үр дагавартай вэ?

-Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг. Үүний зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй эсвэл дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсдэг. Төрөлхийн тэмбүүгийн улмаас дэлхий дээр жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн тоон үзүүлэлт бий.

-Монгол Улс тэмбүүтэй дайн зарлачихлаа. Энэ хүрээнд үзлэг, оношилгоог эрчимжүүлж байна. Бусад орнууд хэрхэн энэ өвчинтэй тэмцэж байгаа вэ?

-ДЭМБ “Бэлгийн замаар дамжих халдварын глобал стратеги, 2016-2021”-ийг 2016 онд баталсан. Энэ хүрээнд 2030 он гэхэд гишүүн 194 орны 80 хувьд нь төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг 100,000 амьд төрөлтөд 50-аас доош бууруулах, 2030 онд дэлхийн хэмжээнд өвчлөлийг 90 хувиар бууруулах зорилт тавьсан. Уг зорилтын хүрээнд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх зөвлөгөө өгөх, зан үйлийг өөрчлөх, халдварыг үнэн зөв оношлох, гүйцэд эмчлэх, хянах, хавьтлыг тогтоон оношилгоо эмчилгээнд хамруулах, вакцин, бусад био бэлдмэлийг шинээр гаргах инновацыг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.

-Улсын хэмжээнд 27 төрлийн халдварт өвчин бий. Үүний дотор бэлгийн замаар дамжих халдварт өвчин нэлээд жин дарж байгаа гэдэг. Тиймдээ ч Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртлээ яригдаж байсан байх?

-27 төрлийн 42074 халдварт өвчний тохиолдол өмнөх жил буюу 2018 онд бүртгэгдэж байсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буурсан. Нийт халдварт өвчний дотор бэлгийн замаар дамжих халдвар 38,3 хувь буюу 16130 тохиолдол бүртгэгдсэн байдаг. БЗДХ дотор тэмбүүгийн өвчлөл 38,2 хувийн үзүүлэлттэй гарсан. Тиймээс гурван ч төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаандаа энэ асуудлыг хөндөж УИХ-д мэдээлсэн. 2017 онтой харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурсан ч 100 мянган хүн амд 194, эхээс урагт халдварладаг төрөлхийн тэмбүү 100 мянгад 63,2 тохиолдол бий.

-Монгол Улсад тэр дундаа аль аймагт өвчлөл өндөр байдаг вэ. Энэ талаар судалгаа, тоон мэдээлэл танилцуулахгүй юу?

-Хөвсгөл, Говьсүмбэр, Сүхбаатар, Баянхонгор, Дорнод, Говь-Алтай, Хэнтий, Сэлэнгэ аймагт улсын дунджаас өндөр байна. 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр. 2019 оны эхний таван сард тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 245 тохиолдлоор буурлаа. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 2015 онд 52, 2016 онд 42, 2017 онд 59, 2018 онд 49, 2019 оны эхний 5 сард 29 тохиолдол бүртгэгдсэн. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байсан. Тиймээс ЭМЯ төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байна. Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т БЗДХ-ыг бууруулах зорилт тусгасан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү төлөвлөгөө нь хүн амын дунд БЗДХ-аас сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлэн, үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүлжүүлэх зорилготой.

-“Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд илрүүлэлт нэлээд өндөр үзүүлэлттэй байгаа болов уу?

-Хөтөлбөрийн хүрээнд гурван чиглэлээр 31 үйл ажиллагаа төлөвлөснөөс эрүүл мэндийн салбарын хэмжээнд 23, бусад салбартай хамтран дөрөв, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны дөрвөн ажил төлөвлөсөн. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтөний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, тусламж үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна. Түүнчлэн БЗДХ-ын тусламж үйлчилгээ, жирэмсний хяналтын үйл ажиллагаанд дэмжлэг, хяналт хийх арга хэмжээг зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ тандалт судалгаанд үндэслэн дөрвөн багаар Баянхонгор, Булган, Ховд, Сэлэнгэ, Өмнөговь аймагт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн. Хүн амд чиглэсэн танин мэдэхүй, мэдээлэл, сурталчилгааны ажил эрчимтэй явж байна. ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх хурдавчилсан оношлуураар 78 мянган жирэмсэн эмэгтэй, эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог 3118 эрэгтэй, 2987 эмэгтэй биеэ үнэлэгч, тэмбүүтэй оношлогдсон өвчтөний бэлгийн хавьтагч 13,414, нийт 97,519 хүнийг илрүүлэг шинжилгээнд хамруулна. Мөн 4267 сүрьеэтэй өвчтөн болон бусад салбартай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 140,000 оюутан залуус, 34419 гар аргаар алт олборлогчид, уул уурхайн салбарт ажиллагсад, алсын тээврийн жолооч нар, 30 мянган эмзэг бүлгийн хүн ам, гурван мянган хорих ангид хүмүүжигчид, нийт 392,336 иргэнийг PRP, TPHA оношлуур ашиглан илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж, эмчлэх юм.

-Тэднийг хэрхэн хамруулах вэ?

-Уг үйл ажиллагааг ХЗДХЯ, БШСУСЯ, УУХҮЯ, ЗТХЯ болон бүх шатны Засаг дарга нартай хамтран зохион байгуулна. Ер нь тандалт судалгаанд үндэслэн 500-аад мянган хүнийг үзлэгт хамруулж, өвчтэй оношлогдох эрсдэлтэй 22,580 иргэнийг тэмбүүгийн эмчилгээнд хамруулна гэж тооцож байна. Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин. Халдвар авсан хэн боловч өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношилгоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. 2.4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулснаар бүрэн эдгэнэ.

-Өвчтөний хувийн нууцыг хэрхэн чандлах талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр, хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилнэ. Бэлгийн хавьтагчаа мөн эмчлүүлэх нь халдвар дахин авахгүй байх боломж учраас эмчилгээ хамт хийлгэх нь чухал юм. Тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой. Энэхүү эмчилгээ урагт гаж нөлөөгүй байдаг. Монгол хүний удмын санд хортойгоор нөлөөлөх энэ өвчнөөс ард иргэдээ хамгаалахын төлөө эрүүл мэндийн салбар эрчимтэй ажиллах болно. Дэлхий нийтийн асуудал болоод байгаа энэ өвчнийг бид хамтдаа ялан дийлнэ гэдгийг эцэст нь хэлмээр байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин гуай.(122.201.31.181) 2019 оны 08 сарын 01

ХИЙРХСЭН АМЬТАД СУРЬЯАГИЙН ДУУЛИАН ДАРАХ ЗОРИЛГООР ТЭМБҮҮ ЯРЬДАГ. ЭХСАЙД БАРАГ Л ТЭМБҮҮ САЙД БОЛЧИХЛОО . ДЭЛХИЙ ДАХИНД МОНГОЛ БОЛ ТЭМБҮҮ ГЭХ ОЙЛГОЛТЫГ БИЙ БОЛГОЧИХЛОО .

0  |  0
Зочин(64.119.18.205) 2019 оны 08 сарын 01

АӨШГҮЙДЭЭ. ХАГАСЫГ НЬ ГЭСЭН ЭМЧИЛЧИХ БОЛ САЙН БАЙНА. САРАНГЭРЭЛ САЙДААС ӨМНӨ АЛБА ХАШИЖ БАЙСАН САЙД НАР НЬ ЮУГЭЭ ХИЙЖ БАЙСАН ЮМ БОЛ.

0  |  0
Top